Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 08

 

Н.Ою-т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, прокурор Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.*******ын эсэргүүцлээр Н.Ою-т холбогдох 1724000580003 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн Ня-ын Ою- /РД:ИВ********/,

Шүүгдэгч Н.Ою- нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн ******* сумын нутаг *******ийн давааны зам дээр **-** УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, эргэх хөдөлгөөн хийх явцдаа мод мөргөж, тухайн автомашинд сууж явсан зорчигч Д.Цэ-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ня-ын Ою-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* овогт Ня-ын Ою-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ою-т холбогдох 1724000580003 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Ою- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ою-ын хувьд ногдох эд хөрөнгө болох 1,850,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот цагаатгах тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Н.Ою-ыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр дараах эсэргүүцлийг бичив. 1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй байна. ... 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол” шүүх цагаатгах тогтоол гаргахаар хуульчлагдсан гэтэл Н.Ою- нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аю улгүй байдал, ашиглалтын журам” зөрчсөний улмаас Д.Цэ-ын биед хүзүүний нугаламын сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Цэ-, гэрч Л.*******, Ч.*******, Б.*******, яллагдагч Н.Ою- нарын мэдүүлэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн байцаагч ахлах дэслэгч Б.*******ын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон. 3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогч Д.Цэ-ын эмнэлгийн байгууллагаар шинжилгээ хийлгэж, эмчлүүлсэн баримт бичгийг гаргуулахаар хүсэлт гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон гэж үзэх үндэслэлтэй байхад хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэх зарчим хэрэгжээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. 4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг”-т хамаарч байхад шүүх хуралдааныг ердийн журмаар явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээс гадна шүүхийн цагаатгах тогтоолоос хэргийг ямар журмаар шийдвэрлэсэн нь тодорхой харагдахааргүй байна. Иймд Сум дундын шүүх нь Н.Ою-т холбогдох хэргийг шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй буюу хэргийг үндэслэлгүй цагаатгасан гэж үзэж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор Б.*******ын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж шүүхээс үзэж байгаа бол шүүхээс дахин шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх, шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах боломжтой байсан гэж үзэж байна. Замын хөдөлгөөны журам зөрчсөн эсэх нь дээрх хэрэгтэй шалтгаант холбоогүй гэсэн байна. Гэтэл шинжээчээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн учраас дээрх хэрэг үйлдэгдсэн тухай дүгнэлт гаргасан байдаг. Прокурорын гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй асуудал байдаг. Прокуророос хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хохирогч Д.Цэ-ын эмнэлэгээр эмчилгээ хийлгүүлсэн баримтуудыг авахаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй шаардлагагүй гэдэг байдлаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үү ердийн журмаар шийдэх үү гэдгийг анхан шатны шүүх тогтоосон учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Н.Ою- нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн ******* сумын нутаг Төөнөтийн давааны зам дээр УНЗ улсын дугаартай “пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь хэсэгт заасан “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан ...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эргэх хөдөлгөөн хийх явцдаа мод мөргөж тухайн автомашинд сууж явсан хохирогч Д.Цэ-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, Д.Цэ-, иргэний нэхэмжлэгч Ч., гэрч Л.*******, Ч.*******, Б.******* нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.ын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 172335 тоот дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.*******ын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын тэмдэглэл, шүүгдэгч Н.Ою-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Ою-ыг цагаатгасан нь буруу байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид эсхүл өөр шинжээчид даалгана, 2 дахь хэсэгт ...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан байна. Хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шинжээчийн дүгнэлттэй холбоотой эргэлзээ байсан бол шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбоотой асуудлаар мэдүүлэг, тайлбар авах боломжтой байсан байна. Хуульд заасан энэ боломжоо шүүх ашиглаагүй байна. Мөн улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогч Д.Цэ-ын эмнэлэгийн байгууллагаар шинжилгээ хийлгэж, эмчлүүлсэн баримт бичгийг гаргуулахаар хүсэлт тавихад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан ...шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хэргийн бодит байдлыг яллах, цагаатгах талуудын мэтгэлцээний зарчим дээр явуулна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурор Б.*******ын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Б.*******ын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Н.Ою-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ