Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0636

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.И-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0027 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч: И

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М

 

Хэргийн индекс: 123/2022/0051/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0027 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэг, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн И-ны өмчилж хүсэлтээ илэрхийлсэн И-ны нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээ гарч байсан байршил бүхий 0,5 га хэмжээтэй 3 нэгж талбар бүхий газрын газар өмчлөх эрхийг баталгаажуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн захирамж гаргаж, өмчлөх эрх олгогдсон газрыг газрын мэдээллийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах”, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 22 дугаар зүйлийн 22. /2018 оны хуулиар өөрчлөлт орсон/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тус хаяг байршилд байрлах 3 газрын өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч иргэн И-ны өөрийнх нь гаргасан нэр бүхий 3 иргэний нэр дээр 2017 онд тус суманд иргэн нэг бүрд олгогдож байсан гэх 0,5 га хэмжээгээр 3 нэгж талбар бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаж, өмчлөх эрхийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж”, мөн шийдвэрийн 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан Улсын бүртгэлд бүртгэсэн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжийг үндэслэн бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, шинээр олгогдсон нэгж талбар бүхий газруудын бүртгэлийг зөвтгөн бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгах” гэж шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “... Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэг, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт нь  хууль ёсны итгэлийн хамгаалах заалт бөгөөд тайлбарт нь энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл итгэл хамгаалагдахгүй гэсэн. И нь өмчлөгдсөн газар худалдан авсан гэж тайлбарладаг, худалдсан гэх Н, М, Б нар нь 2014 оны А/388 дугаар захирамжид нэр нь байхгүй газар өмчлөн авах эрхгүй, шийдвэргүй иргэд байсан гэж үзнэ. Мөн маргаан бүхий захирамж 2014 оны 11 дүгээр сарын 14-өөр огноотой гарсан дээрх иргэд газар өмчлөх хүсэлтээ 2017 онд гаргасан гэдэг /материал архивд байхгүй/. Тэгэхээр 2014 оны захирамжаар дээрх иргэд газар өмчлөх боломжгүй байсныг шүүх анхаарч үзээгүй байж хууль ёсны итгэлийг хамгаалах заалт зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

2.2. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсгийн заалтууд нь хохирогч барагдуулах буюу иргэний 3 газар худалдан авахдаа зарцуулсан мөнгөн дүнгийн асуудал байхад худалдан авсан газрын хэмжээгээр газрыг олгох захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хууль ёсны захирамжтай иргэд байхад хууль бусаар өмчилсөн захирамжтай иргэдийн адил нэг захирамжаар 2 иргэнд газрыг давхардуулан олгохоор шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ялангуяа хууль ёсны буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтад заагдсан иргэдийн оролцоог огт хангахгүйгээр хууль бусаар авсан иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны өмчлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Цаашлаад Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтууд нь газар өмчлүүлэх шийдвэр гаргах, иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах зохицуулалт юм. Иргэд газар өмчлөхөө тодорхой шаардлагуудыг хангасан байх хуулийн зохицуулалттай. Түүнийг шүүх зөрчиж захирамж гаргах, өмчлөх эрхийг баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, зөвтгөн бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

2.3. Бодит байдалд Баянчандмань сумын газрын даамал Г нь 2016 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарын хугацаанд ажиллахдаа 2014 оны захирамжийн хавсралтыг өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн асуудал гаргасан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Прокуророос хэргийг хаасан /Прокурорын тогтоол, мэдүүлэгт хавтаст хэрэгт авагдсан/ байдаг. Тэгэхээр гэм хорын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад Захиргааны маргаан гэж захиргааны хэрэг үүсгэн улмаар хуурамч бичиг баримт үйлдэж авсан газрын хэмжээгээр захирамж шийдвэргүй иргэнд тухайн газрыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.  Газрын даамлаар ажиллаж байсан Г нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ газар өмчлүүлэх эрхийг хуурамчаар үйлдэж байсан, захирамж болон хавсралтыг скайнердаад нэрсийг өөрчилж байсан, хуурамчаар үйлдэж байсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг бөгөөд түүнтэй холбоотой 10 орчим захиргааны хэрэг шүүхэд хянагдаж байгаа болно.

2.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 123/ШШ2023/0027 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. Нэхэмжлэгчээс “Иргэн И-ны нэр дээр байгаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээтэй газруудад Баянчандмань сумын Засаг даргын захирамж гаргуулан, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2. Анхан шатны шүүх “... Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/388 дугаар захирамж болон захирамжийн хавсралтад (эх хувь) маргаан бүхий газрыг анх өмчилж авсан гэх Н, М, Б нарын нэрс байхгүй, ... Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн А/388 дугаар захирамжид дээрх 3 иргэний нэр орсон нь хуурамч болох нь ... нотлогдож байна ...” гэж зөв дүгнэсэн атлаа “... бүртгэлээр баталгаажуулах өмчийг төрийн захиргааны байгууллага бүртгэлийн үйлдэл хийж, улмаар нэхэмжлэгч баталгаажсан хууль ёсны баримтын үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар хохирох нөхцөл бий болсон...., иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хөндөгдсөн ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад Захиргааны маргаан гэж захиргааны хэрэг үүсгэн улмаар хуурамч бичиг баримт үйлдэж авсан газрын хэмжээгээр захирамж шийдвэргүй иргэнд тухайн газрыг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... газар өмчлөх хүсэлтээ 2017 онд гаргасан материал архивд байхгүй. Тэгэхээр 2014 оны захирамжаар дээрх иргэд газар өмчлөх боломжгүй байсныг шүүх анхаарч үзээгүй байж хууль ёсны итгэлийг хамгаалах заалт зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. ... Иргэд газар өмчлөхдөө тодорхой шаардлагуудыг хангасан байх хуулийн зохицуулалттай ...” гэх гомдол үндэслэлтэй байна.

3.1. Учир нь нэхэмжлэгч И нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/388 дугаар захирамжаар өмчлөх эрх олгогдоогүй буюу уг захирамжийн хуурамч хавсралтыг үндэслэж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан Н, М, Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-ээс маргаан бүхий газруудыг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан

-Сумын газрын даамлаар ажиллаж байсан Г-ийн Төв аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Б манай суманд 3 залуугийн хамт ирээд ... том биетэй залуучуудаар намайг өргүүлж захиргааны дотроос гаргаад машин суулгаад дарамтлаад Хурлын дарга Х бид хоёр ярьж тохирсон би өгдөг юмаа өгсөн. Чиний хувийг чамд өгсөн гэж Х надад хэлсэн. Чи миний юмыг гаргаж өгөхгүй лай болоод байгаа гэсэн гээд намайг ганц нэг удаа цохисон.Тэгснээ хээр аваачиж булна гээд сүрдүүлсэн. Тэгээд байж байтал сумын цагдаа нар ирж уг хүмүүсийг журамласан..., Би Б гэх хүний шахалтад орж А/388 дугаар захирамжийн дугаарыг ашиглан хуурамч захирамж гаргаж өгсөн...“гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

- Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 122, 123 дугаар тогтоолуудад “... 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар ажиллаж байсан Г нь тус сумын Засаг даргын “газар өмчлүүлэх тухай” захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад газар олгосон...” болох нь тогтоогдож байгаа боловч уг хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан” зэрэг баримтуудаар тогтоогджээ.

3.2. Гэтэл анхан шатны шүүх Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны А/388 дугаар захирамжийн хавсралтыг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон дээрх баримтуудыг буруу үнэлж, улмаар “... Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нь тус газрыг өмчлөх эрхийн харилцаанд шударга өмчлөгч болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх буюу нөгөө талаас үзвэл Монгол улсын иргэний хувьд тухайн нэгж талбар бүхий газруудыг 2017 онд худалдан авч, өмчилж авах хүсэл зоригоо илэрхийлсэн, нэгэнт худалдан авах үед улсын бүртгэлээр өөрийн нэр дээр зохих ёсоор шилжиж бүртгэл хийгдсэн тохиолдолд, өмчлөх хөрөнгийн түүхийг шалгах нь иргэний хувьд хуулийн журмаар хариуцуулсан үүрэг биш байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Эндээс нэхэмжлэгч хариуцагчаас түүнийг төлөөлөн газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж гэм хорыг хариуцан арилгахыг шаардсан байна ...” гэж дүгнээд хариуцагч Засаг даргад газар өмчлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.3-т тус тус заасныг буруу хэрэглэсэн, захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтын цар хүрээг хэтрүүлсэн байна.

4. Иргэний газар өмчлөх эрх нь зөвхөн хувийн эрх зүйн хүрээнд үүсдэг эрх биш бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар өмчлүүлж болохоор заасан газраас мөн хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр, иргэний гаргасан өргөдөл хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргаж өмчлүүлдэг, улмаар ийнхүү өмчлүүлсэн газрыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар үүсдэг эрх юм.

4.1. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчид газраа худалдсан гэх иргэдэд газар өмчлөх эрх хууль ёсоор үүсээгүй, хариуцагч Засаг даргын дээрх хуулийн дагуу гаргасан шийдвэр байхгүй, түүний захирамжийн хавсралтыг бусдын дарамт шахалтаар хуурамчаар үйлдсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой үйл баримт тогтоогдсон байхад хариуцагч Засаг даргыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах бодит болоод хууль зүйн үндэслэл, логик уялдаа байхгүй байна.

4.2. Захиргааны хууль бус үйл ажиллагаа тогтоогдоогүй, улмаар тухайн газрыг өмчлүүлэх талаар нарийвчлан хуулиар зохицуулсан харилцаа огт үүсээгүй байхад захиргааны хэргийн шүүхээс уг хуулийг хэрэглэж, хариуцагч Засаг даргад газар өмчлүүлэхийг даалгах эрх зүйн үндэслэлгүй.

5. Түүнчлэн шүүх “хохирол” гэх ойлголтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчид газар өмчлөх эрх олгож хохирлыг арилгахаар даалгасан нь үндэслэлгүй.

5.1. Хариуцагч Засаг дарга болон газрын даамлын өөрийнх нь гаргасан (бусдын дарамтаар) алдаа буюу буруутай үйл ажиллагаа байхгүй байхад хэрэглэх ёсгүй Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль ёсны буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтад заагдсан иргэдийн оролцоог огт хангахгүйгээр хууль бусаар авсан иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны өмчлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.1. Учир нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар (хууль ёсоор гарсан захирамжийн хавсралтаар) өмчлүүлсэн газрын байршил нь хуурамч хавсралтад заасан, нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх газрын байршилтай давхцаагүй, уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж, газар өмчлөх эрх нь хүчингүй болоогүй, өөрчлөлт ороогүй байхад дээрх захирамжаар газар өмчлөх иргэдийг уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татах шаардлагагүй.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-д заасныг баримтлан И-ны “нэхэмжлэгчийн нэр дээр байгаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1426004007, Г-1426004008, Г-1426004009 дугаар бүхий гэрчилгээтэй газруудад Баянчандмань сумын Засаг даргын захирамж гаргуулан, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан И-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ