Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Б-ын Ч-д холбогдох 2116000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч Б.Ч нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай * сумын * багийн нутагт хохирогч Г.Ц хоорондын тааламжгүй харилцаанаас шалтгаалан түүнийг зодож биед нь дух, хамар, хацар, уруулд зулгаралт, дагзны зүүн талд хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өгсөн “...миний буруугаас бүх юм болсон. Буруугаа хүлээж байна... Эрүүл мэндийн төвийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн...одоо бид хоёр эвлэрсэн... 2021 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Г.Ц-тай гудамжинд таарсан. Бид хоёр хамтдаа Г.Ц-ийн гэрт нь очиж архи уусан. Би Ц-ийг гэрээс нь аваад гарч байсан....Би архи уугаад ийм үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ59-60/,

 

Хохирогч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 07 сарын 11-ний өдөр би Ч гэх хүнд зодуулсан энэ тухайгаа өргөдөл гаргаж цагдаагаар шалгуулсан юм. Ч нь одоогоор намайг зодоогүй гээд дайраад байгаа юм. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдсон байна. Миний утсан дээр 2 минут гарангын бичлэг байгаа уг бичлэгийг маргааш нь очиж уулзахад хийсэн бичлэг байгаа юм. Уг бичлэгэн дээр намайг айлган сүрдүүлж хутга тулгаж архи өгснөө, намайг 2 удаа цохиж унгасан, санаатайгаар зодсон гэдгээ хүлээсэн яриа өгүүлэл нь байгаа...Одоо энэ Ч гэх хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Надад үүнтэй холбоотой гарсан 1.500.000 орчим төгрөгийн зардлаа нэхэмжилмээр байна....” гэх мэдүүлэг /ХХ18-22/,

 

Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 11-ний өдөр манай нөхөр Ц нь гэртээ нилээд согтуу, Ч-н хамт орж ирсэн юм. Тэгээд орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад, намайг Ч нь онгон хүүхэн нөхөртэйгөө суусан гээ биз дээ гээд байсан юм. Тэгээд нээх удалгүй байж байгаад манай хүнийг сугадаад гэрээс гарч байсан юм. Би тэгэхэд нь анзааралгүй гал тогооныхоо өрөөнд сууж байсан юм. Удалгүй би араас гарахад манай нөхрийг зодоод, цустай хутгалчхаад машиндаа суугаад хөдлөөд явчихсан юм...” гэх мэдүүлэг /ХХ27/

 

Гэрч С.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 07 сарын 12-ны өглөө 09 цагийн үед Ч ахынд очсон юм. Намайг гэрт нь ороход Х, Ч нар 2 шил архи уугаад сууж байсан гэтэл гаднаас Ц, эхнэр Б нар орж ирсэн юм. Тэгээд Ц нь Ч-г чи намайг зодлоо гэж хэлсэн юм. Шүүх цагдаад өгнө гэж хэлээд явсан юм. Ч ах урдаас нь шүүх цагдаадаа өгөхгүй юу гэж байсан юм. Тэгээд би гараад гэр лүүгээ явчихсан юм...” гэх мэдүүлэг /ХХ37/,

                  Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 252 дугаартай

           1.“... Г.Ц-гийн биед гэмтэл учирсан байна.

           2. Г.Ц-гийн биед эмнэлгийн бичиг баримтаар дух, хамар, хацар уруулд, зулгаралт, дагзны зүүн талд хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи, доргилт гэмтэл тогтоогдлоо

           3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно

           4. Г.Ц-гийн биед учирсан тархи доргилт Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь уг журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

           6. Цаашид эдгэрэх боломжтой.

   7. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /ХХ41-42/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч нь согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай * сумын * багийн нутагт хохирогч Г.Ц*тай хоорондын тааламжгүй харилцаанаас шалтгаалан маргалдан түүний толгойн тус газарт нь олон удаа цохисоны улмаас биед нь дух, хамар, хацар, уруулд зулгаралт, дагзны зүүн талд хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Б.Ч-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Ц нь 1.500.000 эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 200.000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Б-ын Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Ч-д сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. хохирогч Г.Ц-гийн хохирол нэхэмжилсэн 1.500.00 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь хохиролд 200.000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.           

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА