Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/769

 

 

 

                                 

 

 

 

 

2021          11           29                                    2021/ШЦТ/769

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000001434 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д жолооч ажилтай,  ам бүл , эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Алтайн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД: / *******-.  

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******-нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.О-ын эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди 2 төвийн гар утасны лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Б.О-заруулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудаас 8 ширхэг гар утсыг завшиж 4.860.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч *******-шүүхийн хэлэлцүүлэгт: “Би сард 700.000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Тэр гар утаснуудыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан мөрийтэй тоглоом тоглосон. Цалингаасаа яаралтай хугацаанд хохирлоо нөхөн төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмшиж  байна.” гэв.

            Хавтаст хэргээс хохирогч Б.О- мөрдөн байцаалтанд “Би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди-2 төвийн гар утасны 43 дугаар лангууг түрээсэлдэг 2021 оны 9 дүгээр сарын 01-нд манайд лангуун дээр Ууганбилэг гэх залуу ирж ажиллахаар тохирсон. Тэгээд би 2021 оны 9 дүгээр сарын 01-нд гар утаснуудаа хүлээлгэн өгсөн бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны орой Редми нөүт-7 загварын гар утас хоёр ширхэг, Редми К-30 загварын гар утас хоёр ширхэг, Редми нөүт-9 про гар утас хоёр ширхэг ажлын гадаа өгсөн.  Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-нд ажил дээр очиход Редми нөүт-7 загварын гар утас хоёр ширхэг, Редми К-30 загварын гар утас хоёр ширхэг, Редми нөүт-9 про гар утас хоёр ширхэг, Самсунг эс-10Е загварын гар утас, Самсунг А-30 загварын гар утас нийт найман ширхэг гар утас хулгайлж авч явсан байсан. Тэгээд холбогдох гээд холбоо бариагүй чат бичээд ломбарданд барьцаалсан байгаа гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Ууганбилэг надад одоогоор Самсунг Эс-10Е загварын гар утас, Редми К-30 загварын утас хоёр ширхэг, Редми нөүт-7 загварын гар утас нэг ширхэг, Редми нөүт -9 про гар утас нэг ширхэг буцааж өгсөн бусад гар утсыг нь өгөөгүй байгаа. Самсунг А-30, Редми нөүт -9 про гар утас, Редми нөүт-7 загварын гар утаснуудаа авчих юм бол өөр санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

            Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди-2 төвийн 402 дугаар гар утасны лангуун дээр худалдагчаар Б.О-той уулзаж сарын орлогоороо хувилж цалин авахаар болсон. Тэгээд ажиллаж байхад 2021 оны 9 сарын 13-нд Б.О- шинэ хайрцагтай Редми нөүт 9 про маркийн гар утас 2 ширхэг, Редми нөүт 7 маркийн гар утас 2 ширхэг, Редми К-30 маркийн гар утас 2 ширхэг гадаа уулзаад өгсөн. Тэгээд уг шинэ гар утаснууд болон Самсунг А-30 маркийн гар утас, Самсунг 5-10 загварын гар утаснуудыг аваад мөнгөний хэрэг болоод барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалж уг мөнгийг өөртөө хэрэглэсэн. Тэгээд Б.О- над руу залгаад гар утаснууд хаана байна гэж асуухаар нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан гэдгээ хэлсэн тэгээд надаас гар утаснуудаа нэхсэн би мөнгөгүй байсан болохоор тухайн үед авч өгч чадаагүй. Тэгээд хэд хоногийн дараа Рэдми К-30 маркийн гар утас 2 ширхэг Рэдми нөүт-7 загварын гар утас 1 ширхэг, Рэдми нөүт-9 про маркийн гар утас 1 ширхэг, Самсунг 5-10 загварын гар утас 1 ширхгийг буцаан авч өгсөн. Самсунг А-30 маркийн гар утас нь байгаа. Редми Нөүт 9 маркийн гар утас болон Редми нөүт-7 загварын гар утаснууд нь барьцаалан зээлдүүлэх газарт байгаа уг барьцаалдан зээлдүүлэх газраас авч өгнө. Би гэм буруугаа ухаарч байгаа хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд Б.О-од би удахгүй уг гар утаснуудыг буцаан өгөхөө хэлсэн байгаа.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

            Кости Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-30 маркийн гар утас 1 ширхэг 350.000 төгрөг, Самсунг Эс-10Е маркийн гар утас 1 ширхэг 650.000 төгрөг, Рэдми нөүт 7 маркийн гар утас 2 ширхэг 900.000 төгрөг, Рэдми КА30 маркийн гар утас 2 ширхэг 1.360.000 төгрөг, Рэдми нөүт-9 про маркийн гар утас 2 ширхэг 1.600.000 төгрөг”  гэсэн дүгнэлт /хх-ийн 26-28/

 

            *******-хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүхийн дүгнэлт

            Шүүгдэгч *******-нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.О-ын эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди 2 төвийн гар утасны лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Б.О-заруулах зорилгоор итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудаас 8 ширхэг гар утсыг завшиж 4.860.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-“2021 оны 9 дүгээр сарын 13-нд Б.О- шинэ хайрцагтай Редми нөүт 9 про маркийн гар утас 2 ширхэг, Редми нөүт 7 маркийн гар утас 2 ширхэг, Редми К-30 маркийн гар утас 2 ширхэг гадаа уулзаад өгсөн. Тэгээд уг шинэ гар утаснууд болон Самсунг А-30 маркийн гар утас, Самсунг 5-10 загварын гар утаснуудыг аваад мөнгө хэрэг гарсан болохоор барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалж уг мөнгө өөртөө хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 37-38/, хохирогч Б.О-ын “...Ууганбилэг гэх залуу ирж ажиллахаар тохирсон. Тэгээд би 2021 оны 9 дүгээр сарын 01-нд гар утаснуудаа хүлээлгэн өгсөн бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны орой Редми нөүт-7 загварын гар утас хоёр ширхэг, Редми К-30 загварын гар утас хоёр ширхэг, Редми нөүт-9 про гар утас хоёр ширхэг ажлын гадаа өгсөн.м  Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 13-нд ажил дээр очиход Редми нөүт-7 загварын гар утас хоёр ширхэг, Редми К-30 загварын гар утас хоёр ширхэг, Редми нөүт-9 про гар утас хоёр ширхэг, Самсунг эс-10Е загварын гар утас, Самсунг А-30 загварын гар утас нийт найман ширхэг гар утас хулгайлж авч явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Кости Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

            Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцов.  

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

            Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд *******-нь “Тэди 2” төвийн гар утасны лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа Б.О-итгэмжлэн хариуцсан 4.860.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг гар утсыг завшиж өөрийн эзэмшилд авсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

 

            Улсын яллагчаас гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч “хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар хэлж оролцов.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч *******-эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

 

            *******-нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын итгэмжлэн хариуцуулсан 8 ширхэг гар утсыг завшсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, нөгөө талаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй байхад торгох ял оногдуулах нь зохимжгүй зэрэг байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

            *******-зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-анхааруулав.   

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд нийт 4.860.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг гар утсыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаас 3.260.000 төгрөгийн гар утаснууд  биет байдлаар буцаан олгогдсон байна.  Хохирлоос  төлөгдөөгүй үлдсэн Самсунг А-30, Редми нөүт -9 про гар утас, Редми нөүт-7 загварын гар утаснуудын  үнэ нийт 1.600.000 төгрөгийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.О-од олгохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. *******-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

 

3. *******-зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.         

 

        5. *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч *******-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-од олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ