Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02192/и

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02192

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 20-78с тоотод оршин суух Их монгол овогт Равдандоржийн Болормаа /РД:ЙР70070606/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгийн 7-80 тоотод оршин суух Жамба овогт Дондовын Байгалмаа /РД:ВЙ77010103/-д холбогдох,   

 

Зээлийн төлбөрт 8.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Д.Байгалмаатай 2016 оны 06 дугаар сарын 27-нд зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай буюу 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Байгалмаа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн хүү тооцож 2.400.000 төгрөг, үндсэн зээл 5.000.000 төгрөг, түүний хүү болох 1.000.000 төгрөгийн хамт нийт 8.400.000 төгрөгийг хариуцагч Д.Байгалмаагаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Р.Болормаатай зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай авсан. Тухайн үед би 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байсан бөгөөд түрээс мөнгөний хүү зэргээ төлж чадахгүйд хүрсэн. 2016 оны 12 дугаар сард хүү маань бэртэж, байнга эмнэлгээр явж байна. Одоо хүү маань 2 дахь хагалгаанд орох учраас одоогоор хийсэн ажилгүй, Төв аймагт сонгуулийн ажил хийж байгаа. Нэхэмжлэгч Р.Болормаад үндсэн зээл 5.000.000 төгрөг дээр хүү болох 3.000.000 төгрөгөөс 800.000 төгрөг төлөх хүсэлттэй байна. Хүү болох 800.000 төгрөгийг 7 дугаар сард багтаан төлж, үндсэн мөнгө болох 5.000.000 төгрөгийг 08 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, үлдсэнийг 9 дүгээр сараас сар болгоны 30-ны өдөр 300.000 төгрөгөөр төлж 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгах хүсэлтэй байна” гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Р.Болормаа нь хариуцагч Д.Байгалмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, алданги 2.400.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Байгалмаа нь зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү, алдангиас 800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг төлөх боломжгүй гэж татгалзжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 5.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-2/.

                  

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөг хүлээн авсан, уг мөнгийг буцаан төлөөгүй талаар маргахгүй байна.

 

Харин зээлийн хүү, алдангид 3.400.000 төгрөг нэхэмжилсний 800.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Зээлийн гэрээний 2 дахь заалтад сард 10 хувийн хүү төлөх, мөн 5 дахь заалтад гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай тус тус нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу буюу зээлийн хүүнд сард 10 хувийн хүү 500.000 төгрөг, 2 сард нийт 1.000.000 төгрөг /500.000*2сар/ төлөхийг шаардсан нь үндэслэлтэй байна.  

 

Мөн нэхэмжлэгч 96 хоногийн алданги 2.400.000 төгрөг /5.000.000*0.5%*96/ гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээл төлөөгүй, 8 сар хугацаа хэтрүүлсэн буруутай байх тул нэхэмжлэгчийн тооцсоноор алданги төлүүлэх хууль зүйн үндэстэй.

 

Хариуцагч хүү, алдангийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Д.Байгалмаагаас зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, алданги 2.400.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Болормаад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Байгалмаагаас 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Болормаад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Байгалмаагаас 149.500  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Болормаад олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШЗ2017/05940

Улаанбаатар хот

 

 

Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг

хойшлуулах тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банк төв байр хаягт байрлах “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Разно импекс гудамж, 30 дугаар байр, 15 тоотод оршин суух Шарайд овогт Батмөнхийн Хүрэлтогоо /РД:ХВ58061884/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.366.726,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “... Нэхэмжлэлийн шаардлагаа 88.145,58 төгрөгөөр нэмэгдүүлж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Хүрэлтогоод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.366.726,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 88.145,58 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хүсэлтийг гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй ба нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

 

Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах, тайлбар гаргуулах ажиллагааг хийх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Хүрэлтогоод нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулахыг шүүгчийн туслах Б.Батцэнгэлд даалгасугай.

 

2. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Хүрэлтогоод холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.366.726,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсугай.

 

3. Шүүгчийн захирамжид зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА