| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01815/и |
| Дугаар | 101/ШШ2017/02263/и |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2017/02263/и
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 38 дугаар байр, 5 тоотод оршин суух Ууш овогт Чойндонгийн Мөнхбат /РД:УР68032415/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Данзаны гудамж 3-90 тоотод оршин суух Боржигин овогт Наранхүүгийн Эрдэнэбилэг /РД:УС64032816/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Worjd wine дэлгүүрийн 2 дугаар давхар Жаргалант үйлчилгээний төвд байрлах “Шинэ мянганы констракшн” ХХК нарт холбогдох,
Гэрээний хохирол 24.030.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Шинэ мянганы констракшн” ХХК-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн Ирээдүй хорооллын 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт 65.7 метр квадрат 3 өрөө орон сууцыг автомашины гражийн хамт худалдан авахаар тохиролцож уг гэрээг байгуулсан. Орон сууцны нэг мкв 1.080.000 төгрөг нийт үнэ 70.956.000 төгрөг, авто гаражийн үнэ 19.440.000 төгрөг, бүгд үнэ 90.396.000 төгрөг болсон юм. Гэрээний 4 дүгээр зүйлйн 4.4.1-т заасны дагуу 30 хувь буюу 27.118.800 төгрөг, 2-т зааснаар барилгын улсын комисс ашиглалтад өгсний дараа буюу 7 хоногийн дотор 70 хувь буюу 63.227.200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд би нэхэмжлэл гаргасан. Тус шүүх дээр “Шинэ мянганы констракшн” ХХК нь 28.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар бид эвлэрч шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж гарсан боловч одоог хүртэл төлбөрөө төлөлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа болно. Гэрээний урьдчилгаа төлбөр 28.000.000 төгрөгийг 2 жил 6 сарын өмнө төлсөн бөгөөд гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалж байгаа учир өөрт учирсан хохирлоо мөн нэхэмжилж байна. Дээрх мөнгийг хариуцагч байгууллагад шилжүүлээгүй байсан бол миний бие арилжааны банкинд тодорхой хугацаатай байршуулж хүүгийн орлого олох байсан. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкны жилийн хүү 12.9 хувьтай байна. Энэ нь сард 1.075 хувийн хүүтэй гэсэн үг. Дээрх мөнгийг хариуцагч байгууллагын дансанд шилжүүлээд өнөөдрийн байдлаар 30 сар болж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар 28.000.000 төгрөгийг арилжааны банкинд 30 сар хадгалуулахад олох байсан орлого 9.030.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Бид байрны төлбөр болох 28.000.000 төгрөгийг өөрийнхөө нэг өрөө байрыг заран төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл бид түрээсийн байранд амьдарч байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9 дүгээр хороолол, 60-14 тоот орон сууцыг сарын 500.000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл түрээслэн амьдарч байна. Байр түрээслүүлсний төлбөр 15.000.000 төгрөг болсон. Иймд захиалагчийн зүгээс “Шинэ мянганы констракшн” ХХК-тай байгуулсан орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцалж, хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК болон Н.Эрдэнэбилэг нараас олох байсан орлого 9.030.000 төгрөг, байр түрээслэсний хохирол 15.000.000 төгрөг, нийт 24.030.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Н.Эрдэнэбилэгт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
Хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... ”Шинэ мянганы констракшн” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ирээдүй хороолол нэртэй орон сууцны барилгыг салбар яам, банкны ажилтанд зориулж хямдралтайгаар захиалгаар барьж байгаа болно. Энэ төслийн хүрээнд Монгол улсын хөгжлийн банкинд жолооч ажилтай Ч.Мөнхбат нь 2014 оны 10 дугаар сарын 27-нд манай компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж тус хорооллын 9 дүгээр байранд 65.7 мкв 3 өрөө байр авто гаражийн хамт захиалан урьдчилгаа болох 30 хувь болох 28.000.000 төгрөгийг манай дансанд тушаасан байна. Уг барилгууд 2015 онд ашиглалтанд орох байсан боловч гадна инженерийн шугам сүлжээний ажлын мөнгө тендер авсан компанид орж ирээгүй учраас одоог хүртэл ажил дутуу хийгдэж манай барилгууд ашиглалтад ороогүй. Энэ хугацаанд манай байр захиалсан иргэн Ч.Мөнхбат шүүхэд хандан оруулсан мөнгөө буцааж авъя гэрээгээ цуцалъя гэж нэхэмжлэл гаргасан байгаа. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хоёр тал эвлэлрч эвлэрлийн гэрээ байгуулж 28.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулах тухай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01121 тоот шүүгчийн захирамж гарч хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Одоо энэ захирамж нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Одоо нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь дахин нэхэмжлэл гарган хүү, алданги нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжлэлд 28.000.000 төгрөгийг арилжааны банкны 30 сар хадгалуулахад олох байсан орлого 9.030.000 төгрөг түрээсийн байранд байсны түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг нийт 24.030.000 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилсэн байна. Бид урд нь хоорондоо тохирч эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хэрэгсэхгүй болгоод байхад дараа нь дахин үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг манай компани хүлээж авах боломжгүй тул энэхүү тайлбарыг гаргаж байна” гэв.
Хариуцагч Н.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Ч.Мөнхбат нь 2014 оны 10 дугаар сарын 27-нд “Шинэ мянганы констракшн” ХХК-д байр захиалж 28.000.000 төгрөг өгсөн байсан. Энэ мөнгөө буцааж авахаар 2015 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган тухайн үед захирал байсан Д.Энхбаяртай шүүх дээр эвлэрч гэрээ байгуулан 28.000.000 төгрөгөө буцаж авахаар шүүгчийн захирамж гарч одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Тухайн үед эвлэрэн хүү, алданги тооцоогүй байж одоо дахин хүү, алданги нэхэмжилж байгааг иргэн миний бие хүлээн авах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь хариуцагч Н.Эрдэнэбилэг, Д.Энхбаяр, “Шинэ мянганы констракшн” ХХК нарт холбогдуулан гэрээний хохирол 24.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н.Эрдэнэбилэг, Д.Энхбаяр нарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болно.
Хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК нь өмнө шүүхээр шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдаж, хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн Ирээдүй хорооллын орон сууцны 9 дүгээр байранд 65.7 м2 талбайтай орон сууц болон гараашийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Ч.Мөнхбат нь 90.396.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-42-45/.
Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 28.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01121 дүгээр захирамжаар хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК нэхэмжлэгч Ч.Мөнхбатын нэхэмжилсэн 28.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-48/.
Хариуцагч дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэлд дурдсан асуудлыг шүүх нэгэнт шийдвэрлэсэн гэж маргаж байх боловч уг захирамжаар нэхэмжлэгч Ч.Мөнхбатын гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан шаардсаныг шийдвэрлэж, харин гэрээний хохиролтой холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байна.
Нэхэмжлэлд гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохирол учирсан үндэслэлээр олох байсан орлого 9.030.000 төгрөг, орон сууц хөлсөлсний зардал 15.000.000 төгрөг, нийт 24.030.000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаарджээ.
Хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууц, гараашийг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, мөн шүүгчийн захирамжийг биелүүлж, түүнд заасан төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй буруутай болох нь дээрх баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуучин байраа худалдсаны орлого болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжаар хариуцагчид 28.000.000 төгрөг төлсөн, уг мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд банкинд хадгалуулсан бол банкуудын жигнэсэн дундаж хүүгээр 8.640.545 төгрөгийн хүүний орлого олох байсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж, эхнэр Ц.Батжаргалын Капитал банкин дахь 2018007840 тоот дансны хуулга, гэрлэлтийн гэрчилгээ, мөн Монголбанкны статистикийн бюллетень зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргасан /хх-46-47, 74-79/. Ц.Батжаргалын дансны хуулгаар гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч 12.924.527,97 төгрөгийн дансны үлдэгдэлтэй байсан нь харагдаж байх боловч уг мөнгөөр гэрээний төлбөр төлсөн болох нь нотлогдоогүйн дээр уг үнийн дүнд тухайн банкнаас хүү тооцон олгож байжээ. Иймд нэхэмжлэгч олох байсан хүүний орлого нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдоогүй.
Харин нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 60 дугаар байр, 14 тоот орон сууцыг иргэн Ц.Сүхбаатартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хөлсөлсөн болох нь хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт, орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтаар тогтоогдсон ба хариуцагч эдгээр баримтыг шүүхэд маргаж үгүйсгээгүй /хх-49-52,80-81/.
Нэхэмжлэлд орон сууцны захиалгын гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн 30 сараар тооцож хохирол шаардсан байх боловч талуудын байгуулсан гэрээнд орон сууцыг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч хүлээсэн байна. Иймд хариуцагчийг энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзнэ. Хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш сунгасан баримтгүй байх боловч нэхэмжлэгч нь 2017 оны 01-03 дугаар сард уг орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтыг шүүхэд гаргасан байх тул энэ хугацаанд орон сууцыг хөлсөлж амьдарсан гэж үзэх үндэстэй. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны хөлсөнд сар бүр 500.000 төгрөг төлөхөөр эзэмшигчтэй нь харилцан тохиролцсон байна.
Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Мөнхбатын 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 20 сарын хугацаанд орон сууцны хөлсөнд төлсөн 10.000.000 төгрөгийг /500.000*20сар/ хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК-аас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК-аас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс 13.640.545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мөнхбат нэхэмжлэлийн үнийн дүнгийн 389.455 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Эрдэнэбилэг, Д.Энхбаяр нарт холбогдуулан гаргасан шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Мөнхбатаас 103.150 төгрөг, хариуцагч “Шинэ мянганы констракшн” ХХК-аас 174.950 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА