Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Ш.Дынөмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Ш.Д

Шүүгдэгч Б.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Олхонууд овогт Шагдарсүрэнгийн Да, Жалайр овогт Баатарын О нарт холбогдох 2116000040024 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Хэргийн товч утга: Шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргаар, ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Отэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Миний бие Ш.Д 2016 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаар томилогдож 2020 оны 11 дүгээр сар хүртэл 4 жилийн хугацаанд Есөнбулаг сумын Засаг даргын ажлыг хийсэн. Энэ хугацаанд тамхины тусгай зөвшөөрлийг тамхины хяналтын тухай хууль болон Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Алтай хотод үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдэд тамхи зарах тусгай зөвшөөрлийг олгодог байсан. Тамхины хяналтын тухай хуульд 500 метр дотор тамхи худалдаалахыг хориглоно гэсэн заалт байдаг боловч яг ямар аргачлалаар хэмжих нь тодорхойгүй байдаг. Миний өмнөх Засаг дарга нар болох Ж.Ганбат дарга, Д дарга нарын үед ч 500 метрийн хэмжилтүүдийг алхдаг метрээр явган хүний зам, машин замаар явж хэмжилт хийж хүргээд тусгай зөвшөөрөл өгч байсан тохиолдлууд байдаг юм. Энэ яригдаад байгаа 13 хүнсний дэлгүүрийн 5-6 орчим нь өмнөх Засаг дарга нарын үед олгогдоод 2 жилийн хугацаатай байдаг учраас хугацаа нь дуусаад сунгалт нь хэмжилт хийхгүйгээр сунгагдаад явж байсан. Засаг дарга гэдэг хүний үндсэн чиг үүрэг бол ард иргэддээ үйлчлэх, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх байдаг. Худалдаа эрхэлж байгаа хүнсний дэлгүүрүүд маань тамхи зарах тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлт маш их өгдөг. Тэр бүрд нь аль болох хүнсний дэлгүүрүүдээ дэмжих бодлогыг Засаг даргын зүгээс барьж байсан нь үнэн. Түүнээс хэн нэгэн хүнд давуу эрх олгоод 2 дэлгүүр хүсэлт гаргахад нэгийг нь зөвшөөрөөд нэгийг нь цуцлаад явж байсан тохиолдол байхгүй. Хотуудын холбоотойгоо хоорондоо холбоотой байж байгаад бусад хотын, аймгуудын хүнсний дэлгүүрүүдийг ярилцаж байсан. Тэгэхэд сургуулиасаа 200 метр зайтай хүнсний дэлгүүрээ тойруулж модон хашаа бариад алхдаг метрээр 200 метр хашаан дотроо тойрч явсаар байгаад 500 метр хүргэж тусгай зөвшөөрөл авч байсан тохиолдол байдаг . Гэхдээ манай дээр бол тийм ноцтой тохиолдол байхгүй байсан. Тамхины хяналтын тухай хууль дээр 500 метрийн хэмжилтийн асуудал тодорхойгүй байсан учир бид нар мэргэжлийн хяналттай ярьж байгаад үүнийг нэгдсэн нэг ойлголттой болгоё. Тэгэхгүй бол хүссэн хүн бүрд зөвшөөрөл олгоно гэдэг бол төвөгтэй асуудал юм байна гээд мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас оруулаад ажлын хэсэг байгуулаад 2020 оны 08 дугаар сард стандартын ”Google maps”-р хэмжье гээд ажлын хэсэг байгуулаад тусгай шалгалтыг би өөрөө явуулж байсан. Миний захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэгээд ”Google maps”-р хэмжил хийхэд өнөөдрийн яригдаад байгаа 13 дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хууль зөрчих боломжтой болж гарч ирсэн. Тэгээд нэг мөсөн цэгцлээд энэ аргачлалаа баръя гээд хот өөрөө ийм өөрийн аргачлалтай болъё гээд 2020 оны 08 дугаар сард миний өөрийн захирамжаар өөрийнхөө олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосны дараа аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г даргад тамхи зардаг байсан аж ахуй нэгжүүд гомдол гаргасан. Ингэж гомдол гаргасны дагуу Ж.Ганбат дарга хууль ийм байгаа, хэмжилт ийм аргачлалаар явна. Би өөрөө хотын дарга байсан хүн энэ зовлонг мэдэж байна. Тэгээд та нарт ямар ч байсан 6 сарын хугацаа олгоё. Энэ хугацаанд үлдэгдэл тамхиа зараарай гээд миний захирамжийг 6 сарын хугацаанд хүчингүй болгоод хугацааг нь сунгаад явсан. 2020 оны 08 дугаар сард ийм асуудал болсон байхад сүүлд 12 дугаар сард иргэн Д гэдэг хүн хууль зөрчиж бусдад тамхины зөвшөөрөл өгөөд давуу байдал үүсгээд байна гэсэн агуулгатай асуудал ярьсан. Д гэдэг хүнийг би мэднэ. Энэ хүн бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээлийг олгож өгнө үү? гэж над дээр хэд хэдэн удаа орж ирсэн.  Би Д гуайд нэгдүгээрт та төрийн албан хаагч хүн байна. Та төрд ажиллаж байгаа юм байна. Эхнэр чинь бас ажил хийдэг юм байна. Тэгэхээр яг бизнес эрхлэгч гэж заалт байдаг болохоор та энэ төсөлд хамрагдах боломжгүй байна. Хоёрдугаарт таны төсөл шаардлага хангахгүй байна. Энэ төсөл маань жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр бий болгох чиг үүрэгтэй зээл байх ёстой. Тэгэхээр Д гуайн төсөл бол Улаанбаатар хотоос мөнгөөрөө мотоцикл ачиж ирээд энд үнэтэй зарах гэсэн үйлчилгээний төсөл байсан. Тэгэхээр танд энэ зээлийг олгох боломжгүй байна гэдгийг хэлсэн. Д гуай бол чамайг шоронд хатаана, шалгуулна, намайг боодог, хаадаг гэсэн хувийн заналхийлэл надад хийсэн. Тэгээд 2018, 2019 онуудад намайг дараалан авлигатай тэмцэх газар, цагдаад өгч энэ сум хөгжүүлэх сангийн зээлийг шалгуулж байсан. Тэгээд үнэхээр зөрчилгүй байна гээд гарч ирж байсан. Хамгийн сүүлд тамхины хяналтын тухай хууль дээр гомдол гаргаад одоо шалгуулаад явж байгаа. Хувь хүний өс хонзонгийн сэдлээр намайг гүтгэж байна гэж үзэж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Бын О миний бие 2017 оноос хойш худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. Надад тамхины тусгай зөвшөөрөл олгох эрх байхгүй. Надад мөн газар хэмжих эрх байхгүй. Мөн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй. Газрын даамлын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж тухайн аж ахуй нэгжид тамхины тусгай зөвшөөрөл олгох материалыг бүрдүүлж авдаг гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч П.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн“...Миний бие Говь-Алтай аймгийн харьяат, 2015- 2016 онд манай аймгийн Есөнбулаг сумын тамхи зардаг дэлгүүрүүд маш цөөхөн байсан ба Тамхины хяналтын хууль тогтоомж маш сайн хэрэгжиж байсан. 2016 оноос хойш Есөнбулаг сумын Засаг дарга Да нь ажлаа хүлээн авснаасаа хойш Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, 500 метрээс дотогш байрлаж байгаа хэд хэдэн дэлгүүрүүдэд тамхины зөвшөөрөл олгосон байдаг ба тухайлбал Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуу талаар хойшоо явсан засмалын хажуугийн Тайшир нэртэй хүнсний дэлгүүр, Бүрнээгийн засварын газрын арын засмалын хажуугийн Хүнсний дэлгүүр \хүнсний дэлгүүрийн нэрийг санахгүй байна\, Бүрнээгийн засварын залгаа хойшоо харсан жижиг дэлгүүр, аймгийн захын урд талын шинээр баригдсан дэлгүүрт, 4-р сургуулийн хажуугийн дэлгүүр нисэх рүү явдаг зам дагуу байдаг Жаргалант хүнсний дэлгүүрүүдэд тамхины зөвшөөрөл олгосон байсан. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу тамхийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагаас 500 метрийн дотор худалдаалах, үйлдвэрлэх нь хориотой байдаг шүү дээ. Да нь ямар учраас 500 метрээс дотогш газар байрлаж байгаа хүнсний дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгосон байгаа тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаргасан байна.Тамхины хяналтын тухай хууль нь бага насны хүүхдийг хорт зуршлаас ангид байлгахаар заасан байдаг ба тухайн дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгосон байгаа нь бага насны хүүхдүүд ойр орчмын дэлгүүрүүдээс тамхи худалдан авч татах зэрэг зуршил гараад байгаа юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62, 233-234-рт/,

Гэрч Э.Тийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас тавьдаг хяналтынхаа дагуу ажлын хэсэгт орж ажилласан.Мэдээж эдгээр 13 дэлгүүр, хоршоо нь Тамхины хяналтын тухай хуульд заасан сургуулиас 500 метрт хүрэхгүй зөрчилтэй байсан учраас ажлын хэсгээс эрх бүхий албан тушаалтанд нь танилцуулсан...” гэх мэдүүлэг/1-р ХХ-82-83-рт/,

Гэрч П.Уын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хувьд Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийн дагуу уг ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг бүрэлдэхүүн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 13 аж ахуй нэгж нь Тамхины хяналтын тухай хуулийн дагуу сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрт хүрэхгүй байгаа 13 дэлгүүр болон аж ахуй нэгжийн тамхины тусгай зөвшөөрлийг нь холбогдох албаны хүмүүсийн хамтаар хурааж авах ажиллагаанд орж ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-рт/

Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Засаг дарга Да нь “О бид хоёрыг газар дээр нь хэмжиж үзээд ир гээд явуулдаг байсан. Даргын үгнээс зөрөөд байж болохгүй, зөрөөд явахгүй, би чадахгүй гэж хэлж болохгүй, би мэдэж байна, та нар гүйцэтгэх албан тушаалтан, би шийдвэр гаргах хүн гэдэг байсан. Ер нь дарга нартай хэрэлдэх, өөдөөс нь тайлбар хэлэх эрх байдаггүй шүү дээ. Хэрэв ямар нэгэн тайлбар тавих, үг хэлэх, үгнээс нь зөрөх ч юм уу тийм үйлдэл гаргавал хавчин гадуурхах, ажлаас халах зэрэг эрсдэлээ бодож байсан. Да дарга “чи О хамт цуг яваад” хэмжилт хийгээд ир, 500 метртээ хүрэхгүй байгааг нь хүргэ л гэдэг чиглэл өгдөг байсан. Тийм үүрэг чиглэл өгөхөөр биелүүлэхгүй байя гэхээр нь бас л дарга, цэрэг нарт худлаа үнэн юм ярьж намайг ажлаас халуулчих вий гэхээс айж байсан.Учир нь би 2018 онд Да даргын үед ажлаасаа халагдаад нэг хэсэг ажилгүй хэцүү байсан болохоор миний талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагад танилцуулаад ажлаас халуулчхаж магадгүй гээд Отэй хамт явж хэмжилтийг нь хийж өгч байсан юм”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66, 174, 2-р хх-ийн 50-51-рт/,

Гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...намайг Есөнбулаг сумын газрын даамлаар 2018- 2019 онд ажиллаж байх хугацаанд Жинст багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Цэгц гурван богд Баялаг нэртэй дэлгүүрийн Б нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу тухайн дэлгүүрээс 3-р дунд сургууль хүртэлх зайг гар аргаар метрээр хэмжиж үзэхэд 500 метрээ хүрэхгүй байсан. 500 метртээ хүрэхгүй байхаар нь дэлгүүрийн эзэн Бямбажаргалд хэлээд явуулсан. Тэгээд намайг ажил дээр буцаж очоод байж байсан чинь Засаг дарга Да над руу утсаар яриад “ Цэгц гурван богд Баялаг” дэлгүүрийн хэмжээг 500 метр болгоод тодорхойлолт гаргаад өгчих гэхээр нь даргаа наад дэлгүүр чинь 3-р сургуультай ойрхон байрлалтай, 500 метр хүрэхгүй байсан ш дээ гэсэн чинь Да дарга “ хамаагүй ээ, чи зүгээр 500 метр гээд тодорхойлолт гаргаад өгчих, би мэдэж байна” гэсэн. Тэгээд би тухайн дэлгүүрийн хэмжээг 3-р сургуулиас 500 метр гээд тодорхойлолтыг гаргаж өгсөн юм...2018 онд хэдэн сар гэдгийг санахгүй байна, Түмэн багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр ажиллуулдаг “Тунамал- Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн эзэн Ганзүрх нь тамхи худалдаалах хүсэлтээ ирүүлсэн. Эдний дэлгүүр нь 4-р цэцэрлэгтэй маш ойрхон, бараг булангийн наана, цаана зайтай байдаг болохоор нь танай дэлгүүр чинь яагаад ч 500 метртээ хүрэхгүй ш дээ, би тодорхойлолт гаргаж өгч чадаагүй гэсэн чинь Гийн ээж Б нь миний хажууд Засаг дарга Да руу утсаар яриад байсан. Чухам юу гэж ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгсэн Да дарга над руу утсаар залгаад 500 метртээ хүрэхгүй байгаа юм уу гэхээр нь хүрэхгүй байна даргаа гэсэн чинь тийм байгаа бол наад хүнийхээ дэлгүүрээс, цэцэрлэг хүртэлх хэмжээг 500 метр болгоод тодорхойлолтыг нь гаргаад өгчих гэхээр нь яах аргагүй тодорхойлолтыг нь 500 метр гэж хийж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74, 2-р хх-ийн 47-48-рт/,

Гэрч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...би 2020 оны 04 сарын үед Есөнбулаг сумын Тамгын газрын ажилтан От тамхи худалдаалах хүсэлтээ өгсөн. Газрын даамал Д, О нар нь дэлгүүр чинь хэмжээндээ хүрэхгүй байна, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хэлж байсан. Тэгж хэлэхээр нь бүтэхгүй юм байна гээд түрдээ орчихсон байсан. Тэгээд сонгуулийн өмнөхөн Да даргад учир байдлаа хэлсэн чинь за болох бүтэх талаас нь шийдэж өгөхийг бодъё гэсэн. Надад нууж хаагаад байх юм алгаа, анх Д, О нарт хандахад тусгай зөвшөөрөл гаргах ямар ч боломжгүй, танай дэлгүүр чинь 4-р сургуулиас 500 метр хүрэхгүй байгаа гээд миний үгийг авч хэлэлцэхгүй байгаад байсан юм. Харин Да дарга миний зовлон, учир байдлыг ойлгоод манай дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгосон юм. О, газрын даамал Д нар нь 2020 оны 07 сарын 30-ны өдөр тамхи зарах тусгай зөвшөөрлийг надад бичиж өгөхдөө “ та дарга нараар мундагдуулж тусгай зөвшөөрлөө яриулж авлаа шүү, дараа нь иймээ, тиймээ асуудал гарвал, бид хоёрт ямар ч хамааралгүй шүү” гээд хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-рт/,

Гэрч М.Нийн мөрдөн байцаалтад өсгөн “10 сард байх Есөнбулаг сумын Тамгын газраас манай дэлгүүрт бичиг ирсэн. Тэрхүү бичигт 2-р сургуулиас 460 метр дотор байгаа тул тамхи худалдаалж болохгүй гэсэн утгатай бичиг байсан. Дараа нь манай дэлгүүр дээр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын хэсгийн байцаагч У болон газрын даамал зэрэг хүмүүс ирээд нэгдсэн журмаар хэмжилт хийж, шийдвэр гарсан байгаа гээд манай дэлгүүрийн тамхины тусгай зөвшөөрлийг хураагаад аваад явсан юм... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-рт/,

        Гэрч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би энэ дэлгүүрийг 2012 оноос хойш ажиллуулж байгаад, тамхины тусгай зөвшөөрлөө 2018 оны 11 сард зохих журмынх нь дагуу сумынхаа Засаг даргын Тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өгөөд гаргуулж авч байсан юм. Есөнбулаг сумын мэргэжилтэн нь танай дэлгүүрт хэмжилт хийнэ гээд хэмжилт хийгээд алхмаар хэмжихэд хэмжээндээ хүрэхгүй байна, харин машины замаар машины км 00-д явахаар 500 метртээ хүрч байна гэж хэлж байсан.Яг хэрхэн, яаж хэмжилт хийж 500 метр болсон эсэхийг холбогдох албаны хүмүүс нь өөрсдөө мэдэх байх. Гэтэл энэ оны 10 сарын үед Есөнбулаг сумын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, аймгийн Цагдаагийн газрын байцаагч нар манай дэлгүүр дээр хүрч ирээд Есөнбулаг сумын Засаг даргын захирамж үзүүлээд танай дэлгүүр чинь Тамхины хяналтын тухай хуульд зааснаар 500 метр хүрэхгүй байна гээд тамхины тусгай зөвшөөрлийг маань хураагаад явсан. Манай дэлгүүр ч гэлтгүй, хэд хэдэн дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг хурааж аваад цуцалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-рт /,

Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн “...Тамхи худалдаалах хүсэлтээ Есөнбулаг сумын Засаг даргын захирагчийн ажлын албанд 2018 оны 05 сард гаргаж байсан санагдаад байна. Миний өгсөн хүсэлтийн дагуу газрын даамал, мэргэжилтэн О хоёр хэмжилт хийнэ гээд манай дэлгүүрээс 3-р сургуулийн гадна талын хашааны дээд өнцөг хүртэл хэмжээг хэмжилт авахад хэмжээндээ хүрэхгүй байна гээд зөвшөөрөл өгөхгүй гээд байсан. Тэгэхээр нь би Тамхины хяналтын тухай хууль уншихад уг хууль нь дээр сургуулийн хашаа гэсэн үг, өгүүлбэр байхгүй байсан. Тэгэхээр нь би Засаг дарга Датай уулзаад хуульд байхгүй газраас хэмжилт аваад байна, дахиж хэмжилт хийгээд өгөөч ээ гээд хүсэлт тавьсан. Энэ талаар мөн О, газрын даамал нарт дахиж хандаад та нар дахиж хэмжиж өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд дахиад хэмжилт хийлгэсэн ба 3-р сургуулийн дотор талын хаалганаас дэлгүүр хүртэл хэмжээ авхуулахад 500 метртээ хүрч байсан. Тэгээд тусгай зөвшөөрлөө гаргуулж авч байсан юм. Гэтэл энэ оны 10 сарын үед байх, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Цагдаагийн газрын байцаагч, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар нь хүрч ирээд дэлгүүр чинь хэмжээндээ хүрэхгүй, 500 метрээс дотогш байгаа тул тусгай зөвшөөрлийг чинь хурааж авна гээд хураагаад авсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-рт/,

Гэрч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн “Тамхины тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах гээд би 2019 оны 10 сарын үед Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгсөн. Миний хүсэлтийг хүлээж авсан худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О нь хэмжилт хийнэ гэж байсан. Би тухайн үед хөдөө явчихсан байх хойгуур хэмжилт хийсэн гэсэн.Хэмжилт хийх үед баз эгч Лхамаа байсан байна лээ. Яг яаж хэмжих нь тодорхойгүй агаараар хэмжихээр 500 метрт хүрэхгүй, газраар гар метрээр хэмжихээр 500 метрт хүрч байсан гэсэн. Тэгээд манай дэлгүүр аль боломжтой талаас нь холбогдох хүмүүс шийдэж өгсөн байх гэж бодож байна. Гэтэл 2020 оны 10 сарын үед байх Есөнбулаг сумын газрын даамал, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, цагдаагийн газрын байцаагч нар хүрч ирээд танай дэлгүүр чинь 500 метрт хүрэхгүй байгаа учир тусгай зөвшөөрлийг чинь хурааж авна гээд хурааж аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-рт/,

Гэрч Ө.Гн мөрдөн байцаалтад өгсөн “Миний бие дэлгүүрээ 2010 онд 8 нэрийн бараа зарах чиглэлээр ажиллуулж эхэлсэн. 2020 оны 04 сард тамхи заръя гээд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл, хүсэлтээ өгсөн. Тэгсэн газрын даамал, мэргэжилтэн О нар 3-р сургуулиас хэдэн метр зайд байгаа эсэхэд хэмжилт хийнэ гэж байсан. Тэгээд газрын даамал Ду, мэргэжилтэн О нар агаараар хэмжилт хийгээд танай дэлгүүр чинь 500 метрт хүрэхгүй байна, тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй гэхээр нь Да даргын өрөөнд орж уулзаад “сургууль одоохондоо түр орохгүй каренталчихсан байгаа юм чинь зөвшөөрөл олгоод өгөөч” гээд гуйсан чинь Да дарга бололцоогоор шийдэж өгье гэж хэлсэн. От холбогдох материалаа өгчихсөн байсан болохоор хариу хэлэх байх гээд байж байтал мэргэжилтэн О над руу утсаар яриад хүрч ирээд тусгай зөвшөөрлөө ав гэсэн. Тэгээд би Тамгын газар дээр очиж тусгай зөвшөөрлөө аваад тэрнээс хойш дэлгүүртээ тамхиа зарж байна...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 103-рт/,

Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хүү Ганзүрх бид хоёр Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүрийг 2019 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байна.,.2019 оны намар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт тамхи зарж борлуулах хүсэлтээ өгсөн. Гэтэл газрын даамал Ду бил үү хэн нь билээ, бас мэргэжилтэн О нар танай дэлгүүрт хэмжилт хийнэ гээд хэмжилт хийгээд 500 метрт хүрэхгүй байна гэсэн... Тэгэхээр нь би Засаг дарга Дад өөрийн биеэр орж уулзаад хууль журамдаа өөрчлөлт оруулаад өгөөч ээ, та нар ард иргэдийн санал хүсэлтийг дээд шатных нь байгууллагадаа уламжилж өгч шийдвэрлээч, хөрсөн дээр буухгүй хууль хэрэглээд байх юм гэж хэлсэн чинь Засаг дарга Да дахиад хэмжилт хийх үүргийг Ду, О нар өгсөн.Тэгээд мэргэжилтэн Отэй хамт 2-р сургуулиас өөрийнхөө дэлгүүр хүртэл гар метрээр хэмжилт хийгээд явахад 497 метр болж байл уу даа, тэгэхээр нь би 2, 3 метрийн бол яахав дээ, та нар зөвшөөрөл олгоод өгчих гээд Да даргаас гуйсан чинь тусгай зөвшөөрлийг гаргаж өгч байсан юм. Би Да даргад үнэн учраа л хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-рт/,

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Оргил цаг хүнсний дэлгүүрийг 2014 оноос хойш ажиллуулж эхэлсэн. Анх тамхины тусгай зөвшөөрлөө 2016 онд гаргуулж авч байсан ба 2019 оны 03 сарын 04-ний өдөр дууссан. Ингээд Тамхины хяналтынхаа хуулийн дагуу 3 жилээр дахиж сунгуулах шаардлагатай болохоор нь Есөнбулаг сумын захиргаанд хүсэлт болон шаардлагатай бичиг баримтуудаа гаргаж өгсөн. Материалаа бүрдүүлж өгснөөс хойш Есөнбулаг сумын захиргаанаас мэргэжилтэн О нь зөвшөөрлөө ирж аваарай гэсний дагуу очиж авсан. Манай Оргил цаг дэлгүүр нь ерөнхий боловсролын 2-р сургуультай ойрхон байдаг учраас холбогдох хүмүүс нь радиусаар л хэмжсэн юм шиг байна лээ. Би гэхдээ холбогдох хүмүүсийг манай дэлгүүрээс сургууль хүртэл яаж хэмжсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Харин гар метр болон алхаад хэмжээд явбал 500 метрийн хэмжээндээ хангалттай” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 56-57-рт/,

Гэрч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие 2017 оны 10 сарын 16-наас 2019 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Есөнбулаг сумын газрын даамлаар ажиллаж байсан ...Ембүү” “Өрнөн ундрах” хүнсний дэлгүүрүүд нь 3-р сургуультай ойрхон, яагаад ч 500 метртээ хүрэхгүй байсан. Миний хувьд уг 2 дэлгүүрийн хэмжээг авахдаа 3-р сургуулийн гадна талын хайснаас дэлгүүр хүртэл хэмжилтийг авахад ямартай ч хоёулаа хүрэхгүй байсан.Энэ хоёр дэлгүүрийг хэмжээндээ хүрэхгүй байгаа талаар эздэд нь хэлсэн. Гэтэл Засаг дарга Да нь тодорхойлолтыг нь 500 метр болгоод гаргаад өгчих гэхээр нь тодорхойлолтыг нь хийгээд өгчих гээд нөлөөлж байсан. Харин Баянговь дэлгүүрийн хэмжээг машины км-ээ 00-оод явсан болохоор 500 метрт хүрч байсан болохоор хэн нэгэн нөлөөлөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-рт/,

Гэрч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “Би “Алтайн оргил” бөөний төвд нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд манай аж ахуй нэгж нь 2010 оноос хойш одоо хүртэл үйл ажиллагаа явуулдаг юмаа.Манай бөөний төв нь Тамхины тусгай зөвшөөрлөө 2020 онд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж авч байсан бөгөөд тухайн үед холбогдох бичиг баримтуудыг Есөнбулаг сумын Тамгын газарт бүрдүүлж өгч байсан. Өргөдөл, хүсэлт өгсний дараа холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнууд нь хэмжилт хийсэн эсэхийг мэдэхгүй.Ямар ч байсан манай бөөний төвд тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл гарсан байсан. Ингээд тэрнээс хойш тамхи худалдаалж байгаа. Гэтэл 2020 оны намар хэдэн сард байсныг санахгүй байна, ямар ч байсан тусгай зөвшөөрөл гарсны дараа аймгийн Есөнбулаг сумын мэргэжилтнүүд манай бөөний худалдагч, ажилтнуудтай хамт хэмжилт хийгээд яваад байсан, ямар байсан хэмжээндээ арай хүрэхгүй байна, 480 бил үү 490 метр болж байна гээд ярьцгааж байсан. Миний мэдэх зүйл энэ л байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54-рт/,

Гэрч П.Цийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Тайшир хүнсний дэлгүүрийг 2012 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байна. Дэлгүүр нээсэн цагаасаа эхлэн зохих журмынх нь дагуу тамхи худалдаалж ирсэн. Тамхины хяналтын тухай хууль 2014 онд батлагдангуут нь 1, 2 жилдээ тамхи зараагүй. Учир нь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас албаны хүмүүс хүрч ирээд тамхи зарах юм бол торгоно гэдэг байсан. Би дэлгүүр ажиллуулж орлого олж, ар гэрээ тэжээдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг учраас Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ өгсөн. Тамхины хяналтын тухай хууль нь дээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байхгүй, зөвхөн ерөнхий боловсролын хичээлийн болон дотуур байраас 500 метр гэж заасан байдаг юм байна лээ. Хууль нь дээр байхгүй нэр томьёо ашиглаж тусгай зөвшөөрөл хурааж авна, тусгай зөвшөөрөл хүчингүй болгож байгаа асуудал нь эрх бүхий албан тушаалтан нь өөрсдөө хуулиа зөрчиж байна шүү дээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-рт/,

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн “Миний хувьд уг дэлгүүрийг Б гэж хүнээс түрээсэлж байсан. Тамхины тусгай зөвшөөрөл гарсны дараа тамхины худалдаа эрхэлж байсан үнэн. Одоо бол “Өрнөн-Ундрах” дэлгүүрийг түрээслэхээ больсон байгаа. О надаас өөр шаардлагатай бичиг баримт шаардахаар нь бүрдүүлээд аваачиж өгсөн чинь энэ дансанд 250,000 төгрөг тушаагаарай гэхээр нь банкин дээр очиж мөнгөө тушаагаад мөнгө тушаасан баримтаа мэргэжилтэн О аваачиж өгч байсан. Маргааш нь тамхины тусгай зөвшөөрлөө очиж авч байсан юм. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228-рт/,

Гэрч Х.Дн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай сургалт үйлдвэрлэлийн төвд 9-р анги төгссөн сурагчид суралцаж тусгай мэргэжлийг бүрэн дунд боловсролтой хамт эзэмшиж төгсдөг учраас ерөнхий боловсролын сургуультай адилтгаж үзэж болно. Учир нь ЕБ-ын 9-р анги төгссөн сурагчид манай сургалт, үйлдвэрлэлийн төвд үргэлжлүүлэн сурч 12-р ангийг төгсөж бүрэн дунд боловсролыг эзэмшихээс гадна тусгай мэргэжил буюу барилга, уул уурхай, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний 20 гаруй мэргэжлээр мэргэжил эзэмшээд төгсдөг.Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн сурагчид суралцдаг гэж ойлгож болно. Манай сургалт үйлдвэрлэлийн төв нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсролын тухай хуулийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлээд сургалтаа явуулдаг бөгөөд уг хуулиудад захирагддаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-231-рт/

Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2017 оны 02 сараас 2020 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Намайг Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд болон миний өмнө ч гэсэн ажиллаж байсан Тамгын газрын даргад Тамхины зөвшөөрөл олгох ажлын талаарх боловсруулсан материал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа хүсэлт, өргөдлийн талаар танилцуулж байгаагүй, үүнийг тодруулж хэлбэл мэргэжилтэн намайг мэдээ, мэдээллээр хангаж ажиллаж байгаагүй, тухайн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээд шатны удирдлагыг мэдээ, мэдээллээр хангах, ажлаа Тамгын газрын өмнө тайлагнаж, бүх ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг тайлагнаж хариуцлага хүлээх үүрэгтэй албан тушаалтан. Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нь Засаг даргыг мэдээ, мэдээллээр ч хангана, Тамгын газрын дарга намайг ч гэсэн мэдээ, мэдээллээр хангах үүрэгтэй байсан. Мэргэжилтэн О нь хийж байгаа ажил үүрэгтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчил үүссэн бол тэр тухайгаа надад хэлж танилцуулж, надаас тодорхой чиг үүргийг авах ёстой байсан. Тухайлбал албан тушаалын тодорхойлолтоос Тамхитай холбоотой ажил, үүргийнх нь талаар эргэж харах, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг нь сануулах, Тамхины хяналтын тухай хууль, түүнтэй дагалдан гарсан дүрэм журмыг сануулах байсан. Энэ асуудлын талаар 2020 оны 10 сарын мэдээд мэргэжилтэн Оээс тамхины зөвшөөрөл олгосон бүх материалтай танилцаж үзэхэд 1-рт газрын даамлын хэмжилтээр тодорхойлолтууд байсан. Би тухайн үедээ мэргэжилтэн От “газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод хэмжилт хийнэ гэсэн чиг үүрэг байхгүй байхад яагаад хэмжилт хийлгэсэн юм бэ, чи өөрөө хэмжилтээ хийх ёстой гэдгийг хэлж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60-р тал/

Шинжээч Г.Бийн “...Миний бие мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу Баянхайрхан багийн “Солонго” нэртэй хүнсний дэлгүүрээс хэмжилт авахдаа ойр орчмын нь сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагыг судалж үзсэн. Тэгэхэд энэхүү дэлгүүртэй хамгийн ойрхон зайд ЕБ-ын 4-р сургуультай ойрхон байсан учраас уг сургуулийн баруун талын булангаас Солонго дэлгүүрийн зүүн хойд талын булан хүртэл 2 долгионы GPS хэмжилтийн багажаар хэмжилт хийхэд 298,89 метрт байрлаж байсан.

  1. Ингээд дараагийн дэлгүүр болох Баяншанд болон Индэрт багуудын нутаг дэвсгэрт байрлах Жаргалант, Ембүү, Өрнөн-Ундрах нэртэй хүнсний дэлгүүрийн ойр орчмыг судалж үзэхэд эдгээр дэлгүүрүүдтэй хамгийн ойрхон байрлаж байгаа сургууль нь 5-р цэцэрлэг болон 3-р сургууль байсан. Ингээд 3-р сургуулийн баруун урд талын булангаас “Жаргалант” хүнсний дэлгүүр хүртэл 2 долгионы GРS багажаар хэмжилт хийхдээ шулуун шугамаар шууд татаж хэмжилт хийхэд 417,88 метр, Ембүү хүнсний дэлгүүр нь 370,75 метр, Өрнөн-Ундрах хүнсний дэлгүүр 364,90 метр зайнд тус тус байрлаж байсан болно.
  2. Ингээд үүний дараа миний бие Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Баялаг, Их-Уул нэртэй 2 хүнсний дэлгүүрийн ойр орчим ЕБ-ын ямар сургууль байгаа эсэхийг явж үзэж судлахад хамгийн ойрхон байрлаж байсан сургууль нь 3-р сургууль байсан. Тэгээд уг 2 дэлгүүрээс 3-р сургуулийн хойд талын булан хүртэл хэмжилтийг тусгай багажаар авч хэмжихэд Баялаг дэлгүүр нь 213,42 метр, харин Их-Уул дэлгүүр 201,94 метр зайнд тус тус байрлаж байсан.
  3. Үүний дараа Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Тайшир нэртэй хүнсний дэлгүүрийн ойр орчмыг судалж үзэхэд хамгийн ойрхон нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байрлаж байсан. Тэгээд МСҮТ-өөс тухайн Тайшир дэлгүүр хүртэл хэмжилтийг 223,64 метр зайнд байрлаж байсан ба 2-р цэцэрлэгээс 664 метр, 3-р цэцэрлэгээс 681.14 метр зайнд тус тус байрлаж байсан болно.
  4. Түмэн багт байрлах Алтайн оргил бөөний төв, Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүрүүдийн ойр орчмыг судалж үзэхэд хамгийн ойрхон нь ЕБ-ын 2-р дунд сургууль ойрхон зайнд байрлаж байсан. Ингээд уг 2-р сургуулийн хойд талын булангаас Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүр хүртэл шулуунаар хэмжилт хийхэд 406 метр, Алтайн-Оргил бөөний төв нь болохоор 2-р сургуультай 382,32 метр зайнд тус тус байрлаж байсан. Миний бие сургууль ч гэлтгүй цэцэрлэг ч гэлтгүй боловсролын бүх байгууллагаас ямар зайнд байгаа эсэхийг давхар хэмжилт хийсэн ба энэ хоёр дэлгүүр нь 4-цэцэрлэгээс Тунамал-Эрдэнэ хүнсний дэлгүүр хүртэл 68 метр, Алтайн оргил бөөний төв нь 4-р цэцэрлэгээс 38.03 метр зайнд тус тус байрлаж байсан болохыг шинжээчийн дүгнэлт дээр тодорхой тусгасан байгаа.
  5. Оргил багийн нутаг дэвсгэрт байрладаг Ану, Баянговь, Оргил цаг хүнсний дэлгүүрийн ойр орчмыг судалж үзэхэд нь эдгээр дэлгүүрүүдтэй хамгийн ойрхон зайнд ЕБ-ын 2-р сургуультай ойрхон зайнд байрлаж байсан. Миний бие Ану хүнсний дэлгүүрээс 2-р сургуулийн баруун хойд талын булан хүртэл шулуун зайгаар шууд татаж хэмжиж үзэхэд 241.43 метр зайнд, Баянговь хүнсний дэлгүүр нь 275.65 метр, Оргил цаг хүнсний дэлгүүр нь 310,22 метр зайнд тус тус байрлаж байсан болно” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 116-119-рт/;

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 04- ний өдөр гаргасан 01 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 114-115-рт/,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Бийн 2021 оны 03 дугаар сарын 15- ны өдөр нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт, АUTOCAD-2015 программ дээр зай харуулсан зураглал, Googleearth-ийн зураглал /2-р хх-ийн 71, 72-73-рт/,

Нэр бүхий 13 аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрлийн хуулбарууд /1- р хх-ийн 126-135, 166-168-рт/,

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай албан тоот /2-р хх-ийн 30-рт/,

Ш.Дг Есөнбулаг сумын Засаг даргаар томилсон тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/103 дугаартай захирамж/2-р хх-ийн 122-р тал/

Ш.Дг Есөнбулаг сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай захирамж/2-р хх-ийн 123-рт/

Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай “Есөнбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Д нь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэх албан тоот /2-р хх-ийн 125-рт/

Б.Оийг Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтнээр томилсон Есөнбулаг сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамж/2-р хх-ийн 144-рт/

Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай “Есөнбулаг сумын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Онь нийтийн албан тушаалтанд хамаарна” гэх албан тоот /2-р хх-ийн 146-рт/

Есөнбулаг сумын ЗДТГ-н ЗАА-ны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /2018.01,04-ний өдөр батлагдсан /2-р хх-ийн 86-89-рт/,

Есөнбулаг сумын ЗДТГ-н Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /2019.12.25-ны өдөр батлагдсан/ /2-р хх-ийн 148-153-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Дынөмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ:Прокурорын гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Д нь 2016 оноос 2020 оны хооронд Есөнбулаг сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан нь тогтоогддог. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Тухайн хэрэгт цугларсан нотлох баримтаас харах юм бол тамхины тусгай зөвшөөрлийг олгох эрх хэмжээ байгаа боловч тухайн зөвшөөрлийг олгоход бүрдүүлэх материал болон хэмжилт, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа 500 метрт хүрэхгүй байна гэсэн хэмжилтийг хийх эрх хэмжээ бол Засаг даргад олгогдоогүй байгаа. Хавтаст хэргийн материалаас харахад хэмжилтийг хийж байсан албан тушаалтан бол Есөнбулаг сумын даамал Ду, Бэг нар тодорхойлолтыг өгч байсан нь тогтоогддог. Хавтаст хэргийн материалд авагдсан Батчимэг, Ду нарын мэдүүлгийг прокурорын зүгээс иш үндэс болгож байгаа. Энэ яллах талын нотлох баримтаар гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс харвал эдгээр гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Намайг ажлаас чөлөөлж халах хүртэл арга хэмжээг авах эрх хэмжээтэй учраас би айгаад тухайн тодорхойлолтыг хийж өгсөн гэдэг. Гэтэл Да буюу Есөнбулаг сумын Засаг даргын хувьд тухайн 2 албан тушаалтныг томилдог, чөлөөлдөг, сахилгын арга хэмжээ авдаг эрх бүхий албан тушаалтан биш болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн Ду гэдэг хүний гэрчийн мэдүүлгийг удаа дараа прокурорын зүгээс дурддаг. Энэ гэрчийн мэдүүлгээс харвал 13 нэр бүхий тусгай зөвшөөрөл олгосон гээд байгаа газар зарим нь Дашпунцаг даргын үед олгогдсон газар болох нь тогтоогдож байдаг. Дараагийн дугаарт яллах талын нотлох баримт болох шинжээч Болд-Эрдэнийн дүгнэлтээр гэж байгаа. Болд-Эрдэний дүгнэлтийг шууд иш үндэс болгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг яллах талын нотлох баримт болгож байгаа боловч Болд-Эрдэнэ гэж хүн өөрөө энэ Ду, газрын харилцааны даамал 500 метрт хүрч байна гээд байгаа дүгнэлтийг гаргаад байгаа Батчимэг нартай 1 газар хамтран ажилладаг мэргэжилтэн байдаг. Энэ хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй. Дээрээс нь тухайн дүгнэлтийг ямар эрхзүйн акт дээр үндэслэж гаргасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл тамхины тухай хууль, холбогдох дүрэм журамд тухайн 500 метрийг хэмжих аргачлалыг зааж өгөөгүй. Сургууль, цэцэрлэгээс хаанаас нь яаж хэмжих аргачлалыг заагаагүй байхад юун дээр үндэслэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Энэ дүгнэлтийг үндэс болгож байгаа гэмт хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа нотлох баримтууд нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэхэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан  эргэлзээгүй байдлаар нотолж чадаагүй байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Да нь 2016-2020 оны хооронд ажиллаж байх хугацаандаа 2020 оны 09 сарын 27-нд А/127 дугаартай захирамжийг гаргасан байдаг. Энэ захирамж нь Есөнбулаг сумын Засаг даргын ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу тухай ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг ажиллаад нэр бүхий 13 газар хэмжээндээ хүрээгүй байна гэдэг байдлаар өөрийнхөө тамхины зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгосон байдаг. Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээ байдаг. Засаг дарга эрх хэмжээний хувьд буюу 29 дүгээр зүйлинй 3-д зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” хуульд эрх хэмжээг нь заасан байдаг. Сум дүүргийн засаг захирамж нь хуульд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно гэж заасан байгаа. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн 13 аж ахуйн нэгжид олгосон тусгай зөвшөөрөл нь хуульд нийцээгүй байна гээд хүчингүй болгож байгаа нь тухайн Засаг даргын эрх хэмжээ, ажил үүргийн хувиар байна. Үүнийг давхар хариуцлага хүлээлгэх гэмт хэргийн шинж биш гэж үзэхээр байна. Давуу байдал бий болгосон гэдэг нэр бүхийн 13 хүнээс мэдүүлэг авахад энэ Да, О хүмүүст ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгч байгаагүй. Эдгээр хүмүүст буюу 13 материал орж ирээд арван гурвууланд нь тусгай зөвшөөрөл олгосон гэдэг. Хэнд нь давуу байдал бий болгоод хэнд нь давуу байдал үүсгээгүй вэ гэдэг асуудал. Давуу байдал бий болгосон гэдэг гэмт хэргийн агуулга үүн дээр тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй тул үйлдэл холбогдолыг нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Дынөмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Оийг Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дэх хэсэгт заасныг зөрчиж, бусдад тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруутайд тооцохоор санал оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14-д зааснаар 500 метрийн дотор тамхины зөвшөөрлийг олгохгүй гэсэн байгаа 500 метрийг хэмжих эрх бүхий, чиг үүргийг гүйцэтгэх шаардлага нь ажил байдлын тодорхойлолтод яаж тусгагдсан юм. Өөрөөр хэлбэл газрын даамал Дугийн хийх ёстой ажил, гүйцэтгэх үүргийг миний үйлчлүүлэгчтэй холбож, гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй юм. Тамхины зөвшөөрөл олгох хэмжээс хийх эрх бүхий субъект мөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бэхжигдээгүй байна. Газрын хэмжээс хийж хэмжилтийг газрын даамал хийх болохоос биш тэр талаар ажил байдлын тодорхойлолтод тодорхой хэмжээгээр тусаагдаагүй байна. Хавтаст хэргийн материалын 1-ийн 30-д Ажлын байрны тодорхойлолт гэж байгаа Авлигатай тэмцэх газрын мөрдөгч энэ хүний ажлын байрны тодорхойлолт эх хувиараа байхгүй гээд тэмдэглэл хөтөлсөн байгаа. Ажлын байрны тодорхойлолт эх хувиараа байхгүй, хуулбарласан тодорхойлолтод О гэсэн нэр томьёо байхгүй. Албан тушаалтны тодорхойлолтыг хянаж олгосон байгууллагын шийдвэр нь байхгүй. Төрийн албаны эрх бүхий субъект баталгаажуулаагүй байхад миний үйлчлүүлэгчийг эрх мэдлээ ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ хэрэв төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой асуудал энэ хуулиар зохицуулагдаагүй байх юм бол Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуульд ямар үүрэг гүйцэтгэх, ямар албан тушаалын чиг үүрэгтэй байгаа гэдэг дээр бичгээр гэрээ байгуулахаар 24 дүгээр зүйлийн 1-д заасан байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолт боловсруулах журмыг зөрчсөн байна. Томилох эрх бүхий этгээд нь батална. Баталгаажуулж байж энэ хүнд ажил үүргийн эрх үүснэ. Мөн дээрх журмын 6.2 дахь хэсэг зөрчсөн байна. Байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан нь тухайн албан тушаалтын албан тушаалд томилогдож байгаа этгээдэд албан ёсоор танилцуулах үүрэгтэй танилцуулсан талаар гарын үсэг  зуруулж баталгаажуулна гэж байгаа. Тэгэхээр ингэж баталгаажуулаад чи хэмжилт хийх эрхтэй юм байна. Ажлын байрны тодорхойлолтод нэр байхгүй ч гэсэн хуулбарласан хүмүүсийн тодорхойлолтоос аваад үзэхэд хэмжилт хийх эрх үүрэг нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа зүйлчлэлийн утга агуулга хавтаст хэрэгт авагдсан 13 аж ахуйн нэгж, тэдгээрийн гэрчээр мэдүүлэг өгсөн. Бусдад давуу байдал бий болгох зорилгоор мөн шан харамж, авах талаар энэ 2 хүний зүгээс ямар нэгэн идэвхтэй хэлбэрийн үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тэгэхээр 13 иргэдээс хэн нь хохирсон ямар ард иргэд хохироод 2,3 нь гомдолтой үлдсэн гэсэн энэ давуу байдлыг няцаах нотолгооны хэрэгсэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад бэхжигдээгүй байна. Дугийн мэдүүлгээс харахад Googleeart зураглалаар хэмжсэн гэж байгаа. Шинжээчийн дүгнэлт нь AUTCATE-2015 буюу 2 долгионы GPS гээд тэс ондоон. Тэгэхээр тамхины хяналтын тухай хуульд 500 метрийг хэн хэмжих ёстой юм. Үүнийг ямар багаж хэрэгслээр ямар машстабаар хэмжих талаар нотолгооны зүйл бэхжигдээгүй байна. Мөн От давуу байдал олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хүсэлт өгсөн иргэдийн хүсэлтийг хангасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй тул үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дээрхи баримтуудыг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргаар, ажиллаж байх хугацаандаа тус сумын захирагчийн албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Отэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо: 1.Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Д, Б.Онарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, хохирол хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчилжээ.

Тухайн хэргийн нөхцөл байдлаас харахад Ш.Д, Б.Онар нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүсэлт гаргасан нэр бүхий 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгосон байна. Мөн дээрхи 13 нэр бүхий хүнсний дэлгүүрээс 5-6 дэлгүүрт урьд Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтан тамхины зөвшөөрөл олгож байсан бөгөөд Ш.Д нь хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон байдал хэрэг цугласан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

 Хавтаст хэрэгт тухайн 13 хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл хүссэн хэдэн аж ахуйн нэгжээс дээрхи 13 аж ахуйн нэгжүүдийг онцолж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж  хэрхэн давуу байдал олгосон эсэх нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь бусдад давуу байдал олгосон гэх шинж үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч Ш.Д, Б.Онар нь өөртөө давуу байдал олгосон болох нь гэрч Б.Баасангийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний зүгээс Да даргад тамхины тусгай зөвшөөрөл бичүүлж авахдаа шан харамж, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх87-рт/,

Гэрч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хувьд Да даргыг Есөнбулаг сумын засаг дарга мөн Засаг дарга болохоосоо өмнө нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан гэдэг утгаар нь л мэднэ. Тэрнээс бол садан төрлийн харилцаа хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-98рт/

Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн “...Тамхины тусгай зөвшөөрөл авахад эрх бүхий албан тушаалтанд шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байна уу гэхэд ...Надад тийм зүйл байхгүй. Да даргатай төрөл садангийн холбоо харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-91-рт/,

Гэрч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Тамхины тусгай зөвшөөрөл авахад эрх бүхий албан тушаалтанд шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байна уу гэхэд”... Би Улаанбаатар хотод дэлгүүр ажиллуулж байгаад 2019 онд Говь-Алтай аймагт ирж дэлгүүр ажиллуулж байгаа тул аймгийн удирдлагуудаас таньж мэдэх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх101-рт/,

Гэрч Ө.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тамхины тусгай зөвшөөрөл авахад эрх бүхий албан тушаалтанд шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байна уу гэхэд”... шан харамж өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-103-рт/,

 Гэрч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “... Тамхины тусгай зөвшөөрөл авахад эрх бүхий албан тушаалтанд шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байна уу гэхэд ”... Да даргатай садан төрлийн холбоо байхгүй. Тамхины тусгай зөвшөөрөл авахдаа шан харамж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-93-94-рт/,

Гэрч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “... Тамхины тусгай зөвшөөрөл авахад эрх бүхий албан тушаалтанд шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байна уу гэхэд” ...Миний зүгээс тамхи зарах зөвшөөрөл гаргуулан авах материалаа бүрдүүлэн өгөхдөө эдгээр хүмүүст ямар нэгэн байдлаар шан харамж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-53-54-рт/,

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “... Тамхины тусгай зөвшөөрөл авахад эрх бүхий албан тушаалтанд шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байна уу гэхэд” ...Би Да дарга болон мэргэжилтэн От тусгай зөвшөөрлөө сунгуулахдаа шан харамж, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй...” гэх 2-р хх-56-57-рт/ гэх мэдүүлгүүдээр  тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.Д , Б.Онарын хэмжилт хүрээгүй нэр бүхий 13 аж ахуйн нэгжүүдэд тамхины тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь Тамхины тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэв.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хууль болон холбогдох дүрэм журмуудад тамхины тусгай зөвшөөрөл олгоход хэмжилтийг хэрхэн хийх талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгаагүйн улмаас цаашид хэмжилтийг нэг мөр болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж дахин хэмжилт хийж  улмаар шүүгдэгч Ш.Д нь хуулиар  олгогдсон бүрэн эрхийн дагуу  2020 оны 09 сарын 27-нд А/127 дугаартай захирамжаар  хэмжилт хүрээгүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шүүгдэгч Ш.Д, Б.Онарыг гэм буруугүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Д, Б.Онарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Шийн Да, Жалайр овогт Бн О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Д, Б.Онарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА