Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 53

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Хохирогч: Ч.Цэрэндорж, М.Пүрэвчулуун,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Д.Түвшинхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бухынхан овогт Даваанямын Түвшинхүүд холбогдох эрүүгийн 201615000108 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бухынхан овогт Даваанямын Түвшинхүү /РД:ЙО98022618/

 

Шүүгдэгч Д.Түвшинхүү нь 2015 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тансаг” төвийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч иргэн М.Пүрэвчулууны гар утасны лангуунаас 208 маркийн гар утас 1 ш, ЭсПи маркийн гар утас 1 ш, А-7 маркийн гар утас 1 ш, Нокиа 2600 маркийн гар утас 1 ш, Нокиа 2610 маркийн гар утас 5 ш, Нокиа 3500 маркийн гар утас 1 ш, Нокиа 6300 маркийн гар утас 1 ш, Нокиа 5220 маркийн гар утас 2 ш, MP тоглуулагч 7 ш, батарей 20 ш, чихэвч 7 ширхэг, цэнэглэгч 3 ш, үнэртэй ус 1 ш, тос 1 ш, таван салаатай цэнэглэгч 9 ш, батарей цэнэглэгч 6 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан нийт 884000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 багийн нутаг дэвсгэрт байрлах “Тансаг” төвийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн иргэн Ч.Цэрэндоржийн гэрэл зургийн лангуунаас “Сони” маркийн зургийн аппарат, принтерийн бул 2 ш, мемори карт 12 ш зэрэг эд зүйл хулгайлж 834000 төгрөгийн, иргэн М.Пүрэвчулууны гар утасны лангуунаас гар утасны батарей 55 ш, цэнэглэгч 17 ш, мемори карт 10 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 588500 төгрөгийн, иргэн Б.Бат-Эрдэнийн зоогийн газраас Улаанбаатар архи 2 ш, шоколад 20 ш, шил зэрэг эд зүйл хулгайлж 179700 төгрөгийн, иргэн Г.Дэлгэрмаагийн “Баянбулаг” зоогийн газраас Экс архи 2 шил, Чингис архи 1 шил, Соёрхол архи 2 шил, мемори карт 3 ш, халбага зэрэг эд зүйл хулгайлан 147100 төгрөгийн буюу нийт 1749300 төгрөгийн эд зүйл давтан үйлдлээр хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Түвшинхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2015 оны 09 дүгээр сарын 30-наас 2015 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын “Тансаг” төвийн цонхийг хагалж ороод гар утас, цэнэглэгч, чихэвч зэрэг эд зүйл хулгайлсан. Дараа нь дахин “Тансаг” төв рүү орж архи, пиво хулгайлсан. Хохирлын үнэлгээгээр гарсан бүх эд зүйлүүдийг хулгайлсан. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлж барагдуулна. Би хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гутал 1 хосыг авахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч М.Пүрэвчулуун шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би 2015 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Тансаг” төвийн лангуунаас эд зүйлээ хулгайд алдсан. Дараа нь 2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө дахин давтан үйлдлээр эд зүйлээ хулгайд алдсан. Эхлээд гар утаснууд, чихэвч, цэнэглэгч, эрэгтэй хүний үнэртэй ус, цэнхэр хайрцагтай хүчилтөрөгчтэй тос зэрэг бусад эд зүйл хулгайд алдсан. Дараа нь хар цүнхэнд байсан батарейнуудыг хулгайлсан байсан. Хохирлоо үнэлгээний компаниар гаргуулсан. Өөрийнхөө худалдан борлуулдаг үнээр нэхэмжлээгүй. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ч.Цэрэндорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Зургийн аппарат 1 ширхэг, принтерийн хор 3 ширхэг, мемори карт 10 гаруй ширхэг тийм л эд зүйл хулгайд алдагдсан. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ч.Цэрэндорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тансаг” төвд байрлах ажил дээрээ 09 цагийн үед ирэхэд манай хаалга үүд зүгээр байсан. Тэгээд дотогш ороход хажуу талийн гар утас, хувцасны лангууны хаалтыг унагаасан, манай гэрэл зургийн лангууны хаалганы цоожийг эвдэж дотогш орсон бололтой манай лангууны эд зүйлийг онгичсон, гэрэл зургийн аппаратаа хайхад байхгүй байсан. “Сони” нэртэй хар өнгийн хагас мэргэжлийн зургийн аппарат 1 ширхэг, 32гб мемори уншигч, лангуун дотор боодолтой байсан 8 гб мемори карт 10 ширхэг, лангуун дээр өрөөстэй байсан Самсунг 3200 маркийн принтерийн бул 2 ширхэг, 3400 маркийн принтерийн 1 ширхэг алдагдсан байсан. Өөр эд зүйл зүгээр байсан. /хх-ийн 45 хуудас/

 

Хохирогч М.Пүрэвчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2015 оны 10 дугаар сарын 01-ний өглөө “Тансаг” төвд байрлах ажил дээрээ ирэхэд миний гар утасны лангууны зүүн талын хойд цонхыг хагалж орж доторх эд зүйлийг нь онгичсон, лангуун дотор байсан гар утаснууд, сэлбэг хэрэгслийг хулгайлсан байсан. Үүнд: Жи мобайл 208 маркийн гар утас 1 ширхэг, Жи мобайл 200 маркийн гар утас 1 ширхэг, Жи мобайл А-7 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 2600 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 2610 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 3500 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 6300 С1 ширхэг, Нокиа107 1 ширхэг, Нокиа 5220 2 ширхэг, MP тоглуулагч 7 ширхэг, Нокиа батарэй 5С 20 ширхэг, Нокиа батарей 4С 15 ширхэг, Чихэвч 7 ширхэг, Эрэгтэй үнэртэй ус 1 ширхэг, Ориг зай цэнэглэгч 1 ширхэг, Нүүрний тос 1 ширхэг, Гар утасны цэнэглэгч 5 ширхэг, Батарей цэнэглэгч 6 ширхэг, Батарей цэнэглэгч 4 ширхэг, Сүүлд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өглөө ажил дээрээ ирэхэд лангууны хойд талын баруун талынх нь цонхыг онгойлгоод дотогш нэвтэрч орсон байсан. Тэр цонхоор Бямбадолгор гэх хүний хувцасны лангуугаар нэвтэрч манай гар утасны лангуунаас жижиг цүнхтэй батарейнуудыг авсан байсан. Үүнд: Жи мобайл У-200 3 ширхэг, Жи мобайл У-700 3 ширхэг, Жи мобайл У-100 3 ширхэг, Нокиа батарей 15 ширхэг, Санмсунг батарей 5 ширхэг, Сансунг батарей 6 ширхэг, ЭлЖи батарей 12 ширхэг, Скай 6800 батарей 3 ширхэг, Скай 6620 батарей 3 ширхэг, Скай 6700 батарей 3 ширхэг, Цэнэглэгч 11 ширхэг, Чихэвч 17 ширхэг, МР-3 8 ширхэг, Мемори уншигч /олон төрлөөр уншдаг/ 1 ширхэг, 2гб мемори карт 1 багц, Андройд цэнэглэгч 6 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. /хх-ийн 48-49 хуудас/

 

Хохирогч Г.Дэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед Уянга сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” нэртэй зоогийн газар ажил дээрээ ирэхэд манай зоогийн газрын хашаан доторх урд талын цонхны порчек онгорхой, хойд талын заалны баруун талын захын том цонх хагарчихсан, лангуун доторх эд зүйлийг онгичсон, гал тогооны шкафны доторх эд зүйлийг гаргаад хаячихсан байсан. Экс архи 2 шил, Чингис архи 1 шил, Соёрхол архи 2 шил, мемори карт 3 ш, халбага зэрэг эд зүйл алдагдсан байсан. /хх-ийн 39 хуудас/

 

Хохирогч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… “Тансаг” төвд хулгай орсон байна гэж түрээслэгч нар утсаар залгасан. Тэгээд ирэхэд хойд талын хувцас зардаг лангууны порчекийг онгойлгочихсон цонхыг нь хагалчихсан байсан. Доторх эд зүйлсийг нь онгичсон, лангууны модон хаалтыг хугалаад унагачихсан, цаад талын лангууны цоожийг эвдсэн, мөн манай зоогийн газрын хойд талын цонхыг хагалчихсан дотроос нь текэн дээр байсан 0.75 литрийн Улаанбаатар архи 2 ширхэг, набор 3 ширхэг, Алпен голд шоколад 20 ширхэгийг тус тус авсан байсан. /хх-ийн 42 хуудас/

 

Хохирогч Б.Чулуунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дүү Азжаргал манай “Найман нуур” нэртэй дэлгүүр, байшинд хулгай орсон байна цагдаад мэдэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд намайг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ очиход дэлгүүрийн цонх хагарчихсан, дотор нь байсан 2 молоко алга болчихсон, хуучин зурагт хагалчихсан, байшингийн цонх мөн хагалчихсан байсныг манай ах шиллүүлчихсэн байсан. Байшин дотор шалан дээр будаа гурил асгасан, 2 дарс байсныг нь уучихсан, дотор үүдэнд байсан ногоон майхныг том өрөөнд барьчихсан, дотор нь 5 дэр хураачихсан, бурханы хажууд байдаг хар хайрцагтай баяан хөгжмийг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг онгичсон, гал тогооны өрөөнд байсан газан плитка дээр байсныг газар буулгаад асаах гэж оролдсон байдалтай, гал тогооны өрөөний эд зүйлийг бүгдийг нь онгичсон байсан. Мөн хүүхдийн өрөөний номын тавиур дээрх ном дэвтэр зэргийг онгичиж сандаачсан, үүдний өрөөний доторх эд зүйлийг онгичсон, авдар савыг нь онгойлгосон, гал тогооны өрөөний зуухны хажууд байсан 20 литрийн ширмэн тогоог хайгаад олохгүй байж байгаад шөнө ороо засах гээд хүүхдийн өрөөнд хураалттай байсан гудаснуудаа авахад завсраас нь 2 хөөтэй гудас гарч ирсэн. Тогооны хэлбэр үүссэн байсан. Тогооны ганц хэлтэрхий гарч ирсэн, хагархайнууд нь олдохгүй байгаа. Мөн хивс тамхины цогоор их түлсэн байсан. Манай гэрийг их онгичсон байдалтай байсан. Манайхаас тогоо л алга байна. Өөр юм зүгээр шалгаж үзэхэд мэдэх зүйл хэвэндээ байсан. Цонхыг 40000 төгрөгөөр янзалсан. Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, ажил ихтэй болохоор учирсан эд зүйлийн хохиролдоо эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 34 хуудас/

 

Хохирогч Д.Оюунжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 03 сарын 29-ний өдөр яг хэдэн цагийн үед байсныг нь санахгүй байна. Гэртээ ирэхэд хаалганы даруулга хажуу тийш нь дарчихсан байсан. Тэгээд гэртээ ороход Түвшинхүү ганцаараа манайд нэг хавчаар барьчихсан зогсож байгаад намайг хараад хаячихаад зугтчихсан. Манайхаас алдагдсан эд зүйл байхгүй болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 36 хуудас/

 

Гэрч М.Бямбадолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 03 дугаар сарын 22-ны өглөө ажил дээрээ ирэхэд “Тансаг” төвийн миний лангууны харалдаа цонх онгойчихсон байсан. Ороход лангууны наана хаадаг хулсан хаалт нурчихсан, гар утасны лангууны хаалтыг буулгачихсан, гэрэл зургийн хаалга онгорхой байсан. Миний лангууны доторх эд зүйлийг болон гар утас, гэрэл зургийн лангууг онгичсон байсан. /хх-ийн 50-51 хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ “Ашид билгүүн” ХХК-ний 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №ӨВР/030, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №05/05, №05/06, №05/07 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Түвшинхүүгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 1, 3-6, 21-32, 58-60, 69-70, 73-74, 77-79, 92-95, 97-98, 133 хуудас/

 

Шүүгдэгч Д.Түвшинхүүгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06/142, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06/146 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 99-100, 103 хуудас/

 

Шүүгдэгч Д.Түвшинхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Түвшинхүү нь 2015 оны 09 дүгээр сарын 30-наас 2015 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Тансаг” төвийн цонхийг хагалан нэвтэрч хохирогч М.Пүрэвчулууны гар утасны лангуунаас 208 маркийн гар утас 1 ширхэг, SP маркийн гар утас 1 ширхэг, А-7 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 2600 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 2610 маркийн гар утас 5 ширхэг, Нокиа 3500 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 6300 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 107 маркийн гар утас 1 ширхэг, Нокиа 5220 маркийн гар утас 2 ширхэг, МР-3 тоглуулагч 7 ширхэг, батарей 35 ширхэг, чихэвч 7 ширхэг, цэнэглэгч 3 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, нүүрний тос 1 ширхэг, таван салаатай цэнэглэгч 9 ширхэг, батерей цэнэглэгч 6 ширхэгийг,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 21-нээс 2016 оны 03 дугаар сарын 22-нд шилжих шөнө давтан үйлдээр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Тансаг” төвийн цонхийг хагалан нэвтэрч хохирогч М.Пүрэвчулууны гар утасны лангуунаас гар утасны батарей 55 ширхэг, цэнэглэгч 17 ширхэг, мемори карт 10 ширхэг, чихэвч 17 ширхэг, МР-3 8 ширхэг, мемори карт уншигч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 1.472.500 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Цэрэндоржийн гэрэл зургийн лангуунаас Сони маркийн зургийн аппарат 1 ширхэг, принтерийн бул 3 ширхэг, мемори карт 11 ширхэг, мемори карт уншигч 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 834.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бат-Эрдэнийн зоогийн газраас Улаанбаатар архи 2 ширхэг, шоколад 20 ширхэг, шоколадны цуглуулга 3 ширхэг, шил 1 ширхэг, цоож 1 ширхэг, модон хаалт зэргийг хулгайлж нийт 179.700 төгрөгийн хохирол, хохирогч Г.Дэлгэрмаагийн “Баянбулаг” зоогийн газраас Экс архи 2 ширхэг, Чингис архи 1 ширхэг, Соёрхол архи 2 ширхэг, мемори карт 3 ширхэг, вакум цонхны шил 1 ширхэг, хөөрөгний халбага 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 147.100 төгрөгийн хохирол буюу бүгд 2.633.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түвшинхүүгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Пүрэвчулууны 2015 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих болон дараа нь 2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө “Тансаг” төвийн лангуунаас тус тус эд зүйлээ хулгайд алдсан. Хохирогч Ч.Цэрэндоржийн зургийн аппарат 1 ширхэг, принтерийн хор 3 ширхэг, мемори карт 10 гаруй ширхэг эд зүйл хулгайд алдагдсан гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Цэрэндоржийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тансаг” төвд байрлах ажил дээрээ 09 цагийн үед ирэхэд “Сони” нэртэй хар өнгийн хагас мэргэжлийн зургийн аппарат 1 ширхэг, 32гб мемори уншигч, лангуун дотор боодолтой байсан 8 гб мемори карт 10 ширхэг, лангуун дээр өрөөстэй байсан Самсунг 3200 маркийн принтерийн бул 2 ширхэг, 3400 маркийн принтерийн 1 ширхэг алдагдсан байсан. Хохирогч М.Пүрэвчулууны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өглөө “Тансаг” төвд байрлах ажил дээрээ ирэхэд миний гар утасны лангуунаас гар утаснууд, сэлбэг хэрэгслийг, сүүлд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өглөө мөн ажил дээрээ ирэхэд манай гар утасны лангуунаас жижиг цүнхтэй батарейнууд болон цэнэглэгч, чихэвч, МР-3, мемори уншигч, 2гб мемори карт зэрэг эд зүйл тус тус алдагдсан байсан. Хохирогч Г.Дэлгэрмаагийн “Баянбулаг” нэртэй зоогийн газар ажил дээрээ ирэхэд лангуун доторх эд зүйлийг онгичсон, гал тогооны шкафны доторх эд зүйлийг гаргаад хаячихсан байсан. Хохирогч Г.Бат-Эрдэнийн “Тансаг” төвд хулгай орсон байна гэж түрээслэгч нар утсаар залгасан. Манай зоогийн газрын хойд талын цонхыг хагалчихсан дотроос нь текэн дээр байсан 0.75 литрийн Улаанбаатар архи 2 ширхэг, набор 3 ширхэг, Алпен голд шоколад 20 ширхэгийг тус тус авсан байсан. Гэрч М.Бямбадолгорын “Тансаг” төвийн миний лангууны харалдаа цонх онгойчихсон байсан. Миний лангууны доторх эд зүйлийг болон гар утас, гэрэл зургийн лангууг онгичсон байсан гэх мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ “Ашид билгүүн” ХХК-ний 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №ӨВР/030, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №05/05, №05/06, №05/07 дугаартай үнэлгээний тайлан, Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Д.Түвшинхүүгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Бухынхан овогт Даваанямын Түвшинхүүд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Түвшинхүү нь хувьд ногдох эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06/146 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй.     

            Шүүгдэгч Д.Түвшинхүү нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд ял оногдуулсан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Түвшинхүүгээс 1.472.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Пүрэвчулуунд, 834.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Цэрэндоржид, 179.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд, 147.100 төгрөгийг гаргуулж Г.Дэлгэрмаа нарт тус тус олгож,   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гортиг 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгч Д.Түвшинхүү нь буцаан авахгүй гэсэн тул эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэгийг битүүмжилж ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Шүүгдэгч Д.Түвшинхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Түвшинхүүгийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн “Найман нуур” хүнсний дэлгүүрт болон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Жаргалант хороолол 6-18 тоотод оршин суух хохирогч Д.Оюунжаргалын гэрт тус тус хууль бусаар нэвтрэн орсон үйлдэл холбогдлуудыг Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосныг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бухынхан овогт Даваанямын Түвшинхүүг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Түвшинхүүд эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Түвшинхүүд оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гортиг 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Шүүгдэгч Д.Түвшинхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэгийг зохих журмын дагуу хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Түвшинхүүгээс 1.472.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Пүрэвчулуунд, 834.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Цэрэндоржид, 179.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Эрдэнэд, 147.100 төгрөгийг гаргуулж Г.Дэлгэрмаа нарт тус тус олгосугай.

          8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Түвшинхүүд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

         9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Түвшинхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ