Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Н-ийн Б-д  холбогдох 2116000740034 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын * хороо * тоотод оршин суух иргэн Г.Б-гийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч волф/wolf/ нэрийн унадаг дугуй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гантель 1 ширхэг, ямааны борц 3 кг, иргэн Г.С-ын эзэмшлийн 32 инчийн өнгөт телевизор зэргийг хулгайлан авч бусдад 1.513.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Н.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Би 5 дугаар сарын 02-ны өдөр Балжмаагийн гэрийн цонхыг хагалж орж эд зүйл хулгайлсан. Унадаг дугуй, мөнгөн аяга, телевиз гэх зэрэг зүйлийг хулгайлсан... Цонхыг нь модоор цохиж хагалсан... Гарахдаа хаалгыг нь дотроос нь онгойлгох гэсэн чинь болоогүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сум * хороо* тоот гэрээсээ гараад Улаанбаатар хотод байх охин Л-нд ирсэн. Говь-Алтайд байх манай гэр эзэнгүй үлдсэн бөгөөд бид ирэхдээ гудамжныхаа доод үзүүрт байрлах Ж гэдэг айлынд түлхүүрээ үлдээчхээд ирсэн юм. Ж нь ерөнхийдөө өдөрт нэг удаа гэрийг маань эргээд ийм байна, тийм байна гэж байгаа байдлыг нь хэлдэг байсан. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр над руу залгаад байшингийн чинь цонх хагархай, хулгай орчихсон байна гэж хэлж байсан. ...Манай гэрийн жижиг өрөөнөөс хүүхдийн “Wolf” брэндийн унадаг дугуй, дунд гарын мөнгөн аяга, түлээний амбаараас 600 орчим кг нүүрс, ямааны борц-3 кг, гантель зэрэг алдагдсан байна. Мөн манай гэрийн бүргэд хаалга, вакум цонхны 4 ширхэг порчик, амбаарын цоож эвдсэн байна... “Wolf” брендийн унадаг дугуйг 2016 онд 390.000 төгрөгөөр худалдан авч байсан тул 390.000 төгрөг. Шинэ цагийн дунд гарын мөнгөн аягыг 3,4 жилийн өмнө 350.000 төгрөгөөр худалдан авсан тул 300.000 төгрөг. Түлээний амбаараас 600 орчим кг нүүрс алдагдсан тул кг-г нь 200 төгрөгөөр бодно. Тэгэхээр 120.000 төгрөг болно. 3 кг ямааны борцыг 60.000 төгрөг, гантель төмрийг-100.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дээр нь манай гэрийн бүргэд хаалгыг 350.000 төгрөг, 4 ширхэг порчиг-480.000 төгрөг, амбаарын Монгол цоож 10.000 төгрөгөөр тооцно. Ингэхээр надад 1.810.000 төгрөгний хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /ХХ45-51/,

Хохирогч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...сая өвөл манай охин О-ийн хүү Н.Б нь Б-аас хулгай хийхдээ миний телевизорыг авчихсан дуулдаж байна лээ. Би телевизороо 350.000 төгрөгөөр хотоос худалдаж авсан. Энэ хохирлоо зээгээсээ гаргуулаад авсан, одоо гомдол саналгүй болсон” гэх мэдүүлэг /ХХ54-55/,

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын * * тоотод оршин суудаг юм. Харин манай талийгаач найз Б-ын гэр нь * хороо * тоотод байдаг юм. 2021 оны 02 дугаар сарын эхээр /цагаан сарын өмнө/ миний найз Б-ын бие нь өвдөөд, эхнэр Б-гийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан бөгөөд намайг гэр орон эргэж тойрч байгаарай гэж хэлээд явсан юм. Харин удалгүй манай найз хотод эмнэлэгт эмчлэгдэж байгаад талийгаач болсон юм. Ингээд эхнэр нь 49 хоногийг нь дуусгаад ирэх гэсэн боловч хөл хорионд ороод одоо хүртэл Говь- Алтай аймагт ирж чадаагүй байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай талийгаачийн эхнэр Б нь над руу залгаад “Манай гэрт хулгай орсон байна гэнэ. Очоод үзээдхээч гэсэн юм”. Тэгэхээр нь би гэрт нь очиход талийгаачийн найз Ж /бүтэн нэрийг нь санахгүй байна / нь эхнэрийн хамт ирсэн байсан бөгөөд юу, юу алга болсон байна гэж асуухаар нь цонхны хүрээнээс нь барьж байгаад байшингийн дотрыг харсан юм. Ингээд би цагдаад дуудлага өгсөн юм...Би өдөр болгон очиж эргэдэг бөгөөд 2021 оны 05 сарын 02-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед очиж шалгасан, тэгэхэд цонх бүтэн, эд зүйлс нь хэвийн байсан...Хүүхдийн унадаг дугуй алдагдсан. Өөр зүйл алдагдаагүй байна гэсэн...Улаанбаатар хотлуу миний талийгаач найз бие их муу явсан бөгөөд эхнэр Балжмаа нь надад гэр эргэж тойрч байгаач гэж захиж хэлсэн юм. Гэхдээ надад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээгүй. Харин Ж /бүтэн нэрийг нь санахгүй байна/- д үлдээсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ68-69/,

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тус унадаг дугуйг 2021 оны 05 сарын 07-ны өдөр Facebook-н аймгийн зарын групп-т эхнэр унадаг дугуй авна гэсэн зар оруулсан юм. Ингээд хэсэг байж байхад * гэсэн дугаараас залгаад “Унадаг дугуй зарна” 200.000 төгрөг. Ирж үзэж болно гэхээр нь хаана очиж үзэх талаар тодруулахад “* дүгээр гудамжны эхэнд хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь тус газарт охин Н хамт очоод нөгөө залгасан дугаар руу залгаад ирсэн тухайгаа хэлэхэд, удалгүй 11-р гудамжнаас дээлтэй хүн унадаг дугуй унаад гараад ирсэн юм. Тэгээд тус унадаг дугуйг үзэж хараад дугуй хээгүй, муутай болохоор нь 150.000 төгрөгт өгөх юм уу? Гэхэд өгнө гэхээр нь бэлнээр 150.000 төгрөг өгч, тус унадаг дугуйг худалдан авсан юм...Би унадаг дугуй зарсан хүнийг танихгүй. Ямартай ч дээлтэй байсан. Зургийг нь хараад танина...” гэх мэдүүлэг/ХХ71-72/,

Гэрч Ө.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд гэрийг нь эргэж тойроод байж байсан. Нэг өдөр их хүчтэй шуурсан юм. Маргааш нь би Б-ийн гэрийг эргэхэд цонх нь онгойчихсон байхаар нь би шуурганд онгойж гэж бодоод яваад очиход цонхийг сүхээр хагалсан байсан. Мөн амбаарт нь байсан нүүрсийг 3 шуудайнд хийчихсэн байсан юм. Би Б-ийн гэрийг өдөр болгон шалгадаг байсан юм.” гэх мэдүүлэг /ХХ79/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ6-15/,

Хулгайд алдагдсан “Wolf” брэндийн унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ16-19/,

Хулгайд алдагдсан “Wolf” брэндийн унадаг дугуйг хохирогч Г.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ33/,

Хулгайд алдагдсан гэх улаан өнгийн унадаг дугуйг хохирогч Г.Б-р таньж олуулсан ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ 20-23/,

Хулгайд алдагдсан дунд гарын мөнгөн аягыг Н.Б-с хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ34-36/,

Гэрч Б.Л-р өөрт нь унадаг дугуй худалдсан гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ27-32/,

Хулгайд алдагдсан зурагтыг 360.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820/612 дугаартай үнэлгээний тайлан /ХХ83-86/,

Хулгайд алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-820/284 дугаартай үнэлгээний тайлан /ХХ102-105/, зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2021 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын * тоотод оршин суух Г.Б*ийн байшингийн цонхыг хагалан орж “волф”/wolf/ унадаг дугуй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гантель 1 ширхэг, ямааны борц 3 кг, иргэн Г.С-н эзэмшлийн 32 инчийн өнгөт телевизор зэргийг авч бусдад 1.513.000 төгрөгийн хохирол хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Энэ нь хүн байнга амьдрах зориулаллтай орон байр болох хохирогч Г.Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан орж бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, санаатайгаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь:

Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэдэг нь шүүгдэгчийн хувьд уг байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд байр нь саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсвэл анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх төдийгүй хамгаалагдсан гэдэг нь илтэд мэдэгдэхүйц байхад түүнийг нь мэдсээр байж зөрчсөн үйлдлийг хэлдэг. Иймээс шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болсон болно. Өөрөөр хэлбэл тухайн орон байрны халдашгүй байдал нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд тухайн байрны өөрийн түлхүүрээр онгойлгох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэн хохирлын хэмжээнээс үл хамааран энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг тайлбарлах зүйтэй.

Шүүгдэгч  Н.Б-н хувьд тухайн байранд нэвтрэн орох өмчлөгчийн зөвшөөрөл байхгүй төдийгүй хаалга, цоожтой хамгаалагдсан гэдэг нь илтэд харагдахуйц байхад цонхны шилийг хагалан орж эд зүйл авсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ХХ143-147/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ122/, хохирогч Г.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би телевизороо 350.000 төгрөгөөр хотоос худалдаж авсан. Энэ хохирлоо зээгээсээ гаргуулаад одоо гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг/хх54-55/, хохирогч Г.Б-гийн хавтаст хэрэгтэй танилцаад гаргасан “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нь Говь-Алтай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн...” гэх  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзлээ. Тодруулбал урьд ял шийтгүүлсэн гэмт хэрэг болон энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр бүлэгт хамаарах тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Н.Бумбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2/хоёр/ жил хугацаагаар хорих ял оногдуулсан тул уг ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч Н.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар” хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай нийцэхээр байна.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан авсан дунд гарын мөнгөн аягыг шүүгдэгч Н.Б-д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1/нэг/ хоногийг хорих ялыг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Н.Б сануулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дунд гарын мөнгөн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА