Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/764

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           11          29                                    2021/ШЦТ/764

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105002381491 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Хэнтий аймагт  төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ганцаараа Баянзүрх дүүргийн  дугаар хороо хуучин эцсийн нийтийн байрны тоотод оршин суудаг, урьд нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 686 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 322 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй тул 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хорих ялыг эдэлж дууссан, /РД: /,  *******-.

 

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

        *******-нь согтуугаар, шунахайн сэдэлтээр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 9 дүгээр байрны гарааш дотор хохирогч М.Н-хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар хуурч, мэхлэх аргаар хохирогч М.Н-түүний эзэмшлийн Самсунг А51 /Samsung A51/  маркийн гар утас 1 ширхэг, мөн цүнх 3 ширхэг, ном 1 ширхэг, усны сав 2 ширхэг, гутлын хадаас 1 ширхэг, повер банк 1 ширхэг зэрэг нийт 1.023.290 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг авч явж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-мэдүүлэхдээ “Тухайн өдөр утас зарна гээд зар тавьсан байсан байхаар нь би очиж үзээд гар утсыг хүнтэй утсаар сольж зөрүүг нь авсан. Байрны түрээс өгөх гээд надад мөнгө хэрэгтэй болсон байсан болохоор авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдлийг шүүх дүгнэвэл;

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд *******-нь М.Н-“Самсунг А51 /Samsung A51/  маркийн гар утас 1 ширхгийг утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж, түүнчлэн цүнх 3 ширхэг, ном 1 ширхэг, усны сав 2 ширхэг, гутлын хадаас 1 ширхэг, повер банк 1 ширхэг зэрэг цүнхэнд нь байсан нийт 1.023.290 төгрөгийн эд зүйлсийг нь авсан, улмаар М.Намхайн эзэмшлийн Самсунг А51 /Samsung A51/  маркийн гар утас 1 ширхгийг фейсбүүк зараар холбогдож үл таних У.Алтанбаяртай /гэрч/ Самсунг эс-9 /Samsung S9/ маркийн гар утас, юүдэнтэй шинэ цамц, 70,000 төгрөг, Bluetooth чихэвч зэргээр солилцсон бөгөөд У.Алтанбаяраас үл таних Э.Энхманлайтай /иргэний нэхэмжлэгч/ мөн фейсбүүк зараар холбогдож Самсунг А51 /Samsung A51/  маркийн гар утас 1 ширхгийг айфон 8 плас  /iPhone 8 plus/ маркийн гар утас 1 ширхгийг солилцсон хэргийн үйл баримт авагджээ.

 

Хохирогч М.Н-мөрдөн байцаалтанд “миний бие 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк дээр хуучин утсаа зарах гэж зар тавьсны дагуу үл таних хүнтэй танилцаад уулзсан юм. Тэгээд уулзаж миний эс 7 эджэ маркийн гар утсыг үзэж байгаад таны гар утас хэтэрхий хуучин юм байна авахаа болилоо гэсэн юм. Тэгээд та Оросын Холбооны Улсад суралцаж байсан юм уу би бас тэнд суралцаж байсан гээд ойр зуурын юм ярилцаж байсан юм. Тэгээд маргааш өдөр нь тухайн залуутай Драгон худалдааны төв дээр уулзаад бид хоёр удалгүй Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хорооллын 9-р байрны гараашид очсон. Бид хоёр 0.5 литрийн ганц ширхэг “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад байж байтал нөгөө үл таних залуу би дараагийн уух юмыг нь зохицуулья гэж хэлээд уг гараашнаас гарахаар болоод надад хандан утсаа өгч бай энд сүлжээ болохгүй байх тул би гараад хүнтэй яриад ирье гэхээр нь би өөрийн Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утсаа өгсөн. Нарны хороолол руу очиж байхад миний хөл өвдөөд байсан тул үүрч явсан цүнхтэй бараагаа тухайн залуу үүрч явж байсан юм. Тэгээд уг залуу миний цүнхтэй эд зүйлс болон гар утсыг аваад тэр чигтээ алга болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

 

Иргэний нэхэмжлэгч А.Э-гэрчээр мөрдөн байцаалтанд “2021 оны 2 дугаар сарын үед миний бие Фэйсбүүкээр гар утас худалдаж авах гэж байгаад үл таних хүнтэй чатлаад өөрийн айфон 8 плас  /iPhone 8 plus/ маркийн гар утсаа Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утсаар солихоор болсон юм. Тэгээд нөгөө гар утсаа солих хүн маань машингүй гэсэн тул би тухайн өдрөө Баянхошуу ороод нөгөө хүнтэйгээ уулзсан. Уулзаад Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утасных нь үйл ажиллагааг нь үзэхэд асуудалгүй байсан тул тухайн залуутай шууд гар утсаараа бартер хийж сольсон. Тэгээд би холоос өөрийн машинтайгаа очиж уулзсан тул би 7000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

 

Гэрч Э.У-мөрдөн байцаалтанд “ 2020 оны 12 дугаар сарын сүүлээр миний бие фейсбүүк дээр гар утас зар гэсэн зар үзэж байгаад нэг үл таних эрэгтэй хүнтэй манай хүү болох Алтанбаяр холбогдоод Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утас худалдаж авахаар болсон. Тэгээд нөгөө утас зарна гэсэн хүнтэй холбогдоод манай хүү Самсунг Эс-9 /Samsung S9/, шинэ юүдэнтэй цамц, Bluetooth чихэвч нэг ширхэг, мөн 70,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Би яг өөрөө бол худалдаж аваагүй манай хүү тухайн гар утасны үйл ажиллагаа зэргийг шалгаад худалдаж авсан болохоор сайн санахгүй байна. Уг гар утсыг аваад маргаашаас нь өөрийн эзэмшлийн 88718080 дугаарын сим картыг хийж ашигласан юм. Тухайн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр мөн манай хүү айфон /IPhone/ маркийн гар утсаар солихоор болоод фейсбүүкээр үл таних хүнтэй холбогдож ярианы бэрхшээлтэй нэг хүнтэй уулзаад сольсон гэж байсан. Ямар нэгэн мөнгө төгрөг авалгүйгээр шууд сольсон гэж байсан. Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утасны содон шинж тэмдэг нь ар талын таг нь цагаан өнгөтэй шилэн наалтгүй шинээрээ гар утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

 

Гэрч У.А-мөрдөн байцаалтанд “2020 оны 12 дугаар сарын сүүлээр манай ээж гар утас авах гээд фейсбүүк дээр зар хайж байсан юм. Тэгээд үл таних хүнтэй холбогдоод Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утас худалдаж авахаар болоод тухайн үед гар утсаар нь холбогдож байгаад бид хоёр манай гэрийн орчимд уулзсан юм. Тэгээд тухайн гар утасны үйл ажиллагаа зэргийг нь шалгаад би өөрийн ашиглаж байсан Самсунг эс-9 /Samsung S9/ маркийн гар утас, юүдэнтэй шинэ цамц, 70,000 төгрөг бас , Bluetooth чихэвч өгч солилцсон юм. Тухайн үед уг залуу надад нэр усаа хэлээгүй харин би 70,000 төгрөгийг нь 000 дугаарын Хаан банкны Батсувд гэдэг нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш манай ээж уг гар утсыг ашиглаж байгаад 2021 оны 02 дугаар сарын сүүлээр зарахаар болоод байж байтал үл таних хүн холбогдоод Айфоне 8 Плас /iPhone 8 plus/ гар утсаар тулах уу гээд надтай ирж уулзсан. Тухайн хүн нь ярьж чадахгүй бид хоёр бичгээр харилцаж байсан. Тэгээд Айфоне 8 Плас /iPhone 8 plus/ маркийн гар утсаар Самсунг А51 /Samsung A51/ маркийн гар утсаа сольсон юм. Шар царайтай өндөр нуруутай, 25-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Надтай фейсбүүкээр харилцсан чат болон залгасан дугааруудыг нь одоо санахгүй байна. 20-25 орчим насны дундаж өндөртэй, алхаж байгаа нь бага зэрэг хөгжлийн бэрхшээлтэй юм шиг харагдаж байсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед надтай холоос ирж уулзсан мөн үнэтэй утсаа манай ээжийн Самсунг /Samsung/ маркийн гар утсаар сольж байгаа учраас надаас таксины мөнгө өгчих гэж хэлхээр нь би өөрийн 000 дугаарын данснаас 7300 төгрөгийг 5071366137 дугаарын данс руу шилжүүлсэн. Өөр надад нэмэлт мэдээлэл алга. Фейсбүүкээр харилцсан чатаа тухайн үедээ устгасан байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр“...Самсунг А51 /Samsung A51/ гар утас 1 ширхэг 901.550 төгрөг, гутлын хадаас 20.000 төгрөг, цүнх 3 ширхэг 36.000 төгрөг, усны сав 2 ширхэг 15.840 төгрөг, Солиот ном 1 ширхэг 29.900 төгрөг, повер банк 20.000 төгрөг, нийт 1.023.290 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/

 

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Айфоне 8 Плас /iPhone 8 plus/ маркийн гар утас 1 ширхэг 800.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 104-105/

 

Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “Миний бие 2020 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрах Нарны хорооллын гараашинд үл таних Намхай гэж залуугийн хар өнгийн Самсунг А51 /Samsung A51/ гар утсыг нь утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад явсан юм. Тухайн үед явахдаа Намхайгийн хар өнгийн үүргэвчийг мөн аваад явсан бөгөөд үүргэвчин дотор юу байсан талаар нь сайн мэдэхгүй замдаа хаячихсан юм. Надад гар утсыг нь авах санаа байсан юм. Намхай цүнхэн дотроо уулын хэрэгсэл байгаа гэж хэлсэн. Тухайн гар утсыг үл таних хүүхэдтэй фейсбүүкээр харилцаж байгаад Самсунг Эс-9 плас маркийн гар утас чихэвч, цамц, 70.000 төгрөгөөр сольсон. Хувийн хэрэглээндээ зарцуулж дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******-“Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

*******-нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр хохирогч М.Намхайтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Самсунг А51 /Samsung A51/ 1 ширхэг 901.550 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж авсан, мөн хохирогч М.Н- эд зүйлс болох үүргэвчийг үүрч явахдаа  дотор нь байсан гутлын хадаас 20.000 төгрөг, цүнх 3 ширхэг 36.000 төгрөг, усны сав 2 ширхэг 15.840 төгрөг, Солиот ном 1 ширхэг 29.900 төгрөг, повер банк 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг нь авч  нийт 1.023.290 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Дээрх хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч *******-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

      

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэг мөрдөн шалгагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-үйлдсэн “залилах” гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******-нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч М.Н-1.023.290 төгрөгийн хохирол учруулснаас төлөгдөөгүй үлдсэн 121.740 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Э-800.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө нотлох баримтаар илэрхийлээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.    

 

          *******-зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

        Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-анхааруулав.  

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч *******-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. *******-ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

         3. *******-зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

         4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  анхааруулсугай.  

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-нийт 921.740 төгрөг гаргуулж хохирогч М.Н-121.740 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Э-800.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

         6. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  болохыг тус тус дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ