| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/07528/и |
| Дугаар | 101/ШШ2017/01826/и |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/01826/и
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/01826 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Оросын Холбооны Улсын иргэн Монгол улсад байнга оршин суугч А.Н нь манай компанид менежерээр ажиллаж байсан бөгөөд түүнийг байр авна гэсэн тул компанийн зүгээс 30.000.000 төгрөгийг зээлсэн билээ. Энэ мөнгийг түүний данс руу шилжүүлсэн юм. А.Н-ийг компанийн төлөө үнэнч тууштай ажиллана гэж итгэж, түүнд мөнгө зээлсэн боловч тэрээр манай компаниас мөнгө зээлэхээс гадна компанийн худалдаж авсан жоншны тооцоог хийхдээ дундаас нь завшиж байсан болохыг бид мэдсэн. Учир нь манай компаниас нэр бүхий 11 хүн мөнгө нэхэж эхэлсэн бөгөөд бид тэдгээр хүмүүстэй уулзаж, тэдний төлбөр тооцоог бүгдийг барагдуулсан. Бид А.Н-аас зээлсэн мөнгөө буцааж төлөхийг шаардсан боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд түүнд зээлсэн 30.000.000 төгрөгийг А.Н-аас яаралтай гаргуулж, бидний мөнгийг яаралтай барагдуулж өгнө үү” гэв.
Хариуцагч А.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие “Б” ХХК-д 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 09 дүгээр сар хүртэл менежерээр ажиллаж Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс жонш ангилж ачуулах ажлыг хариуцан ажилладаг байсан. 2013 онд орон сууц худалдан авч орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхийн тулд “Б” ХХК-аас 30.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Миний бие “Б” ХХК-д менежерээр ажиллаж байх хугацаандаа нэг сарын үндсэн цалин 1.500.000 төгрөг, нэмэгдэл 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийн цалинтай байсан. Гэтэл “Б” ХХК нь миний үндсэн болон нэмэгдэл цалин болох нийт 2.000.000 төгрөгийн цалинг орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөх зорилгоор авсан цалингийн зээлд шууд суутган авдаг байсан бөгөөд удалгүй намайг хөрөнгө оруулагчийн шийдвэрээр 2014 оны 09 дүгээр сард ажлаас халсан. Миний бие 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд “Б” ХХК-д цалингүй ажилласан бөгөөд энэхүү хугацааны нийт 9 сарын 18.000.000 төгрөгийн цалинг зээлд суутган авсан. Мөн “Б” ХХК нь жонш нийлүүлэгч Уд өгөх өглөгтөө миний 00-00 улсын дугаартай, шар өнгөтэй Honda CRV маркийн автомашиныг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 16.027.000 төгрөгөөр Б.М-д шилжүүлэн жонш нийлүүлэгч У авсан. Иймд миний бие өөрийн автомашиныг 16.027.000 төгрөгт, 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны цалин 18.000.000 төгрөг, нийт 34.027.000 төгрөгийг “Б” ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч А.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч А.Н нь нэхэмжлэгчээс 30.000.000 төгрөг зээлж авсныг маргаагүй, харин өөрийн автомашиныг компанийн өглөгт тооцон бусдад шилжүүлсэн үндэслэлээр татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөгийг орон сууц худалдаж авахад нь зориулан зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдсон /хх-107, 127/ ба талуудын маргаангүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Хариуцагч А.Н нь нэхэмжлэгч “Б” ХХК-аас иргэн Х.У-д өгөх өглөгт өөрийн Honda CR-V маркийн автомашиныг 16.027.000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэж татгалзаж, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.М-тэй байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2570 дугаар тогтоолыг шүүхэд гаргаж, гэрч Х.У-ээс мэдүүлэг авахуулсан /хх-52, 53, 80-81/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг хүлээх ба хариуцагч зээл төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болохоор заажээ.
Дээрх баримтуудаар хариуцагч А.Н, гэрч Х.У нарын хооронд жоншны төлбөр тооцоо байсан болох нь тогтоогдож байх боловч уг тооцоог нэхэмжлэгч “Б” ХХК хариуцах үүрэгтэйг нотлохгүй байгаагийн дээр Х.У-ийн төлбөр тооцоог компанийн өмнөөс хариуцаж барагдуулахыг нэхэмжлэгчээс хариуцагчид үүрэг болгосон, эсхүл зөвшөөрсөн байдал шүүхэд баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-аас Х.У-д өгөх өглөгт өөрийн Honda CR-V маркийн автомашиныг 16.027.000 төгрөгт тооцож шилжүүлсэн гэх хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Түүнчлэн хариуцагч 2013 оны 12 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны 18.000.000 төгрөгийн цалинг зээлд суутгасан гэж татгалзалдаа дурдсан байх боловч түүний нийгмийн даатгалын шимтгэлийг “А” ХХК төлсөн талаарх Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын лавлагааг үндэслэн татгалзлаа шүүх хуралдаанд дэмжээгүйг дурдах нь зүйтэй /хх-50-51/.
Дээрх үндэслэлээр хариуцагч А.Н-аас зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Н-аас 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Н-аас 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА