| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0092/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-09-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч С.С түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн А овогт Д-ын Б, Ш овогт С-ын С нарт холбогдох 2116000230105 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Б, С.С нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “*” гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олох зорилгоор газрын хэвлийд 0.137 м3 хэмжээтэй халдан, 5 уут чулуу олборлож * ГАҮ улсын дугаартай “Тоуоtа landcruiser 80” маркийн автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 45.304 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Б-ийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн “...01 дүгээр сарын 01-ний өдөр бид хоёр говь руу * * багийн газар гэж сонсож байсан тэр рүү яваад 4, 5 уут чулуу хамж хийсэн. Тэгээд сум дээр ирсэн байж байгаад баригдсан... Хоёулаа ярилцаж байгаад гаргасан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл болон 1ХХ18-19/
Шүүгдэгч С.С-ын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр * баг руу явсан. Сайн мэдэхгүй хүмүүс явж байна гэхээр нь явсан. Тэгээд ийм хэрэгт орооцолдсон. 5 уут чулуу аваад сум дээр ирээд баригдсан. Явсан нь миний буруу... Сүүлд ойлгосон, ийм асуудал үүнээс хойш гаргахгүй...гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл болон 1ХХ20/
Хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн Эрдэнэ сумын засаг дарга хийж байна... * сумын * багт харьяалагддаг...Тиймээ. Их говийн дархан цаазат газрын А хэсэгт буюу бүр онгон бүст хамаарагддаг...манай сум дээр одоогоор эх хувиараа байхгүй.,.2020 оны 10 дугаар сард анх илэрц илэрсэн. Үүнээс хойш иргэд гар аргаар олборлож байгаа . * болон ухагдсан газрыг эргэж нөхөн сэргээлт хийх, тус нутгаас хууль бусаар гар аргаар олборлосон ашигт малтмалыг тусгай сумын хүү торгуулийн орлого дээр төвлөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /1ХХ38-40/,
Гэрч Ч.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн * сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 11 цагийн орчимд * сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн автомашиныг явж байхад нь зогсоогоод шалгахад аймгийн төв рүү явж байна гэж хэлсэн тэгээд уг машин ачаа ачсан байдалтай гадна талаасаа харагдахаар нь тээшийг үзэхэд цагаан уутанд савласан 5 шуудай дүүрэн чулуу шороо ачсан байсан тэгээд цагдаагийн байранд авчирч чулуу шороог тэмдэглэл хөтлөн хураан авсан. Тэгээд цагдаагийн газрын жижүүр болон холбогдох албан тушаалтай хүмүүст мэдэгдсэн юм...Тухайн авто машинд 2 хүн хамт явж байсан * ГАҮ улсын дугаартай ланд-80 маркийн авто машины арын багажид савласан 5 шуудай ууттай чулуу шороо ачсан байсан юм...Энэ хүмүүс * сумынх гэдгийг мэднэ өөр ямар нэгэн холбоо байхгүй...Би цагдаа Батхишигийн хамт үүрэг гүйцэтгэж байсан юм...” гэх мэдүүлэг, /1ХХ48-49/
Гэрч Д.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед * говийн их Дархан цаазат газар луу хүмүүс яваад байна гээд эргүүл хяналт шалгалт хийдэг байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 11 цагийн үед хэсгийн төлөөлөгч Базаррагчаагийн хамтаар * сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд * ГАҮ улсын дугаартай ланд-80 маркийн автомашиныг явж байхад нь шалгахад аймгийн төв рүү явж байна гэж хэлж байсан тухайн авто машин нэлээн ачаа ачсан байдалтай харагдсан тэгээд тээшийг үзэхэд 50 кг-ын уутанд савласан 5 шуудай чулуу шороо ачсан байсныг цагдаагийн байранд авчирч чулуу шороог нь хэсгийн төлөөлөгч тэмдэглэл хөтлөн хураан авсан. Тэгээд цагдаагийн газрын жижүүр болон холбогдох албан тушаалтай хүмүүст мэдэгдсэн юм. Тухайн авто машинд 2 хүн хамт явж байсан * ГАҮ улсын дугаартай ланд- 80 маркийн авто машины арын багажид савласан 5 шуудай ууттай чулуу шороо ачсан байсан юм...Би хэсгийн төлөөлөгчтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан юм...” гэх мэдүүлэг,/1ХХ51-52/
Шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Нуман-Алтай ХХК-нд шинжээч хийдэг. Тухайн байгууллагадаа ажиллаад 11 жил гаран болж байна....Харин шинжээчээр ажлаад 21 жил болж байна...Би байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 онь 05 дугаар сарын 27-ны өдрийн Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал, мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны “0 дугаар сарын 26-ны өдрийн АЗЗЗ дугаартай тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалт газар нутагт, газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа улмаас учруулсан хохирлыг тооцох, экологи эдийн засгийн үнэлгээний аргачлалаар Говь- Алтай аймгийн * сумын * гэх газраас гар аргаар чулуу олборлосон гэх хэрэг дээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан...” гэх мэдүүлэг, /1ХХ60-61/
Шинжээч З.Ганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би экологи эдийн засгийн үнэлгээ гаргадаггүй. Шинжилгээнд дээжийг бэлтгэж, урвалд оруулж багажид шинжилгээнд оруулахад бэлэн болгодог...манай химийн физикийн лабораторийн тасагт, шинжилгээнд ирүүлсэн дээж 0.074 мм хэмжээтэй 150-200 грамм нунтаг болж ирдэг. Тэр дээжийг тасгийн эрхлэгч хуваарилан өгч шинжилгээ хийлгэдэг...шинжилгээнд ирүүлсэн дээжийг лабораторийн аргаар урвалд оруулж духайн дээжинд алтны агууламжийг тодорхойлж гардаг. Харин шинжилгээгээр алт гаргаж авдаггүй юм. Зүгээр дээжинд 0.28 мг/кг хэмжээтэй агууламж байна гэсэн ойлголт юм...” гэх мэдүүлэг, /1ХХ57-58/
Шинжээч Б.Үнэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай Геологийн төв лабораторид шинжүүлэхээр ирүүлсэн дээжинд захиалгын дугаар тавигдаад ороод ирээх нь би пробирийн шинжилгээний аргаар шинжлэн тухайн дээжинд элементийг тодорхойлдог юм. Пробирийн аргачлал гэдэг нь дээж дээр тусгай хольцтой хар тугалгыг, мөнгөний уусмалтай нэмээд хамт өндөр температурт хайлуулахад алт, мөнгө хоёр нь хар тугалгандаа барьцалдаад үлддэг юм. Тэрийг купиляци хийж хайлуулж алт мөнгө хоёр ялгаж аваад, дараа нь алтаа уусмалд байдалд шилжүүлнэ. Тэгснээр хэмжилт хийх процессыг пробирийн гэж хэлнэ. Миний яг хийдэг шинжилгээ нь бол алтыг ААС-н хэмжилтийн багажаар хэмждэг юм. Тэгснээр тухайн дээжинд хэдэн мг/кг алт байх боломжтойг гаргаж ирдэг юм...Би шинжилгээнд ирүүлсэн дээжийг лабораторийн аргаар урвалд оруулж, тухайн дээжинд алтны агууламжийг тодорхойлж гаргасан. Тэрнээс биш алт гаргаж авсан зүйл байхгүй. Шинжилгээгээр алт гаргаж авдаггүй юм. Тиймээс 0.28 мг/кг алт гэж байхгүй. Зүгээр дээжинд 0.28 мг/кг хэмжээтэй агууламж байна гэсэн ойлголт юм...” гэх мэдүүлэг, /1ХХ54-55/,
Ухсан газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ43-44/,
* ГАҮ улсын дугаартай тоёота ландкрузер-80 маркийн автомашинд үзлэг хийн чулуу болон бусад эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл/1ХХ18-25/,
Байгал орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/27 дугаартай “...экологи-эдийн засгийн үнэлгээг 45.304 төгрөгөөр нөхөн сэргээх зардлыг 280.621 төгрөгөөр тус тус тогтоосон...” дүгнэлт, /1ХХ 69-99/
Шүүгдэгч Д.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ43-44/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, С.С нар нь хамтран 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн * сумын *багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “*” гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олох зорилгоор газрын хэвлийд 0.137 м3 хэмжээтэй халдан, 5 уут 368к/г алтны агууламжтай чулуу олборлож, * ГАҮ улсын дугаартай “тоёота ландкрузер-80”/tоуоtа landcruiser-80/ маркийн автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 45.304 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч нар нь нөөц, хэмжээ нь хайгуулын ажиллагааны үр дүнд тогтоогдоогүй, уул уурхай болон түүнтэй бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон дархан цаазат газар үйл ажиллагаа явуулсан тул тэдний үйлдлийг ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн болно.
Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулахаар бол зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрлийг нь бичгээр авч уг тусгай зөвшөөрлийг үндэслэн аж ахуйн нэгжийн хэлбэрээр ажиллах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч Эрүүгийн хуулиар хамгаалжээ.
Иймээс шүүгдэгч Д.Б, С.С нарын үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Шүүгдэгч Д.Б, С.С нар нь урьдаас үгсэн тохиролцож, төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр, хууль бусаар Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А" бүс болох “*” гэх нэртэй газраас алт олох зорилгоор, алтны агууламж бүхий чулууг олборлон автомашинаар тээвэрлэсэн тул тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж шүүх үзсэн болно.
Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ түүнчлэн хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1ХХ-205-217, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/27 дугаартай дүгнэлт, ажлын тайлан/1ХХ69-99/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл буюу “Toyota Landcruiser 80” маркийн авто машины үнэ болох 9.833.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Р.Цанжидын үнэлгээний тайлан /1ХХ115-122/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Б, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
1. Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Байгал орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1/27 дугаартай “...Д.Б, С.С нарын эвдсэн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 45.304 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 280.621 төгрөгөөр тогтоосон дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Д.Б, С.С нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж 45.304 /дөчин таван мянга гурван зуун дөрвөн мянга/ төгрөгөөр тогтоосон тул уг хохирлын нөхөн “Байгал орчин, уур амьсгалын сан”-д, дээрх дүгнэлтээр тогтоогдсон нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын 280.621 /хоёр зуун наян мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг Говь Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох * ГАҮ улсын дугаартай тоёота ландкрузер-80 /toyota landcruiser-80/ маркийн авто машиныг автомашины үнэ болох 9.833.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж үүнээс нь байгаль орчны хохирол 45.304 төгрөгийг “Байгал орчин, уур амьсгалын сан”-д нөхөн сэргээлтийн зардалд 280.621 төгрөгийг Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.000.000 төгрөгийг гарган “Нуман-Алтай ХХК-д” тус тус олгож илүү гарсныг нь улсын төсөвт шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхээр байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 уут 368 килограмм чулууг Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт олгож, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А овогт Д-ын Б, Ш овогт С-ын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, С.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, С.С нарт тэнссэн хугацаанд хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, үйл ажиллагаа явуулах, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, тогтоосон хязгаарлалт зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч нарт сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9.833.000 төгрөгөөс “Байгал орчин, уур амьсгалын сан”-д 45.304 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 280.621 төгрөгийг Говь-Алтай аймгийн * сумын Засаг даргын тамгын газарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.000.000 төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 уут 368 килограмм чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн *сумын Засаг даргын тамгын газарт олгож, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА