| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02852/и |
| Дугаар | 101/ШШ2017/02106/и |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2017/02106/и
| 2017 оны сарын өдөр | Дугаар 101/ШШ2017/ | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туул ферм 3-1а-4 тоотод оршин суух Хан овогт Ж.А /РД:ДО69062805/-ын хүсэлттэй,
Н.Б-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Н.Б-тэй 1197 оны 09 дүгээр сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Н, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т-г тус тус төрүүлсэн юм. Н.Б нь 2016 оны 01 дүгээр сард элэгний хавдраар өвчилж, хавдрын эмнэлэгт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хагалгаанд орж, цаашид асаргаанд байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Охин Б.Н, хүү Б.Т нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.А нь Н.Б-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үндэслэн Ж.А-н хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туул ферм 3-1а-4 тоотод оршин суудаг болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул тус шүүхэд хүсэлт гаргасан нь шүүхийн харьяалал зөрчөөгүй байна /хх-4/.
Мөн хүсэлт гаргагч нь охин Б.Н, хүү Б.Т нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон учир шүүхэд хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байна.
Ж.А нь 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Н, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Б.Т-г тус тус төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээгээр нотлогдож байх ба хүүхдийн эцгээр Н.Б бүртгэгджээ /хх-5, 6/.
Н.Б 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь 0000193011 дүгээр нас барсны гэрчилгээгээр тогтоогджээ /хх-5/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж тус тус заасан байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ж.А, Н.Б нарыг 1997 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Хан овогт Ж.А /РД:ДО69062805/-ыг Загаржав овогт Н.Б /РД:ХМ55080618/-тай 1997 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.А-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА