Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02098/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр          Дугаар 101/ШШ2017/01752           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 25-42 тоотод оршин суух Боржигон овогт Т.Б/РД:ЙЮ90040204/-ийн нэхэмжлэлтэй,

                 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Сургуулийн гудамж, 1886 тоотод оршин суух Малиг овогт Д.Б /РД:ВЗ88092811/-д холбогдох, 

  

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Д.Б-тэй 2007 онд Өвөрхангай аймагт танилцаж 2008 оны 05 дугаар сард Д.Б-г цэрэгт явахад би 4 сартай жирэмсэн байсан бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрж охин Б.А-г төрүүлсэн. Энэ үед Д.Б цэрэгт байсан бөгөөд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдээ би өөрөөрөө овоглосон. Ингээд Д.Б 2009 оны 05 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Үүнээс хойш бид Өвөрхангай аймагт манай аав ээжийнд хэсэг хугацаанд амьдарч байсан ба 2011 оноос бид хотод ирж байр түрээлэж амьдарч байсан. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бага охин Б.Н төрсөн ба бид 2014 оны 06 дугаар сард гэр барин амьдарсан. Гэтэл Д.Б нь өнгөрсөн хугацаанд байнга гар хүрдэг байсан бөгөөд гадуур олон хоногоор явж алга болдог, архи ууж агсан согтуу тавьж зовоодог байсан  ч миний бие түүнийг засрах болов уу гэж итгэж хүлээсээр өдийг хүрсэн. Гэтэл засрах байтугай зан авир нь улам бүр харгис хэрцгий болж өөрийнхөө амийг хорлоно хэмээн өөрийн гараа заазуураар зүсдэг, толгой дээрээ буцалсан ус хийдэг болж эхэлсэн. Хамгийн сүүлд намайг зодож эрүүг гэмтээсэн. Охин бид хоёрыг унтаж байхад үүрээр орж ирээд биднийг зодсон. Ингээд миний бие цаашид энэ хүнтэй айл гэр болон хамтран амьдрах боломжгүй болсон тул түүнийг том охин Б.А-н эцэг болгохыг тогтоолгож, Б.А болон Б.Н нарт эцэг Д.Б-с тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

    

Хариуцагч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Б-д холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.Б  нэхэмжлэлийн шаардлагыг маргахгүй байна.  

           

Зохигчдын дундаас 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Б.А, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Н нар төрсөн болох нь төрсний гэрчилгээгээр нотлогдож байна /хх-7, 8/. Охин Б.А-н төрсний гэрчилгээнд эцгийн нэр бичигдээгүй байх ба хариуцагч Д.Б өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасныг баримтлан хариуцагчийг охин Б.А-н эцэг мөн болохыг тогтоох үндэстэй.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч Д.Б хүүхдүүддээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул хуульд заасан хугацаа, хэмжээгээр охин Б.А, Б.Н нарт эцэг Д.Б-с тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.А-н эцэг Д.Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.А, 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Н нарт тус бүрт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА