Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01989/и

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01989

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байр, 50 тоотод оршин суух Донёд овогт Дондовын Цэеэ-Ойдов /РД:ЖЭ56021611/-ын хүсэлттэй, 

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэеэ-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэеэ-Ойдов шүүхэд гаргасан хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Герман улсад Үйлдвэрчний хөдөлгөөний дээд сургууль төгсч 1986-1990 онд Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад Монголын худалдаа үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороонд 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс реферэнтээр ажиллаж эхэлсэн. 1991 оны 04 дүгээр сараас ахлах реферэнт, 1992 оны 06 дугаар сараас тус холбоонд даргаар сонгогдсон. Улмаар тус холбоонд цаашид тогтвор суурьшилтай ажилласан  бөгөөд тус холбоо 2001 оноос Монголын нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон өөрчлөгдөж байсан. Би тус холбоонд 2011 оны 06 дугаар сар хүртэл ажилласан юм. Үүнийг хавсралтанд байгаа тухайн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр одоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Г.Адъяагийн болон Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны ахмадын хорооны дарга Д.Батбаян болон бусад материалуудаар харагдана гэж найдаж байна. Тус байгууллагын архивт миний ажилд орсон тушаал, шийдвэр олдохгүй байгаа юм. Энэ талаар Үндэсний төв архив, Нийслэлийн архиваас шүүж үзсэн боловч баримт олдохгүй байгаа. Иймд намайг 1990 оны 09 дүгээр сарын 05-наас 2011 оны 06 дугаар сар хүртэл Монголын худалдаа үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо, Монголын худалдаа үйлчилгээний бие даасан Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын нэгдмэл Үйлдвэрчний эвдэдийн холбоонд ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү. Миний бие 1956 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт төрсөн. Цахим иргэний үнэмлэх солигдох явцад миний нэргийг Цэеэ-Ойдов гэж бүртгэсэн. Үүнээс өмнөх албан бичиг болон хувийн бичиг баримтад Цэен-Ойдов гэж бичиж байсан болно. Мөн заримдаа Циен-Ойдов, Цэе-Ойдов гэж ч тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед албан болон хувийн бичиг хэрэгт сонсголоор бичсэн байна. Иймд миний албан болон хувийн хэрэг Цэеэ-Ойдов гэж бичигдэх учиртай болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Цэеэ-Ойдов нь 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр бүхий байгууллагад ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэеэ-Ойдов нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байр, 50 тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна /хх-9, 10/.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан байдлаа нотлох дараах баримтыг шүүхэд гаргажээ. Үүнд:

 

  • Тээвэр холбооны ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны хурлын тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн протоколыг хөтөлсөн референт Д.Цэен Ойдов /хх-11/ гэж тэмдэглэгдсэн,

 

  • Худалдаа үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоолд ахлах референт Д.Цэен-Ойдов /хх-25/, мөн Тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар тогтоолд боловсон хүчин, гадаад харилцаа хариуцсан референт Д.Цэен-Ойдов /хх-22/ гэж тэмдэглэгдсэн, 

 

  • Монголын худалдаа, үйлчилгээний бие даасан Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны III бага хурлын 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолд холбооны дарга Д.Цэен-Ойдовын илтгэл /хх-17/, Тэргүүлэгчдийн хурлын 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолд батлах солих ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Д.Цэен-Ойдов /хх-24/, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолд тэргүүлэгч Д.Цэен-Ойдов /хх-19/, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолд тэргүүлэгч Д.Цэен-Ойдов /хх-18/, 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолд дарга Д.Цэен-Ойдов /хх-16/, мөн Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр тогтоолд нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн Д.Цэен-Ойдов /хх-21/,  1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолд нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн Д.Цэен-Ойдов /хх-20/ гэж тус тус тэмдэглэгдсэн байх ба дээрх баримтыг архиваас хуулбарлан гаргуулжээ.

 

  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд Д.Цэеэ-ойдовыг 1996-2005 онд шимтгэл төлсөн талаар тодорхойлсон байна /хх-14-15/.

 

  • Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд хүсэлтэд холбогдох хэсэг буюу 1990-1993 онд авсан сарын цалин, төлсөн татварын бичилт хийгджээ /хх-12/.

 

Түүнчлэн гэрч Д.Батбаян, Н.Куландай нар нэхэмжлэгчийг дээр дурдсан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад ажиллаж байсныг гэрчилж мэдүүлэг өгсөн ба зарим баримтад нягтлан бодогч Н.Куландайн нэр тэмдэглэгдсэн байна /хх-31, 34/

 

Архивын баримтуудад нэхэмжлэгчийн нэрийг Цэен-Ойдов гэж иргэний үнэмлэхэд бичигдсэнээс зөрүүтэй тэмдэглэгдсэн байх боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12/4825 дугаар тодорхойлолтод 1992 оны 09 дүгээр сарын 10, 2001 оны 08 дугаар сарын 01, 2005 оны 04 дүгээр сарын 01-ний энгийн гадаад паспорт нь Цэенойдов нэрээр олгогдсон баримт архивын эх нотлох баримтад хадгалагдаж байна, иргэний шинэчилсэн бүртгэлд Цэеэойдов нэрээр бүртгэгдсэн болохыг тодорхойлов гэжээ /хх-42/.

 

Иймд дээр дурдсан Цэен-Ойдов нэрээр бичигдсэн баримтыг нэхэмжлэгч Цэеэ-Ойдовын баримт гэж үзэх үндэстэй байна.

 

Үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03-2/803 дугаар тодорхойлолтод Худалдаа, үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгчдийн 1990 оны тогтоолыг шүүж үзэхэд Д.Цэен-Ойдовыг ажилд томилсон тушаал байхгүй, Нийслэлийн архивын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тодорхойлолтод Монголын худалдаа, үйлчилгээний Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны баримт шилжиж ирээгүй гэжээ /хх-4, 5/.

 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/210 дугаар тодорхойлолтод нэхэмжлэгчийг 1990 оны 09 дүгээр сараас 2011 оны 06 дугаар сар хүртэл тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсан гэжээ /хх-13/.

 

Мөн нэхэмжлэгч 2005 онд гаргасан “Хөдөлмөрчдийн эрх зөрчигдөх ёсгүй” номонд Монголын нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байгаа талаар дурдсан. Түүнчлэн 2011 онд “Тэмцэл, хөдөлгөөн /ажил хаялт, жагсаал, цуглааны тухай ном/” ном гаргаж байжээ.

    

Дээрх баримтуудыг шүүх хянан үзээд нэхэмжлэгч Д.Цэеэ-Ойдовыг 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээвэр холбооны ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо, Худалдаа үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо, Монголын худалдаа, үйлчилгээний бие даасан Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбоонд референт, ахлах референт, даргаар тус тус ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгийг баримтлан Донёд овогт Дондовын Цэеэ-Ойдов /РД:ЖЭ56021611/-ыг 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээвэр холбооны ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо, Худалдаа үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо, Монголын худалдаа, үйлчилгээний бие даасан Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын нэгдмэл Үйлдвэрчний эвлэлийн холбоонд референт, ахлах референт, даргаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэеэ-Ойдовоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА