Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 686

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: М.Н

Хариуцагч: А.М

Гуравдагч этгээд: “Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон А.Мийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Х” ХХК-ийн хэрчсэн гурилын үйлдвэрийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч М.Н, хариуцагч А.М нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч прокурор М.Н дүгнэлтдээ: “...М.Н би, А.М Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/101 дугаартай “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун гудамж 224 тоотод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн материалыг хянав.

 Шалгалтаар “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, бүртгэл хөтлөлт хөтлөөгүй зөрчлүүд шалгалтын явцад тогтоогдсон болох нь материалд авагдсан Ш.С*******ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэгт тусгагдаж бичигдсэн байна.

Дээрх гаргасан зөрчлүүдэд эрх бүхий албан тушаалтан А.М “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байгаа зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэгт “эрүүл ахуйн зохистой дадал гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг.” мөн Хоолны газрын нийтлэг журмын 8.1 “хоолны газрын шал, хана, хаалгыг өдөр бүр цэвэрлэж ариутгах ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ.” гэснийг;

 Бүртгэл хөтлөлт хөтлөөгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй”, мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө.” мөн зүйлийн 9.5 дахь хэсэгт “Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.” гэж заасан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон А.Мийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул прокурорын дүгнэлт бичив.” гэв.

Дүгнэлт гаргагч прокурор М.Н******* 64 дугаартай дүгнэлттэй холбогдуулан гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/101 дугаартай “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун гудамж 224 тоотод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд хариуцагчаас “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэр нь “эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, бүртгэл хөтлөлт хөтлөөгүй зөрчлүүд шалгалтын явцад тогтоогдсон” гэх үндэслэлээр үйлдвэрийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан.

Холбогдогч “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрийн хувьд эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, бүртгэл хөтлөлт хөтлөлт байхгүй" гэсэн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ,

Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно:

  1. хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх;
  2. хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах;

20.1.3.эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах;

20.1.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

  1. гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх;
  2. хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх;

20.1.7.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;

20.1.8.нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаарбохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах;

20.1.9.олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях, гэж тус тус заасан байна.

Дээрх заалтын дагуу Эрүүл ахуйн тухай хуульд заасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбоотой дээр дурдсан гадаад орчны талаар хориглох зүйлсийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан торгох шийтгэл оногдуулахаар заасан байна.

Гэтэл “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, мөн бүртгэл хөтлөлт хөтлөөгүй гэх зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Хүнсний эрүүл ахуй” гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг”, 4.1.6-д “Хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг”, 4.1.20-д “эрүүл ахуйн дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг” гэж тус тус заажээ.

Материалд авагдсан баримтуудаас дүгнэхэд холбогдогч “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, бүртгэл хөтлөлт байхгүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдлүүд нь “Эрүүл ахуйн тухай хууль бус Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн” байна гэж үзэхээр байна.

Иймд А.Мийн ******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрийн гаргасан зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байна гэж үзлээ.” гэжээ.

Хариуцагч хяналтын улсын байцаагч А.М******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын А.М би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын гаргасан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/101 дугаартай “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж, хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн “Бэлэн” хэрчсэн гурилын үйлдвэрт хяналт шалгалт хийхэд тухайн үеийн хяналт шалгалтын явцад эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй, бүртгэл хөтлөлт хөтлөөгүй зэрэг зөрчил илэрсэнд “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн “Эрүүл ахуйн тухай хууль зөрчих” 9 дэх заалтад зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулсан.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н******* нь 3өрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт  мөрдөөгүй”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 “эрүүл ахуйн зохистой дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл үйл ажиллагааг, мөн Хоолны газрын нийтлэг журмын 8.1 дэх “хоолны газрын гал, хана, хаалгыг өдөр бүр цэвэрлэж ариутгах ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ“ заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэнд тайлбар гаргах нь:

Нэг. Тухайн үеийн хяналт шалгалтаар "Х” ХХК-ийн “Бэлэн” хэрчсэн гурилын цех нь угаалга цэвэрлэгээг хангалтгүй хийсэн нь тогтоогдсон. Уг хүнсний үйлдвэрийн захирлаас авсан холбогдогчийн мэдүүлэгт холбогдогч Ш.С******* нь үйлдвэрийн зай талбай нь хүрэлцээтэй үйлдвэрийн болон эрүүл ахуйн зохистой дадлын талаар ойлголттой, үйлдвэрт харьцангуй цэвэрлэгээгээ сайн хийдэг талаар мэдүүлсэн байна. Мөн холбогдогч үйлдвэрт гарсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхдөө тухайн өдөр цэвэрлэгээ үйлчилгээгээ дутуу дулимаг хийсэн, бохир байсан талаар мэдүүлсэн байдаг. Иймээс үйл ажиллагаандаа зохистой дадал нэвтрүүлээгүй шийтгэлийн арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй гэж үзээгүй болно. /Тухайн өдрийн гарсан зөрчил нь уг хүнсний үйлдвэрийн зуурмаг зуурах өрөөний шалан дээр гурил асгарсныг цэвэрлээгүй, үйлдвэрийн шалны ус зайлуулах хэсэгт /бохирын трамп/ гялгар уут унаснаас хажуу хэсэг рүү хальж асгарсан усыг арчиж цэвэрлээгүй зэрэгт угаалга цэвэрлэгээ хангалтгүй байна гэж үзсэн болно./

Хоёр. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэсэнд гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэртэй холбоотой стандарт байдаггүй, харин үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнтэй холбоотой Үр тариа, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн. Хэрчсэн гурил. Техникийн шаардлага MNS5760:2007 стандартыг уг үйлдвэр мөрдөн ажиллаж байна.

Гурав.Хоолны газрын нийтлэг журмын 8.1 “хоолны газрын гал, хана, хаалгыг өдөр бүр цэвэрлэж ариутгах ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ” гэсэн нь “Х” ХХК-ийн хэрчсэн гурилын үйлдвэр нь хоолны газар биш хүнсний үйлдвэр тул хоолны газарт мөрдөх стандарт мөрдөөгүй байна гэж үзсэн нь ямар ч хуулийн үндэслэлгүй байна.

Дөрөв. Бүртгэл хөтлөлт хөтлөөгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, мөн зүйлийн 9.5 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзсэнд тайлбар гаргахад Мал, амьтан ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А/37 дугаар тушаалаар хүчингүй болсон тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ оногдуулах эрх зүйн үндэслэлгүй байна.

Тав. “Х” ХХК-д тус хэлтсийн нийгмийн хамгааллын байцаагч Т.Т******* нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна/-т зааснаар дээрх аж ахуйн нэгжид илэрсэн зөрчил болгонд нь эрх бүхий албан тушаалтнууд зөрчлийн шинжийг харгалзан үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын дүгнэлтэд бичсэнээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр ба эсхүл түүнээс доош зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасан байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Зургаа. “Х” ХХК-тай холбоотой зөрчлийн хэргийн материалыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянуулахаар хүргүүлсэн байхад хуанлийн 73 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт үйлдсэн нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/41 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар"-ын 5.3 дугаар зүйлийн 2 дахь заалт /Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг ажлын 5 өдрийн дотор хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана/ гэж заасан заалтыг зөрчиж байна. 

Долоо. Дээрх тайлбаруудаас үзэхэд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*******ын үйлдсэн 64 дугаартай Прокурорын дүгнэлт нь нийтийн хоолны газарт мөрдөх журмыг хүнсний үйлдвэрт мөрдөнө гэж салбар хоорондын мөрдөгдөх стандарт дүрэм, журмыг хольж хэрэглэсэн, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2016 оны А/37 дугаар тушаалаар хүчингүй болгосон бүртгэл хөтлөлтийг хөтлөөгүй гэж үзсэн, зөрчлийн хэргийн материалыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/41 тоот тушаалд зааснаар 5 хоногт хянаж, дүгнэлт үйлдэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээгүй, нэг аж ахуйн нэгжид илэрсэн зөрчил бүрт шийтгэл оногдуулсан байхад аль хүнд шийтгэл оногдуулаагүй гэж дүгнэсэн нь шийтгэлийн хуудас хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй гэж байна.   

Найм.  Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна/ заалтыг баримтлан холбогдох арга хэмжээ авсан болно.” гэв.

Гуравдагч этгээд Х ХХК-ийн захирал Ш.С******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Х ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 орчим ажилчидтай үйл ажиллагаа явуулж байгаа болно. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг 100 хувь төлдөг, татварын өр төлбөргүй. Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Баянгол болон Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтанд байнга хамрагдаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэл, эрүүл ахуйн чанар, цэвэрлэгээ үйлчилгээнийхээ бүртгэл хөтлөн үйл ажиллагаа явуулдаг.

2018 оны 04 дүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч М*******, Т******* нар ирж шалгалт хийсэн бөгөөд тухайн үед манай ажилтны хайхрамжгүйгээс болж зуурагч тогооны усны шахуурга гэмтсэнээс шалан дээр хэсэгхэн газар бохирдол үүсгэсэн байсан.

Усны тарапын хэсэг рүү бүтээгдэхүүний хаягдал уут орсон байсан зөрчил илэрсэн. Энэ шалгалтын зөрчилөөр 500.000 төгрөгийн торгууль, нийгмийн даатгалын анхан шатны баримт дутуу зөрчлөөр 500.000 төгрөгийн торгууль тус тус төлсөн нь үнэн болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

А.М нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/101 дугаартай “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун гудамж 224 тоотод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг “Х” ХХК-ийн “Бэлэн гурил” хэрчсэн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд шалгалтаар үйлдвэрт угаалга, цэвэрлэгээг хангалтгүй хийсэн, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулан ажиллаагүй, бүртгэл хөтлөлт хөтлөөгүй гэх зөрчлүүд тогтоогдсон байна.

Иймд А.М нь эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангуулаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу “Х” ХХК-ийг 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараах зүйлийг хориглоно, 20.1.1-д Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх, 20.1.2-д Хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах, 20.1.3-д Эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах, 20.1.4-д Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, 20.1.5-д Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх, 20.1.6-д Хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх, 20.1.7-д Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх, 20.1.8-д Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах, 20.1.9-д Олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу Эрүүл ахуйн тухай хуульд заасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбоотой дээр дурдсан гадаад орчны талаар хориглох зүйлсийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж торгохоор тухайлан заасан байх бөгөөд Х ХХК-ийн гаргасан зөрчил нь гадаад орчинтой огт хамааралгүй, Эрүүл ахуйн тухай хуульд заасан зөрчил биш байна.

Түүнчлэн прокурорын дүгнэлтээр ...Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1.20-д “эрүүл ахуйн зохистой дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг хэлнэ гэж тайлбарлан холбогдогч компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үндэслэлээ тайлбарладаг.

Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон фото зургаас үзэхэд холбогдогч Х ХХК нь зуурагч тогооны усны шахуурга гэмтсэнээс шалан дээр бохирдол үүсгэсэн гэсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг гаргасан байх ба энэ үйлдэл нь Эрүүл ахуйн тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан зөрчил биш байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын удирдамжид зааснаар хяналт шалгалт хийх чиглэлийг тодорхойлсон бөгөөд уг чиглэл нь хүнсний чанар, стандартын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, нийгмийн хамгааллын хяналт гэсэн 3 чиглэлээр холбогдох эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хариуцсан чиглэлээр хяналт шалгалтаа хийсэн байна. 

Гэтэл Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч нь өөрийн чиглэлд үл хамаарах буюу Эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалт хийсэн мэтээр зөрчил гаргасан гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө” гэж заасны дагуу Х ХХК ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх үүрэгтэй хэдий ч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлтэй холбогдсон журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан байна.

Гэтэл энэ талаар журам батлагдаагүй байх бөгөөд өмнө мөрдөгдөж байсан “Мал, амьтан ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам” нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А/37 дугаар тушаалаар хүчингүй болсон байх тул энэ асуудлаар эрх бүхий албан тушаалтан хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй байна.

Дүгнэлт гаргагчаас Х ХХК-г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” хэмээн маргаж байгаа ч хэрчсэн гурилын үйлдвэрлэлтэй холбоотой ямар нэгэн стандарт, журам батлагдаж гараагүй байна.

Түүнчлэн “Х” ХХК-ийн хэрчсэн гурилын үйлдвэр нь хоол үйлдвэрлэлд хамаарахгүй тул “Хоолны газрын нийтлэг журам” болон MNS CAC RCP 39:2011 “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал”, MNS 4346:2005 “Хоолны газрын ангилал зэрэглэл. Үндсэн шаардлага” нь хамааралгүй бөгөөд MNS 5760:2007 “Үр тариа, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, Хэрчсэн гурил. Техникийн шаардлага” нь зөвхөн техникийн шаардлага буюу үнэр, өнгө, амт, сав, баглаа боодол зэргийг зохицуулсан тул Х ХХК-ийн гаргасан “цэвэрлэгээ бохир” гэх зөрчилд хамааралгүй байна.

Хариуцагч А.М******* нь “... “Х” ХХК-тай холбоотой зөрчлийн хэргийн материалыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянуулахаар хүргүүлсэн байхад хуанлийн 73 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт үйлдсэн нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/41 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 5 дугаар зүйлийн 5.3.2-т “Прокурор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хэрэг, материалыг ажлын 5 өдрийн дотор хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан заалтыг зөрчиж байна.” хэмээн маргасан байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын тайлбараас үзвэл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.1.3-д “Дээд шатны ажлыг жилд 1-ээс доошгүй биечлэн шалгаж, хууль заавар журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тодорхой чиг үүрэг, даалгавар өгч, биелэлтийг тооцож ажиллана” гэсний дагуу хяналтын прокурор М.Н*******ын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 13-ны өдрүүдэд шалгаад, хууль хэрэглээтэй холбоотойгоор практик тогтоох зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурорын дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичиж, шүүхээр хянан шийдвэрлүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн” гэснээс үзвэл 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө, Шийтгэлийн хуудас бичсэн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 өдрийн дотор Шийтгэлийн хуудсыг хянаж шийдвэр гаргах боломжтой байсан байна.

Нэгтгэн дүгнэвэл, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №******* дугаартай Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт үндэслэн “Х” ХХК-д хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлгүй байна. Мөн М.Н энэхүү шийтгэлийн хуудсыг шалгаж дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй боловч дүгнэлт бичих хугацааг хэтрүүлсэн бөгөөд дүгнэлтийн агуулга нь үндэслэлгүй, гаргасан зөрчилд тохирохгүй байна.

Гэсэн хэдий ч Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас болон прокурорын дүгнэлт агуулгын хувьд алдаатай байгаа нь гуравдагч этгээд болох “Х” ХХК зөрчил үйлдээгүй гэсэн үг биш юм. Тийм учраас шүүх хариуцагч  А.М*******ийг 3 сарын хугацаанд нөхцөл байдлыг шалган дахиж акт гаргахыг даалгаж, хэрэв 3 сарын хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаад шийтгэлийн хуудсыг түр түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан М.Нын дүгнэлтээр хянагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын байцаагч А.М*******ийн  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын байцаагч А.М******* нь 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу дүгнэлт гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА