Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Ц.Г

Шүүгдэгч Б.А

Шүүгдэгч Ж.Т

Шүүгдэгч Д.Г тэдгээрийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Б овогт Ц-гийн Г, У овогт Б-ын А, Б овогт Ж-ын Т, Х овогт Д-ийн Г нарт холбогдох 2116000200102 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Гантулга, Ж.Т нар нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн *** сумын *** далай багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “*****” гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд 0,438 м3 хэмжээтэй халдан, алтны агууламж бүхий 652 к/г 19 уут чулуу олборлож иргэн Д.Т-ын өмчлөлийн *** ГАА улсын дугаартай “Toyota Landcruiser 80” маркийн автомашинаар тээвэрлэн байгал орчинд 144.972 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн цагийн үед аймгийн төвөөс А, Г, Т гэх 3 хүний хамтаар  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас **** цааш говьд алтны чулуунд явсан юм. Алтны чулуу гарч байгаа гэх газартаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний 21 цагийн үед очсон тэнд байх ухагдсан газраас чулууг цахилгаан үүсгэгч мотор, молдок ашиглаж 20 ширхэг шуудайны талаар нийлүүлээд хийвэл 50 килограммын сахарын уутаар 10 ширхэг уут болохуйц чулуу авсан... гэх мэдүүлэг” шүүх хуралдааны тэмдэглэл болон /1ХХ18-19/, 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-нд аймгийн төвөөс Т, Г Г бид 4 ****урд говиос алтны чулуу олборлох зорилготойгоор Г-ын Land 80 маркийн тээврийн хэрэгслээр явсан очих газартаа 21 цагийн үед очсон. Цахилгаан үүсгүүр мотор нэг, молдок нэг хүрз  зэрэг багаж тоног төхөөрөмжийг ашиглан ашиглан 50 килограммын уутаар 20 ширхэг талаар нь хийсэн чулууг олборлон тээвэрлэсэн... гэх мэдүүлэг” шүүх хуралдааны тэмдэглэл болон /1ХХ20/,

Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн “...Шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхгүй... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн цагийн үед аймгийн төвөөс Г, А, Г ах бид 4 *** цаад говиос алтны чулууг олборлох зорилготойгоор ***ГАА улсын дугаартай Land 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад очих газартаа орой 21 цагийн үед хүрсэн юм тэндээ нэг цахилгаан үүсгүүр, нэг молдок 2 ширхэг хүрз ашиглаж шороо чулууг 50 кг багцаагаар 10 гаран уутаар уутны тал ёозоорт нь жаахан, жаахан чулуу шороог олборлож тээвэрлэсэн... гэх мэдүүлэг” шүүх хуралдааны тэмдэглэл болон /1ХХ22/, 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-нд аймгийн төвөөс өглөөний 08-09 цагийн үед Т, Г А бид 4 ** урд говьд байх дархан газрын бүс нутагруу алтны чулуу олборлох зорилготойгоор Ганболдын Land 80 маркийн тээврийн хэрэгслээр явсан очих газартаа 20-21 цагийн үед очсон. Цахилгаан үүсгүүр мотор нэг, молдок нэг хүрз  зэрэг багаж тоног төхөөрөмжийг ашиглан ашиглан 50 килограммын уутаар 18-19 байсан болуу тал талаар нь хийсэн шороо чулууг олборлон хийж тээвэрлэсэн... гэх мэдүүлэг” шүүх хуралдааны тэмдэглэл болон /1ХХ21/,

 

Хохирогч Э.Д-ын “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн ** сумын засаг дарга хийж байна... *** сумын ***** багт харьяалагддаг... Их говийн дархан цаазат газрын А хэсэгт буюу бүр онгон бүст хамаарагддаг...1975 оноос хойш Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор улсын Дархан цаазат бүсэд авсан ... 2020 оны 10 дугаар сард анх илэрц илэрсэн. Үүнээс хойш иргэн гар аргаар олборлож байгаа... Ц.Г ыг танихгүй...*** болон ухагдсан газрыг эргэж нөхөн сэргээлт хийх, тус нутгаас хууль бусаар гар аргаар олборлосон ашигт малтмалыг тусгай сумын торгуулийн орлого дээр төвлөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1ХХ15-17/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед хэсгийн төлөөлөгч Б хамтаар *** сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад тухайн авто машиныг явж байхад шалгахад аймгийн төв рүү хөдөөнөөс явж байна гэж хэлж байсан уг машины тээшийг үзэхэд 50 кг уутанд талаар нь савласан чулуу шороо алтанд ашигладаг хүрз, цахилгаан үүсгэвэр мотор, молдок зэргийг ачсан байсан. Тэгээд цагдаагийн байранд авч ирж багаж, чулуу шороог нь хэсгийн төлөөлөгч тэмдэглэл хөтлөн хураан авсан. Тэгээд цагдаагийн газрын жижүүр болон холбогдох албан тушаалтай хүмүүст мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /1хх210-211/,

Шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал, мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн АЗЗЗ дугаартай тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалт газар нутагт, газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа улмаас учруулсан хохирлыг тооцох, экологи эдийн засгийн үнэлгээний аргачлалаар Говь- Алтай аймгийн *** сумын *** далай * гэх газраас гар аргаар чулуу олборлосон гэх хэрэг дээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан...” гэх мэдүүлэг /1ХХ28-29/,

Шинжээч З.Ганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би экологи эдийн засгийн үнэлгээ гаргадаггүй. Шинжилгээнд дээжийг бэлтгэж, урвалд оруулж багажид шинжилгээнд оруулахад бэлэн болгодог...манай химийн физикийн лабораторийн тасагт, шинжилгээнд ирүүлсэн дээж 0.074 мм хэмжээтэй 150-200 грамм нунтаг болж ирдэг. Тэр дээжийг тасгийн эрхлэгч хуваарилан өгч шинжилгээ хийлгэдэг...шинжилгээнд ирүүлсэн дээжийг лабораторийн аргаар урвалд оруулж духайн дээжинд алтны агууламжийг тодорхойлж гардаг. Харин шинжилгээгээр алт гаргаж авдаггүй юм. Зүгээр дээжинд 0.28 мг/кг хэмжээтэй агууламж байна гэсэн ойлголт юм...” гэх мэдүүлэг /1ХХ31-32/,

Шинжээч Б.Үнэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Геологийн төв лабораторид шинжүүлэхээр ирүүлсэн дээжинд захиалгын дугаар тавигдаад ороод ирээх нь би пробирийн шинжилгээний аргаар шинжлэн тухайн дээжинд элементийг тодорхойлдог юм. Пробирийн аргачлал гэдэг нь дээж дээр тусгай хольцтой хар тугалгыг, мөнгөний уусмалтай нэмээд хамт өндөр температурт хайлуулахад алт, мөнгөн хоёр нь хар тугалгандаа барьцалдаад үлддэг юм. Тэрийг купиляци хийж хайлуулж алт мөнгө хоёр ялгаж аваад, дараа нь алтаа уусмалд байдалд шилжүүлнэ. Тэгснээр хэмжилт хийх процессыг пробирийн гэж хэлнэ. Миний яг хийдэг шинжилгээ нь бол алтыг ААС-н хэмжилтийн багажаар хэмждэг юм. Тэгснээр тухайн дээжинд хэдэн мг/кг алт байх боломжтойг гаргаж ирдэг юм...Би шинжилгээнд ирүүлсэн дээжийг лабораторийн аргаар урвалд оруулж, тухайн дээжинд алтны агууламжийг тодорхойлж гаргасан. Тэрнээс биш алт гаргаж авсан зүйл байхгүй. Учир шинжилгээгээр алт гаргаж авдаггүй юм. Тиймээс 0.28 мг/кг алт гэж байхгүй. Зүгээр дээжинд 0.28 мг/кг хэмжээтэй агууламж байна гэсэн ойлголт юм...” гэх мэдүүлэг /1ХХ35-36/,

Ухсан газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ37, 56-57/,

** ГАА улсын дугаартай тоёота ландкрузер-80 маркийн автомашинд үзлэг хийн чулуу болон бусад эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл/1ХХ48-50/,

Ухагдсан газрын экологи-эдийн засгийн үнэлгээг хийсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/28 дугаартай “экологи-эдийн засгийн үнэлгээг 144,972 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 280.923 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт,

Шүүгдэгч Б.А-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ58-62/зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нар нь хамтран 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн * сумын ** багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А" бүс болох “*” гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олох зорилгоор газрын хэвлийд 0,438 м3 хэмжээтэй халдан, алтны агууламжтай 652 к/г 19 уут чулуу олборлож иргэн Д.Т-ын өмчлөлийн * ГАА улсын дугаартай тоёота ландкрузер-80 маркийн автомашинаар тээвэрлэн байгал орчинд 144.972 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь нөөц, хэмжээ нь хайгуулын ажиллагааны үр дүнд тогтоогдоогүй, уул уурхай болон түүнтэй бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон дархан цаазат  газар үйл ажиллагаа явуулсан тул тэдний үйлдлийг ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн болно.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулахаар бол зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг нь бичгээр авч уг тусгай зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн нэгжийн хэлбэрээр ажиллах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч Эрүүгийн хуулиар хамгаалжээ. 

Иймээс шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нарын үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч үйлдсэн байдаг. Шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нар нь урьдаас үгсэн тохиролцон төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хамтран хууль бусаар Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А" бүс болох “*” гэх нэртэй газраас алт олох зорилгоор алтны агууламж бүхий чулууг олборлон автомашинаар тээвэрлэсэн тул тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж шүүх үзсэн болно.

Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1ХХ-171-174, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/28 дугаартай дүгнэлт, ажлын тайлан/1ХХ89-119/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох иргэн Д.Т-ын эзэмшлийн “Toyota Landcruiser 80” маркийн авто машиныг 10.000.000 төгрөгөөр, цахилгаан үүсгүүр 1 ширхгийг 350.000 төгрөгөөр, молдок 1 ширхгийг 50.000 төгрөгөөр, хүрз 1 ширхгийг 5.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин М.Дагважаргалын үнэлгээний тайлан /1ХХ72-80/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

1. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

1.1 Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/28 дугаартай “...Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 144.972 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 280.923 төгрөгөөр тогтоосон байх тул уг экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан  хохирлыг 144.972 /нэг зуун дөчин өрвөн мянга, есөн зуун далан хоёр / төгрөгөөр тогтоон “Байгаль орчин уур амьсгалын сан”-д, дээрх дүгнэлтээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлыг 280.923 /хоёр зуун наян мянга есөн зуун хорин гурван/ төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос гаргуулан Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Д.Т-ын эзэмшлийн * ГАА улсын дугаартай тоёота ланд крузер-80 /toyota landcruiser-80/ маркийн авто машиныг автомашины үнэ болох 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар мөн хүрз 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг улсын орлого болгон шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтанд нийцэхээр байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 уут 652 к/г чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт, хүрз 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй гэж шүүх үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Ц-ийн Г, У овогт Б-ын А, Б овогт Ж-ын Т, Х овогт Д-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г, Б.А, Д.Г, Ж.Т нарыг хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрз 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан үүсгэвэр 1 ширхэг болон тээврийн хэрэгслийн үнэ болох 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслүүдийн худалдан борлуулсан үнийн дүнгээс “Байгаль орчны уур амьсгалын сан”-д 144.972 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 280.923 төгрөгийг Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 уут 652 к/г чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт, хүрз 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.МӨНХТУЛГА