Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0612

 

 

 

 

 

 

 

 

А.Э, Ц.Э, Д.Б, Д.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ц.Б

Нэхэмжлэгч: А.Э, Ц.Э, Д.Б, Д.Бор,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,

Хариуцагч: Барилгын хөгжлийн төв,

Гуравдагч этгээд: Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөлвлөлтийн даалгавар,иргэн Ц.Б-т амины орон сууц барих МЗХ2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Б-н амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 603 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2018/0071/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Э, Ц.Э, Д.Б, Д.Б нараас хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөлвлөлтийн даалгавар,иргэн Ц.Б-т амины орон сууц барих МЗХ2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Б-намины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 603 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Ц.Б-т амины орон сууц барих МЗХ 2017\18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Б-намины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А\244 дүгээр захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ц.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Анхан шатны шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, бодитой дүгнэлт хийгээгүй, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, шинжээчийн дүгнэлтийг буруу тайлбарласан, мөн өөрт хуулиар олгогдсон, эрх хэмжээнээсээ давсан хэрэгт хамааралгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй нөхцөл байдал, үйл баримтад дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй гэж үзэж байна. 

 

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “... шинжээчийн дүгнэлтээс үзвэл барилга хоорондын зайг 7.5м байна гэж тодорхойлсон ба гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс иргэн Ц.Б-н төлөвлөсөн барилга баруун талаараа 1 давхар бөгөөд зүүн залгаа 3 давхар барилга хүртэл зай нь барилгын норм, дүрмийг хангаж байгаа гэж тайлбарлаж байна”.

 

3.3. Үндэслэх хэсгийн 10-д “... Барилга нь тэнхлэгээрээ 19.5:11.5м хэмжээтэй +0.00 түвшнээс доош 1 давхар зоорьтой, 3 давхар байхаар төлөвлөсөн байна гэснээс үзвэл тухайн барилга нь 3 давхар бүхий цогц барилга байхаар төлөвлөгдсөн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэжээ.

 

3.4. А даалгаврын дагуу төлөвлөгдөх барилга нь нэхэмжлэгч нарын оршин суудаг 8/4 дүгээр байрнаас 7.5м зайд байрлах хэсэг буюу 3-4-5-6 талууд давхраар, 20.5м зайд байрлах хэсэг буюу 1-2-3-6-7 талууд 3 давхраар барилгажихаар төлөвлөгдсөн байна. Энэ нь Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан. Монгол улсын барилгын норм ба дүрэм /БНбД 31-01-10/-д заасантай нийцэж байна.

 

3.5. Иргэн Ц.Б-т олгосон маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 3 давхар баригдах хэсэг нь нэхэмжлэгч нарын оршин суудаг барилгаас 20.5 метр зайтай байгаа нь Барилгын норм ба дүрэм /БНбД 31-01-10/-ийг зөрчөөгүй байна. Харин 1 давхраар баригдах хэсэг нь 7.5 метр зайд төлөвлөгдсөн бөгөөд энэ хууль болон норм ба дүрмээр хориглосон, хязгаарласан зүйл байхгүй болно.

 

3.6. Гэтэл анхан шатны шүүх дээрх барилгыг нэг цогц барилга гэсэн томъёоллын дор 1 давхраар баригдах хэсгийг ч мөн адил 3 давхар барилгын хэмжээнд авч үзэн 2-4 давхар барилгын зай хэмжээний норм ба дүрмийг хангахгүй байна гэж хэт явцуу модон дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь бодит байдал болон үнэнд нийцэхгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй шийдвэр боллоо гэж үзэж байна.

 

3.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т шүүх хуулиар хориглосоор байтал дээрх асуудалд дүгнэлт хийж ноцтой алдаа гаргасан. Төлөвлөсөн барилгын хойд талд байрлах 61/2 буюу одоогийн 8/2 дугаар байрны оршин суугчид үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс гомдол, нэхэмжлэл гаргасан нэг ч хүн байхгүй ба харин ч барилга баригдсанаар хүүхдийн тоглоомын талбай, орчны тохижилт, зам талбай засварлах зэрэг ажил хийгдэхийг дэмжсэнээ илэрхийлж бүх оршин суугчид гарын үсгээ зурсан байдаг.

 

3.8. Мөн “... инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй...” гэж дүгнэж байгаа нь уг нөхцөл байдал, үйл баримт нь хэрэгт ямар хамааралтай, маргааны юуг тогтоогоод байгаа нь тодорхой биш хэрэгт огт хамааралгүй нөхцөл байдал, үйл баримтыг дүгнэж хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгах гэсэн оролдлого мэт харагдаж байна. 

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0603 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А.Э, Д.Б, Ц.Э, Д.Б нараас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөлвлөлтийн даалгавар, иргэн Ц.Б-т амины орон сууц барих МЗХ2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Ц.Б-намины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргажээ.

 

3. Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн хавсралтын 123-т иргэн Д.С д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 550 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, улмаар 2007 онд амины орон сууцны эскиз зургийг “Эгэл” ХХК-иар хийлгэсэн байх бөгөөд Д.С гээс тус газар эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр захирамжаар Ц.Б-т 433 м.кв газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан байна.

 

4. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Архитектур төлөвлөлтийн 2017/18-14 дугаартай даалгавар нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдахдаа “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/244 дүгээр шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Удирдлагын академийн урд талд, орон сууцны 8/4 дүгээр байрны зүүн талд байршуулан амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон 18643308308457 нэгж талбарын дугаартай 0.043 га газарт, дээр дурдсан 2007 онд батлагдсан иргэн Д.С-ийн  амины орон сууцны барилгын загвар зураг төслийг үндэслэн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д заасан “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх шаардлагын дагуу батлагджээ.

 

5. Мөн Төлөвлөлтийн талбайн схем зургаас үзвэл тухайн амины орон сууц нь Ц.Б-н эзэмшил газрын урд болон зүүн хэсэгт баригдахаар төлөвлөгдсөн байх ба харин уг Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа үндэслэсэн гэх Д.С гийн 2007 онд батлагдсан барилгын загвар зураг төсөлд дээрх маргаан бүхий газрын хойд хэсэгт төлөвлөгдсөн зөрүүтэй байдал тогтоогдож байна.

 

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх холбогдох нотлох баримтыг үнэлж, дүгнэн хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх учиртай.

 

7. Гэтэл анхан шатны шүүх “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/18-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнийг үндэслэн гарсан амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14/13/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 ...шийдвэр нь үндэслэл бүхий байх хууль зүйн, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй байх тул” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

8. Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдийн барихаар төлөвлөж буй барилгаас 7,5 метрийн зайтай байрлах 8/4 дүгээр байранд оршин суудаг болох нь тогтоогдож байх бөгөөд барилга хоорондын зай мөрдөгдөөгүй барилгын норм, дүрмийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2007 онд төлөвлөсөн иргэн Д.С-ийн  амины орон сууцны барилгын загвар зураг, мөн 2018 онд батлагдсан иргэн Ц.Б-н “UB Town House” барилгын эскиз зураг, Магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтуудын чухам аль захиргааны акт нь орчны барилгуудтай уялдсан байдал, барилга хоорондын зай, тэг тэнхлэг, эзлэхүүн төлөвлөлт, галын аюулгүй байдал зэргийг тодорхойлдог, зохицуулдаг болохыг дүгнэх, хууль бус болохыг нотлох нь зүйтэй.

 

9. Тодруулбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн буюу 1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар талд авагдсан байх 2007 онд батлагдсан Д.С-ийн  амины орон сууцны эскиз зурагт тухайн амины орон сууцыг маргаан бүхий газрын хойд хэсгээр төлөвлөсөн,

- гэтэл тус загвар зураг төслийг үндэслэн баталсан Архитектур төлөвлөлтийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн МЗХ2017/18-14 дүгээр даалгавар болон түүний хавсралтаар баталсан схем зурагт амины орон сууцыг тус газрын урд хэсгээр төлөвлөсөн,

- харин Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1413/2018 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт нь “...Ц.Б-н Шифр: BMCM-02/2018 дугаар бүхий “Ub town” амины орон сууцны барилгын ажлын зураг төсөл”-д дүгнэлт хийсэн гэх боловч уг ажлын зураг төсөл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй,

- мөн гуравдагч этгээдээс “...анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь барилгын загвар зургийг бус ажлын зураг дээр үндэслэсэн” гэж тайлбарлаж байгаа төдийгүй дээрх байдлаар маргааны үйл баримтаар тодорхойлогдсон актууд нь зөрүүтэй байгаа энэ тохиолдолд энэхүү актууд нь холбогдох хууль, норм, дүрмийг зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар талуудаас нэмэлт тайлбар авч, хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг цуглуулан, дээрх акт тус бүр дээр холбогдох дүгнэлтийг хийх шаардлагатай байна.

 

10. Мөн Архитектур төлөвлөлтийн 2017/18-14 дугаартай даалгавар нь 432.7 м.кв газрын 200.4 м.кв газарт барилга барихыг зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн шийдвэр бөгөөд гуравдагч этгээдээс тухайн 200.4 м.кв газартаа барилгын батлагдсан эскиз зургийн дагуу бус багасгасан хэмжээгээр дахин зураг төсөл хийлгэж, барилга бариулах боломжтой гэх тайлбарын хүрээнд энэ талаар хариуцагч захиргааны байгууллагаас тайлбар авах, гуравдагч этгээд шинэчилсэн барилгын эскиз зураг батлуулсан эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байна.

 

11. Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд болох иргэн С.С нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2007 онд тус газартаа зориулалтын дагуу амины орон сууц барихаар барилгын эскиз зургийг хийлгэсэн гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц хэзээ ашиглалтад орсон, улмаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэзээнээс зөрчигдсөн эсэх талаар холбогдох баримтыг бүрдүүлэх, түүнчлэн 2017 онд батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын төслийн барилгын ажлын хугацаа дууссан эсэх, хэрэв хугацаа заагаагүй тохиолдолд хэдий хугацаанд хүчинтэй гэж үзэх, мөн 2007 оны Д.С-ийн  амины орон сууцны барилгын загвар зургийн төслийг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан нь хууль ёсны эсэх, эскиз зураг нь солигдож болдог эсэх, энэ талаар хэргийн оролцогчдоос тайлбар авах зэргээр хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

 

12. Иймд дээрх тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулж, шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд тус бүрчлэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

13. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1423 дугаар тогтоолоор шүүгч Л.Ө нь эрүүл мэндийн шалтгааны улмаас захиргааны чөлөө авсан байх тул хэргийг шүүгч Б.М-д шилжүүлсэн атлаа буцаан шүүгч Л.Өлзийжаргалд шилжүүлсэн зөвлөгөөний тогтоолгүй, мөн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1425 дугаар тогтоолоор шүүгч Л.Ө нь ээлжийн амралтаа авсан гэх үндэслэлээр шүүгч У.Б-д хэргийг шилжүүлсэн боловч мөн шүүгч У.Б-ээс шүүгч Л.Ө-д хэргийг буцаан шилжүүлсэн зөвлөгөөний тогтоолгүй байхад шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1530 дугаар тогтоолоор шүүгч Л.Ө-д 3 сарын чөлөө олгосон тул хэргийг шүүгч Н.Д-д шилжүүлсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байгаа төдийгүй 1 дүгээр хавтаст хэргийн 11-13, 15, 177-179 дүгээр талд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд авагдсан байгааг мөн анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА