Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 112/2022/0022/З |
Дугаар | 221/МА2023/0638 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0638
Б.Ч-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О
Нэхэмжлэгч: Б.Ч
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Э
Гуравдагч этгээд: Я.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О , өмгөөлөгч Т.С
Хариуцагч Д.Э
Гуравдагч этгээдийн Я.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 112/2022/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Э-д холбогдуулан “Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: “Сургуулийн өмнөх боловсролын тухай /2008 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Алтай сумын иргэн Б.Ч-ээс тус сумын Засаг дарга Д.Э-д холбогдуулан гаргасан Алтай сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/80 дугаарт акт тавигдсан байхад 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй. Урамшуулал авах нөхцөл нь бүрдэж тухайн тайлант жилдээ сумын хэмжээнд 2 дугаар байранд орсон боловч сумын Засаг дарга урамшуулал олгох тушаал, шийдвэр гаргаж өгөлгүй эс үйлдэхүй гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 50-62 дугаар хуудсанд байгаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн биелэлт”-ээс харагдана. Энэ тайланг сумын Засаг дарга хүлээж аваагүй, тайланг дүгнээгүй гэдэг талаар тайлбар хийгээгүй.
3.2. Мөн хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд “Цэцэрлэгийн 2021 оны үйл ажиллагааны тайлан” байх бөгөөд уг тайланд “Байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан сумын Засаг даргаар баталгаажуулан ажиллаж жилийн ажлаа үнэлүүллээ” гэсэн байна. Нэхэмжлэгч Б.Ч-ийн 2021 оны ажлыг ямар үнэлгээтэй дүгнэсэн талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй. Тийм учраас Б.Ч-ийн тайлбарлаад байгаа “Сумын хэмжээнд гүйцэтгэлийн тайлангийн биелэлтээр сумын хэмжээнд 2 дугаар байранд орсон” гэдэг тайлбарыг хариуцагч сумын Засаг дарга хүлээн зөвшөөрсөн, няцааж чадаагүй гэж үзнэ. Сумын хэмжээнд 2 дугаар байранд орохоор гүйцэтгэлийн тайлантай байгууллагын удирдлагад яагаад урамшуулал олгохгүй байгаа хууль зүйн үндэслэлээ бас л нотолж чадаагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд Б.Ч-ийн урамшуулал авахаар сумын удирдлагуудад гаргасан хүсэлт байдаг. Энэ хүсэлтийг албан ёсоор яаж шийдвэрлэсэн нь бас л тодорхойгүй.
3.3. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тавигдсан актыг мэдсээр байж сахилгын шийтгэл ногдуулаагүй нь бас л эргэлзээтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг хаанаас ямар тушаал шийдвэрээр хийсэн, энэ өдөр ажиллаагүй төсвийн байгууллагууд нөхөж ажиллах талаар тушаал шийдвэр дээрээ юу гэж заасан талаар баримт байхгүй. Аймгийн боловсролын хэлтсээс утсаар зөвлөгөө авч дараа нь нөхөж ажилласан байдаг. Үүнийг буруутгах үндэслэл болгохгүй. Санхүүгийн зөрчил гаргасныг үгүйсгэхгүй гэвч энэ нь ажлаас халах сахилгын ноцтой зөрчил биш.
3.4. Санхүүгийн зөрчил их бага хэмжээгээр гардаг. Засвар хийгдээгүй биш хийсэн засварын ажил дээрээ нөхөж гарын үсэг зуруулсан баримт л байдаг. Тэрч байтугай ажилчдаа гурван багт хувааж засварын ажил хийлгэсэн нь баримтаар нотлогддог. Гэрчүүд ч мэдүүлдэг.
3.5. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 04 дүгээр сарын 01-нд архи уусан үйлдлийг 2022 оны 05 дугаар сарын 31-нд шалгаж эхэлсэн байдаг. Х.Амаржаргал өөрөө архи хамт ууж автомашинаа бариулчихаад цагдаад өргөдөл гаргасныг зөрчил биш гэж үзэн сумын цагдаа Зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Энэ нь үндэслэлтэй. Тухайн зөрчил гаргагчийн согтуурлын зэргийг шалгаж тогтоохгүйгээр шийтгэл ногдуулах нь өөрөө хууль хэрэглээний талаас нь үзэхэд боломжгүй. Зөрчлийн хэрэг нээх боломжгүй гээд байхад сумын Засаг дарга өөрөө аймгийн цагдаагийн даргаар эрх мэдлээ ашиглан Зөрчлийн хэрэг нээлгүүлсэн нь харагдана. Б.Ч ийг ажлаас халах бүх боломжоо хайж байгаа хэлбэр нь.
3.6. Ажлын байранд архидан согтуурсан, ажлын байранд ажлын цагаар согтуу ирсэн бол ноцтой зөрчил. Гэтэл нэхэмжлэгч ажлын байранд архидаагүй, ажил дээрээ ажлын цагаар согтуу ирээгүй. Дандаа машин дотор архи уусан нь нотлох баримтаар тогтоогддог. Архи уусныг нь зөвтгөхгүй ч дотоод журмыг илт гуйвуулж буруу тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Сумын Засаг дарга Б.Ч ийг ажлаас халах захирамждаа дотоод журмыг бариагүй.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Алтай сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар “...Б.Ч нь ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо ахалж ажиллахдаа удаа дараа архидан согтуурсан, Мал тэжээвэр амьтны улсын тооллогын ажлын хэсэг ахлахдаа архидан согтуурч ажлын хэсэгт ажиллаж байсан албан хаагчийг санаатайгаар орхиж ирсэн, ажлын байран дахь хууль бус дарамт шахалт, ажилчидтайгаа ялгавартай хандах, сэтгэл зүйн дарамттай орчинд ажиллуулах, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь шударга, ил тод тайлагнаагүй, Төсвийн шууд захирагчийн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал олгосон, албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгаж илүү цагаар ажиллуулах, хавчин гадуурхах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж үзэж Б.Ч ийг ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан”, нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Алтай сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, захирамж гарсан өдрөөс анхан шатны шүүх хурал болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр маргаж байна.
2.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд 48 дугаар зүйлийн 48.1.4-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчийг төрийн албанаас халахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус хуульчилсан.
2.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.7-д төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ... нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоор, 2019 оны 33 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4-д зааснаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих үүрэгтэй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Ч нь дээр дурдсан хууль болон холбогдох журмыг зөрчсөн, хууль, журмаар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй цэцэрлэг ажиллаагүй байхад хүүхдүүдийг цэцэрлэгт ирснээр ирц бүртгэж, хоолны менюг зөрүүтэй бичсэн, урсгал засвар хийгдээгүй байхад хуурамчаар баримт бүрдүүлдэг, гарын үсэг зуруулдаг зэрэг үйлдэл нь албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалтай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга ил тод тайлагнаагүй гэж үзэх үндэслэлтэй...албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилт байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хянаж тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлсэн байна, ... Алтай сум дахь цагдаагийн хэсгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5/33 дугаар мэдэгдэлд... болон зөрчлийн материалд нэхэмжлэгч холбогдогчоор өгсөн мэдүүлэг зэргээр ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байна” гэх зэргээр дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
2.5. Тодруулбал, Алтай сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр албан бичгээр ирүүлсэн тус цэцэрлэгийн дотоод журмын 8 дугаар зүйлд Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 9-д “...цэцэрлэгийн хөрөнгө ашигласан нь... нотлогдсон бол хөдөлмөрийн сахилгыг ноцтойгоор зөрчсөнд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна”, 13-д “...ажлын цагаар согтуурсан багш, ажилтныг хөдөлмөрийн сахилгыг ноцтойгоор зөрчсөнд тооцон ажлаас шууд хална. /ЗГ-ын 256-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллана/” гэсэн шийтгэл ногдуулахаар тодорхой тусгасан байна.
2.6. Нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/51 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан “байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, хянаж тайлагнах” үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй болох нь:
- Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/80 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар “...ажилтанд 1,125,200 төгрөгийн үр дүнгийн урамшуулал тушаал шийдвэргүй бодож олгосон. Энэ нь Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.1 дэх заалтыг зөрчсөн” гэж,
- мөн өдрийн 01/128 дугаартай албан шаардлагаар “...Жолоочийн тооцооны хуудсыг журмын дагуу хөтлөөгүй, тооцоо бодоогүй 5043.6 төгрөгийн зарлага гаргасан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 гэсэн заалтыг зөрчсөн” гэж,
- 02/128 дугаартай албан шаардлагаар “...Нийгмийн даатгалын тайланг тооцоолсон цалингаас 3,668,900 төгрөгөөр илүү тайлагнасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг зөрчсөн” гэж,
- 03/128 дугаартай албан шаардлагаар “...Батлагдсан төсвийг 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар төлөвлөж зарцуулаагүй байна. Энэ нь Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын 1.1 дэх заалтыг зөрчсөн” гэж,
- 04/128 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “...тус цэцэрлэг нь 2020 онд ОНӨГ-ын тогтоолоор актлагдсан 419.400 төгрөгийн хөрөнгийг дахин актлуулахаар санал өгсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйл, 77.2.1, Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж,
- 05/128 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар “...Тайлант онд 597,100 төгрөгийн зардлыг тооцооны дансаар дамжуулаагүй шууд зардал бичсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1, 14.3.2, 14.3.3, 14.3.4, 14.3.5-д заасныг зөрчсөн байна” зэрэг баримтуудаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
2.7. Аливаа төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох бөгөөд олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих үүрэгтэй. Гэтэл Алтай сумын Цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч нь ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг Цагдаагийн байгууллагаас тогтоосон байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Цагдаагийн хэсгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр мэдэгдлээр “...тус сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Б.Ч нь...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлүүд тогтоогдсон тул Б.Ч ...нарыг тус бүр...400 нэгж буюу 400.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн,...Иймд Монгол Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэн...” ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн болон Б.Ч т согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 400 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0232898 дугаартай шийтгэлийн хуудас,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06/10418 дугаар албан бичгээр “...Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221600141 дүгээр тогтоолоор тус сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч т холбогдуулан гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж,
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор “...сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, мөн зүйлийн 11.2.4-д заасан үүргээ зөрчиж, багш ажилтнуудын цалингаас үндэслэлгүйгээр суутгал авсан, цэцэрлэгийн үйл ажиллагааг тохижуулах зорилгоор багш, ажилтнуудаас мөнгө цуглуулсан, хоолны цэсийг бодит байдлаас өөрөөр бичүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. Гэвч Б.Ч-ийн Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй буюу гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн боломжгүй байна” гэж дүгнээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хаасан,
Харин Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/9059 дүгээр албан бичгээр “...тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс Говь-Алтай аймгийн Алтай сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч т холбогдуулан гаргасан гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 221600141 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” зэрэг баримтуудаар тогтоогджээ.
2.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0232898 дугаар шийтгэлийн хуудастай маргаагүй, улмаар тус шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон, мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс тушаал, шийдвэр гараагүй боловч тухайн өдрийн ажлыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөхөж ажиллахдаа хоолны цэсийг өөрчилсөн, түүнчлэн хэдийгээр Засаг даргаас урамшуулал олгох талаар амаар мэдэгдсэн гэх боловч энэ талаар албан ёсоор шийдвэр гараагүй байхад дур мэдэн өөртөө урамшуулал хэлбэрээр мөнгө гаргуулан авсан зэрэг Төрийн албан албан хаагч болох Б.Ч-ийн үйлдлийг зөвтгөх боломжгүй.
2.9. Нэгэнт дээрх байдлаар нэхэмжлэгч нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, цэцэрлэг ажиллаагүй өдөр хүүхдүүдийг ирснээр ирц бүртгэж, хоолны цэсийг өөрчилж бичсэн, урсгал засвар хийгдээгүй байхад хуурамчаар баримт бүрдүүлсэн, гарын үсэг зуруулсан, албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хөрөнгийн зарцуулалтай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга ил тод тайлагнаагүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөртөө урамшуулал олгосон зэрэг зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон төдийгүй хариуцагч Б/12 дугаар захирамжийг гаргахдаа зөрчлийг шалгаж, тогтоох ажиллагааг хуульд нийцүүлэн боломжит байдлаар хийсэн бөгөөд шүүх маргаан бүхий захирамжийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Аудитаас тавигдсан актыг мэдсээр байж сахилгын шийтгэл ногдуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль зөрчин сахилгын шийтгэл ногдуулсан. Бүх нийтийн цэвэрлэгээг хаанаас ямар тушаал шийдвэрээр хийсэн, энэ өдөр ажиллаагүй төсвийн байгууллагууд нөхөж ажиллах талаар тушаал шийдвэр дээрээ юу гэж заасан талаар баримт байхгүй. Санхүүгийн зөрчил гаргасан нь ажлаас халах сахилгын ноцтой зөрчил биш, ...зөрчил гаргагчийн согтуурлын зэргийг шалгаж тогтоохгүйгээр шийтгэл ногдуулсан” гэх агуулга бүхий гомдлоор маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүнийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийнхүү хариуцлага тооцохгүй байх нь хууль, журам тэгш хэрэгжих, төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлах, эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандах, хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
2.11. Харин анхан шатны шүүхийн “...ажилтанд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байх тул нэхэмжлэгч Б.Ч-ийн 2020 онд багш ажилчдаас мөнгө авсан, 2021 онд албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хугацаа өнгөрсөн байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.
2.12. Иймд маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд иргэн А.Б-ыг иргэдийн төлөөлөгчөөр оролцуулж дүгнэлт бичүүлсэн атлаа шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгаагүй байгааг цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА