Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/01831/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр          Дугаар 101/ШШ2017/01831           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ө-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.Б-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 6.500.000 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, торгууль 80.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Ч.П, хариуцагч П.Б, өмгөөлөгч В.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр П.Б-той харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, 0 дүгээр байр, А тоот хаягт орших ГД-0, УБД-Ү-0, 146 м2 үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний урьдчилгаанд 90.000.000 төгрөг төлсөн болно. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас бид харилцан тохиролцож гэрээнээс татгалзаж хариуцагч П.Б нь надаас урьдчилгаанд авсан 90.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр буцаан өгөх боломжгүйн улмаас Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороололд байрлах 47 м2 бүхий 2 өрөө байрыг м2  1.750.000 төгрөг нийт 83.500.000 төгрөгөөр бодож шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 6.500.000 төгрөгийг 2016 оны 01 сард багтааж шилжүүлэхээр харилцан тохиролцож, энэ талаар нотариат орж хэлцэл хийж баталгаажуулсан. Гэвч 6.500.000 төгрөгийг одоо болтол надад шилжүүлэн өгөлгүй өнөөдрийг хүрсэн, П.Боос мөнгийг заасан хугацаанд шилжүүлэх талаар удаа дараа шаардаж байсан боловч тэрээр шаардлагыг үл тоож мөнгийг шилжүүлсэнгүй. Иймд П.Боос 6.500.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

  

Хариуцагч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний хувьд Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, 0А байранд барйлах үйлчилгээний зориулалттай байрыг Б.Ө-д 365.000.000 төгрөгөөр худалдахаар болж гэрээг өөрийнх нь хүсэлтээр таньдаг нотариатын гэрт нь очиж хийсэн. Тэгээд гэрээнээс татгалзвал 20 хувийн торгууль төлнө гэсэн заалтыг Б.Ө өөрөө оруулсан. Б.Ө гэрээ байгуулаад объектыг ашигласан байсан, дараа нь өөрөө гэрээнээс татгалзсан. Би үйлчилгээний төвийг хүлээж авахад обой хуурсан, хана эвдэрсэн засвар хийх шаардлагатай байсан. Хэрэв бид түрээслэж байсан бол ашиг олох байсан. Б.Ө-ийн эрүүл мэндийн шалтгаанаар гэрээнээс татгалзсан. Би хорт хавдар туссан гээд уйлж байсан. Надтай 3-4 удаа уулзсан. Үл хөдлөх хөрөнгөө борлуулъя гэж бид хоёр хөөцөлдсөн боловч зарагдаагүй. Ө тухайн үед Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай гэж хэлээд бичиг үзүүлсэн. Тэгэхэд нь би үнэхээр бие чинь муу байгаа юм бол надад 2 өрөө байр байгаа, үүнийг борлуулаад ав гэсэн. Байрыг шилжүүлсэн. Үүнээс хойш надтай яриагүй. Үнэхээр зөрүү мөнгөний асуудал байгаа бол тооцоо хийж болно. Энэ хүн надаас үл хөдлөх эд хөрөнгийг чинь худалдаж авна гэж гэрээ байгуулчихаад гэрээнээс буцсанаас болоод би хохирол хүлээсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.   

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.Ө бид хоёр 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, /3336/, Намьяанжугийн гудамж, 0 дүгээр байр А тоот хаягт орших ГД-0, УБД-Ү-0, 146 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 365.000.000 төгрөгөөр Б.Ө-д худалдахаар тохиролцсон. Ийнхүү үл хөдлөх хөрөнгө худалдах тухай гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Б.Ө гэнэт гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийг худалдан авч чадахгүй гэж мэдэгдсэн. Би арга буюу хөрөнгөө буцаан авахад үйлчилгээний зориулалтаар ханыг өрөмдөж маш их хохирол учруулсан байсан. Мөн энэ хугацаанд түрээслэн олдог байсан орлогыг хаагдуулсан. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл түрээслэх ёстой байсан орлого 3.000.000 төгрөг, байр ашиглах хугацаандаа ханыг өрөмдөж обой урж учруулсан хохирол 4.500.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг гаргуулж өгнө үү. Иргэд хоорондын хэлцлийн 5 дугаар зүйл буюу гэрээнээс татгалзсан тал нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийг төлөхөөр заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн торгууль 73.000.000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Торгууль 73.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл түрээслэж олох ёстой байсан орлого 5.661.150 төгрөг, 47 хоногийн байр, цахилгаан, дулаан, хэрэглээний мөнгө 500.000 төгрөг, эвдрэлээс үүссэн хохирол 1.338.500 төгрөг, нийт 80.500.000 төгрөгийг Б.Ө-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч П.Б-ийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь хэргийн үнэн бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй зүйл бичсэн байхаас гадна хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Анх хариуцагч П.Б санаачилга гаргаснаар бид харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэлцлээс татгалзсан. Миний бие П.Б-ийг танихгүй ба хоосон байр зарна, түрээслэнэ гэсэн зарын дагуу анх тус үл хөдлөх эд хөрөнгийг очиж сонирхох үед тус үл хөдлөх эд хөрөнгө нь хүнд огт түрээслэгдээгүй хоосон байр байсан бөгөөд банкны барьцаанд тавигдсан байсан. П.Б надад байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн боловч удалгүй надаас буцааж авсан. Миний бие тус байрны ханыг өрөмдөж, обойг урж гэмтээсэн зүйл огт байхгүй бөгөөд хариуцагч П.Б нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6.500.000 төгрөгийг төлөхөөс зайлсхийх ээлжит оролдлого хийж байна гэж үзэж байна.  Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч П.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 6.500.000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч П.Б нь нэхэмжлэгч Б.Ө-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, торгуульд нийт 80.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. 

 

Хариуцагч, нэхэмжлэгчийн хэн аль нь эсрэг талынхаа гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “иргэд хоорондын хэлцэл” байгуулагдаж, хариуцагч П.Б нь нэхэмжлэгч Б.Өд Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол /3336/, Намьяанжугийн гудамж, 0 дүгээр байр, А тоот хаягт байршилтай, 146 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 365.000.000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч үнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөх, төлбөр бүрэн төлөгдмөгц өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ /хх-53/.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч урьдчилгаа 90.000.000 төгрөг төлж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Мөн зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “иргэд хоорондын гэрээ” байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 90.000.000 төгрөгт Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, 0дүгээр хороолол, 46 дугаар байрны 8 дугаар давхарт байршилтай, 47.71 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэх, зөрүү 6.500.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард багтаан нэхэмжлэгчид төлөхөөр тус тус тохирчээ /хх-3/.

 

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар, гэрч Ц.М-ийн мэдүүлэг /хх-77-78/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч хорт хавдар туссан, гадаад улсад  эмчлүүлэх шаардлагатай талаар хариуцагчид мэдэгдэж, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээнд талууд хүндэтгэх шалтгаанаар урьдчилгаа төлбөрийг буцаах тухай дурджээ. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзжээ.

 

Иргэний хуулийн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Иймээс хариуцагч П.Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 6.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ө-д буцааж өгөх үүрэгтэй.

                                                                                                                                     

Хариуцагч нь нэхэмжлэгчийг үйлчилгээний объектод 47 хоног үйл ажиллагаа явуулахдаа ашиглалтын зардал 500.000 төгрөг төлөөгүй, хана өрөмдөж, обой урж 1.338.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн түрээслэж олох ёстой байсан орлого 5.661.150 төгрөг болон гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгууль төлөхөөр заасны дагуу 73.000.000 төгрөг, нийт 80.500.000 төгрөг төлүүлнэ гэж маргасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал, эд хөрөнгийн гэмтэл, олох байсан орлогыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлээ шүүхэд баримтаар хангалттай нотлоогүй. Тухайлбал, эд хөрөнгийн хохирол 1.338.500 төгрөгтэй холбоотой баримтыг гаргаагүй, “Т зууч” ХХК-ийн үнийн мэдээллийг үндэслэн түрээслэж олох байсан орлого шаардаж байх боловч уг үнийн мэдээлэлд түрээсийн төлбөрийн талаар тусгагдаагүй /хх-55/. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад ашиглалтын зардал төлөгдөөгүй байсан гэж гэрч Ж.Т мэдүүлж байх боловч ямар хугацааны ямар зардал болохыг тодорхой гэрчлээгүй /хх-0-65/. Харин хэрэгт авагдсан тооцооны нэхэмжлэх баримтуудыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгэж маргаагүй тул 2015 оны 12 дугаар сарын ашиглалтын зардал 225.5628 төгрөг /хх-82/, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацааны ашиглалтын зардал 58.246 төгрөг /257.945,68/31*7/ /хх-83/, нийт 283.808 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох үндэстэй гэж дүгнэв. Цахилгааны төлбөртэй холбоотой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг шүүхэд гаргасан байх хэдий ч нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж байсан хугацаанд хамааралгүй байна /хх-84/.

 

Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5-д талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 20%-тай тэнцэх торгууль төлнө гэж заасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж зааснаас үзэхэд гэрээний дээрх заалт нь торгуулийн агуулгад нийцээгүй байна. Гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээний талуудын эрх, мөн харилцан тохиролцоо бөгөөд үүнийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс торгууль төлөхийг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчаас 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 283.808 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 хэсэгт зааснаар хариуцагч П.Б-оос 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-д, нэхэмжлэгч Б.Ө-аас 283.808 /хоёр зуун наян гурван мянга найман зуун найман/ төгрөг гаргуулан хариуцагч П.Б-т тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс 80.216.192 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 118.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 657.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-оос 118.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-д, нэхэмжлэгч Б.Ө-аас 9.10 төгрөг гаргуулан хариуцагч П.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 0хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА