Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02274/и

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02274

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байрт байрлах Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 28-55 тоотод байрлах “Боцман” ХХК /РД:5734924/-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 16.576.560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Боцман” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 03 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 11.051.040 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрээгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 11.051.040 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5.525.520 төгрөг, бүгд 16.576.560 төгрөгийг “Боцман” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь алдангийн 50 хувь болох 2.762.760 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 13.813.800 төгрөг болгосныг хариуцагч “Боцман” ХХК дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.051.040 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.762.760 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Боцман” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги  16.576.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь алдангийн 50 хувь болох 2.762.760 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 13.813.800 төгрөг болгосныг хариуцагч “Боцман” ХХК дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ный өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.051.040 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.762.760 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.    

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс алдангийн 50 хувь болох 2.762.760 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 13.813.800 төгрөг болгосныг хариуцагч “Боцман” ХХК дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ный өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 7.051.040 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.762.760 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч  “Боцман” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 113.509,50 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “Боцман” ХХК сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА