Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0111/З |
Дугаар | 277 |
Огноо | 2019-05-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 277
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: НЗД, МУЗГ
Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу иргэн Д.Б-гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны баруун урд байрлах 900 м.кв газрыг улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар авсан боловч Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 309.258.600 төгрөгийг хариуцагч НЗД, Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Н, Д.Т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар иргэн Д.Б-д бусад 3 иргэний хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гэрлэх ёслолын ордны баруун урд талд 0.36 га гарыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж ашиглуулахаар олгосон бөгөөд иргэн Д.Б уг газрыг хууль ёсоор эзэмшиж байх үедээ 2000 оны 03 дугаар сараас эхлэн 2 давхар амины орон сууцны барилгын ажлыг эхлүүлэн барьж дуусгажээ. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 тоот захирамжаар Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь заалтууд болон Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолыг үндэслэн бидэнд амины орон сууц барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгосон А/12 тоот захирамжийг хүчингүй болгосон. Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан байдаг боловч Чойжин ламын сүм музейн газрын хил хэмжээ, заагийг тогтоогоогүй байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 тоот захирамжаас хойш буюу Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор тус сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га газар байхаар тогтоосон байна. Хэдийгээр Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор буюу иргэн Д.Бд газар эзэмшүүлснээс хойш Чойжин ламын сүм музейн хил заагийг тогтоосон боловч нэгэнт улс тусгай хэрэгцээндээ иргэдэд эзэмшүүлсэн газраа эргүүлэн авч байгаа учраас газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх үед баригдсан ул хөдлөх хөрөнгө, газрын асуудлыг шийдвэрлэж өгөх тухай хуулийн заалтыг захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэдэгт иргэн Д.Б найдсаар ирсэн. Иргэн Д.Бгийн зүгээс тухайн үеийн Засгийн газрын Ерөнхий сайд, НЗД нарт хүсэлт гаргах, биечлэн уулзах зэргээр удаа дараа хандаж байсан боловч газар болон амины орон сууцны асуудлыг нь шийдвэрлэлгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр албадан буулгасан болно. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол улсын 1994 оны Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Засгийн газрын эрх бүхий байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүхэлд нь буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчидтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж заасны дагуу Нийслэлийн Газрын алба /тухайн үеийн нэршлээр/ нь иргэн Д.Бтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр саналаа Засгийн газарт гаргах үүргээ зөрчсөн бөгөөд мөн хуулийн 36.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай Засгийн газрын эрх бүхий байгууллагын санал болон түүний газар эзэмшигчтэй хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 36.3-т “... Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн, Засгийн газрын эрх бүхий байгууллага нь сум, дүүргийн Засаг даргаар дамжуулан газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж заасан, мөн Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын хавсралт “Хуралдааны тэмдэглэл”-д уг тогтоол гарахаас өмнө баригдсан барилга байгууламжийн асуудлыг НЗДтай ярилцаж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Ц*******ад даалгасан байдаг боловч өнөөдрийг хүртэл НЗД болон Засгийн Газар иргэн Д.Бгийн нөхөх олговрыг олгоогүй болно. 1994 оны Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" гэж заасан, мөн 2002 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу иргэн Д.Б нь захиргааны байгууллага Газрын тухай хуулиар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснээс хойш 90 хоногийн дотор газрыг чөлөөлөх үүрэгтэй. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу иргэн Д.Б нь НЗДас улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг чөлөөлөхийг шаардсан тухай бүрд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг захиргааны байгууллагаас шаардах эрхтэй болно. Нөгөөтэйгүүр иргэн Д.Бгийн эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан атлаа өнөөдрийг хүртэл нөхөх олговрыг НЗД олгоогүй ирсэн тул 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/Ш32018/6206 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаараа иргэн Д.Бгийн НЗДас хохирол гаргуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Дээрх захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх “...эс үйлдэхүй байхгүй, барилгын төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэр гаргаагүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна. ..нэхэмжлэгч нь хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлээр даалгах шаардлага гаргаагүй, хохирлыг бодит хэлбэрээр шаардаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл илэрсэн гэж шууд дүгнэж болохгүй байна” гэж дүгнэж, захирамжийн 2 дах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол улсын Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу иргэн Д.Бгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны баруун урд байрлах 900 м.кв газрыг улсын тусгай хэрэгцээнд Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол. 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар авсан боловч Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 309.258.600 төгрөгийг НЗД болон Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу иргэн хувийн өмчтэй байх эрхтэй. Иргэний хувийн өмчийг төр дайчлан авахдаа нөхөн олговор олгох ёстой. Засгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шалтгаант холбоо гэж юу тайлбарлаж байна вэ? Миний үйлчлүүлэгч Д.Б маш ойлгомжтой нэхэмжлэл гаргасан. Үүнийг энгийн үгээр тайлбарлая. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар Д.Б газар эзэмшсэн. Энэ захирамжийг гаргасан тухай маргаагүй. Захирамж гарснаас хойш 9 сарын дараа НЗД захирамжаа хүчингүй болгосон. Энэ хооронд миний үйлчлүүлэгч байшин барилга барьсан. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч барилга барьсан. Дараа нь хариуцагч 311 дүгээр захирамжийг гаргасан боловч тухайн үед хэрэглэгдэж байсан 1998 оны Газрын тухай хуульд заасны дагуу улсын комисс эсхүл эрх бүхий байгууллага нь барилга барих үйл ажиллагааг зогсоох эрх нь нээлттэй. Барилгын ажлыг зогсоохыг шаардаж, зогсоож байсан зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэл өгч байсан гэж хэлж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиас үзвэл НЗДд барилгын үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ олгогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгө байшин барилга биш гэж дүгнэж байна. 1994 оны Барилгын тухай хуульд байнгын ашиглалтад хүлээн авах тохиолдолд улсын комисс ажиллана гэж заасан байдаг. 1994 оны Иргэний хуульд газраас үл салгаж болох, салгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхой заасан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль өмчлөгч мөн эсэхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд чиг үүргийг бүрдүүлж байсан хууль тогтоомж байсан болохоос энэ барилга мөн, биш гэдэг асуудлыг зохицуулаагүй. Иймд барилга бол хууль ёсны дагуу баригдсан. Хариуцагч барилга баригдаагүй гэдэгтэй маргаж чадахгүй байна гэж ойлгож байна. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан н.Батболд даргын захирамж байдаг. Энэ захирамж нийтэд илэрхий учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг харахыг хүсэж байна. Энэ захирамжид 2 давхар баригдсан барилгыг албадан буулгаж нураасугай гэж заасан. Тэгээд 2 давхар барилгыг хэрхэн яаж буулгасан тухай видео бичлэг хийсэн байгаа. Гэтэл хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тийм зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Нийслэлийн Засаг даргын иргэн Д.Бд олгосон анхны захирамж нь хууль ёсны байсан. Гэтэл иргэнийг барилга барьсны дараа энэ захирамж хууль зөрчсөн байна гэж захирамжаа хүчингүй болгосон. Ийм л үйл баримт юм. Хэрэв газар эзэмшүүлэх анхны захирамж гараагүй байсан бол нэхэмжлэгч байшин барилга барихгүй байсан. НЗД захирамжаа хүчингүй болгохдоо хууль зөрчсөн байна гэж үзээд нураасан, түүний дараа Засгийн газар 2 га газарт ямар нэгэн байшин барилга барихгүй гэсэн тогтоол гаргасан үйл баримт юм. Түүнээс өмнө Засгийн газар 2 га газар гэж тогтоосон тогтоол гаргаж байгаагүй. Хэрэв 2 га газар гэсэн Засгийн газрын тогтоол байгаа бол НЗД 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан 14 тоот захирамж бүгд хууль ёсны бус болно. Яагаад гэвэл Засгийн газрын тогтоосон хамгаалалтын бүс дотор газар олгож байгаа юм” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуульд хохирол барагдуулах гэсэн бүлэг байгаа. НЗД иргэн Д.Бд 2000 онд газар олгосон захирамжаа алдаатай гарсан байна гэж үзээд өөрөө хүчингүй болгосон. Энэ бол хамгийн гол асуудал юм. НЗД захирамжаа Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол байгааг мэдэхгүйгээр гаргасан юм уу эсхүл мэдсээр байж гаргасан юм уу, ямар ч байсан алдаатай захиргааны акт байна гэж үзээд Түүх, соёлын дурсгалт зүйлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасныг баримтлаад захирамжаа хүчингүй болгосон. Захиргааны байгууллага хууль бус захиргааны акт гаргаснаа хүлээн зөвшөөрч гаргасан захирамжаа хүчингүй болгож байгаа бол алдаатай захирамж нь хүчин төгөлдөр үед иргэн орон сууц барьсан. Энд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл байсан эсэх асуудлыг өнөөдөр нотлохгүй. Тухайн үед барилгын ажлын зөвшөөрлөө авч барилгын ажлыг эхэлж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. 2000 оны 07, 08 дугаар саруудад очиход барилгын ажил явагдаж байсан. Нэгэнт хүчин төгөлдөр захирамжтай үед амины орон сууц барьсан. Ийм учраас иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм. Иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас төр нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна гэж Захиргааны ерөнхий хуульд заасан. Яг аль нөхөх олговор, хохирол гэдгийг тайлбарласан онолын тайлбарыг Захиргааны ерөнхий хуулиас судлаад үзэхэд энэ хоорондын ялгамжтай асуудлыг зохицуулсан зүйл нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй, 100.4-д зааснаар нөхөн олговор олгоогүй бол энэ нь хохирол юм гэдгийг заасан. Д.Б захирамж хүчин төгөлдөр байх үед 2 давхар амины орон сууц барьсан. Үүнийг тухайн үеийн ханшаар Хөрөнгийн үнэлгээний төвөөр 309.258.600 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоолгосон” гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Д.Бгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын баруун урд байрлах 900 м.кв газрыг улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн 1998 оны 235 дугаар тогтоол, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар авсан боловч Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөн олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 309.258.600 төгрөгийг НЗДас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/12 тоот захирамжаар иргэн Б.Баасансүрэнд бусад 3 иргэний хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бд бусад 3 иргэний хамт Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр гэрлэх ёслолын ордны баруун талд 0.36 га газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Энэхүү захирамжийг НЗД Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь хэсэг болон Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолыг үндэслэн 2000 оны 09 дүгээр сарын 21-ний 311 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байна. Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтад оруулсан байдаг бөгөөд 2001 оны 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоосон байна.
Дээр дурдсанаас дүгнэхэд Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн газрыг түүх дурсгалын газарт, 2001 оны 96 дугаар тогтоолоор Чойжин ламын музейн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоосон бөгөөд иргэн Д.Б нарын эзэмших эрхийг НЗД энэ тогтоолыг гаргахаас өмнө буюу 2000 оны 09 дүгээр сарын 21-ний 311 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 1994 оны Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд үгүйсгэгдэж байгаа нь нотолж байна. Иймд иргэн Д.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч хууль бус захиргааны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсэх хохирлыг иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. Хууль бус захиргааны актын улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль бус захиргааны акт байхгүй. Д.Б нарын 4 иргэнд НЗД 2000 оны захирамжаар барилгын байршил тогтоох, газар ашиглах, эзэмших эрхийг олгосон. Мөн онд энэ газар эзэмшүүлсэн захирамж нь Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн НЗД 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Нэхэмжлэгч энэ захиргааны акттай маргаагүй. Энэ акттай холбоотойгоор Нийслэлийн барилга, хот байгуулалтын газраас 2001 онд шүүхэд хандсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сүүлд 2018 онд нэхэмжлэгчийн зүгээс 311 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч энэ шаардлагаасаа татгалзаж Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл болон 43 дугаар зүйлд заасны дагуу нөхөх олговор олговортойгоор эргүүлж авах эсхүл солих гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нөхөх олговор болон солих гэдэг шаардлага нь хоёулаа зэрэгцэн орших боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ижил хэмжээний газраар сольж олгохыг даалгах, хохирол нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ дүйцэхүйц хэмжээний газраар сольж олгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6206 дугаар захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, энэ татгалзсан захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хохирол нэхэмжилж байгаа асуудлын хувьд захиргааны акт хууль бус байх, энэ актын улмаас хохирол учирсан байх ёстой. Нийслэлийн Засаг даргын 311 дүгээр захирамжийг илт хууль бус эсхүл хууль бус болохыг тогтоосон тухай шийдвэр байхгүй. Гэтэл нэхэмжлэгч хохирол эсхүл нөхөх олговор гэж 2 зүйл ярьж байна. Иймд хохирол юм уу эсхүл нөхөх олговор юм уу гэдгээ тодорхой болгох ёстой. Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 311 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн тухай баримт байдаг. 2001 оны Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл мөн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан Д.Бгийн хариу тайлбар байдаг. 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн хот байгуулалт газрын харилцааны газраас газар чөлөөлүүлэх тухай албан бичгийг 4 иргэнд хүргэсэн. Энэ хугацаанд газар чөлөөлөөгүй бол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, барилга байгууламж барьж байгаа бол зогсоох тухай мэдэгдлийг мэдэгдсэн. Гэтэл мэдэгдэл хүргүүлсээр байхад нэхэмжлэгч өөрөө газар эзэмших эрх хүчингүй болсон байхад барилгаа үргэлжлүүлэн барьсан. Хэрэв энэ үед нэхэмжлэгч барилгын ажлаа зогсоосон бол 309.258.600 төгрөгийн хохирол учрахгүй байх боломжтой байсан. 2000 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд барилга баригдсан гэдгийг нотлох баримт байхгүй. Яагаад гэвэл барилгыг улсын комисс хүлээн авснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож барилга баригдсан гэж үзнэ. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар нэхэмжлэгч 2004 оны 10 сард мэдүүлэг өгч, үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байдаг. Энэ барилгыг 9 сарын хугацаанд барьсан газар эзэмших эрх олгож хүчингүй болгох хугацаанд барилга барьсан гэж үзэх боломжгүй. Иймд энэ хугацаанд учирсан хохирол гэж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мэдэгдэл хүргүүлэх үед барилга дөнгөж баригдаж эхэлж байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг болон өмнөх шүүхийн шатанд гаргасан талуудын тайлбар байдаг. Иймд 309.258.600 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2000 оны оны 07, 08 дугаар саруудад барилгын ажлыг дөнгөж эхэлж байхад нь удаа дараа очиж зөрчлүүдийг мэдэгдсэн барилгын ажил зогсоохыг шаардаж байсан. Гэтэл энэ шаардлагыг нэхэмжлэгч хүлээж авахгүй барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын 311 дүгээр захирамж нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Засгийн газрын 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг 2 хувааж тогтоосон. Засгийн газрын 235 дугаар тогтоолоор жагсаалтыг шинэчлэн баталж хамгаалалт тогтоож дурсгалт газарт багтаасан. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах боловч тусгай хамгаалалтад авсан шийдвэр байхгүй. Иймд нөхөх олговор эсхүл хохирол аль нь ч байсан хангагдах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь МУЗГ, НЗДд тус тус холбогдуулан “...Монгол Улсын Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу иргэн Д.Бгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны баруун урд байрлах 900 м.кв газрыг улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар авсан боловч Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 309.258.600 төгрөгийг хариуцагч НЗД, Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6206, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8008 дугаар захирамжаар тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 692 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч нь түүнд газар эзэмшүүлэхээр эрх олгосон буюу зөвшөөрсөн захиргааны актын улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй байна.
“Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч НЗДас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлагын тухайд:
Анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын байршил тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай” А-12 дугаар захирамжаар Д.Б нарын 4 иргэн нарын амины орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэрлэх ёслолын ордны баруун урд талд байрлуулахыг зөвшөөрөн 0.36 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгожээ.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 311 дүгээр захирамжаар Д.Б нарын 4 иргэнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гэрлэх ёслолын ордны баруун урд талд байрлах газар ашиглах эрхийг улсын хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх хугацаанд нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь Нийслэлийн хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй, Д.Бд холбогдох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1162 дугаартай шийдвэр бүхий иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл болон тус тэмдэглэлд тусгагдсан хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын нэхэмжлэлтэй Д.Бд холбогдох иргэний хэргийг Нийслэлийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар магадлалаар “...газар ашиглах, эзэмших талаар иргэн Засаг даргын хооронд үүссэн асуудлыг Засаг даргын дээд шатны албан тушаалтан шийдвэрлэх...”-ээр хуульд заасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл газар чөлөөлөх асуудлыг дээд шатны албан тушаалтанд уг асуудлаар хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан байтал нэхэмжлэгч төрийн захиргааны байгууллага болох Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газар нь уг асуудлаар дээд шатны байгууллагад хандан гомдол гаргаж, иргэний хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй эс үйлдэхүй гаргасны улмаас энэ асуудал шийдвэрлэгдээгүй орхигдсон байна.
Мөн Чойжин ламын сүм музейн зүгээс маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан Ш.Баярсайханд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2830 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 000821 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Бгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тухайн өдрийн байдлаарх амины орон сууцны үнэ цэнийг элэгдэл хорогдлыг нь тооцон хасч 309.258.600 төгрөг гэж албан ёсоор үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээнд багасгасан” гэж тодорхойлжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын байршил тогтоох, газар ашиглах, эзэмших эрх олгох тухай” А-12 дугаар захирамжаар Д.Б нарын 4 иргэдийн амины орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэрлэх ёслолын ордны баруун урд талд байрлуулахыг зөвшөөрөн 0.36 га газрыг 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгосноор захиргааны хууль бус акт гарч, нэхэмжлэгчид хохирол учирсан байна.
Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын зүгээс дээрх хууль бус актаа 8 сарын дараа өөрөө хүчингүй болгосон хэдий ч энэ хооронд нэхэмжлэгч барилга барьсан байхад энэ асуудлыг шийдвэрлэх, ялангуяа Нийслэлийн шүүхийн 2001 оны 112 дугаар магадлалыг биелүүлэх үүрэгтэй байсан байна.
Дээрх хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар ирүүлжээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/379 дүгээр захирамжаар маргаан бүхий газарт барьсан барилгыг албадан нураасан байх бөгөөд энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хохирлыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д хэргийн оролцогчид захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргавал иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр заасны дагуу Д.Бгийн НЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
“Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 309.258.600 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлагын тухайд:
Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 16.6-д “Эртний хот, суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь О,1-З км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 16.7-д “Түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн дурсгал хадгалагдаж байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлийг хамгаалалтын бүсэд хамааруулж болно” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалд Чойжин ламын сүмийг хамааруулж батлан, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2.0 га байхаар тогтоожээ.
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” , 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” /2002 он/ гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын дагуу Засгийн газар нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах гэж буй тохиолдолд тэдгээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нөхөх олговор авах, эргүүлэн авах эсэх асуудлыг харилцан тохиролцох байдлаар шийдвэрлэх учиртай байна.
Хариун хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Бд газар ашиглах эрх олгохоос өмнө Чойжин ламын сүмийг улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж, мөн түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа Монгол Улсын Засгийн газраас маргаан бүхий газрын ойролцоо байрлах Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд ч Монгол Улсын Засгийн газраас маргаан бүхий газрын ойролцоо байрлах Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг тогтоох үед нэхэмжлэгч Д.Бгийн газар ашиглах эрх хүчингүй болсон байсан, иймд нэхэмжлэгчид нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж шүүх үзэв.
Иймд дээр дурсан үндэслэлээр МУЗГт холбогдуулан гаргасан “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн /1994 он/ 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасныг тус тус баримтлан Д.Бгээс МУЗГт холбогдуулан гаргасан “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан НЗДд холбогдуулан гаргасан “Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасан нөхөх олговрыг олгоогүйгээс үүдэн учирсан хохирол болох амины орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч НЗДас хувь тэнцүүлэн гаргуулах” шаардлага бүхий Д.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА