| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02374/и |
| Дугаар | 101/ШШ2017/02182/и |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2017/02182/и
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/01638 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баязүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байр, 18 тоотод оршин суух Нэрэнжидүүд овогт Жамъянжамцын Нямлхагва /РД:ЦД60092177/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байр, 41 тоотод оршин суух Хутагт овогт Чулууны Гантулга /РД:ЦБ75102315/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нямлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Ч.Гантулгатай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан “Блью скай партнерс” ХХК-ийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авсан. Тус компанийг шилжүүлэн авч ажил гүйцэтгэх зорилготой байсан боловч тус компанийн эрхийг шилжүүлэн авснаас хойш 2007 оноос 2013 оны хооронд үүссэн их хэмжээний өр төлбөр гарч ирсэн. Нэхэмжлэгч Ж.Нямлхагва миний бие “Блью скай партнерс” ХХК-ийн хувьцаа, эрхийг шилжүүлэн авахдаа их хэмжээний өр төлбөртэй талаар тодорхой ойлголтгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой гэж төөрөгдсөн байх тул 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие 2013 онд “Блью скай партнерс” ХХК-ийн эрх, хувьцааг мөн л тодорхой нөхцлийн дагуу буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хороололд хамтран ажиллах зорилгоор шилжүүлэн авсан. 2013 онд “Блью скай партнерс” ХХК-ийн эрх, хувьцааг “Рендербау” ХХК-аас шжилүүлэн авсан бөгөөд шижлүүлэн авах үед миний бие ганцхан өр төлбөр буюу “Рендербау” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1410000513 тоот зээлийн гэрээний дагуу Хас банкнаас зээлсэн 2.163.447 ам.долларын зээлийг л мэдэх болно. Уг зээлтэй холбоотойгоор Хас банк Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч “Рендербау” ХХК, “Блью скай партнерс” ХХК, Г.Цогоо, Х.Эрдэмбилэг нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамж гарсны дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 64 га газрыг Хас банкинд шилжүүлэн өгч өр төлбөрийг барагдуулсан болно. Үүнээс өөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай холбоотой өр төлбөийн асуудлыг мэдэхгүй, “Блью скай парнерс” ХХК-тай холбоотой бүхий л асуудлыг 2008 оноос хойш захирлаар ажиллаж байгаа Ө.Ашхүү хариуцан ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг, мөн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Гантулга би хүлээн зөвшөөрч байна. Иймд “Блью скай партнерс” ХХК 1000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Ж.Нямлхагвын эзэмшлээс хариуцагч Ч.Гантулгын эзэмшилд буцаан шилжүүлэхээр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нямлхагва нь хариуцагч Ч.Гантулгад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч Ч.Гантулга 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.Нямлхагвын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Блью скай партнерс” ХХК-ийн 1000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Ж.Нямлхагвын эзэмшлээс хариуцагч Ч.Гантулгын эзэмшилд буцаан шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Гантулга 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.Нямлхагвын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Блью скай партнерс” ХХК-ийн 1000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Ж.Нямлхагвын эзэмшлээс хариуцагч Ч.Гантулгын эзэмшилд буцаан шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, 35.100 төгрөгийг хариуцагч Ч.Гантулгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Нямлхагвад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Гантулга сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА