| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0078/э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Галбадрах,
Хохирогч З.Д
Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Бийн Сд холбогдох 2116000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд оршин суух хаягтай, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЕ....... регистрийн дугаартай, А овогт Бийн С,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Снь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхнэр З.Дийг зодож биед нь тархи доргилт, дух баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би гадуур явж байгаад ирэхэд Аийн эхнэр надтай ярья гэж манай эхнэр лүү хэд хэдэн удаа залгасан юм билээ. Тэгээд ярихад намайг утсаа нээгээдэх би зураг явуулъя гэхээр нь нээхэд зураг ирэхэд энэ юу болж байгаа юм гээд уурандаа эхнэрээ зодсон нь үнэн гэв.
Хохирогч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр нь залгаад би нөхөртэйгөө яриулаад FB-ээ асаагаадах гэхээр нь асаагаад тэр зургуудыг явуулаад тэгээд намайг цохисон. Тэгээд би эмнэлэгт ирж үзүүлсэн. Үүнээс л болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч З.Дийн мөрдөн байцаалтад өгсөн“...Б.Смалаас нь ирэхээр нь М чам руу залгаад байна гэхэд Мгийн утас руу залгахад М Facebook асаагаадах зураг явуулаадахъя гэх шиг болсон. Тэгэхэд манай нөхөр Б.СFacebook-ээ асаахад М миний нүцгэн зургийг явуулсан. Энэ юу болоод байгаа юм бэ, хэзээнээс ийм болсон гэж асуухад саяхнаас ийм асуудалтай болсон гэж хэлэхэд манай нөхөр Б.Снамайг 2 удаа дух орчим луу цохисон. Би босоод гэрийн хоймроо тойроод зугтахад Б.Сминий зүүн гар орчим бакалан гутал аваад шидэхэд зүүн гарын шуу орчим луу цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг сэрсэн чинь аймгийн эмнэлэг дээр сэрсэн. ...намайг манай нөхөр Б.Снь урьд өмнө огт зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-рт/,
Гэрч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн “2021 оны 07 сарын 07-оос 2021 оны 07 сарын 08-нд шилжих шөнө манай нөхөр Амарзаяа Улаанбаатар хотод хурдан морь уях ажлаар явж байсан ба манай найз З.Д гэдэг эмэгтэйтэй Facebook-ээр мессеж бичиж эхэлсэн надад тухайн мессежнүүд харагддаг. Д манай нөхөр лүү цээж нүцгэн турсиктай зургаа явуулаад, би чамд дассан гэсэн утгатай мессежнүүд бичээд байхаар Д рүү өөрөө Facebook-ээр явуулсан. Тэгэхэд хариу бичээгүй. Маргааш нь Б.Сийнутас руу ярихад эхнэр З.Д авахад Б.Сбайхгүй ирэхээр нь яриулъя гэсэн. Б.Сэнгээ над руу залгаж орж ирэхээр нөхөр Амарзаяа, Д хоорондоо харилцаатай болсон байна Facebook-ээ асаагаадхаач би зураг явуулъя гэхэд Б.СFacebook-ээ асаахаар Д, манай нөхөр Амарзаяа хоёрын мессежнүүдийг явуулсан. Тэгээд 10 минут орчмын дараа Б.Сяриад би З.Дийг цохисон чинь ухаан алдаад уначихлаа. Чи ирээд үзээдхээч гэхээр нь би тухайн үед Ковид өвчний тусгаарлалтад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-рт/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 сарын 12-ны өдрийн 249 дугаартай “...З.Дийн биед тархи доргилт, дух баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дийн биед учирсан тархи доргилт гэмтэл болон цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Снь Говь-Алтай аймаг Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр З.Дийг зодож биед нь тархи доргилт, дух баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Сүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч З.Д, гэрч Ц.Мгийн мэдүүлэг, З.Дийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 07 сарын 12-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Сийнмөрдөн байцаалтын шатанд яллагдагч болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч З.Д нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч З.Д нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Б.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Снь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д Б.Снь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Галбадрах нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Бийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хууль хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол болон эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА