Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/02264/и

 

 

 

 

 

 

2017оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/02264 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол анод 40 дүгээр байр  18 тоотод оршин суух Боржигон овогт Вандансүрэнгийн Энхтуяа /РД:УХ61082800/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гучин-Есийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв хаягт байрлах “Дүнжингарав” ХХК /РД:2346265/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11.908.078,61 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлэн холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гучин-Ес, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

                                                                                                                         

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гучин-Ес шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч В.Энхтуяаг ажилд эгүүлэн томилсон хариуцагч “Дүнжингарав” ХХК-ийн захирлын 54 тоот тушаал 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарсан байна. Иймд хариуцагч “Дүнжингарав” ХХК-аас дээрх тушаал гарсан өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 7 сарын цалин хөлс 6.480.014,51 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж шилжүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт өнөөдрийг хүртэл ямар ч бичилт хийгээгүй байх тул гомдолтой байна. Иймд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаал хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хууль ёсны дагуу төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн томилсон гэх “Дүнжингарав” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалын эх хувийг хариуцагчаас гардан аваагүй байгаа ба тэрхүү тушаалын 2 дугаар заалтаар түүнийг ямар ч үндэслэлгүйгэр ажлаас халсанд гомдолтой ба ажилдаа ороогүй байна. Иймд “Дүнжингарав” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалын 2 дугаар заалтыг хэрэгсэхгүй болгож, В.Энхтуяаг “Дүнжингарав” ХХК-ийн худалдааны төвд урьд өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож өгнө үү. “Дүнжингарав” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалыг өнөөдрийг хүртэл ажил олгогчоос гардан аваагүй байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээж өгнө үү. Хариуцагч “Дүнжингарав” ХХК-ийн захирал Б.Нандин-Эрдэнийн 54 тоот тушаал гарсан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сарын цалин хөлс болох 5.428.064,1 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Дүнжингарав” ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00253 дугаар шийдвэрийг бид хуульд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдсан, мөн хяналтын шатны шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан ямар нэгэн үйлдэл огт гаргаагүй болно. Нэхэмжлэгч нь бидэнтэй холбоо барилгүй байсаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийг ажилд томилсон 54 тоот тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргаж, ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийг “Дүнжингарав” ХХК-аас гаргуулан авсан цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан өгч, дэвтэртээ бичилт хийлгэх боломжтой гэж тэмдэглээд шийдвэр биелүүлэх ажиллагааг дуусгавар болгосон болно. Нэхэмжлэгч В.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гучин-Ес нь гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэтэй уулзан нэхэмжлэгчийг ажилд эргэж орохгүй, бид дахин цалин хөлсний талаар шүүхэд хандана гээд холбоо тасарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Иргэн В.Энхтуяагаас шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн үндэслэлгүйгээр ажлаас халсанд тооцож, урьд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5.428.064,1 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/Ш32016/00173 тоот захирамж гарснаар хэрэв ажилд нь оруулаагүй гэж үзэж байгаа бол эрхээ зөрчигдсөнийг тэр үед бүрэн мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн мэдсэнийхээ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан гэж үэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ нэмэгдүүлсэн шаардлагаар “Дүнжингарав” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалын 2 дахь заалтаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. 54 тоот тушаалаар нэхэмжлэгч В.Энхтуяаг ажлаас халаагүй болно. Хэрэв ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандах боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.  Ер нь уг тушаал нь тэр чигтээ нэхэмжлэгч В.Энхтуяаг ажилд эргүүлэн авах, хугацаа нь дууссан хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах тэр бүү хэл 3 дахь заалтаар цалин хөлсийг нь цалингийн системийн дагуу олгохыг санхүүгийн албаны даргад даалгасан агуулгатай буюу шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гучин-Ес нь хариуцагч “Дүнжингарав” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6.480.014,51 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7.405.732,09 төгрөг нэхэмжилснээ өөрчилж, ажил олгогчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.428.064,1 төгрөг гаргуулахаар нэмж шаарджээ.

                                                                                                                                        

Хариуцагч “Дүнжингарав” ХХК нь нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч В.Энхтуяаг хариуцагч байгууллагын ашиглалтын хэлтсийн харилцаа үйлчилгээний албаны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 579 дүгээр магадлал, мөн хяналтын гомдол хэлэлцэхээс татгалзсан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШЗ2016/00173 дугаар захирамж тус тус хүчин төгөлдөр байна /хх-9-11, 50-53, 54/.

 

Шүүхийн шийдвэрийг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд явагдсан ба үүний дараа  нэхэмжлэгч В.Энхтуяа шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзжээ /хх-65-66, 70/. Улмаар шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин нэхэмжлэл гаргажээ.

 

Дээр дурдсан үйл баримтын хугацаагаар тооцож үзвэл нэхэмжлэгч В.Энхтуяа шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг ажилд томилох тушаал гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

           

Харин нэмэгдүүлсэн шаардлагын хувьд, 54 дүгээр тушаалыг ажил олгогчоос гардуулаагүй гэх үндэслэлээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан хэдий ч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас уг тушаалыг түүнд танилцуулсан талаар маргаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарсан байхад нэхэмжлэгч 54 дүгээр тушаалтай холбоотой гомдлоо 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэмэгдүүлсэн шаардлагад ажил олгогчийн тушаалд гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай дурдсан байх боловч дээрх хуулийн 129.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай гэх баримтгүй тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй.

 

Хариуцагч “Дүнжингарав” ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай холбоотой зохих арга хэмжээг авахыг хуулийн зөвлөхдөө даалгасан, харин нэхэмжлэгч ажилдаа ороогүй гэж татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч В.Энхтуяа нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасныг баримтлан хариуцагч уг шаардлагыг татгалзаж байгаа нь үндэслэлтэй.

 

Иймд ажил олгогчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тушаалаар ажлаас халагдсан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.428.064,1 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00253 дугаар шийдвэрээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаанд нь олговор олгох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд ажилгүй байжээ.

 

Нэхэмжлэлд сарын дундаж цалин хөлсийг 2013 оны 06, 07, 08 дугаар сард авсан цалин хөлсний дунджаар тооцсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д заасантай нийцээгүй байх тул дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч В.Энхтуяагийн нэг сарын дундаж цалин хөлсийг 587.234 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 27.313,20 төгрөг гэж тогтоосныг үндэслэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.137.951,20 төгрөг /2016 оны 01 дүгээр сард 396.041,60 төгрөг /587.234-191.192,4 /шүүхийн шийдвэрт олгохоор заасан/, 2016 оны 02-07 дугаар сард 3.523.404 төгрөг /587.234*6 сар/, 2016 оны 08 дугаар сард 218.505,60 төгрөг /27.313,20*8 өдөр//-ийг хариуцагчаас гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой шаардлагыг хангах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дүнжингарав” ХХК-аас 4.137.951,20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Энхтуяад олгож, нэхэмжлэлээс 7.770.127,41 төгрөгт холбогдох хэсэг болон ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч В.Энхтуяагийн ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Дүнжингарав” ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дүнжингарав” ХХК-аас 81.157 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас илүү төлөгдсөн 9.881 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Энхтуяад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЗОЛЗАЯА