Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 31

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                                        Прокурор Д.Ганцэцэг

                                                        Өмгөөлөгч Р.Шүрхүү

                                                        Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцгээ, Б.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/131 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.М-д холбогдох эрүүгийн 1826001420086 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Адуучин овогт Г.М

Г.М нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Х.Б-н цээжний баруун доод хэсэгт хутгаар дүрж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх, Г.М-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнд гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Г.М-д оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Б-д хохирол төлбөрт 1 970 000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь 8.5 см, ажлын хэсэг нь 6 см нийт 14.5 см урттай цагаан өнгийн эвхэгддэг хутга, саарал өнгийн фудволка тус тус 1 ширхэгийг устгаж, рентген зураг 1 ширхэгийг хохирогч Х.Б-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтооолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Р.Шүрхүү нь давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/131 тоот шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэрэгт холбогдсон Г.М нь хэрэг үйлдэх үедээ 18 нас хэдэн хоногтой байсан. Шүүхээр шийдвэрлүүлэх үедээ ч 19 настай буюу 21 нас хүрээгүй өсвөр насны хүүхэд байсан.

Гэтэл анхан шатны шүүх Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг хэрэглэсэнгүй. Эдгээр заалтууд нь Г.М-д бүрэн хамаарагдах боломжтой. Учир нь Г.М-д тохиолдлын чанартай нөхцөлд хэрэгт холбогдсон, хохирогч нь баримт гаргаж өгөөгүй байхад эмчилгээний зардлын мөнгийг төлсөн, хохирогч Г.М-д хөнгөн ял оногдуулах хүсэлт гаргасан. Шүүгдэгчийн хүсэлт, шүүгдэгчийн насны байдал, хувийн нөхцөл байдал бусад нөхцөл байдлууд нь түүнд цөөхөн жилийн ял оногдуулж, түүнийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих боломжтойг анхаарч үзнэ үү.

  Давж заалдах шатны шүүхэд хүсэлт болгоход: Г.М-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -т зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна.... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.М-д холбогдох эрүүгийн хэрэг, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Уртын хороо 05-р гудамжинд Х.Б-н цээжний баруун доод хэсэгт хутгаар дүрж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Б-н  “...намайг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал ... Л.А, Г.М 2 манайд орж ирсэн... Л.А-н төрсөн өдөр гэхээр нь  мөнгө өгөөд дэлгүүр орж ... бид  3  нэг ширхэг 2,5  литрийн Нийслэл нэртэй пиво авч хувааж уусан... Би гэртээ хариад хувцсаа угаачихаад байж байтал  Л.А Г.М, Ц 3 манайд ирсэн...  би 10000 төгрөг өгөхөд Л.А Г.М 2 дэлгүүр орж  2 ширхэг Харзтай нэртэй архи авчирсан... нэг архийг нь бид 4 хувааж уусан. Нөгөө архийг уугаагүй... бид 4 хашааны үүдэнд гарахад  Ц  миний дуран алга  болчихлоо, танайд байгаа, чамд дурангаа гаргаж үзүүлсэн гээд над руу дайраад байхаар нь гэрт орж үз гээд үзэхэд  дуран нь байхгүй байсан... тэгтэл  Ц надаас уучлалт гүйгаад  намайг тэврээд  барьж байсан хутгаа газар шидчихээд  мотоцикльтэй хүний араар сундлаад явчихсан... Г.М  Ц-н  газар шидсэн  хутгыг  очиж аваад  куртикныхаа  халаасанд эвхээд хийчихсэн. Г.М их согтуу ... надаас хэрүүл  гуйгаад дурангийн асуудлаас болж хэрэлдэж маргалдаад  бид бие биенийгээ түлхсэн. Г.М намайг цохиод авахаар нь би хоёулаа маргааш  эрүүл болохоороо ярилцъя гэхэд цаанаас Л.А гүйж ирээд  ... болиоч гээд татахад Г.М халааснаасаа нөгөө хутгаа гаргаж ирээд миний цээжин хэсэгт хутгалсан. ...” /хх-ийн 15-17х/ гэсэн

Гэрч Л.Б  “...Х.Б хашааны хаалгаар орж ирээд гэрийн үүдэнд эгчээ намайг хүн хутгалчихлаа гэхээр нь би хэн хутгалсан юм бэ? гэхэд Г.М хутгалчихлаа гэж хэлсэн. Намайг хашааны хаалгаар хүү Л.А-г дуудахад   Ц явчихсан байсан ... Г.М, Х.Б хоёр  хэрэлдээд байгаа бололтой байсан” /хх-ийн 124-25х 43х/ гэсэн,

Гэрч Л.Х “...Х.Б манай гэрт орж ирээд Г.М хутгалчихлаа гэхээр нь хаана байна вэ? гээд үзэхэд түүний цээжин хэсэгт хутгалчихсан цус гарчихсан байсан.  ...Ц хутгатай явж байсан тэр хутгалчихсан юм биш үү? гэхэд Г.М намайг хутгалчихлаа гэж хэлсэн ...” /хх-ийн 26-27х/ гэсэн мэдүүлгүүд болон гэрч Л.А /хх-ийн  28-29х/,  Б.С /хх-ийн 30-31х/, Д.Ж /хх-ийн 32-33х/, Д.А /хх-ийн 34х/, Д.С /хх-ийн 35х/, Г.О /хх-ийн 36-37х/, Б.О /хх-ийн 38-39х/ нарын мэдүүлгүүд,

“... Х.Б  биед цээжний  баруун  доод хэсэгт  цээжний  хөндий  нэвтэрсэн  шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  ир үзүүр бүхий  хүчин  зүйлийн  үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой....Дээрх гэмтэл нь  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэсэн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн 187 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон, Г.М-н гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхээс Г.М-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэжээ.

Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд  анхан шатны шүүхээс Г.М-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл,  учруулсан хор хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан дурдсан зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доош татан 3 жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Г.М-н  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

  Г.М нь 18 насанд хүрсэн үедээ хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгч Р.Шүрхүүгийн Г.М-д оногдуулах ялыг  Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -т зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ялыг нь  эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн Г.М-н өмгөөлөгч Р.Шүрхүүгийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно

Г.М нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Г.М-н өмгөөлөгч Р.Шүрхүүгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс Г.М-н  цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.