Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1531

 

Ц.Ганзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00903 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ц.Ганзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                             Ц.Ганзул

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                     П.Еркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              Н.Батгэрэл  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ганзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн банкинд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын Үйл ажиллагааны эрсдэлийн хэлтсийн Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Тус банкинд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хариуцаж байсан ажил, албан тушаалаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас сүүлийн 8 улирлын турш ажлын гүйцэтгэлээ 98 хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. Мөн 2015 онд Монгол банкны Баярын бичгээр шагнуулсан. Төрийн банкинд ажиллаж байхдаа Банк санхүүгийн академиас зохион байгуулсан судалгааны ажлын уралдаан 2015 арга хэмжээнд амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэн. Монгол банкны нэрэмжит 2016 оны Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах уралдаанд оролцож судлаачдын төрөлд эцсийн шатны 7 бүтээлээр шалгарч, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр илтгэлээ олон нийтэд танилцуулж банкныхаа нэр хүндийг эерэгээр сурталчилж байсан. Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан “орон тоог цөөрүүлж, зардал бууруулах”-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” шалгалт авсан. Гэвч шалгалт авах тухай урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халсан, чөлөөлсөн тухай ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүйгээр ажлыг хүлээн авсан ба үүнээс хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй болно. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг Эрсдэлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт, Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” батлагдахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үнэлсэн байна. Мөн Эрсдэлийн удирдлагын газрын захирал Л.Идэрцогт, Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Д.Ганчимэг нар дөнгөж шинэ болсон, нэхэмжлэгчид огт хамааралгүй этгээд юм. Нэхэмжлэгчид “Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудас”-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 13 төрлийн шаардлагад огт хамааралгүй байна. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй газар, хэлтсийн захирлын үнэлгээ авцалдахгүй байна. Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Нэхэмжлэгч Ц.Ганзулаас авсан 30 асуулт бүхий сорилгоос 1, 7, 13, 20, 21 дүгээр асуултуудад нэхэмжлэгч зөв хариулсан байхад оноо өгөөгүй байна. 1, 7, 13, 20, 21 дүгээр асуултуудын хариулт алдаатай болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны нягтлан бодох бүртгэлийн заавар, Монгол банкны үйл ажиллагаа зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, Монгол банкны эрхлэн гаргасан Монгол улсын эдийн засгийн санхүүгийн салбарын тойм зэрэг баримтуудаар нотлогдоно. Ярилцлагын үнэлгээний хуудсаар үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, сар, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултанд ажилтан яаж хариулсан тухай тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй байх тул энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлт”-д комиссын дарга болон комиссын нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан нь “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 2.4-д “Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдаан нь гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэй болно” гэснийг ноцтой зөрчсөнийг анхаарах шаардлагатай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн 40.1.2-д заасан үндэслэлээр цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл энэ тухай мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан баримт байхгүй байгаагаас үзэхэд ажил олгогч дээрх үүргээ биелүүлээгүй, хууль бусаар ажилтныг ажлаас халсан гэж үзэж байна. Иймд Ц.Ганзулыг урьд эрхэлж байсан Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5.290.700 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Төрийн банк” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Төрийн банк” ХХК нь 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд хувьцаа эзэмшигч нь Сангийн яам, “Хадгаламжийн даатгалын корпораци” ТӨХХК байдаг. “Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А/352 тоот тушаалаар Төрийн банкны төв банкны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал шийдвэрлэж, уг тушаалын 1 дүгээр хавсралтаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн”-ийг, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа явуулах хугацаа, холбогдох мэдээлэл болон журмыг нийт ажиллагаанд хамрагдах ажилтнуудад урьдчилан хүргүүлж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг зохион байгуулж ажилласан. Гүйцэтгэх захирлын баталсан “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг 3 шалгуураар шалгахаар тогтоосон.

Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачлага, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг 1-5 онооны байдлаар дүгнэж, нийт 30 хувь, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ын үнэлгээ гэдэгт шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх байдлаар тухайн ажилтны мэргэжлийн онцлог, ажлын байрны онцлогийг тусгасан байдлаар үнэлж, нийт 30 хувь, Оролцоо, чанарын үнэлгээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, банкны зорилго, зорилт зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар, агуулга бүхий ярилцлага хийх, энэ нь 40 хувь хүртэлх оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан. Мөн комиссын 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов болон тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамрагдахыг зааж, харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, заавар, аргачлалыг баталж, ажилтнуудад мэдээлж ажилласан. Комиссын шийдвэрийн дагуу Ц.Ганзулын харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 2016 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдөр хийгдэж комисст хүргэгдсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Төрийн банкны Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийг хавсралтаар баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалтад Ц.Ганзул багтсан. Нэхэмжлэгч Ц.Ганзулд мөн энэ байдлаар мэдэгдэж, гарын үсэг зурсан байна. Мөн Мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээ нь урьдчилан гаргаж мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн ажилтнууд хамрагдсан. Мөн түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шаттайгаар зохион байгуулсан болно. Нэхэмжлэгчийн Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ 25.20 хувь, Мэдлэг ур чадвар сорилго 19 хувь, Оролцоо, чанарын үнэлгээ 15 хувь, нийт 59.2 хувийн үнэлгээтэй шалгагдсан. Сорилгын зөв хариулт 16 байсан ба яагаад 19 гэж үнэлснийг мэдэхгүй юм. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, “нэхэмжлэгч ажилдаа тэнцэхгүй болсон тухай” 1001100004 дугаар дүгнэлт гарч, Удирдлагын хороо, Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэгдэж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан. Дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1754 дугаар тушаал гарч Ц.Ганзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж шийдвэрлэсэн. Ц.Ганзулд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад нэхэмжлэгч гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг.  Гэсэн ч цагийн бүртгэл хийхгүйгээр тушаал гарах хүртэл хугацаанд ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй юм. Иймд Ц.Ганзулын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэв.

 

            Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ц.Ганзулыг “Төрийн банк” ХХК-д Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Төрийн банк” ХХК-аас 5.290.700 төгрөгийг гаргуулж Ц.Ганзулд олгож, Ц.Ганзулын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 99.601 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл давж заалдах гомдолдоо:.. Хавтаст хэрэгт авагдсан Гүйцэтгэлийн захирлын баталсан 2016 оны 11 дүгээр сарын 3-ны "Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам" болон Түвшин тогтоох ажиллагааны комиссын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02/02 шийдвэрийн хавсралтаар батлагдсан Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ хийх аргачлал, загварын хүрээнд хийгдсэн тул ямар нэгэн байдлаар дүрэм, журам, аргачлал, зааврыг зөрчөөгүй үнэлгээг, тухайн үнэлгээ дээр үндэслэж гаргасан Комиссын дүгнэлтийг өөрчлөх нь боломжгүй юм. Нөгөө талаар Ц.Ганзулын үнэлэгдэж байсан Ажлын гүйцэтгэлийн 95-99% нь доогуур биелэлттэй үнэлгээтэй, /Төрийн банкны үнэлгээний журам болон хавтаст хэрэгт авагдсан Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний маягтад дурдсан 100-109% бол зорилгодоо хүрсэн, 109 дээш бол Давуулан биелүүлсэн гэж үздэг/ Ерөнхий үнэлгээ нь 4 гэсэн оноогоор дүгнэгдсэн /хавтаст хэрэгт авагдсан Ажитны гүйцэтгэлийн үнэлгээний маягтад дээд үнэлгээ нь 5;6 байх боломжтой /гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл Ц.Ганзулын авч байсан үнэлгээнээс дээш 2 шатлал байгаа гэдгийг шүүх тооцоогүй байна. Мөн хэсгийн “нэхэмжлэгчийн мэргэжил, yp чадварын үнэлгээний талаарх комиссын дүгнэлтийн авч үзвэл газар, хэлтийн даргын үнэлгээ 25.20 хувь, нийт үнэлгээ 59.20 хувьтай гарсан ба газар хэлтсийн даргын үнэлгээ 27 хувьтай болоход нийт оноо үнэлгээ 61 хувьтай болон; улмаар нэхэмжлэгч ажил, албан тушаалдаа тэнцэхээр болж байна" гэсэн нь ямар дүрэм журам зөрчигдсөнийг шүүх буруутгаж үнэлгээ өөрчлөх үндэслэлтэй гэж үзсэн харагдахгүй байна. Мөн хэсэгт "Хариуцагч нэхэмжлэгчийн сорилгын зөв хариулт 16 байсан гэж тайлбартаа дурьдаж байсан ба комиссын дүгнэлтэд сорилгын үнэлгээ яагаад 19 гэж үнэлэгдсэнийг тайлбарлаж чадаагүй, энэ талаар мэтгэлцээгүй болно./ гэж дүгнэсэн бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн үнэлж, нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ц.Ганзулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ганзул нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ганзул нь хариуцагч “Төрийн банк” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус банкинд үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байх бөгөөд ажил олгогчийн 2016 оны 12 дугаар саарын 19-ний өдрийн Б/1745 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /1хх 5-10/

 

Ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1754 дүгээр тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримталж, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийг үндэслэжээ.  /1хх16/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А/352 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар сонгон шалгаруулалтын журам, түвшин тогтоох комисс, шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг батал, 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түшин тогтоох удирдамж, мөн өдрийн А/358 тушаалаар шалгалтад хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг батласан үйл баримт тогтоогдсон байна.

 /1хх 36-46/

 

Төрийн банкны ажилтны, ур чадварын түвшин тогтоох журмын 1.2-т заасны дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 аргаар дүгнэхээр,

3.4.2-т нийт 60-аас дээш оноо авсан тохиолддолд тэнцсэн, 60 хүртэлх хувь авсан тохиолдолд тэнцээгүй  гэж дүгнэхээр,

3.4.3-т комисс болон ХНГ нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны нэгдсэн тайланг баталгаажуулан удирдлагын хорооны хуралд танилцулахаар,

3.4.4-т комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтад хамруулах, /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно гэж тус тус заасан байна.

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 1431400415 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Ганзул нь 59.2 үнэлгээ авч мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. /1хх 80/

 

 “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон  мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь хууль, дүрэм, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд уг комиссын дүгнэлт нь хууль зөрчсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Ганзул нь “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 4.2-т заасан “Ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно” гэж заасны дагуу өөрийн үнэлгэний талаарх гомдлоо гаргаж байгаагүй байна.

 

Иймд Төрийн банкны ажилтны ур чадвар, түвшин тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн гаргасан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/352 тоот нэхэмжлэгч Ц.Ганзулыг ажлаас нь чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцсэн гэж үзнэ.

 

 Ажил олгогч байгууллагын томилсон комиссын дүгнэлт нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль зөрчсөн эсэх байдал нь тогтоогдоогүй, уг дүгнэлт нь хүчинтэй байна.

 

Анхан шатны шүүх “...Төрийн банкны түвшин тогтоох комиссын дүгнэлтийн нэг хэсэг болох хэлтсийн даргын үнэлгээ бодитой болж чадаагүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж нотлох баримтыг үнэлжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Түвшин тогтоох ажиллагааны комиссын шийдвэрийн хавсралтаар батлагдсан харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ хийх аргачлал, загварын хүрээнд хийгдсэн тул дүрэм, журмыг зөрчөөгүй” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ганзулын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/00903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Ганзулын “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Төрийн банк” ХХК-аас төлсөн 99.601 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНЗУЛ

                                      ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО