Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02091/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр  Дугаар 101/ШШ2017/           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 45 дугаар гудамж, 678 тоотод оршин суух Пунцаг овогт Цолмонгийн Түвшин /РД:УО87041712/-ийн нэхэмжлэлтэй,

                  

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэн наст хотхон 36б дугаар байр, 51 тоотод оршин суух Боржигон овогт Сайндаагийн Чулуунбаатар /РД:ЧЕ61041400/-т холбогдох, 

  

Зээлийн төлбөрт 1.245.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Түвшин, хариуцагч С.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие С.Чулуунбаатартай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 сарын хугацаатай 1 хувийн хүүтэй 1.000.000 төгрөг төлөлтийг өдөрт 20.000 төгрөг төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн. С.Чулуунбаатар нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж дуусгаагүй байгаа бөгөөд үлдэгдэл 830.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. С.Чулуунбаатар нь зээлийн үлдэгдэл төлбөрөө шаардахад утсаа хаасан. Нөхөр лүү нь залгаж хэлэхэд яриулна гээд таг чиг болсон. Иймээс С.Чулуунбаатараас зээлийн үлдэгдэл төлбөр болох 830.000 төгрөг, 100 өдрийн алданги болох 415.000 төгрөг, нийт 1.245.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Чулуунбаатар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Ц.Түвшингээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн. 100 өдрийн алданги болох 415.000 төгрөгийг төлж чадахгүй болж байна. Зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл болох 830.000 төгрөгийг төлж дуусгана” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Түвшин нь хариуцагч С.Чулуунбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 830.000 төгрөг, алданги 415.000 төгрөг, нийт 1.245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Чулуунбаатар нь зээлийн үлдэгдэл 830.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алданги төлөхгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 1.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй нөхцлөөр зээлдүүлэх, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ /хх-2/.

                  

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгчээс хариуцагчид 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн байх ба энэ хугацаа бичгийн зээлийн гэрээнд тусгагдсан, талуудын маргаангүй байна.

 

Дээр дурдсан бичгийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид зээл шилжүүлсэн байх ба хариуцагч зээлээ төлөөгүйн улмаас зохигчид 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр талуудад зээлийн гэрээний эрх, үүрэг үүссэн байх ба 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу эрх, үүрэг үүсэхгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлээ буцаан төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 830.000 төгрөг төлөгдөөгүй гэж дурдсаныг хариуцагч маргахгүй байна.

 

Мөн нэхэмжлэлд 100 хоногийн алданги 415.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч талууд амаар харилцан тохиролцож зээл шилжүүлэх үедээ алданги тооцох талаар бичгээр гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч С.Чулуунбаатараас зээлийн үлдэгдэл 830.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 415.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Чулуунбаатараас 830.000 /найман зуун гучин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинд олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алданги 415.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чулуунбаатараас 24.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА