Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/701

 

 

 

 

 

 

2021        10             21                                      2021/ШЦТ/701

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

улсын яллагч Ц.Шагдар,

хохирогч Г.Хүрэлсүх, түүний өмгөөлөгч Ц.Монгол,

иргэний хариуцагч О.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч О.Баяржаргал,

шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Чт холбогдох эрүүгийн 1909020420594 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ХАБЭА-н ажилтан мэргэжилтэй, “Алтан найзууд” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3 /нөхөр, хүүхдийн хамт/, Улаанбаатар хот тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Ч, /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч О.Ч нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Р К” ХХК-ийн гүйцэтгэлтэй “Загвар гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд барьж байгаа 45 айлын  орон сууцны  барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар үүрэг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1./Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.2 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Бетон ба төмөр бетоны ажлын 7.2 /Тухайн давхрын хана, каркасын хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина. Доод давхруудад барьсан хамгаалалтын хашлагыг гадна ханын өрөг өртөл буулгахыг хориглоно/, 7.3 /Хэв барих арматур зангидах, бетон цутгах ажил гүйцэтгэхэд, хэвний хажуугаар зорчиход зориулсан тавцан засаж, ажилчдын аюулгүй ажиллагааг хангана/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас туслан гүйцэтгэгч бригадын ажилтан хохирогч Г.Хүрэлсүх нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд уг барилгын 5 давхарт барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаад унаж улмаар түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “…Би “Рапид Архитектур” ХХК-д ажилд ороод 10 гаруй хонож байсан. Зарын дагуу Ууганбаяр захиралтай очиж уулзахад энд барилга угсралтын ажил явагдах гэж байгаа чи хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажилла гэж хэлсэн. Би ХАБ-ын инженерээр суралцаж төгсөөд удаагүй байсан. Тэгээд очиход эхний хэдэн өдөр хүн байхгүй байсан. 3, 4 дахь өдрөөс эхлээд ажиллаж байсан бригадууд нь ирээд 2 өдөр ажил гүйцэтгэж байгаад цалин өгөхгүй байна гэсэн шалтгаанаар явсан. Манай нөхөр бригадаараа барилгын угсралтын ажил гүйцэтгэдэг. Би нөхөртөө танай бригад ажилгүй байгаа бол миний ажиллаж байгаа газрын 1 давхрын ажил нь дутуу үлдсэн байгаа. Хийгээд өгчих гэж хэлээд Ууганбат захиралтай уулзуулсан. Тэгээд тохиролцсоны үндсэн дээр манай нөхрийн найз Хүрэлсүхийн бригад ирж ажиллахаар болсон. Эхний өдрөө ирж уулзаад урьдчилгаа мөнгөө тохиролцож маргааш нь 9 цагаас ирж ажиллахаар болсон. Миний ажлын цаг 9 цагаас эхлэх байсан. Өглөө ажилдаа ирэхэд Хүрэлсүхийн бригадын ажилчид ажилдаа ирээд тус бүрийн ажлаа хийгээд байж байсан. Би араас нь очиж хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэрт ажилчдаар гарын үсэг зуруулсан. Өдөр 12 цагийн үед ажилчид бүгд хоолондоо орчхоод 13 цагийн үед буцаад ажлын талбайдаа гарсан. Үдээс хойш 4-5 цагийн хооронд кранаар яагра өргөх ажил гүйцэтгэх гэж байсан. Каранист нь өөрөө ирнэ гэж байсан боловч ирэхээргүй болоод Ууганбаяр захирал өөрөө каранаа барихаар болсон. Каранаа ажиллуулаад ханыг нь дээшээ өргөж өгөөд бэхэлгээг нь хийлгүүлээд байж байсан. Каранаа ажиллуулж байхдаа Ууганбаяр захирал манай нөхөртэй утсаар ярьж дохилцсон. Тэгээд хана өргөх ажил гүйцэтгэж дуусаад зүүн урд талын баганы бэхлэгээ үлдээд мужаан Хүрэлсүх багана дээр зүүгдчихсэн байсан. Бэхэлгээгээ хийчхээд дээшээ гарах гэж байгаад доош унасан. Тэрийг нь Ууганбаяр захирал бид хоёр харсан. Тэгээд бид эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Дараа нь цагдаагийн байгууллага ирсэн. Хохирогчийг түргэний эмнэлэг рүү авч очсон байхад нь бид нар араас нь очсон. Хэрэг гарах өдөр ийм зүйл болсон...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ 09 цаг өнгөрч байхад очих үед ажилчид ажилдаа гарсан байсан. Тэгээд би араас нь барилгын талбай дээр очоод хүн бүрт өдөр тутмын зааварчилгаа өгдөг дэвтэр дээр зааварчилгаа зуруулсан юм. Тэгээд 17 цаг өнгөрч байхад хохирогч Г.Хүрэлсүх барилгын 5 давхраас унаж гэмтсэн юм. …Г.Хүрэлсүх-д хүн зодож цохиж учруулсан асуудал байхгүй. Г.Хүрэлсүх нь барилгын ажил хийж байгаад унаж гэмтсэн юм. Миний буруутай үйл ажиллагаа гэвэл барилгын ажил эхлэх үед өдөр тутмын зааварчилгаа өгдөг дэвтэр дээр гарын үсэг зуруулаагүй, мөн аюулгүй ажиллагааны хэрэглэл хувцас өгөөгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-н 141-142/,

 

Хохирогч Г.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед гадна хэв хашмал өргөж байхад миний бэртэх үйл явц болсон. Хэв хашмал өргөх ажил гүйцэтгэхэд байгууллагаас надад зориулалтын бус хоёр зүйл өгсөн. Тэгээд тэрүүгээр нь өргөхөд хэв хашмал хазгай өргөгдөж байсан. Тэр үед Ууганбаяр каранаа өргөж байхад хазгай өргөгдсөн юмны нэг талыг нь өргөж байгаад нөгөө талыг нь тогтоосон. Нөгөө талынх нь түгжээ мултарсан. Би тэр үед түгжээ нь мултарсан учраас нөгөө талд нь очиж түгжээг нь хийх гэж байхдаа доошоо унасан. Хэв хашмалыг бүрэн тогтоож дуусаагүй байсан. Хэв хашмалын түгжээнүүд мултарсан байсан учраас эргүүлж хийж байхдаа унасан. Тэгээд би нэг мэдэхэд л гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Нурууны 1-5 дугаар үеийн няцралтай. Нугас 3 см задарсан. Хагалгаанд ороод гарж ирсний дараа нэг хөл мэдээгүй болсон. Одоо бааж, шээхэд хүндрэлтэй байгаа. Нуруу өвддөг. Компаниас 2020 оны 1 дүгээр сараас хойш надтай холбогдоогүй. Тэрнээс хойш өөрийн зүгээс 6.082.000 төгрөгийг гаргаж эмчилгээгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. Одоо боломжгүй болсон учраас эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 36 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Тухайн үед кранист нь мэргэжлийн бус хүн байсан бөгөөд Чинбаяр кранистын хажууд краны жолоочийн бүхээгийн хажууд зогсож байгаад Баасанбаттай утсаар холбогдож үйл ажиллагаа явагдаж байсан. Мөн краны нэг оосор нь урт, нөгөөх нь богино  нэг нь тросс, нөгөө нь уяа байсан болохоор өргөж байсан хавтан хазгай байсан учир би тогтоох доод тэнцвэрийг нь олж тогтоох зорилгоор тойрч тогтоох ажиллагаа хийхдээ ойчсон юм ...би тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Чинбаяраас үндсэн кранист хаачсан юм бэ гэхэд кранист нь байхгүй гэж хэлсэн ... Кранист Ууганбаяраас зориулалтын тросс, уяа байгаа юу гэхэд байгаа нь л энэ байна гэж хэлсэн ... Би Баасанбатын захиалгын дагуу ажил гүйцэтгэхэд сургалтад хамруулаагүй. Мөн ажил үүрэг гүйцэтгэж байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ямар ч зааварчилсан зүйл байхгүй. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй …Миний зүүн хөл чилээд өвдөөд байгаа. Нуруу хааяа таталт өгөөд байгаа. Одоо нэг таяг тулаад алхаж байгаа. Хөнгөнөөр болон хүндээр бие засахад жаахан хүндрэлтэй байгаа. Надад эмчилгээний зардлыг төлсөн. Та надад харуулсан Ганбаатар гэж хүний өгсөн мөнгөн дүн болох 12 сая гаран төгрөгийн эмчилгээний зардлыг өгсөн. Би 2019 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед барилгын ажил дээр ирээд ажилдаа гараад ажлаа хийж байхад өдөр 12 цагийн үед ХАБ хариуцсан ажилтан гэх Чинбаяр барилгын талбай дээр ирээд гарын үсэг зуруулсан. Барилгын зүгээс хамгаалах хэрэгсэл хувцас өгөөгүй. Өгсөн зүйл бол барилга дээр өмсдөг бээлий өгсөн. Би өөрийнхөө хувийн өндрийн хамгаалалтын бүс, касак /доргилтоос хамгаалах малгай/ зүүгээд өмсөөд гарсан. Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр барилга дээр бетон цутгах зориулалтын хавтанг доод давхраас салгаад дээд давхарт кранаар шилжүүлэх үед байрлуулж тогтоох ажил хийж байсан. Уналтаас хамгаалах дэгээ 2 байдаг нэг нь өөрийн биед байх бүсээ хийгээд кранаар өргөөд өгсөн хавтанг тогтоож байсан юм … Би өөрөөсөө ойр зуурын юм болох эм тариа, бензин зэрэг зүйл нийт 4 сая гаруй төгрөг зарлагадсан юм. Би энэ баримтаа Гантулга гэх мөрдөгчид өгсөн. Мөн цаашид дахин эмчилгээ хийлгэж эрүүл болмоор байна” гэсэн мэдүүлэг /1хх-н 31-35/,

 

Иргэний хариуцагч О.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад хэргийн талаар мэдсэн зүйл байхгүй. Тухайн үед би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахгүй байсан. Барилга угсралтын ажлыг Ууганбаяр захирал хариуцаж байсан...” гэв.

 

Гэрч Б.Баасанбатын “...Надад яг тогтсон ажил байхгүй. Хувиараа барилгын олдсон ажлыг хийдэг. Манай эхнэр О.Ч нь Р К ХХК-д хөдөлмөрийн хамгааллын ажилтан хийдэг ...Хүрэлсүх барилга дээр ажиллаад хоёр дах хоног дээрээ буюу 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байхад баригдаж байгаа барилгын 5 дугаар давхарт хана босгох ажил хийж байгаад доош уначихсан юм. Яг тухайн үед би Энхбаатарын  хамт 5 дугаар давхарт бэхэлгээний төмөр утсыг тастах ажил хийж байсан. Тэр үед Хүрэлсүх бид хоёр дээр ирчихээд  баганы хажуу талын түгжээг хийнэ гээд явсан. Тэгээд удалгүй хүмүүс орилолдоод явчихаар нь гайхаад хартал Хүрэлсүх уначихсан байсан... ХАБЭА-н инженер ажилчдад өглөө ажилд гарахад нь аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар танилцуулж дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг. Хүрэлсүхийг мужааны ажил хийлгэхээр хоорондоо тохиролцож ажилд авч ажиллуулж байсан юм. ... Кран дээр Ууганбаяр гээд манай гүйцэтгэх захирал ажиллаж байсан. Би тухайн үед утсаар Ууганбаяртай шууд ярьж холбогдож байсан. Уг нь бол дохиогоор холбогдох ёстой байсан. Тухайн үед утсаар яриад холбогдох нь амар байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-87-89, 90-91/,

 

Гэрч Б.Баянжаргалын “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг орчим байх би барилгын гадна хашаанд төмөр арматурын бэлдэц бэлдэж байсан чинь гэнэт хүмүүс орилолдоод явчихаар нь гайхаад очоод харахад барилгын зүүн урд талд хүн уначихсан байсан ... тэр бригадын хүмүүсийг хэн хариуцаж ажиллаж байсныг мэдэхгүй.  Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах дэвтэр дээр өглөө ажилд гарахад нь гарын үсэг зуруулаад гаргадаг...” гэсэн мэдүүлэг /1хх-92-94/,

 

Гэрч Б.Энхтүвшиний “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим баригдаж байгаа ажил дээр тус тусын ажлаа хийж байсан... тэгээд нэг хэсэг амарч байтал доороос төмрийн бэлдэц хийж байсан залуу “доошоо хурдан буу танай нэг хүн чинь барилга дээрээс уначихлаа” гэж хэлэхээр нь бид доошоо буутал Хүрэлсүх уначихсан байсан ... цус нөж гарсан зүйл харагдаагүй. Тэр үед ажлын гадуур цамцтай, ажлын өмдтэй, пүүзтэй, ажлын каск бээлийтэйгээ байсан. Ажлын бүс нь дэгээ хийдэг гогцоогоороо тасарчихсан байсан. Дэгээ төмөр нь дээр бэхэлгээндээ үлдчихсэн байсан ... Хүрэлсүх манай бригадыг ахалж ажилладаг. Тэр барилга дээр ажиллаж байхад ХАБЭА-н инженер аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар бид нарыг ажилд гарчихсан байхад араас ирж  дэвтэр дээр гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-95-97/,

 

Гэрч О.Нармандахын “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хүрэлсүх ах бид нар Сүхбаатар дүүргийн 11 хороо 100 айл ахмадын хотхоны баруун талд баригдаж байгаа барилга дээр 5 хоногийн хугацаатай ажиллаж байсан ...би Баасанцэрэн, Гансүх, Энхтүвшин бид 4 барилгын баруун талын буланд хэсэг амраад байж байсан чинь доороос хүмүүс орилолдоод эхэлсэн ба бид нар доошоо буухад Хүрэлсүх ах уначихсан байсан ...Тэр барилгын ХАБЭА-н инженер бид нараар гарын үсэг зуруулаад байсан. Хүрэлсүх ах манай бригадыг ахалж ажилладаг. Тэр компаниас бид нарт хамгаалалтын хувцас хэрэгсэл тусгай багаж зэрэг огт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1хх- 98-100/,

 

Гэрч Ж.Баасанцэрэнгийн “...Манай бригад Сүхбаатар дүүргийн 11 хороо 100 айл ахмадын хотхоны баруун талд баригдаж байгаа барилга дээр 5 хоногийн хугацаатай ажиллаж байсан ... бид нар доошоо буухад Хүрэлсүх ах уначихсан байсан ... Би Хүрэлсүх ахыг унахыг хараагүй. Уначихсан байхад нь очиж харсан ... бид нар анх 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр очсон ба анх очиход бид нарын нэрийг тэмдэглэж авсан. Маргааш нь 19-ний өдөр бид нарыг өглөө ажилдаа гарсны дараа ХАБЭА-н инженер гэх эмэгтэй  хөдөлмөрийн дэвтэр дээр гарын үсэг зуруулаад яваад байсан. Тэрнээс биш амаар заавар зөвлөгөө өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1хх- 101-103/,

 

Гэрч У.Энхбаатарын “...Тэр барилга дээр нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 орчмын үед очиход барилгын талбайд хоол цай хийдэг бололтой гэр, мөн барилгын зураг өлгөсөн байсан. Тэгээд Баасанбаттай Хүрэлсүхийг уулзах үед би хамт байсан бөгөөд 4-5 давхрын ажил хийхээр тохиролцсон ба бидний зүгээс каск, хамгаалалтын бүс, багаж хэрэгсэл байгаа эсэх талаар асуухад Баасанбат эхнэртэйгээ “Манай компанийн зүгээс ажлын багаж хэрэгсэл өгөх боломжгүй өөрсдөөсөө аргалчих” гэсэн ба каск үзүүлээд 2-3 каск байгаа гэж өгсөн ... ажилд гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, сургалт зөвлөгөө өгөөгүй.  Ямарваа нэг хөдөлмөрийн аюулгүй байдал хангах багаж хэрэгсэл өгөөгүй ...Тухайн өдрийн ажил дуусаад маргааш өглөө нь 09 цаг гэж очиход нэг ч хүн байгаагүй ...Өдөр 12 цагийн орчим Баасанбатын эхнэр цаг бүртгэлийн дэвтрээ авч ирээд гарын үсэг зуруулаад аваад явсан ... Кран дээр болохоор захирал нь ХАБЭА-н ажилтантайгаа байсан. Ханыг өргөх үед  Баасанбатын эхнэр буюу ХАБЭА-н ажилтан утсаар залгаж эхнэр нь цаашаа оператортаа хэлээд байсан ...уг ханыг босгох гадна ажлыг хийхэд хамгаалах талбай, тавцан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг огт  хангаагүй, эсрэгээрээ хамгаалах тавцан эрсдэлтэй унах магадлал их өндөр байсан. Мөн крантай утсаар холбогдож ойлголцох хүндрэлтэй байсан ...Гадна талд бэхэлгээ хийх ажлыг Хүрэлсүх хийж байсан нэг мэдэхэд Хүрэлсүх газар уначихсан байсан ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Өндрийн болон чөлөөт уналтын талбайг цэвэрлээгүй, шууд тэмдэглэгээ байхгүй, ослын хамгаалалтын гарц татагдаагүй ...Ажлын эхний өдөр хана босголтын ажил хийхэд хүндрэлтэй, аюултай юм байна шүү дээ гэхэд “өөр материал байхгүй, аргалаад хийхээс  өөр аргагүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-28-29/,

 

Гэрч У.Энхбаатарын “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр оройн 19 цагийн үед Загвар гэр хороолол хөгжил төслийн барилга дээр ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч бригад барилгын зүүн урд талын 5 дугаар давхрын  ханыг баганатай бэхлэх ажил гүйцэтгэж байсан. Тухайн үед бэхэлгээ хийж ажиллаж байсан ажилтан Хүрэлсүх 5 дугаар давхраас унасан юм. Унах үеийг нь ХАБЭА-н инженер Чинбаяр бид хоёр гадаа барилгын ажлыг харж байсан болохоор Хүрэлсүхийн унахыг харсан ...Шалтгааныг нь бол бүсэлхийн хэсгийн бүсний хэсгийн түгжээ нь мултарсны улмаас доош унасан гэж ойлгож байгаа ... манай ХАБЭА-н инженер Хүрэлсүхийг түгжээгээ бүрэн гүйцэд чангалж түгжээгүй сул ажиллаж байсан гэж надад хэлсэн ...Хүрэлсүх манай компанийн үндсэн ажилтан бол биш. Туслан гүйцэтгэгч бригадын ажилтан гэж ойлгосон. Хүрэлсүхийг оролцуулаад  6 хүн барилга дээр  хоёр дахь өдрөө ажиллаж байсан ... Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, өндөрт ажилладаг бүх хэрэгсэл каск, бүс, ажлын хувцас , гутал зэрэг хэрэглэл бүгд өөрийнх нь хувийн хэрэгсэл байгаа юм. Ажилд гарахын өмнө бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаад зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж ажилд нь гаргасан гэж ХАБЭА-н инженер надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-116-118/,

 

Гэрч М.Ганбаатарын “...“Алтан горхи” ХХК-ний нэрээ бүртгүүлж шалгаруулалтад оролцож ялж “Гэр хорооллын бүтцийн газар”-аас “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар”-т 201.07.16 4/399 дугаартай барилга барих зөвшөөрөл олгоно уу гэсэн бичиг өгөөд би холбогдох байгууллагаар 1 жил гаруй явж бичиг баримт бүрдүүлээд барилга барихаар болсон юм …Би барилга бариулахдаа барилга барих тусгай зөвшөөрөлтэй “Рапид харш” гэсэн нэртэй компаниар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 18 дугаар гудамжны 5а, 5б тоот гэрээ хийгээд бариулсан. Би тухайн үед гэрээ хийсэн. Энэ хэрэг болсны дараа “Рапид харш” ХХК-ний менежер Ууганбаяр гээд залуу ирээд надаас авсан юм. Тухайн үед тэр компанийн хүмүүс мэргэжлийн хяналтаас шийдвэр гарвал шийднэ гээд байгаад байсан. Тэгэхээр би тэгж бодохгүй ямар ч байсан хүнийхээ эмчилгээнд анхаарна. /Хохирогчийг би танихгүй/ тэгээд би хохирогчийн эмчилгээний төлбөрийг тухай бүрд Ууганбаяраар явж төлүүлээд баримтуудыг аваад байсан юм. Одоогийн байдлаар надаас эмчилгээний төлбөр болох 12.079.722,60 төгрөг өгсөн байгаа … Би хохирогчийг гэмтсэн өдрөөс эхлээд санаа тавьж эхэлсэн …Намайг энэ хохирогчид анхаарал тавихгүй байх үед “Рапид харш” ХХК-ний хүмүүс анхаарлаа сулруулаад байдаг юм...” гэсэн мэдүүлэг /2хх-147-148/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7407 тоот актын “…Г.Хүрэлсүхийн биед бүслэхийн 1-р нугалам, сээрний 12 нугалмын бяцарсан хугарал, нугас, хатуу хальс, нурууны булчингийн няцрал, урагдал, нугас дарагдал, зүүн 1-р хавирганы хугарал, уушгины няцрал, плеврын хөндийн хий шингэн хуралт, баруун бөөрний голомтлог няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр өндрөөс унах үед үүсгэгдэнэ. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна..." гэсэн дүгнэлт /1хх-52/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-77/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-41/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-13/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3хх-12-13/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.Ч нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Р К” ХХК-ийн гүйцэтгэлтэй “Загвар гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд барьж байгаа 45 айлын  орон сууцны  барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар үүрэг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1./Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.2 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Бетон ба төмөр бетоны ажлын 7.2 /Тухайн давхрын хана, каркасын хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина. Доод давхруудад барьсан хамгаалалтын хашлагыг гадна ханын өрөг өртөл буулгахыг хориглоно/, 7.3 /Хэв барих арматур зангидах, бетон цутгах ажил гүйцэтгэхэд, хэвний хажуугаар зорчиход зориулсан тавцан засаж, ажилчдын аюулгүй ажиллагааг хангана/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас туслан гүйцэтгэгч бригадын ажилтан хохирогч Г.Хүрэлсүх нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд уг барилгын 5 давхарт барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаад унаж улмаар түүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Хүрэлсүх, гэрч Б.Баасанбат, Б.Баянжаргал, Б.Энхтүвшин, О.Нармандах, Ж.Баасанцэрэн, У.Энхбаатар, О.Ууганбаяр нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №7407 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Ч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.Чын хохирогч Г.Хүрэлсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй хэдий боловч түүний дээрх үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 8-т “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зохицуулсанд хамаарагдаж байна.

Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Чт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Хүрэлсүх нь эмчилгээ, сувилгааны зардалд 6.151.111 төгрөг, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс эмчилгээний зардал болох 6.161.111 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчид учирсан бодит хохирлын нэхэмжлэлийг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд харин хохирогч нь Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол цалин хөлс нэхэмжлэх, хөлсөөр ажиллаж байсан бол гэрээнд заасан зүйлийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь “Р К” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр ажил гүйцэтгэж байсан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бол цалин хөлс, түүнтэй адилтгах орлого буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан бол тухайн гэрээнд заасан дүн түүнээс үүссэн хохирлыг шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй тул шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд хохирогчийн 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилсэн нэхэмжлэлийг, мөн сэтгэл санааны хохирлыг шүүхээс дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар яаж хохирсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх 2 нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролд өмгөөллийн хөлс хамаарахгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар Иргэний хариуцагч “Р К” ХХК-аас дээрх 6.161.111 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хүрэлсүхэд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны улаан өнгөтэй 47 хуудас дэвтрийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                          

 

            1.Шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Чт холбогдох эрүүгийн 1909020420594 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 505, 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Р К” ХХК-аас 6.151.111 төгрөгийн гаргуулж хохирогч Г.Хүрэлсүхэд олгосугай.

 

4.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны улаан өнгөтэй 47 хуудас дэвтрийг хэрэгт хавсаргасугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР