| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01503/и |
| Дугаар | 101/ШШ2017/02318/и |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2017/02318/и
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Булаг *******,******* тоотод оршин суух Баяжин овогт Г*******йн Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36 дугаар байр, 02 тоотод оршин суух Булгадар овогт Эрдэнэбатын И******* /РД:ХЖ87012911/-т холбогдох,
Ачаа тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн гаргасан тайлбартаа: “... Миний бие ******* УБЧ улсын дугаартай норд бенз маркийн хөлдөөгчтэй ачааны автомашинтай бөгөөд үүгээрээ хөдөө орон нутагт буюу Улаанбаатараас Эрээний чиглэлд ачаа тээвэрлэх ажил эрхэлдэг. Анх 2015 онд Хятад улс руу мах гаргадаг гэх Э.И*******тай танилцаж мах тээвэрлэх ажил гүйцэтгэх болсон. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот болон Дорноговь аймгийн Сайншанд сумаас БНХАУ-ын Эрээн хотод нийт 4 рейс хийлгэж мах зөөж тээвэрлэсэн. Энэ ажлын хөлсийг нийт 5.000.000 төгрөг байхаар тохиролцож ажлаа гүйцэтгэсэн. Гэвч 2017 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөг өгснөөс үлдэгдэл ажлын хөлс болох 4.000.000 төгрөгийг төлөхгүй, Э.И*******тай холбогдох боломжгүй болж утсаа ч авахгүй төлбөр мөнгөө өгөхгүй байна. Иймд иргэн Э.И*******аас ажлын хөлсний үлдэгдэл болох 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч Э.И*******т холбогдуулан ачаа тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.И******* нь нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36 дугаар байр, 02 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолт, мөн хаягт газраа ийм хүн байхгүй тул буцаав гэсэн шуудан хүргэгчийн магадлагааг тус тус ирүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ, 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг хариуцагч тус тус биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.
Иймээс дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Э.И******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Г.Н*******ээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, шүүхэд гаргасан баримтыг шүүх зохих журмын дагуу үнэлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сард ачаа тээвэрлэх гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч Э.И*******ын ачааг тээвэрлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “ажлын хөлс төлөх баталгаа гаргах нь” баримтад хариуцагч Э.И******* нь Г.Н*******ийн эзэмшлийн ******* УБЧ улсын дугаартай норд бенз маркийн ачааны хөлдөөгчтэй автомашинаар 2016 оны 10 дугаар сарын*******-ны өдөр Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Сайншанд сумаас БНХАУ-ын Эрээн хотод нийт 4 рейс хийлгэж мах зөөлгөсөн, тухайн ажлын хөлсний үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг баталж нотариатаар гэрчлүүлснээс үзэхэд хариуцагч ажлын хөлсийг бүрэн төлөөгүй болох нь нотлогдож байна /хх-3/.
Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч Э.И*******аас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.И*******аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.И*******аас 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА