| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/160 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул,
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2136000000221 дугаартай, 178/2021/0146/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-21 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2019ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр” зоогийн газрын гадна мөн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах,баривчлах байрны хүлээн авах өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Л.*******гийн биед халдаж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Эд зүйлд үзлэг хийсэн...Ховд аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт байх Ховд аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны хяналтын камерт үзлэг хийв... гэх тэмдэглэл / хэргийн 8-9-р хуудас/
Хохирогч Гахай овогт Лхагвын *******гийн / 1995.04.30-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайны багш мэргэжилтэй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Өгөөмөр ресторанаас гараад явж байтал манай найз Тэнгисийг хэдэн залуучууд хоргоогоод байхаар нь очоод “ та нар амарцгаа, харьцгаа” гээд байж байтал манай хамар хашааны Б.******* гэх залуу миний хамар луу цохисон. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Эрүүлжүүлэх байранд орчихоод буцаад гараад ирэх үед Б.******* намайг нэг удаа гараараа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 18,21-р хуудас/
Гэрч Г.Төгс-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр Ж.Болдбаатарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Өгөөмөр рестораны гадна хэсэг залуучууд маргалдаж байхаар нь очиж шаардлага тавьсан. Л.*******, Б.******* хоёр нэг нэгнийгээ цохихоор нь эргүүлийн машин дуудаж эрүүлжүүлэх рүү хүргүүлсэн. Л.*******гийн хамарнаас цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/
Гэрч Ц.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... тухайн орой эрүүлжүүлэх байрны эмчийн үүрэг гүйцэтгэж байхад Л.*******, Б.******* гэх хоёр залууг авчирсан. Л.*******гийн хамарнаас цус гарсан байдалтай байсан.Л.*******г 00 руу оруулж хамрыг нь угаалгачихаад хүлээн авах өрөө рүү оруулах үед Б.******* хүлээн авах өрөөнөөс гарахаар зөрөх үедээ Л.*******гийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/
Гэрч Ч.Лхамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Л.*******г 00 руу оруулж хамар амыг нь угаалгачихаад хүлээн авах өрөөний хаалгаар орж ирэх үед Б.******* нүүр лүү нь цохихоор нь Өлзийхутаг бид хоёр салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн...Л.*******гийн биед баруун нүдний дээд доод зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, хамрын уг болон зүүн нүдний дээд доод зовхины баруун хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чамархайн урд хэсгийн зулгаралт, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний эмтрэл, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Л.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 49-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Өгөөмөр рестораны гадна зогсож байхдаа хоорондоо маргалдаад Л.*******гийн нүүр хэсэгт цохиж байснаа санаж байна. Тухайн үед нэлээн согтсон байсан болохоор тодорхой сайн санахгүй байна. Тэгээд бид хоёрыг эрүүлжүүлэх байранд авчирсны дараа эрүүлжүүлэхийн хүлээн авах өрөөн дотор Л.*******г цохисноо санаж байна. Л.*******д шүдний эмчилгээ, эм тарианы үнэ гэж 200000 төгрөг өгсөн. Цаашид гарах хохирлоо нэхэмжилвэл төлөхөд татгалзах зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 55-56-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Өгөөмөр” зоогийн газрын гадна болон Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хохирогч Л.*******гийн нүүр хэсэгт цохисноос түүний биед баруун нүдний дээд доод зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, хамрын уг болон зүүн нүдний дээд доод зовхины баруун хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чамархайн урд хэсгийн зулгаралт, доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний эмтрэл, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Б.******* нь олон нийтийн газарт хүмүүсийн дэргэд хохирогч Л.*******гийн бие махбодид халдаж цохисноос биед нь гэмтэл учруулсан байдал нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.*******тай маргалдаж,түүний нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Л.******* .. хамар болон шүдэндээ эмчилгээ хийлгэнэ. Одоогоор амжихгүй байна. Хохирлын баримтыг прокурорын шатанд гаргаж өгнө .../хх-21/ гэж мэдүүлсэн боловч хэрэгт хохирлын баримт авагдаагүй, шүүгдэгч Б.******* ... хохирогчид 200000 төгрөгний хохирол төлсөн.. гэж мэдүүлсэн ба хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Иймд хохирогч Л.******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2019ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /60-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Г.Баттөрийн өгсөн...Б.******* бид хоёр дунд сургуулийн нэг ангид сурч байсан найзууд юм. Б.******* нь даруухан, хүнд тусархуу, ажилсаг,хүний итгэл даадаг сайн залуу. Дээрээ 1 ах, 4 эгчтэй, айлын бага хүүхэд, ээжтэйгээ амьдардаг,тусдаа гараагүй.…гэх мэдүүлэг /хэргийн 44-45-р хуудас/ Б.*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Цамбаргарав багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD ирснийг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа.Б.*******ын ээж нь хохирогчид хохирлын 200000 төгрөгийг мобилаар шилжүүлсэн гэж хэлсэн байгаа.Цаашид хохирлын баримтаар хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 800000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******од тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, хохирогч Л.******* нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС