Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01910/и

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01910

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 68 дугаар байр, 24 тоотод оршин суух Гэндэн овогт Логойн Мөнхцэцэг /РД:ЦВ63020464/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 29 дүгээр гудамж, 1643 тоотод оршин суух Хариад овогт Төрмөнхийн Тунгалаг /РД:ЧД79120107/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25.680.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүрбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Т.Тунгалагтай гэрээ байгуулж 14.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т.Тунгалагтай гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Т.Тунгалаг нь 2 удаагийн үйлдлээр нийт 19.000.000 төгрөгийг зээлсэн. 2016 оны 10 дугаар сар хүртэл хүүгээ төлж явсаар 10 сард 600.000 төгрөг дутуу, 11, 12, 01, 02 сарын хүү нийт 6.080.000 төгрөг дээр нь үндсэн мөнгө болох 19.000.000 төгрөг нэмэгдээд 25.680.000 төгрөг болж байна. Иймд Т.Тунгалагаас зээлийн гэрээний үүрэгт 25.680.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Т.Тунгалаг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүрбазар нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Л.Мөнхцэцэгээс 2 удаа нийт 14.110.000 төгрөг зээлж аваад 2016 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд нийт хүүнд одоогоор 9.000.000 төгрөг өгсөн байгаа. Тухайн үед би их хэмжээний мөнгө хүнд өгчихөөд одоог хүртэл авч чадалгүй явж байгаа. Миний зээлж авсан мөнгөний барьцаа болгож 52-ын даваанд байх 4 га газрын бичиг баримт одоо болтол Л.Мөнхцэцэгт байгаа. Авсан зээлээ төлөхийг зөвшөөрнө” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь хариуцагч Т.Тунгалагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 19.000.000 төгрөг, хүү 6.680.000 төгрөг, нийт 25.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хариуцагч Т.Тунгалаг нь нэхэмжлэгчээс 14.110.000 төгрөгийн зээл авсан, үүнийг төлөхийг зөвшөөрнө, бусад зээл, хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 14.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, мөн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ /хх-4, 5/.

                  

Дээрх 2 зээлийн гэрээ байгуулагдсан талаар зохигчид маргаагүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зохигчид олгосон зээлийн үнийн дүн, мөн хүү төлөх эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд баримтаар нотлох, өөрөөр хэлбэл хариуцагчид хэдэн төгрөг, хэдийд зээлдүүлснээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг эхний зээлийн гэрээгээр 14.000.000 төгрөгийг олгохдоо Алтмаагаас 8.000.000 төгрөг, ах Хашбат, Болдсайхан нараас нийт 6.000.000 төгрөг тус тус зээлж, хариуцагчид шилжүүлсэн, дараагийн зээлийн гэрээгээр 2.110.000 төгрөгийг дансаар, үлдэх хэсгийг бэлнээр шилжүүлж нийт 5.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж тус тус тайлбарласныг хариуцагч Т.Тунгалаг татгалзаж, эхний зээлийн гэрээний дагуу 12.000.000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний дагуу 2.110.000 төгрөг шилжүүлсэн гэж   маргаж байна.

 

          Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгийн Хаан банкин дахь 5075382474 тоот дансны хуулгаас үзэхэд:

  • 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөг /алтмаа хосгэрэл зээлэв/, 4.000.000 төгрөг /орлого хашбатаас/-ийн орлогын гүйлгээ, 12.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн,
  • 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Болдбаатараас 2.000.000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө зарлага хийгдсэн,
  • 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ 3 удаа хийгдсэн, мөн 2.110.000 төгрөгийг 5064049071 тоот дансанд шилжүүлсэн байна /хх-61, 63, 64/.

 

          Мөн хариуцагч Т.Тунгалагийн Хаан банкин дахь 5064049071 тоот дансны хуулгаас үзэхэд:

  • 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ,
  • 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5075382474 тоот данснаас 2.110.000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгджээ /хх-37, 43/.

 

          Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан  Алтмаа, Хашбат, Болдсайхан нараас нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч уг мөнгийг данснаасаа хариуцагчид шилжүүлээгүй байна. Харин хариуцагч тухайн өдөр өөрийн дансанд 12.000.000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчээс зээлж авсан гэж хүлээн зөвшөөрч байх тул уг үнийн дүнгээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зээл олгогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн данснаас 800.000 төгрөг 3 удаа буюу 2.400.000 төгрөг бэлнээр авсан нь нотлогдож байх хэдий ч уг мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Харин тухайн өдөр хариуцагчийн дансанд 2.110.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байх ба хариуцагч уг мөнгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байх тул уг үнийн дүнгээр 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээл олгогдсон гэж дүгнэх үндэстэй.

 

Нэхэмжлэлд 2016 оны 10 дугаар сарын дутуу, мөн 11, 12 дугаар сар, 2017 оны 01, 02 дугаар сарын зээлийн хүүнд нийт 6.680.000 төгрөг шаарджээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр тохиролцсон хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Талууд зээлийн гэрээ тус бүрийг нэг сарын хугацаатай байгуулан гэрээний хугацаа дууссан ба хариуцагч уг хугацааны хүүг төлсөн талаар зохигч маргаагүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны буюу нэхэмжлэлд дурдсан хугацааны хүүг хариуцагч төлөх үүрэггүй байна. 

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид хүү төлсөн талаараа маргаагүй болно. 

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Т.Тунгалагаас зээл 14.110.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн зээл 4.890.000 төгрөг, зээлийн хүү 6.680.000 төгрөг, нийт 11.570.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Тунгалагаас 14.110.000 /арван дөрвөн сая нэг зуун арван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.570.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Тунгалагаас 228.500  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мөнхцэцэгт  олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА