Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1100

 

                         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Н.Улсболд, хохирогч П.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгч, хохирогч Т.П, түүний өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Т овгийн С.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1331 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овгийн Т.П, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Даваа 1 дүгээр гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

  - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 579 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 01 жилийн хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 cap 05 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

2. Монгол Улсын иргэн, Т овгийн С.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8 дугаар баг, Буур хээр, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.П нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 21 дүгээр гудамжинд “чи одоо яаж яваад байгаа юм бэ, яагаад сагналдаад байгаа юм” гэх шалтгаанаар П.Д-ийн нүүрэн тус газар чулуу атгасан гараараа цохиж, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь баруун талын хоншоорын хөндийн гадна хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 21 дүгээр гудамжинд “манай найзыг зодоод зугтаалаа” гэх шалтгаанаар Т.П-ын гар болон хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь нуруу, баруун зүүн даланд зулгаралт, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн шуунд шарх, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, шарх, баруун шилбэ, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зүүн шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн Т.П нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 21 дүгээр гудамжинд “чи одоо яаж яваад байгаа юм бэ, яагаад сагналдаад байгаа юм” гэх шалтгаанаар хохирогч П.Д-ийн нүүр лүү чулуугаар цохиж, бие махбодод нь “....баруун талын хоншоорын хөндийн гадна хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

- шүүгдэгч, Т овгийн С.Б мөн өдөр “манай найзыг зодоод зугтаалаа” гэх шалтгаанаар хохирогч Т.П-ын гар болон хөл рүү өшиглөж, бие махбодод нь “...нуруу, баруун зүүн даланд зулгаралт, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн шуунд шарх, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, шарх, баруун шилбэ, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зүүн шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт... бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Б, Т.П нарын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...8 дугаар сарын 05-ны өдөр Хөтөл рүү явж байтал зам хаасан гэхээр нь буцсан. Буцаад явж байтал том ковш машин шахаад байсан учир хажуугаар нь гарах гээд сагналдсан. Тэгээд явж байтал дахин нэг Портер маркийн машин зам хаасан байхаар нь буугаад жолоочид нь зам хаасан байна, буцахгүй болохгүй гэж хэлээд эргээд харсан чинь цаанаас хоёр хүн ирээд “сагналдаад цочоочихлоо” гээд уурласан. Би “ёстой уучлаарай ахын дүү” гэж хэлсэн. Тухайн үед хажууд замын хүмүүс байсан. Цүнхээ шидээд намайг шууд цохисон, миний нүднээс цус гараад би боосон. Миний найз дундуур ороод салгасан. Миний нүднээс цус шууд асгарсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...Ямартай ч одоогоор гарсан зардлаа гаргаж авна. Цаашид эмнэлэгт хэвтэх гэж байгаа, одоо бүх зүйл төлбөртэй болсон. Т.П нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн дүнгээс төлсөн зүйл байхгүй, зардлаа төлчихвөл гомдол саналгүй...” гэв.

3. Хохирогч Т.П-ын шүүх хуралдаанд өгсөн: “...8 дугаар сарын 05-ны өдөр С.Б гэх хүн намайг хохироосон нь үнэн. Зүүн өвдөгний шагайны яс нь бороолоод эдгэсэн байгаа, одоо эвгүй гишгэхээр өвддөг. Баруун талын мөр олигтой хөдөлж чадахгүй байгаа. Би эмчилгээнд иллэг, тос шарлаг хийлгэж байгаа. Өвдөг, тохойны шалбархайнд тухай үед тос хэрэглээд намдаасан. Одоо бол өрхийн эмнэлэг дээр очиж шарлага хийлгэж байгаа. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг, одоо Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

4. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн *** дугаартай дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 1 дүгээр хуудас), 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-ийн 4 дүгээр хуудас);

5. Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед найз Х-ийн хамт өөрийн мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Хөтлийн “Сэлэнгэ” нэртэй дэлгүүр орохоор 1 дүгээр хорооллын арын гэр хороолол дундуур явж байтал бид хоёрын явж байсан гудмаар зам хаачихсан засвар хийгээд нэг л эгнээг явуулж байсан. Ганц нээлттэй эгнээгээр нь доошоо уруудаад явж байтал өөдөөс нэг портер машин тулаад хүрээд ирэхээр нь сагналдтал хажуугаар явж байсан хоёр залуугийн арай настай залуу нь “чи муу яагаад сагналдаад байгаа юм бэ, хүн цочоогоод” гэхээр нь би “Өө миний дүү уучлаарай” гэж хэлчхээд, портер машиныг ухраарай гэж дохичхоод эргээд хартал нөгөө залуу гартаа нэг чулуу барьчихсан, чулуу атгасан гараараа шууд миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Миний нүд халуун оргиод, толгой манараад, хамраас цус гартал нөгөө залуу зугтаачих шиг болсон. Үүнийг харсан манай найз ардаас нь хөөгөөд явчихсан. Толгой гайгүй болоод хойноос нь яваад очтол цагдаа дуудчихсан байсан

...Миний машин хажуугаар явж байсан 30 орчим насны, 20 орчим насны хоёр залуугийн 30 орчим настай залуу нь гартаа чулуу атгаад миний баруун нүд рүү нэг удаа цохиж гэмтээсэн. Өөрөөр намайг зодож цохисон асуудал байхгүй. Миний нүдний хананы яснууд цөмөрсөн гэсэн онош гарах шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);

6. Хохирогч Т.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бүгдээрээ намайг нийлээд энд тэндгүй өшиглөөд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

7. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Дунд Нарангийн 21 дүгээр гудамж ** тоотод ганцаараа амьдардаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хашаан дотроо юм хийгээд байж байтал хашааны гаднаас манай гудамжны дээрээс доошоо хэсэг хүмүүс бужигнаад гүйлдээд манай хашааны гадна хүрээд ирсэн. Тэгээд хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

8. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хийж байгаад зам хаасан газар машин оруулахгүй гээд буцаах замын тэмдэг бариад автомашины шороон зам дээр зогсож байтал эхлээд нэг цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг жолооч зүүн гарын талын гудмаас, түүний дараагаар саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр хүн баруун гар талаас тус тус өгсөөд гараад ирэхээр нь би дохиогоо өгөөд “хойно зам засварын ажил явагдаж байгаа, буцаад яваарай” гэж хэлтэл Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд байсан хоёр хүн бууж ирээд нөгөө Портерын жолоочоос хаагуур явж болох талаар юм асууж байгаа харагдсан. Удалгүй баруун гар талын гудмаас гарч ирсэн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хойд талаас 30 орчим болон 20 орчим насны хоёр эрэгтэй явган хүн ирээд 30 орчим насны эрэгтэй нь Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид хандан “чи одоо яаж яваад байгаа юм бэ, яагаад сагналдаад байгаа юм” гэхэд Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй “би хүнтэй андуураад сагналдчихлаа, намайг уучлаарай” гэж хэлсэн чинь тэр 30 орчим настай ах “чи андуурах хүнээ андуураарай” гэж хэлээд цүнхээ жолооч ах руу чиглүүлж шидээд ойртож очоод заамдаж авсан. Цүнх нь бол жолооч ахыг оноогүй газар унасан. Үүнийг харсан Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд зүгээр явж байгаа хүмүүсийг та нар зүгээр явуулаач гэж хэлээд 30 орчим настай залууг түлхэж авахад 30 орчим настай залууг зөрүүлж заамдаж, зуурч байгаад футболкийг нь урчихсан. Ингээд хоёр талаас маргалдаад Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд байсан хоёр эрэгтэй болон портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нар нэг тал, нөгөө талд нь 30 болон 20 орчим настай явган хоёр эрэгтэй болоод нэг нэгнийгээ барилцаж авсан.

...30 орчим насны эрэгтэй нь дунд зэргийн согтолттой байсан боловч нэлээн агсан хүн байсан. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эхлээд уучлаарай гэж хэлсэн боловч тоолгүй асаад цүнхээ шидээд заамдаж авсан. Бусад хүмүүс нь бүгдээрээ эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

9. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 21 дүгээр гудамжинд найз Д-ийн хамт түүний Приус 20 машинтай Хөтөл рүү явж байсан. Гэтэл тухайн гудмын нэг талын урсгалыг нь хаагаад засвар хийж байсан бөгөөд өөдөөс нэг портер маркийн тээврийн хэрэгсэл тулж ирээд зогсохоор нь манай найз сигналаа дартал хажуугаар явган явж байсан 30 орчим насны, 20 орчим насны хоёр эрэгтэйн 30 орчим насны эрэгтэй нь нэлээн согтуу, манай найз руу агсраад “чи муу яагаад сигналаа дарж намайг цочоож байгаа юм” гэж хэлснээ гартаа чулуу бариад манай найзын баруун нүд рүү нь нэг удаа цохиод гэмтээчихсэн. Тэгэхээр нь би бууж очоод барьж авах гэтэл хоёулаа доошоо гудам уруудаад зугтахаар нь би ардаас нь хөөж байтал нөгөө 30 орчим насны эрэгтэй нь газар өнхрөөд уначихаар нь гүйцэж очоод дээрээс нь гар болон хөл рүү нь 2-3 удаа өшиглөж авсан. Гэтэл нөгөө 30 орчим насны залуу босож ирээд намайг заамдаж авах үеэр тэр хавиар явж байсан хэдэн залуус голоор ороод бид нарыг салгасан.

...Тэр П гэх залуу манай найзын нүд рүү чулуугаар цохиод гэмтээчихсэн юм. Тэгээд зугтахаар нь барьж авах гэж байгаад ийм асуудал болчихлоо...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

10. Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед хуурай дүү Б, хүү Т нарын хамт ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ 1 дүгээр хорооллын арын гэр хороололд байрлах нэг айлынд шороо тэгшилж өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 21 дүгээр гудамжаар өгсөөд овоотой хэсэгт иртэл зодоон болж байсан. Тэгэхээр нь дөхөөд очтол миний зүс таних улаан цамц өмссөн байсан Д гэх залуу нүдээ дарчихсан зогсож байснаа намайг хараад “наад доошоо гүйж байгаа залуугаа бариад аваарай. Миний нүд рүү цохичихлоо” гэхээр нь манай машины хажуугаар зөрөөд доошоо гүйж байсан эрэгтэйн араас хөөж байтал газар бүдрээд уначихаар нь барьж аваад Б-ийг ирэхээр нь “за энэ нөхрийг барьж байгаарай, гар хүрч болохгүй шүү” гэж хэлж үлдээгээд өөрөө овоон дээр очоод тэнд зам засварын ажил хийж байсан ковш машины жолоочоос “би мөнгө хөлсгийг нь өгье, та машинаараа энэ хажууханд айлын хашаанд байгаа шороог нь тэгшлээд өгөөч" гэж ярьж тохирчхоод буцаад Б дээр очтол тэр хэсэг газарт бүгд очоод цугларчихсан, манай хүү хүртэл оччихсон, цагдаа нар бас ирчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Тэр доошоо гүйж байгаад бүдэрч унаад баригддаг Д-ийн нүд рүү цохисон гэх залуу сүүлд цагдаа нарт өөрийгөө П гэж танилцуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 32 дугаар хуудас);

11. Гэрч Х.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед хуурай ах А, түүний хүү Т нарын хамт ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ 1 дүгээр хорооллын арын гэр хороололд байрлах нэг айлынд шороо тэгшилж өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 21 дүгээр гудамжаар өгсөөд овоотой хэсгийн доохон талд иртэл хоёр хүн дээрээс гүйж уруудаж байснаа хойд талын эрэгтэй нь “наад хүнээ бариад аваарай” гэхээр нь А ах гараад урд талд гүйж байсан эрэгтэйн ардаас гүйгээд би А ахыг дагаад гүйсэн. Гэтэл удалгүй тэр эрэгтэй нэлээн хурдан гүйж байснаа бүдэрч унаад баригдсан. А ах тэр эрэгтэйг нь барьж аваад надад “ахын дүү энэ залууг зугтаалгахгүй бариад байж байгаарай, цохиж зодож болохгүй шүү” гэж хэлчхээд нөгөө шороо тэгшлэх айл руугаа яваад өгсөн. Тэр хооронд дээрээс нөгөө бариад аваарай гэж хэлж байсан эрэгтэй Приус 20 маркийн машинтайгаа ирэхээр нь хартал зүс таних Д ах байсан. Намайг тэр залууг дөнгөж бариад зогсож байтал хажуу талын хашаанаас нэг эрэгтэй гарч ирээд “би бичлэг хийж байгаа шүү, та нарыг харсан шүү” гээд байсан ...Д ахын нүднээс цус гарч байхаар нь би “ах нүд чинь яасан юм бэ” гэж асуухад “чиний барьж байгаа залуу чинь чулуугаар цохичихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас),

12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7134 дугаартай: “...П.Д-ийн биед баруун талын хоншоорын хөндийн гадна хана, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 44-45 дугаар хуудас);

13. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7132 дугаартай: “...Т.П-ын биед нуруу, баруун зүүн даланд зулгаралт, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн шуунд шарх, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, шарх, баруун шилбэ, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, зүүн шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 36-37 дугаар хуудас);

14. Шинжээч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүгнэлт дээрх нуруу, баруун зүүн даланд зулгаралт, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн шуунд шарх, зулгаралт, баруун өвдөгт зулгаралт, шарх, баруун шилбэ, зүүн шилбэ, шагайнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт зэрэг гэмтлүүдийг тэгш бус, барзгар хатуу гадаргуу дээр унаж өнхрөх үед үүсэх боломжтой. Зүүн шагайнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг мөн дээрх гадаргуу болон цохиж, зодуулах үед алинд нь ч үүсэх магадлалтай гэмтэл...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас);

15. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Тэгэхээр нь би бууж очоод барьж авах гэтэл хоёулаа доошоо гудам уруудаад зугтаахаар нь ардаас нь хөөж байтал нөгөө 30 орчим насны эрэгтэй нь газар өнхрөөд уначихаар нь гүйцэж очоод дээрээс нь гар болон хөл рүү нь 2-3 удаа өшиглөж авсан. Гэтэл нөгөө 30 орчим насны залуу босож ирээд намайг заамдаж авах үеэр тэр хавиар явж байсан Д-ийн танил залуус голоод ороод бид нарыг салгасан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 61 дүгээр хуудас);

16. Шүүгдэгч С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 105 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 104 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 106 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 107 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 118 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 108-117 дугаар хуудас),  

17. Шүүгдэгч Т.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 82 дугаар хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 83 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 84 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хх-ийн 85 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 79 дүгээр хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 86 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87 дугаар хуудас), шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (хх-ийн 90-99 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.П-ын биед хөнгөн, хохирогч П.Д-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.П-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Б нь хамт явж байсан найз болох хохирогч П.Д-ийг өмгөөлөн хохирогч Т.П-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх боловч түүний үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй, аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй. Учир нь, тэрээр шүүгдэгч Т.П-ийн халдлага довтолгоо хэдийн дууссан буюу зугтааж байхад нь хойноос хөөж очиж зодсон байна. 

Шүүгдэгч нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шүүгдэгч С.Б нь хохирогч Т.П-ын биед хөнгөн, шүүгдэгч Т.П нь хохирогч П.Д-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Б, Т.П нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Т.П-ын өмгөөлөгч буруугийн талаар маргаангүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.П-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн Т.П-ын өмгөөлөгч: “...Хохирол баримтын хувьд хавтаст хэргийг 122-123 дугаар талд авагдсан 4 баримт байна. Хавтаст хэрэг авагдаж байгаа QR кодтой нөат төлөгдсөн баримтуудад маргах үндэслэлгүй байна. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 3.246.715 төгрөгийн баримт нь QR кодгүй, тамга тэмдэггүй, гарын үсэггүй байна. Иймээс уг мөнгийг үнэлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Мөн 8.000 төгрөгөөр юу авсан нь тодорхойгүй банкны гүйлгээний хуулга, 130.000 төгрөгийн 2 баримт байна. Уг баримтын үнийн дүн нь адилхан 130.000 төгрөг, бүртгэлийн ажилтан нь адилхан Г.Б, цаг хугацааны хувьд 2 минутын зайтай авсан, үйлчилгээний утга мөн адил байна. Иймээс уг баримтын аль нэгийг нь үнэлэх ёстой байна. Сүүлд нь хэлэхэд Голд фарм гээд 1.467.800 төгрөгийн баримт байна. Уг баримт нь шар, цэнхэр гээд 2 хувь байна. Утга дээр имплант гэж байна миний ойлгосноор имплантыг шүдэнд хэрэглэдэг гэж боддог. Би эрүүл мэндийн салбарын хүн биш учир нүдний ясанд хийгддэг үгүйг мэдэхгүй байна. Энэ талаар холбогдох баримтууд авагдаагүй байна. Иймээс хавтаст хэрэгт авагдсан 5.107.255 төгрөгийн баримтаас 4.852.513 төгрөгийн баримтыг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Үлдсэн 259.742 төгрөг буюу QR кодтой баримтыг үнэлэх боломжтой, энэ хохирол төлбөрийг төлөхөө Т.П-ын зүгээс илэрхийлж байна...” гэв.

Хохирогч П.Д нь 5,107,255.0 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг хянаж үзээд 3,639,455.0 төгрөгийн нэхэмжлэлийг хангалаа. Харин хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан “Мэриголд Фарм” ХХК-ийн зарлагын баримт дахь имплант зэрэг зүйлс нь энэ хэргийн улмаас хохирогч П.Д-ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эсэх нь эргэлзээтэй байх тул 1,467,800.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Иймд шүүх хохирогч П.Д-ийн цаашид гарах эмчилгээний зардал болон энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон 1,467,800.0 төгрөгийн талаарх хууль ёсны нолох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгалаа.

Шүүгдэгч Т.П нь хохирогчийн хувьд шүүгдэгч С.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч С.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч С.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Б-ийн хувьд хохирогч Т.П-т төлөх төлбөргүй. Шүүгдэгч Т.П-ын хувьд хохирогч П.Д-ид 3.639.455 төгрөгийн төлөх төлбөртэй. Үүнийг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй...” гэв.

Хохирогч П.Д-ийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.П нь хохирол төлбөр төлөгдөөгүй, төлөх зорилго санаа тавиагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээдэггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн зүйл ярьж байна. Мөн шүүгдэгч Т.П нь урьд ял шийтгэл эдэлж байсан, хохирол төлбөр төлөөгүй байдлыг нь харгалзан үзээд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Т.П-ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байр суурь, хохирогчийн буруутай үйл ажиллагаа хэрэг гарахад нөлөөлсөн байгааг харгалзан үзнэ үү. Хохирол төлбөрийн хувьд өмгөөлөгчийн зүгээс нийт 5,107,215 төгрөгөөс 4,852,513 төгрөг дээр маргасан учир хохирол төлөөгүй байсан. Харин одоо шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Иймээс Т.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан хэлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.П-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Т.П-ын урьд хоёр удаа ял шийтгүүлсэн хувийн байдал болон хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б-ийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох  ял тус тус шийтгэх нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх, түүнчлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч С.Б-ийн цалин хөлс, орлогыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацааг нэмэгдүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П, С.Б-т нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Б бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.П, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Т.П-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т овгийн С.Б-ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаархүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т оногдуулсан дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-т, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.П-т сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-оос 3,639,455.0 төгрөг гаргуулан хохирогч П.Д-ид олгож, хохирогч П.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцэхгүй орхисон 1,467,800.0 төгрөгийн нэхэмжлэлийн талаар хууль ёсны нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.П, С.Б-т нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.П, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТАА