Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 241

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “ДГ” ХХК /РД: /

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: “Ө” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “... “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ДГ” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ДГ” ХХК холбогдох хууль журмын дагуу эрх бүхий этгээдүүдэд хандан зохих баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Хүрэлтогоотын ам нэртэй газарт 1.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг хуулийн дагуу олж авсан болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь "... дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс”-д “аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргах” эрх хэмжээтэй байх бөгөөд маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор тогтоосон “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон...” гэж тодорхой зааж өгсөн бөгөөд “ДГ” ХХК-ийн энэхүү газар нь үүнд багтаж байгаа болох нь зургаас тодорхой харагдана.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаараа өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу газар эзэмших эрх олгох эрхгүй газраа “Ө" ХХК-д газар эзэмшүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт байна. Мөн “Ө” ХХК-ийн уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газар нь Байгаль орчны асуудал хариуцсан сайдын эрх хэмжээнд хамаарч байгаа болохыг тогтоож өгсөн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ДГ” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...ДГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ө” ХХК-д газар шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 тээр захирамжийн “ДГ” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад доорх тайлбарыг хүргүүлж байна. “Ө” ХХК-д нийслэлийн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 134,000 м2 газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ашиглаж буй Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн зурагт маргаан бүхий газар хамаардаггүй. Нийслэлийн Газрын алба нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ашиглаж буй дархан цаазат газрын хил заагийн эргийг ашигладаг, мөн дээрх эрх бүхий байгууллагуудын ашиглаж буй хилийн цэсийн зааг хоорондоо зөрүүгүй ашигласаар ирсэн тул тус газрыг Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар гэж үзэх үндэслэлтэй. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/135 тоот тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицжуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлтийг Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд шилжүүлсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг эцэслэн шийдвэрлэсний дараагаар тус газрын маргаан шийдвэрлэгдэх боломжтой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 30000 м.кв газрыг Аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр замын трасс орсон гэдэг шалтгаанаар маргаан үүсч Чингэлтэй дүүргийн шүүхэд хэрэг хянагдсанаар 13.4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 000314322 тоот гэрчилгээг дахин шинээр гарган өгч, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 134000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмшиж байсан болно. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу зургаан сарын дараа А/433 дугаар тушаал гаргаж манай эзэмшиж буй газарт “ДГ” ХХК-д 1.5 га газрыг давхардуулан олгож, өөрийн эрх хэмжээний бус асуудалд дур мэдэн халдаж, хөндлөнгөөс оролцож илтэд хууль бус үйлдэл гаргасан юм.

Тиймээс бид өөрсдийн эрх ашгаа хамгаалах үүднээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “ДГ” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргаан өнөөдрийг болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй, Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа билээ. Учир нь дээрх хэргийг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ Нийслэлийн Засаг даргын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөөр байхад тухайн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь өрөөсгөл юм.

Иймд “ДГ” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ДГ” ХХК нь “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ДГ” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М******* нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааны товыг биечлэн мэдсэн, мөн өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******д түүний 99******* дугаар бүхий утсаар мэдэгдсэн, мөн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байтал товлогдсон өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхээс шүүх хуралдаан болох өдөр түүнтэй холбогдоход өөрийг нь оролцуулахгүйгээр тус хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 134000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг эзэмшүүлсэн газар нь “ДГ” ХХК-ийн ашиглаж буй газартай давхацсан гэж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “НЗД  газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-д “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх гэж буй газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдсан байх ёстой бөгөөд уг төлөвлөгөөнд ороогүй газрыг тухайн шатны Засаг дарга эзэмшүүлэх эрхгүй байна.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн давхцалтай гэж маргаж буй газар нь уг тогтоолоор тогтоосон ““Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон” гэж заасанд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/203 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна .

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах уг газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа бөгөөд уг газарт газар ашиглах эрх олгох асуудлыг НЗД  бус Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэрлэхээр заажээ.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд улсын тусгай хамгаалалт бүхий газрыг ашиглуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байтал НЗД  уг газрыг “Ө” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч “ДГ” ХХК болон гуравдагч этгээд “Ө*******” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй газрууд давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2049 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” /2002 он/ гэж заасны дагуу НЗД  нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захирамж гаргаж гуравдагч этгээд “Ө*******” ХХК-д газар эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ДГ” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн “Ө” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалын “ДГ” ХХК-д газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 890 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0163 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, уг хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн, мөн уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн тогтоолоор уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл "ДГ ХХК-д газар ашиглуулах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж 3 шатны шүүх дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д /2002 он/ заасныг тус тус баримтлан “ДГ” ХХК-иас НЗД д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ө” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ДГ” ХХК-ийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

         ШҮҮГЧ                              Ц.ОДМАА