Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.М-д холбогдох 2116000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Т овгийн Ш-н М.

Шүүгдэгч Ш.М Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимын байранд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Н.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг гараар нүүрэн тус газарт нь цохиж, Н.Н-н биед хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ш.М-гийн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимын байранд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Н.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, Н.Н-н эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ш.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ш.М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Хохирогч Н.Н-н биед санаатайгаар гэмтэл учруулсандаа харамсаж байна. Доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү? Тэр өдөр хүлээн авалт болсон. Хүлээн авалт дээр Н.Н орж ирээд надад агсам тавих гээд байсан. Тэгээд бид 2 маргалдсан. Би бол тухайн үед эрүүл байсан. Орж ирээд 2 хундага архи уусан байсан. Хажууд байсан хүмүүс та эрүүл байж согтуу хүмүүстэй маргалдаад яах юм бэ? гэхээр нь гараад явж байтал араас хар пизда минь зайлаарай гэхээр нь цаашаа хараад сууж байхад нь араас нь цохисон. Тэгээд тэндээс салгаад гараад явсан ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Н.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2 ажилтан Дархан-Уул аймаг руу шилжих болсон юм. Тэгээд Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон Дархан-Уул аймаг руу шилжиж байгаа 2 ажилтанд хамт олноос бэлэг гардуулах зорилгоор босоо хүлээн авалт болсон ... Тэгээд байж байж байсан чинь М намайг хэл амаар доромжлоод байсан юм ... тэгээд би ширээний ард сандал дээр сууж байсан чинь А, М хоёр Иргэний танхим дотор явж байгаад Ш.М гэнэт намайг цохиж зодсон юм. Тэгэхлээр нь би сандраад сууж байсан сандлаа бариад боссон чинь А миний барьж байсан сандлыг надаас салгаж авсан юм. Тэгсэн чинь Ш.М надад хандаж Насанжаргал пиздааг ална гэж заналхийлсэн юм ... Ш.М миний баруун нүд рүү маш хүчтэй цохисныг би сайн мэдэж байна. Өөр миний хаана хаана цохисныг би сайн санахгүй байна ... Би Ш.М-г зодож цохисон зүйл байхгүй ... Би Ш.М-д маш их гомдолтой байна. Намайг 2-3 удаа барьж авч зодож байсан. Эмчилгээний зардлаа бүрэн гүйцэд нэхэмжилж авна. Бас сэтгэл санаа бие мах бодиороо маш их хохирч байна... гэсэн мэдүүлэг /ХХ16-19/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ш.М Н.Н-д хандаж бетоноо дараа нь цэвэрлэхгүй гэж хэлсэн чинь Н М-д хандаж бетоноо халуун дээр нь цэвэрлэвэл бетоны түлэнхий амархан арилдаг юм гэж хэлсэн юм. Тэгээд М, Н 2 бие биетэйгээ хэрэлдсэн юм. Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд ирсэн Засаг даргын Тамгын газрын алба хаагч нар хорхог идээд байж байсан чинь Н, М 2 бас л хоорондоо хэрэлдээд байхаар нь би М-г Иргэний танхимаас авч гарах гээд хөтлөөд явж байсан чинь М надаас гараа сугалж аваад Н-н баруун нүд рүү цохисон байсан юм. Тэгээд Н сууж байсан сандлаа аваад босч ирээд М-г цохих гээд далайхаар нь би дундуур нь орж болиулсан юм. Тэгээд Н-г гэрт хүргэж өг гээд М-р хүргүүлсэн юм...Н тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бага зэрэг согтолттой байсан Тухайн үед Ш.М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бага зэрэг согтолттой байсан ... Ш.М Н-н баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон...Н М-г цохиж зодсон асуудал огт байхгүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ25-27/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын ажилтан Н, А 2 Дархан-Уул аймаг руу шилжсэнтэй холбогдуулан Н, А хоёрыг Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар хүлээн авсан юм. Тэгээд Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд М, Н 2 хоорондоо жаахан ам зөрөөд байсан юм. Тэгж байгаад М Иргэний танхимаас гарч явахдаа Н-н нүд рүү цохисон юм. Тэгээд М, Н хоёрыг Иргэний танхимд байсан хүмүүс 2 тийш нь салгаад авч явсан юм. Тэгээд би Н-г гэрт нь хүргэж өгсөн ... М Н-н нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ40-42/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 356 дугаартай “... 1. Иргэн Н.Н-н биед хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

4. Дээрх гэмтлүүдээс хамрын таславчийн мурайлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн дүгнэлт /ХХ49-50/,

Хохирогч Н.Н нь Баян-Уул сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж тусламж үйлчилгээ авсан тухай үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ51/ гэсэн хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч Н.Н-н Цагдаагийн газарт гаргасан “...би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хүйсийн говь багийн Засаг дарга Ш.М-д цохиулсан бөгөөд одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /ХХ108/, мөрдөн байцаалтад хохирогчийн дахин өгсөн “... Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цохиулснаас учирсан шарх сорвинд зориулж авсан эм тарианы мөнгийг Ш.М нь барагдуулж өгөхөө надад хэлсэн. Ойролцоогоор 200, 000 (хоёр зуун мянга) төгрөг болсон ... Нэг албан байгууллага, нэг нутаг усны хүмүүс учраас бид 2 уулзаад хэл амаа ололцож, ярилцсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ22/-ээр нотлогдож  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ш.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ш.М-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга)  төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.М-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Н хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т овгийн Ш-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.М-д танилцуулсугай.

5. Шүүгдэгч Ш.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Н хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА