Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02187/и

 

                      

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

   Дугаар 101/ШШ2017/01638

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу-93 3Барилга мега стор3 төвийн 301 тоотод байрлах “Модун” ХХК /РД:2090481/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу-93 3Барилга мега стор3 төвийн 1 давхарт байрлах “Цогт билгүүн” ХХК /РД:2882922/-д  холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 46.785.947 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Модун” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Түрээслэгч “Цогт билгүүн” ХХК нь “Барилга мега стор” худалдааны төвийн 1 дүгээр давхрын 137 м.кв талбайг түрээслэхээр 1 м.кв талбайн үнийг 30.000 төгрөгөөр сар бүр 4.110.000 төгрөг төлөхөөр харилцан тохирч түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч тал гэрээний 3.7, 7.3 дах хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй хохироосоор байна. Түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй явж ирлээ. Иймд “Цогт билгүүн” ХХК-аас түрээсийн үндсэн төлбөр 30.265.000 төгрөг, алданги 15.132.600 төгрөг, цахилгааны төлбөр 979.082 төгрөг, алданги 409.065 төгрөг, бүгд 46.785.947 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Цогт билгүүн” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “... Манай компанийн зүгээс “Модун” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуух түрээсийн үндсэн төлбөр 30.265.200 төгрөг, цахилгааны төлбөр 979.082 төгрөгийг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн төлбөрийн алданги 15.132.600 төгрөг мөн цахилгааны төлбөрийн алданги 409.065 төгрөгийг тус тус “Модун” ХХК-ийн зүгээс хөнгөлж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... “Модун” ХХК, “Цогт билгүүн” ХХК нар харилцан тохирч 46.785.947 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6.785.947 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдсэн 40.000.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор багтаан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Модун” ХХК нь хариуцагч “Цогт билгүүн” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 46.785.947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Модун” ХХК нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6.785.947 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч “Цогт билгүүн” ХХК нь үлдэх 40.000.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.    

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Модун” ХХК нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6.785.947 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 40.000.000 төгрөг болгосныг хариуцагч “Цогт билгүүн” ХХК 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391.880 төгрөгийн тал хувь болох 195.940 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, 195.940 төгрөгийг хариуцагч “Цогт билгүүн” ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Модун” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “Цогт билгүүн” ХХК сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА