Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02189/и

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 43 тоотод байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 150 дугаар байр, 1-001 тоот хаягт байрлах “Эм энд жи констракшн” ХХК /РД:2823632/-д холбогдох,

Газрын төлбөрт төлсөн 41.536.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Эм энд жи констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чимэддагва нь Капитал банкнаас авсан зээлийн төлбөрт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11.8 га ашиглах эрхтэй газрыг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж, талууд газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 тоот захирамжаар уг газар ашиглах эрх нь Капитал банкны нэр дээр шилжсэн бөгөөд энэхүү захирамжийг үндэслэн 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Капитал банк нь уг газрыг нэр дээрээ шилжүүлэн авсан тул өмнө төлөгдөөгүй хуримтлагдсан байсан газрын төлбөр буюу 2010 оны газрын төлбөрийн үлдэгдэл 20.768.000 төгрөг болон 2011 оны 1, 2 дугаар улирлын төлбөрт 20.768.000 төгрөг, нийт 41.536.000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Улаанбаатар хотын банкны 2611009722 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар магадлалаар уг газрыг Капитал банкны нэр дээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүй болгосны дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 тоот захирамжаар Эм энд жи констракшн ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлсэн. Капитал банкны зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд Нийслэлийн өмч харилцааны газарт холбогдуулан газрын төлбөрт үндэслэлгүйгээр шилжүүлсэн 41.536.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 194 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Капитал банкнаас газрын төлбөрт шилжүүлсэн төлбөр буюу “Эм энд жи констракшн” ХХК-ийн төлөх ёстой 41.536.000 төгрөгийг “Эм энд жи констракшн” ХХК-аас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл манайх газрын төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, 8 улирлын газрын төлбөрийг 100 хувь төлсөн нь харагдаж байгаа. 2011, 2012 оны төлбөрийг манайх бүтэн төлсөн байгаа” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт төлсөн 41.536.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК нь газрын төлбөрийг манай комани төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

          Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 11.8 га газар нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан шилжсэн үйл баримт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 143 дугаар магадлал, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй /хх-4-9/.

          Нэхэмжлэгч нь 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Улаанбаатар хотын банкин дахь 2611009722 тоот дансанд 41.536.000 төгрөгийг 2010 оны үлдэгдэл, 2011 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрийн зориулалтаар шилжүүлжээ /хх-113/.

          Уг төлбөрийг нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь дээр дурдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11.8 га газрын төлбөр гэж тайлбарласныг хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10.384.000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10.384.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 72.688.000 төгрөг тус тус төлсөн гэж маргаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргасан /хх-55, 56, 143/.

     

          Зохигчид нэхэмжлэлд дурдсан газрын төлбөрийг хэн аль нь төлсөн гэж маргаж, тус тусын баримтаа шүүхэд гаргаж мэтгэлцсэн тул шүүх Нийслэлийн газрын албанаас энэ талаарх баримт, тайлбарыг гаргуулахад “Эм энд жи констракшн” ХХК-аас 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 10.384.000 төгрөгийг 2009 оны 04 дүгээр улирлын төлбөрт, мөн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 10.384.000 төгрөгийг 2010 оны 01 дүгээр улирлын төлбөрт, “Капитал банк” ХХК-аас 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 41.536.000 төгрөгийг 2010 оны 02, 03, 04 дүгээр улирал, 2011 оны 01 дүгээр улирлын төлбөрт, “Эм энд жи констракшн” ХХК-аас 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 72.688.000 төгрөгийг 2011 оны 02, 03, 04 дүгээр улирал, 2012 оны газрын төлбөрт тус тус тооцож, тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан тухай тайлбарлаж, “Эм энд жи констракшн” ХХК-аас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хавсарган ирүүлжээ /хх-153-155/.

          Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11.8 га газрын төлбөрт 41.536.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба уг төлбөрийг хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК өөрийн тооцоонд оруулан Нийслэлийн газрын албатай тооцоо нийлсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан  шаардах эрхтэй”, 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг баримтлан хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК-аас газрын төлбөрт төлсөн 41.536.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК-аас 41.536.000 /дөчин нэгэн сая таван зуун гучин зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эм энд жи констракшн” ХХК-аас 365.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА