Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Д-ийн Б-д холбогдох 2116000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймаг, * сумын * багийн нутаг “*” гэх нэртэй газарт хохирогч Д.П-той “...хэн алиндаа архи авч өгөх ёстой...” талаар маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөн зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний алимны салстын цус харвалт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн “...Д.П гуай намайг согтуу явж байхад дугуй хагарчихлаа сум яваад ирье гээд дуудаад намайг авдар архи авч өг гэж дарамталсан учраас би зодсон... Өмнө нь маргаж байсан... 2, 3 удаа цохисон... Тэр хүнийг зодсон үйлдэлд би буруутай... Уучлалтын мөнгөө өгсөн... 400,000 төгрөг өгсөн... Миний буруу, хөнгөн ял авъя...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Сум явах замд Б намайг ах та 1, 2 шил архи авчих юм байгаа биз дээ гэхээр нь би авахгүй надад мөнгө байхгүй миний дүү авчихгүй юу гэсэн чинь чи надаар архи авхуулдаг хэн бэ гэж хэлээд мотоциклио замын баруун гар талд замнаас гаргаж зогсоочхоод мотоциклоос бид 2 буугаад газарт суугаад чи архи ав гэж нэг нэгэнтэйгээ маргалдсан юм. Тэгсэн чинь Б миний өмнөөс харж байгаа миний дух хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би нэг их тоолгүй байж байтал миний дух руу сууж байгаад өшиглөчихсөн юм. Тэгэхээр нь би арагшаагаа саваад уначихсан юм. Тэгээд би духаа дараад үзтэл миний духнаас цус гарч байсан ба миний гар цус болж байсан юм. Тэгээд намайг хэвтэж байхад Б нь миний толгой, нүүр, нүд, чих хэсэг рүү учир зүггүй гараараа цохиод байсан юм. Надад эсэргүүцэх боломж байгаагүй тул би нүүр, толгойн хэсгээ дараад л хэвтээд байсан юм....” гэх мэдүүлэг /ХХ24-26/,

 

Гэрч Ц.Х мөрдөн байцаалтад өгсөн “...П ахын дух нь шалбарчихсан, нүүр хэсэг нь цус болчихсон байдалтай байсан юм. Би Б ахаас та 2 чинь яасан юм бэ мотоциклоосоо уначихсан юм уу гэсэн чинь үгүй ээ энэ пизда харин дургүй хүргээд тэгэхээр нь зодчихсон юм. Чи энийг сум руу хүргээд өгчих, би эргээд хөдөө гэр рүүгээ явлаа гээд миний мотоциклийн араар Б ах П ахыг суулгаж өгсөн юм. Тэгээд би араараа сундалдаад сумын төв ороод П ахыг Х ахын сумын төв дээр байдаг гэрийнх нь гадаа буулгаж өгчхөөд өөрөө сумын төв дээр байдаг гэр рүүгээ явсан юм...” гэх мэдүүлэг /ХХ42-43/

 

Гэрч О.Х мөрдөн байцаалтад өгсөн “... Төв дээр ирээд дэлгүүр орчихоод гэртээ очтол гэрийн гадаа П ах нүүр ам нь цус болчихсон хүнд зодуулсан бололтой хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би татаад та яачихсан юм бэ? нүүр ам чинь яасан бэ гэсэн чинь Б намайг зодчихлоо гэсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ15/,

                  Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 287 дугаартай

           1.“... Д.П-ийн биед гэмтэл учирсан байна.

           2. Д.П-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, хамарт цус хуралт, зүүн чих, дух, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо

           3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

           5. Д.П-ийн биед учирсан гэмтлүүдээс хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ47-48/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймаг, * сумын * багийн нутаг “*” гэх нэртэй газарт хохирогч Д.П-той “...хэн алиндаа архи авч өгөх ёстой...” талаар маргалдан улмаар түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний алимны салстын цус харвалт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Быг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, урьд нь Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн...” гэх  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна гэж үзэн шүүх ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 460.000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохиролд 460.000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.     

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА