Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/770

 

 

 

 

 

 

 

 

   2021          11           29                                          2021/ШЦТ/770      

 

                       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000001387 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эх, эхнэр, хүүгийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо  дугаар хороолол, Замчны гудамж,  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, урьд нь 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн  119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн  хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, /РД: /, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

*******-нь 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 95 тоотод оршин суух гэртээ хохирогч Г.Б-маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, эрүү, баруун хацар, баруун чамархайн, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хэвлийн хазагдсан шарх, хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч *******-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 400.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө.” гэв.   

 

        Хавтаст хэргээс

        Хохирогч Г.Б- мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цагийн үед ажлаа тараад Баянгол дүүргийн 01 дүгээр хороо 46 дугаар байрны гадаа явж байхад хоёр эмэгтэй, танихгүй залуу болон *******- нар намайг дуудаж ирээд нохойгоо хөтлүүлээд 25-р эмийн сан руу пиво авах гэж дагуулж явсан. Тэгээд пиво аваад буцаад *******-ын гэрт орж пиво ууж дуусчихаад надаас 50.000 төгрөг аваад *******- нь хамт байсан танихгүй залуутайгаа цуг архи авчирна гээд гараад явахад нь хамт байсан хоёр эмэгтэй нь араас нь удалгүй гараад явсан. Удалгүй нөгөө танихгүй залуутайгаа орж ирэхдээ архи авчирсан бөгөөд надаар архи тойруулж хамт явж байсан залуутай бид гурав архийг хувааж уусан. Тэгтэл *******- нь надад хандаж энэ залуу сүүлийн үед үгэнд орохгүй, далжгар бацаан гэх мэтээр намайг элдэв үгээр хэлээд *******- нь миний нэг гарыг нурууны ард өчиж нөгөө гараараа миний хоолойг боогоод газар унагаад хэвтүүлээд дээр гарч суучихаад өвдгөөрөө миний нуруу, гэдэс, элэг орчимд өвдөглөж цохиж дараад байсан. Энэ үед надад өвдөлт хүчтэй мэдрэгдээд тэсэхийн аргагүй болж орилж бахирах гэхээр элэг рүү гараараа болон өвдгөөрөө олон удаа цохисон чинь дугарч чадахгүй болж дуугүй байгаарай дугарвал ална шүү гээд намайг сүрдүүлж байсан. Дараа нь миний өмсөж байсан гутлыг тайлуулаад намайг босгоод номхон зогсоож гэдэс рүү болон нүүр рүү гараараа цохиж унагаах үед гэрийнх нь цонхны хөшиг нь доош унасан чинь *******- болон танихгүй залуу тэр хоёр хөшгөө янзлах зуур нь би хөл нүцгэн зугтаж *******-ын байрны урд талд байрлах цагдаагийн хэлтсийн цонхыг тогшиж цагдаа дуудсан бөгөөд араас *******- болон түүний үл таних залуу хоёр гарч ирээд надад хандан “чи надтай цуг байсан залууг зодсон учраас би чамайг зодсон шүү” гэж хэлсэн. Би *******-ын авсан пивоноос бага зэрэг ууссан бөгөөд болсон зүйлийн талаар мэдэж, санаж байна. Мөн өөрийн үйлдэл, үг хэл яриаг удирдах чадвартай байсан. *******-болон үл таних залуу нар нь халамцуу согтуу байсан. *******-той хамт байсан үл таних залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг *******- ах боож унагаагаад газар хэвтүүлээд гар өчсөн. Тухайн үл таних залуу нь миний биед халдсан зүйл байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад *******-ахтай хамт байсан үл таних залуутай маргалдаад тухайн залуу руу агсарсан юм. Тэгээд тухайн залууг ганц хоёр цохисон чинь *******-ах намайг салгаад найзыгаа өмөөрөөд намайг зодсон. *******- нь миний хоолойг боосон, хамар руу нэг удаа гараараа цохисон. Эрүү рүү нэг удаа гараараа цохисон, өвдгөөрөө дараад элэг, бөөр, цээж рүү олон удаа өвдөглөж, гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09/

 

Гэрч Х.Бмөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 21-ний 22 цагийн үед өөрийн хуучин эхнэр Мөнхтуяагийн хамт *******-ахтай уулзахаар гэрт нь очсон. Бид хоёр очихдоо “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи аваад очсон бөгөөд *******-ахын гэрт Баярмаа гэх эмэгтэй цуг байсан. Тэгээд бид дөрөв тухайн архиа хувааж ууж дуусгаад бид гурав гарч пиво худалдан авахаар явж байхад Богд-Ар хорооллын ойролцоо *******-ахын хуурай дүү гэх Г.Б-тааралдаад бид нар бүгд явж “Сэнгүр” нэртэй 2.4 литрийн пиво 1 ширхгийг худалдан аваад буцаад *******-ахын гэрт очсон. Бид тав ороод худалдан авсан пивоо хувааж ууж дуусгаад дахин пиво худалдан авахаар мөнгө цуглуулалдахад Г.Б- гэх залуу нь 20.000 төгрөг өгөөд Б.*******-, Мөнхтуяа бид гурав пиво авахаар гараад Мөнхтуяа нь гэр рүүгээ яваад *******-бид хоёр “Сэнгүр” нэртэй 2.4 литрийн 2 ширхэг пиво аваад орсон. Цагийг нь сайн анзаараагүй пиво уугаад сууж байхад Г.Б- нь гэнэт над руу дайраад “чамайг мэдэхгүй юм байна” гээд миний дээр гарч ирээд цохиод, дайраад байсан. Тэгсэн чинь *******-ах Г.Б-ыг салгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохичихсон. Тэгээд Г.Б- нь хэсэг суугаад бид гурав пиво уугаад сууж байхад Г.Б- нь над руу дахиад орилоод, дайраад байхаар нь *******-ах “чи одоо яах гээд байгаа юм, айлд ирчхээд яагаад байгаа юм, энэ ч гэсэн миний дүү” гэж хэлээд Г.Б-ыг дарж унагаагаад дээр нь гараад суусан. Гэтэл Г.Б- нь босож ирээд орилж хашхираад байсан чинь *******-ах дахиад Г.Б-ын нүүр рүү нэг удаа цохисон. Г.Б- нь орилж хашхирч байхдаа Б.*******-ын гэрийнх нь хөшгийг унагаасан бөгөөд *******-ах бид хоёр хөшгийг нь тогтоож байх хооронд Г.Б- нь гараад явсан. Г.Б- нь над руу дайрч орилоод толгой гар хэсэг рүү нэг удаа цохисон. Гэхдээ миний биед учирсан гэмтэл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэх шаардлага байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

 

Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “ 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн үед дүү Х.Бнь өөрийн эхнэр Мөнхтуяагийн хамт манай гэрт ирсэн бөгөөд гэрт ирэхдээ “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи авчирсан. Мөн миний таньдаг Баярмаа гэх эмэгтэй манай гэрт орж ирсэн. Тэгээд бид дөрөв тухайн архиа хувааж ууж дуусгаад бид гурав гарч пиво худалдан авахаар гараад явж байхад Богд-Ар хорооллын ойролцоо Г.Б-тааралдаад бид нар бүгд явж “Сэнгүр" нэртэй 2.4 литрийн пиво 1 ширхгийг худалдан аваад буцаад манай гэрт очсон. Тэгээд манай гэрт бид тав ороод худалдан авсан пивоо хувааж ууж дуусгаад дахин пиво худалдан авахаар мөнгө цуглуулахад Г.Б- нь 20.000 төгрөг өгсөн. Пиво авахаар Х.Баянмөнх, Мөнхтуяа бид гурав манай гэрээс гараад Мөнхтуяа нь шууд гэр рүүгээ яваад Х.Ббид хоёр “Сэнгүр” нэртэй 2.4 литрийн 2 ширхэг пиво авчирсан. Манай гэрт Баярмаа, Г.Б- хоёр үлдсэн байсан бөгөөд бид хоёр пиво авчраад гэр рүү ороод хэсэг хугацааны дараа Баярмаа нь яваад Г.Б- Х.Ббид гурав үлдсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө цагийг нь сайн анзаараагүй пиво уугаад сууж байхад Г.Б- нь Х.Бруу дайраад цохиод, байхаар нь би салгах гээд Г.Б-ын араас нь татаад дийлэхгүй болохоор нь болилдоо чи гээд хамар руу нь нэг удаа цохисон чинь Г.Б- нь Х.Брүү “ чи муу одоо миний ах биш” гээд орилж хашхираад дайраад байхаар нь “чи одоо болилдоо' гэж хэлээд газар унагаагаад дээрээс нь дарж суусан. Тэгсэн чинь Г.Б- нь босож ирээд орилж хашхираад миний үгэнд орохгүй Х.Брүү дайраад байхаар нь уурандаа эрүү хэсэг рүү нь нэг удаа цохиод, цээж хэсэг рүү нь цохисон бөгөөд Г.Б- нь орилж хашхирч байгаад цонхны хөшиг унагаасан юм. Х.Ббид хоёр манай гэрийн хөшгийг янзалж, тогтоож байх хооронд Г.Б- нь гэрээс гараад зугтаасан. Г.Б-ын хэр зэргийн согтолттой байсан талаар анзаараагүй. Х.Ббид хоёр согтолт гайгүй, өөрсдийн үг хэл яриаг удирдах ухамсарлах чадвартай байсан. Г.Б- нь Х.Баянмөнхийн дээр нь гарчхаад нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Гэхдээ би яг биеийн аль хэсэгт хэдэн удаа, хэрхэн яаж цохисон талаар мэдэхгүй байна. Би салгах гээд зууралдаж байсан. Би Г.Б-ыг Х.Баянмөнхөөс салгах гэж татаал дийлэхгүй болохоор нь хамар руу нь нэг удаа цохисон. Тэгээд доош нь дарж унагаагаад дарсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Герман үйлдвэрийн овчерк нохой тэжээдэг юм. Тухайн Г.Б-ыг хазсан үгүйг сайн мэдэхгүй байна. Х.Ббид хоёрыг хөшиг тогтоож байхад Г.Б- нь гэрээс гараад явсан. Би нохойгоороо санаатай хазуулсан, хазах команд өгсөн асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9015 дугаартай “Г.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, эрүү баруун хацар, баруун чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хэвлийн хазагдсан шарх, хүзүү цээж, нуруу, баруун бугалга, уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25/

 

Шүүгдэгч Б.*******-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******-нь 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 95 тоотод оршин суух гэртээ хохирогч Г.Б-маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, эрүү, баруун хацар, баруун чамархайн, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хэвлийн хазагдсан шарх, хүзүү, цээж, нуруу, баруун бугалга, уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.*******-ын “...миний үгэнд орохгүй Х.Брүү дайраад байхаар нь уурандаа эрүү хэсэг рүү нь нэг удаа цохиод, цээж хэсэг рүү нь цохисон бөгөөд Г.Б- нь орилж хашхирч байгаад цонхны хөшиг унагаасан юм...Би Г.Б-ыг Х.Баянмөнхөөс салгах гэж татаад дийлэхгүй болохоор нь хамар руу нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, хохирогч Г.Б-ын“...*******- нь миний нэг гарыг нурууны ард өчиж нөгөө гараараа миний хоолойг боогоод газар унагаад хэвтүүлээд дээр гарч суучхаад өвдгөөрөө миний нуруу, гэдэс, элэг орчимд өвдөглөж цохиж дараад байсан. Энэ үед надад өвдөлт хүчтэй мэдрэгдээд тэсэхийн аргагүй болж орилж бахирах гэхээр элэг рүү гараараа болон өвдгөөрөө олон удаа цохисон чинь дугарч чадахгүй болж дуугүй байгаарай дугарвал ална шүү гээд намайг сүрдүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09/,  гэрч Х.Баянмөнхийн “Г.Б- нь над руу дахиад орилоод, дайраад байхаар нь *******-ах “чи одоо яах гээд байгаа юм, айлд ирчхээд яагаад байгаа юм, энэ ч гэсэн миний дүү” гэж хэлээд Г.Б-ыг дарж унагаагаад дээр нь гараад суусан. Гэтэл Г.Б- нь босож ирээд орилж хашхираад байсан чинь *******-ах дахиад Г.Б-ын нүүр рүү нэг удаа цохисон. Г.Б- нь орилж хашхирч байхдаа Б.*******-ын гэрийнх нь хөшгийг унагаасан бөгөөд *******-ах бид хоёр хөшгийг нь тогтоож байх хооронд Г.Б- нь гараад явсан....’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, шинжээчийн 9015 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

 

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

*******- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

           

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд ахуйн хүрээнд архидан согтуурсан байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч *******-нь хохирогч Г.Б-ыг “Х.Брүү дайрлаа” гэх шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Б- нь хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжилсэн баримт хэрэгт хавсаргаагүй байх  боловч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох энэ хэрэгт хамааралтай зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******-оос жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

*******-нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдав.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

         1. *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.         

 

         5. Хохирогч Г.Б- өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ