Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0070

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Халиун нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 739 дүгээр шийдвэрээрЗахиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ггаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг тооцож гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, 5,859,308 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Г-г Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинг зохих журмын дагуу тооцон гаргаж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг төлөхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Гурван-Санчир өрхийн эмнэлэгийн эмч Ч.О 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Гд эмчийн үзлэг хийж тус өдрөө эмчийн магадлагааг үйлдэхдээ 12 дугаар сарын 02-ны өдрөөс нөхөж бичсэн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.Г өрхийн эмч Ч.От үзүүлэн 12 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон эмчийн магадлагааг 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл дахин нөхөн бичүүлж сунгуулсан байдаг. Үүнийг Гурван-Санчир өрхийн эмнэлэгийн эмч шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 Эмнэлэгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээнэ, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ-ний 3.12 Эмнэлэгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх зэрэг заалтуудыг зөрчин олгосон Д.Ггийн өвчтэй гэх эмчийн магадлагааг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байтал шүүгч шийдвэр гаргахдаа Иргэнд эмнэлэгийн хуудас олгох журам-ын заалтыг үндэслэн эмчийн магадлагааг хүчинтэй гэж үзэж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Г нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.859.308 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Маргаан бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, эмчийн хуурамч магадлагаа авчирсан, албан бичиг өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэх үндэслэлээр Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Гд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл шаардлага, түүний төрлийг, 26.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийг тус тус тодорхойлон заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн дээр албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдолд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 02, 12-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл нийт 8 өдөр ажил тасалсан нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод журмын 10.1.8-д Өвчтэй байх хугацааны эмчийн магадлагаа байхгүй, хуурамч эмчийн магадлагаа авчирсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 буюу түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй, тасалсан... гэсэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Д.Г нь өөрийн харьяа эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэж, улмаар үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйл баримт нотлогдож байхад түүнийг эмнэлэгт очоогүй, үзлэгт хамрагдаагүй өдрүүдийн магадлагааг нөхөн бичүүлж сунгуулсан үндэслэлээр буруутган түүнд олгосон эмнэлгийн магадлагааг хуурамч гэж үзсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй..., Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д иргэн эрүүл мэндээ хамгаалах эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Тодруулбал, өрхийн эмнэлэгийн эмчээс магадлагаа олгохдоо үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг дүрэм журмаа зөрчсөн нь эмнэлэгийн магадлагааг хуурамч гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд өвчтэй байсныг үгүйсгэсэн үйл баримт болж чадахгүй, дээрх дотоод журамд заасан хуурамч эмчийн магадлагаа авчирсан гэдэгт хамаарахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь өвчтэй байгаа тухайгаа удирдлагадаа мэдэгдээгүй, эмнэлэгийн магадлагаагаа хүргүүлээгүй зэрэг хариуцлагагүй хандсан буруутай байх боловч энэ нь төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эмчийн магадлагааг хүчинтэй гэж үзэж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр биш гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй зөрчлийн тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн бөгөөд 4 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30/200 дугаар албан бичгээр иргэн Д.Сд хариу мэдэгдсэн байх тул мөн нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй, энэ талаар давж заалдах гомдол гараагүй болно.

Харин анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин олговор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа 5.859.308 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасантай нийцээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг үнийн дүнгээр шаардсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар үнийн дүнг тодорхойлох боломжгүй тул олговор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгахгүй, энэ талаар давж заалдах гомдол гараагүй тул үнийн дүнгээр тооцоолоогүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн бөгөөд цаашид шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж олговрыг үнийн дүнгээр тооцож байхыг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 739 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.Гг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн даатгал болон бусад шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН