| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0082/э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр,
Шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Ан Бд холбогдох 2116000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан 5 дугаар баг Цагаан нуур 0 тоотод оршин суух хаягтай, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ТА00000 регистрийн дугаартай, М овогт А-н Б,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Бнь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ны засварын газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед иргэн Ц.Бтайхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цаас зүсэгчийн ирээр түүний баруун бугалга, зүүн шууг зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тухайн өдөр 170 дугаартай машин орж ирээд халсан, хөргөлтийн шингэнийг тосох шаардлагатай болоод ундааны саваар бронк хийх гээд ундааны сав, цаасны хутгатай барьж яваад шланк базагчтай уулзахаар өрөө рүү нь орсон. Өрөөнд орохдоо би мэндлээд юу байцгаана залуучуудаа гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Б, н.Г, н.М, н.Н, н.Н гэсэн хүмүүс сууж байсан. Мэндлээд ороход Ц.Б чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Би чамтай яриагүй байна гэж хэлээд эргэж, хараад шланк базагч н.М ярьтал ардаас тэврээд өргөөд газар луу шидсэн. Шидээд зүүн талын шанаа руу баруун гараараа нэг цохисон. Босож ирээд яаж байна гээд эргээд харахад Ц.Б сандал дээр очоод суучихсан, баруун гарын шууны дээд хэсгийн цамц нь урагдсан, цус гарсан байсан. Тэгээд уурхайн эмч рүү авч явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 08-09 цагийн хооронд ажилдаа очсон юм. Би Лампа-77 дугаарын тээврийн хэрэгслийн дугуйг солих гээд сэрээт өргөгчийн шланк нь өмнөх өдөр задарсан байсан, тэгээд тэрний шланкийг зассан уу? гэж асуухаар шланк базагчийн өрөөнд очсон юм аа. Тэгээд байж байтал гаднаас Б орж ирсэн тэгснээ намайг дугуйны пизда энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж, маргалдсан чинь Б над руу хүрээд ирсэн би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн тэгээд бид хоёр салаад би сандал дээр очоод суухад миний гараас цус гарч байсан...Цаасны хутганы ирээр миний баруун гарын булчин хэсэгт, зүүн гарын шуу хэсэгт 2 газарт зүссэн...Б бид хоёр муудалцсан, өөр хүмүүс муудалцаагүй бид хоёр зодолдож, өөр зодолдож цохилдсон зүйл байхгүй...Гарт нь байсан эсэхийг нь би хараагүй, Б өөрөө л цаасны хутгаар миний гарыг зүссэн...Хар алаг даавуун цамцтай байсан, тэгээд эмч ханцуйг нь хайчилж боолт хийсэн...Бид нар ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, хэрэглэсэн хүн байхгүй байсан...МЭ, Г, Б, Ня, На нар байсан...Бид 2 хэрүүл маргаанаас болсон байх...Миний урдаас хүрээд ирэхээр нь нэг удаа зүүн шанаа руу цохиход миний хөл рүү өшиглөөд цааш эргэхээр араас нь тэвэрч аваад газарт унагасан гэмтэл шарх учруулаагүй...Эрүүл мэндээрээ хохирч байна, ажлаа хийж чадахгүйгээс болж цалин хөлсөө авч чадахгүй байна, цалингийн зээлтэй, зээлээ хийж чадахгүй, эм тариа гээд мөнгө төгрөг зарцуулж байгаа тул годолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рт/,
Гэрч П.Наийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 23-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед би Бтай хамт шланк базагчийн өрөөнд орсон, тэгээд Б нь ороод сайн муу сурсан байх тэгсэн чинь Бл гэх залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь Б нь чамтай яриагүй байна гэж хэлээд цаашаа харсан чинь Бл нь араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан, тэгээд нэг удаа цохисон, тэгээд би очоод салгасан чинь Бл нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохой хэсэг дээр нь цус болсон байсан тэгээд үзсэн чинь зүсэгдсэн байхаар нь би гараараа базаад уурхайн эмчид үзүүлэхээр машинд суулгаад явуулсан...Би Бтай нэг хэлтэст ажилладаг болохоор танина. Блыг танихгүй тэр өдөр харсан, би ажилд ороод удаагүй байна...Яг юунаас болсныг нь би мэдэхгүй байна Б гаднаас орж ирээд мэндэлсэн чинь Бл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Бг араас нь тэврээд газарт шидээд унагачихаад гараараа нэг удаа цохиж авсан юм. Тэгээд би очоод салгасан юм...А.Бнь Блын бие махбодид санаандгүй гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Бл нь А.Бг араас нь тэвэрч аваад газарт унагаад нэг удаа гараараа цохичихоор нь би салгасан...Би гаднаас А.Бтай хамт ороход гартаа цаасны хутганы ир, ундааны сав барьчихсан бронк хийнэ гэж хэлээд бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-рт/,
Гэрч Н.Нягийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 23-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед би өрөөндөө шаардах хуудас бичиж байсан манай өрөөнд Бл сууж байсан гаднаас А.Борж юу байцгаана залуучууд аа гэж хэлсэн чинь Бл хариуд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь А.Бнь чамтай яриагүй байна гэж хэлээд миний байсан зүг рүү алхсан байх тэгээд нэг харсан чинь Бл нь Бн араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачихаад Бл нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон, тэгээд Бл буцаад сууж байсан сандал руугаа явсан. А.Бгазраас босож ирээд Блыг тоглоомоо даадаггүй юм уу гэж байсан би шаардахаа бичиж байгаад Бл руу харсан чинь гараас нь цус гарч байсан. Тэгээд уурхайн эмчид үзүүлэхээр явсан...Би танина ажлын найзууд байгаа юм...Яг юунаас болсныг би мэдэхгүй байна, Б гаднаас орж ирээд мэндэлсэн чинь Бл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Бг араас нь тэврээд газарт шидсээр тэгээд салсан, зодоон цохион болоогүй...А.Бнь гаднаас орж ирэхдээ баруун гар талдаа цаасны хутганы ир, зүүн гартаа ундааны сав барьсан байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-рт/,
Гэрч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 23-ны өглөө 07 цагаас 08 цагийн үед би ажлаа хийгээд сууж байсан чинь Ц.Б ирээд дампний дугуй хийгээд өгөөч гэж хэлж ирсэн юм. Дампний дугуйг сэрээт өргөгчөөр хийдэг би техникийг барьдаг юм, би тухайн үед шланк базуулах гээд шланк базагчийн өрөөнд Блтай хамт ороод сууж байсан чинь гаднаас Б юу байна залуучууд гэж мэндэлсэн чинь миний хажууд сууж байсан Бл нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэх шиг болсон чинь Б чамтай яриагүй байна гэсэн чинь Бл чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Бг араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн, тэгээд Б нь босож ирээд чи яагаад байгаа юм бэ дээрэлхээд байгаа юм уу гэхээр нь хажуугаас нь та хоёр больцгоо гэж хэлсэн тэгээд Бл нь миний хажууд буцаж ирээд суусан чинь баруун гарын цамцны суга нь урагдсан, цус гарч байсан тэгээд уурхайн эмчид үзүүлэхээр явсан...Ц.Б А.Бхоёрын дунд хэрүүл маргаан, зодоон болсон юм байхгүй Ц.Б бид 2 шланк базагчийн өрөөнд байж байсан чинь Б орж ирээд юу байна залуучууд гэсэн чинь Ц.Б нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэх шиг болсон А.Бчамтай яриагүй байна гэсэн чинь Ц.Б нь А.Бг араас нь гарыг баглаж тэврээд газар луу шидчихсэн, тэгээд Ц.Б нь миний хажууд орж ирээд суусан чинь цамцны баруун талын гарын суга нь урагдсан, цаанаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-рт/,
Шүүгдэгч А.Бн мөрдөн байцаалтад өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал хүсэлт алга байна...Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрхтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй, миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй байна...Тэгээд замаар шланк базагчтай уулзах гэж орохдоо юу байцгаана залуучууд аа гэж хэлж орсон, тэгэхэд Бл чамд хамаагүй гэж өөдөөс хэлсэн, тэгэхээр нь би чамтай яриагүй байна гэж хэлээд эргэж хараад шланк базагч МЭтэй ярих гэж байтал араас тэвэрч авч өргөж газарт шидсэн. Тэгээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би яаж байна гээд босоод ирэхэд Блын баруун гарын цамц нь урагдсан цус дусаж байсан...тэгэхээр нь эмчид аваачиж үзүүлсэн...би баруун гартаа цаасны хутганы ирээ барьсан байсан, түүгээр баруун бугалга, зүүн шууг зүсэж гэмтэл шарх учруулсан...Би 1.600.000 төгрөгийн цалинтай...миний нэр дээр эд хөрөнгө байхгүй...дахин ийм үйлдэл гаргахгүй, хүний биед гэмтэл шарх учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-рт/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 260 дугаартай “...Ц.Бын биед гэмтэл учирсан байна... Ц.Бын биед баруун бугалга, зүүн шуунд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ц.Бын биед учирсан шарх гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69-70-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
......................................Миний үйлчлүүлэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж орж ирсэн. Прокурорын оногдуулсан ял шийтгэл, гэм буруугийн асуудлыг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ анхаарч тодруулах нэг зүйл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатайгаар хүний биед хөнгөн хохирол учруулахыг хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлыг тодруулаад үзэхээр хохирогч болон гэрч нар, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр хохирогч Ц.Бын зүгээс гарт байсан цаасны хутгыг хараагүй боловч, түүний араас өргөж авч шидсэний улмаас буюу хохирогчийн зүй бус үйлдлээс хамаарч хохирогчийн биед зүсэгдсэн гэмтэл шарх хэргийн нөхцөл байдлаас харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийг санаатай болон болгоомжгүй гэж хоёр ангилан заасан. Хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тухайд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг. Хэргийн нөхцөл байдал нь хохирогчийн зүй бус үйлдлээс хохирол учрах үйлдэл нь хохирогчийн зүгээс нөлөөлсөн. Энэ үйлдлийг санаатайгаар хохирол учруулсан байна уу? аль эсхүл хохирогчийн зүй бус үйлдлээс нөлөөлсний улмаас тухайн үйлдэл болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн байна уу? гэдгийг шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үед яригдаж, шийдвэрлэгдэх асуудал байх. Шүүгдэгчийн зүгээс Ц.Бын биед хохирол учруулсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон. Энэ үйлдлээ ухамсарлаад түүний нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үйлдэл санаатайгаар үйлдэгдсэн эсэх, болгоомжгүйгээр үйлдэгдсэн эсэх асуудлыг мөрдөн байцаах шатанд биш, шүүхийн хэлэлцүүлгийн үед эцэслэн тогтоох нь зүйтэй байх. Уг нөхцөл байдлыг анхаарч үзээд шүүхээс тодорхой дүгнэлтийг хийж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дээрхи баримтуудыг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” ХХК-ны засварын газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед иргэн Ц.Б нь шүүгдэгч А.Бтай маргалдаж улмаар түүний араас барьж авч газар унагасан бөгөөд А.Бнь Ц.Бын биед баруун бугалга, зүүн шууны зүсэгдсэн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа А.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд Ц.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч шүүгдэгч А.Бнь хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нийгэмд аюултай үйлдэл байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Бгийн тухайн үйлдэлд хандсан субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, сэтгэхүйн хандлага тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Тухайлбал гэрч П.Наийн “...Б нь ороод сайн муу сурсан байх тэгсэн чинь Бл гэх залуу чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь Б нь чамтай яриагүй байна гэж хэлээд цаашаа харсан чинь Бл нь араас нь очиж тэвэрч аваад өргөөд газарт унагасан, тэгээд нэг удаа цохисон, тэгээд би очоод салгасан чинь Бл нь сууж байсан газартаа очоод суусан чинь өмсөж байсан цамцны тохой хэсэг дээр нь цус болсон байсан тэгээд үзсэн чинь зүсэгдсэн байсан... Би гаднаас А.Бтай хамт ороход гартаа цаасны хутганы ир, ундааны сав барьчихсан бронк хийнэ гэж хэлээд бариад явж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Нягийн мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас А.Борж юу байцгаана залуучууд аа гэж хэлсэн чинь Бл хариуд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь А.Бнь чамтай яриагүй байна гэж хэлээд миний байсан зүг рүү алхсан байх тэгээд нэг харсан чинь Бл нь Бн араас тэвэрчихсэн өргөөд газарт унагаачхаад Бл нь дугуйныхан гэхээр хүн биш юм уу гэж хэлээд нэг удаа цохих шиг болсон, тэгээд Бл буцаад сууж байсан сандал руугаа явсан. А.Бгазраас босож ирээд Блыг тоглоомоо даадаггүй юм уу гэж байсан би шаардахаа бичиж байгаад Бл руу харсан чинь гараас нь цус гарч байсан... А.Бнь гаднаас орж ирэхдээ баруун гар талдаа цаасны хутганы ир, зүүн гартаа ундааны сав барьсан байхыг харсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас Б юу байна залуучууд гэж мэндэлсэн чинь миний хажууд сууж байсан Бл нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэх шиг болсон чинь Б чамтай яриагүй байна гэсэн чинь Бл чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Бг араас нь баглаж тэврээд газар луу шидчихсэн, ... тэгээд Бл нь миний хажууд буцаж ирээд суусан чинь баруун гарын цамцны суга нь урагдсан, цус гарч байсан тэгээд уурхайн эмчид үзүүлэхээр явсан...Ц.Б, А.Бхоёрын дунд хэрүүл маргаан, зодоон болсон юм байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас Б орж ирсэн тэгснээ намайг дугуйны пизда энд юугаа хийгээд явж байгаа юм, дугуйныхан хүн биш гэхээр нь би хэрэлдэж, маргалдсан чинь Б над руу хүрээд ирсэн би цохиод авсан, тэгсэн чинь миний хөл рүү өшиглөөд эргэхэд би араас нь тэвэрч аваад газар унагасан чинь босож ирээд надтай заамдалцаж хэрэлдсэн тэгээд бид хоёр салаад би сандал дээр очоод суухад миний гараас цус гарч байсан......” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Бнь Ц.Бын биед учирсан гэмтлийг хүсэж, зориуд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогтохгүй байна.
Гэрч П.На, Н.Ня, О.Г нар нь тухайн хэрэг гарах үед хажууд нь байсан хэргийн нөхцөл байдлыг шууд харсан бөгөөд А.Бг цаасны хутгаар Блын гарыг өөрийн идэвхтэй үйлдлээр буюу санаатай зүссэн талаар эргэлзээтэй мэдүүлэг өгөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг тул А.Бнь Ц.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдохгүй байх тул түүнийг гэм буруугүйгэж үзэх үндэслэлтэй байна.
Гэм буруугүйгээр хор уршиг учруулсан бол гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овогт Алтан-Алимын Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, цаасны хутганы ир 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Ан Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, цаасны хутганы ир 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
3. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА