Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0637

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Нэхэмжлэгч: Ж.Э

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргаас хуваарилсан орон сууцыг балансаас хасахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, хүлээлгэж өгөхийг даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Д.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/1048/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Э нь Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргаас хуваарилсан орон сууцыг балансаас хасахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, хүлээлгэж өгөхийг даалгуулах”-аар маргасан байна

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаар шийдвэрээр: “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байрны 1 дүгээр давхрын 3 өрөө 31 тоот орон сууцыг балансаас хасахгүй байгаа Баянгол дүүргийн Засаг дарга, Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон сууцыг балансаас хасаж, Ж.Э-т хүлээлгэж өгөхийг хариуцагч нарт даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-д Нийслэлийн төрийн байгууллагуудын эд хөрөнгийг акталж данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, иргэнд шилжүүлэх болон санхүүгийн тайлангаас хасахад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, түүнийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал зэргийг үндэслэхээр заасан.

 

3.2. Маргаан бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хорооны хуучин байр болох тус хорооны 18 дугаар байрны 3-31 тоот байрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид шилжүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тус төрийн байгууллагын өмчид бүртгэлтэйгээр, төрийн үйл ажиллагаанд зориулан ашиглаж байна.

 

3.3. Иргэн Ж.Э-т маргаан бүхий байрыг эзэмшүүлэх тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаал байдаггүй. Харин нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар захирамжийг гаргаж төрийн байгууллагын өмч хөрөнгийг иргэнд шилжүүлсэн.

 

3.4. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хот, тосгоны захирагч нь хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль, тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилна.” гэж заасан. Тухайлбал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-д заасан үндэслэл, журмын дагуу зохицуулахаар тусгасан.

 

3.5. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байхгүй тухайд дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх маргаан бүхий орон сууцанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, эрүүл мэндийн газрын захиалгаар баригдах өрхийн эмнэлгүүдийн байршлыг тогтоож, улмаар нийслэлийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Барилгын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 261 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны 14б байрны зүүн урд талд байршуулан 0.02 га газрыг эзэмшүүлэхээр, мөн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 217 дугаар захирамжаар “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгатай нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байр”-ны цогцолборын барилгын байршлыг тогтоон, газар эзэмшүүлэх эрхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт олгож, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар захирамжаар иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор ...“Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байр”-ны цогцолборын барилгын байршлыг мөн тогтоож тус тус шийдвэрлэжээ.

 

2.2. Ийнхүү иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байр бий болгох ажил хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Суларсан өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн байрыг хуваарилах тухай” 585 дугаар захирамжаар нийслэлийн дүүргүүдэд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга шинээр баригдан ашиглалтад орж, хуучин барилгуудаас суларсан дан барилга болон орон сууцны байруудыг иргэд, байгууллагад олгох хуваарийг хавсралтаар баталсан бөгөөд тус хавсралтад Ж.Э-т Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрлаж байсан 18 дугаар байрны 1 давхрын 3 өрөө орон сууцыг иргэдийн орон сууцны дарааллын 1 дүгээрт хуваарилахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

2.3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж, 20 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилна” гэж тус тус хуульчилсан.

 

2.4. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дүгээр “Ахмадын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 3-ийн б/-д ...шаардлагатай зарим зардлыг орон нутгийнхаа төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг аймаг, Нийслэлийн Засаг даргад г/-д орон гэргүй ахмадуудын судалгааг нарийвчлан гаргаж, ахмад дайчид, нэн ядуу ахмадыг гэр, орон байраар хангах талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг” даалгасан,

Мөн Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн 1. Нийтлэг үндэслэл-д ...хүн амын зарим хэсгийг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар орон сууцтай болгох зэрэг ажлыг зохион байгуулж байгаа... , 7. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутгийн хөгжил, иргэдийн аж амьдралын байдалд зохицсон дэд хөтөлбөрийг Орон сууц үндэсний хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан зохицуулах ажлыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцна. Аймаг, нийслэлд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөлийг тухайн Засаг даргаар ахлуулан холбогдох байгууллагын төлөөлөлтэйгөөр байгуулна” гэж, 2005 оны Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална”, 8 дугаар зүйлийн 8.3.3-д “аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, энэ талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ахмад настанг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэх хууль, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

 

2.5. Иргэн Ж.Э нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 38 жил ажилласан, Монгол Улсын Төрийн соёрхолт эмч байх бөгөөд түүний улсад ажилласан хичээл зүтгэлийг үнэлж, эрх бүхий этгээдээс маргаан бүхий орон сууцыг хуваарилсан учир нэхэмжлэгчээс тус байрны асуудлыг шийдвэрлэж өгөх талаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, 2019 оны 12 дугаар сарын 01, 2020 оны 06 дугаар сарын 08, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өмчийн ашиглалт, удирдлагын газарт, 2021 оны 05 дугаар сарын 12, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Засаг даргад, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад болон тус газрын Өмчийн хяналт, ашиглалт, дотоод аудитын хэлтэст тус тус хандсан байх бөгөөд нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг өргөдөл, гомдлын М210513016, М210726005, М210706010 дугаарт бүртгэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан “Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина” гэсний дагуу холбогдох хариуг тухай бүр өгч байжээ.

 

2.6. Анхан шатны шүүхээс “...хуулиар хотын өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилах бүрэн эрхийг хотын захирагчид олгосон, энэ эрхийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх нь доод шатны засаг захиргааны нэгжийн үүрэг болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нийслэлийн өмчийг захиран зарцуулах эрхийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосноор Нийслэлийн Засаг дарга харьяа өмчийн асуудал хариуцсан агентлагаараа дамжуулан хэрэгжүүлэхээр байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

2.7. Учир нь төрөөс дээр дурдсанчлан “Хороодын хөгжлийг дэмжих жил” ажлын хүрээнд 2006 оноос Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн байртай болгохоор холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор энэхүү хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо буюу ажлын алба байрлаж байсан маргаан бүхий 3 өрөө орон сууцыг тус дүүргийн мэдэлд шилжүүлсэн, улмаар хорооны байр ашиглалтад орж 2014 онд маргаан бүхий байрнаас нүүсэн учир ийнхүү суларсан байрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар захирамжийн дагуу Ж.Э-т олгох үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

2.8. Өөрөөр хэлбэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар захирамжтай маргаагүй төдийгүй уг асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон хурлын Тэргүүлэгчид албан ёсоор хандаж байгаагүй атлаа дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 62.1.1-д “хууль тогтоомж...харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Энэ талаар “...орон сууцыг иргэнд хуваарилсан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хуульд нийцээгүй гэх хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга, Тамгын газрын тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байх тул дээд шатны Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэрээр иргэнд хуваарилсан орон сууцыг балансаас хасахгүй байгаа Баянгол дүүргийн Засаг дарга, Тамгын газрын эс үйлдэхүй хууль бус байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. 

 

2.9. Түүнчлэн 2017 онд батлагдсан Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ахмад настан хүнс тэжээл, орон байраар хангагдах... нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй...” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Бүх шатны Засаг дарга ахмад настныг дэмжих талаар дараахь үүрэг хүлээнэ” гээд 14.5.2-т “сум, дүүргийн Засаг дарга ахмад настны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настныг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх...” гэж заасан байх бөгөөд хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас энэхүү зохицуулалтын хүрээнд нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Э-т маргаан бүхий байрыг хүлээлгэн өгөх замаар энэ хуульд заасан үүргээ биелүүлэх боломжтой байжээ.

 

2.10. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн дээрх орон сууцыг суллаж Ж.Э-т хүлээлгэж өгөх талаар

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/2490 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн орон сууцны дарааллын дагуу иргэн Ж.Э-т ...орон сууцыг хуваарилсан байна. Энэхүү захирамж нь хүчин төгөлдөр байгаа тул захирамжийн хэрэгжилтийг хангаж уг орон сууцыг тайлан балансаас хасаж хүлээлгэж өгнө үү” гэж,

- Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1688 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар захирамжаар хуучнаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо байрлаж байсан 18 дугаар байрны 3-31 тоот орон сууцыг иргэн Ж.Э-т хуваарилан манай байгууллагын балансаас хасагдсан байна. Иймд танай газар...тус байрыг... иргэн Ж.Э-т хүлээлгэн өгч захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж...хариуг мэдэгдэнэ үү” гэж,

- мөн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4//432 дугаар албан бичгээр “...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 585 дугаар захирамж нь орон сууцыг санхүүгийн тайлан балансаас хасах шийдвэр болох тул захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж дээрх хөрөнгийг данснаас хасах тухай тушаалын хуулбарыг...ирүүлэн, иргэн Ж.Э-т тус орон сууцыг актаар хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг үүгээр мэдэгдье” гэсэн албан бичгүүдийг Баянгол дүүргийн Засаг даргад тус тус хүргүүлсэн байхад хариуцагч Засаг дарга нэхэмжлэгч иргэнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн өгөх эсэх талаарх асуудлыг зохих хурал болон Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх эсхүл хүчин төгөлдөр шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнчлэн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй этгээдийн хувьд эрх хэмжээний хүрээнд асуудлыг үйл баримтаар нь судлан шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа тухайн хөрөнгийг иргэн Ж.Э-т шилжүүлж өгөөгүй нь хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

2.11. Энэ нь нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмын дагуу төрийг төлөөлж буй Засаг дарга нь хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд Дээд шатны Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн орон сууцыг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны барилгын болон газрын асуудлыг шийдвэрлэсэн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бодитоор хэрэгжсэний дараах нөхцөлтэйгөөр нэхэмжлэгчид хуваарилсан байхад тус шийдвэрийг дүүргийн Засаг дарга биелүүлэхгүй байгаа нь иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны байгууллагын үйл ажиллагаанд харшилсан хууль бус эс үйлдэхүй болсон байна.

 

2.12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.

 

2.13. Мөн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 778 дугаар тогтоолоор шүүгч Д.Х нь ээлжийн амралтаа авч байгаа тул хэргийг шүүгч Т.М-д шилжүүлсэн боловч буцаан шүүгч Д.Х-д шилжүүлсэн зөвлөгөөний тогтоолгүй, мөн хавтаст хэргийн 208-214 дүгээр талд өөр хэргийн буюу тус хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хавсаргасан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 618 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...20 дугаар зүйлийн 20.1” гэсний дараа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА