Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Ц.Г

Хохирогч М.Б /цахимаар/

Гэрч Ц.Б /Цахимаар/

Шүүгдэгч Г.Х түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ын Х холбогдох 201600000059 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт, өөрийн хамаатан болох Ц.Гын эзэмшлийн * ГАА улсын дугаартай “Toyota Landcruiser-80” маркийн хар саарал өнгийн автомашиныг “машинаа түр өгч байгаа ч хөдөө унаж явчхаад өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч тухайн өдөртөө иргэн Ц.Б-д 3.800.000 төгрөгийн барьцаанд тавьж иргэн Ц.Г-д 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Б-д Ц.Г-ын эзэмшлийн *ГАА улсын дугаартай “Toyota Landcruiser-80” маркийн хар саарал өнгийн автомашиныг “барьцаанд түр тавьсан машинаа зармаар байна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 9.000.000 төгрөгөөр худалдан борлуулж иргэн М.Б-д 7.865.000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Э-ын өмчлөлийн * ГАО улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн цагаан өнгийн автомашиныг“манай байрыг нэг хүн авах гэж байгаа юм. Байраа зараад мөнгийг нь өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг М.Б-д худалдан борлуулж иргэн Н.Э-т 11.000.000 төгрөгийн хохирол төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Г.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 14-нд шүүх хуралд ороод 3 жилийн тэнсэн авч гарч ирсний маргааш өдөр нь цагдаагаас дахиад хэрэг дээр мэдүүлэг авна гэж дуудсан. Цагдаагаас гарч яваад байрны урьдчилгаанд мөнгө өгөхийн тулд хүнээс мөнгө зээсэн байсан. Тэр хүнтэйгээ таараад одоо мөнгөө өгөхгүй бол би өргөдөл бичиж өгнө гэж хэлээд бичсэн өргөдлөө үзүүлсэн. Тэгээд Б гэдэг хүн дээр очоод газар барьцаалах уу гэхэд газар үзээд газар барьцаалахгүй, машин барьцаална гэж хэлсэн. Тухайн үед би Б-д хүүхдийн бие өвдсөн гэж хэлсэн нь миний буруу. Ц.Г ах дээр очоод “...машинаа өгч бай барьцаанд тавьчхаад өгье...” гэж хэлээд эхний ээлжид Б-д 2 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн он сар өдрийг санахгүй байна. 2 сая төгрөгт тавьсныхаа маргааш өдөр нь Б-д 2.200.000 төгрөг өгч машинаа аваад тэрнээс 7 хоногийн дараа Ц.Г ахаас машинаа дахиад “...тавиад өг...” гэж гуйгаад “...манайх цагаан сарын дараа байраа түрээсэлнэ тэр үеэр аваад өгье...” гэж хэлээд Ц.Г ахыг явуулаад Б гэдэг хүнээс 3.500.000 төгрөг зээлж авсан. Тэр мөнгийг Ц.Г ах надад авч ирж өгөөд би тухайн мөнгийг нь өөрийнхөө хэрэгцээнд хэрэглээд цагаан сар болоод Б-д мөнгөө өгч чадахгүй байхад Б машиныг чинь зарлаа, сэлбэгт өглөө гэж хэлээд байхаар нь хүний машиныг яаж 4 сая төгрөгт задлуулж зарах юм гэж бодоод Г ахтай ярилцаад чи 5 сард мөнгө төгрөгийг нь төлөлцөхийн бол чи зараад илүү гарсан мөнгийг нь Т өгье гэж ярилцаад би фэйсбүүк дээр зар тавьсны дагуу М.Б гэдэг залуу ирж уулзаад хийх юмтай юм байна 9 сая төгрөгт авъя гээд 6 сая төгрөгийг бэлэн өгөөд 7 дугаар сард 3 сая төгрөгийг нь өгье гэж хэлсэн байдаг. Би машинаа 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хүү нь 500.000 төгрөг нийт 4 сая төгрөг болох юм байна гэхэд маргааш өдөр нь буюу 03 дугаар сарын 08-ны өдөр би хүүхдээ хараад гэртээ байсан учир М.Б Б-д очсон. Тэгээд утсаар ярихад чи удсан учир 4.500.000 төгрөг авна гэж хэлэхээр нь  боломжгүй байна гээд 4 сая төгрөг өгүүлээд үлдсэн 2 сая төгрөгийг дансаар авсан. Би шүүхийн шийдвэр дээр 9 сая төгрөг, манай эхнэр 2 сая төгрөг гарсан байсан учир байраа заръя гэж ярилцаад зар тавихад хөдөөнөөс хүн холбогдоод 4 сард очиж байрыг чинь авъя гэсэн. Тэр хугацаанд байраа түрээсэлсэн... Манай эхнэр жирэмсэн, хоёр нялх хүүхэдтэй, холоос ажилдаа явна. Тэгэхээр зээлээр машин өгөх хүн байна уу? гэхэд Э гэдэг хүн надтай холбогдоод приус-30 маркийн машин байгаа 8.500.000 төгрөгт зарна гэсэн. Тэгээд Э-тай очиж уулзаж гэрээ хийгээд Ц.Г ахынд очсон. Тэгэхэд цагдаа дээр очоод ирлээ. Чулууны хэрэгт машин хэрэг болж байна машинаа буцааж авмаар байна. Чи машинаа буцаагаад аваад ир гэж хэлсэн. 03 дугаар сарын 21-нд М.Б-тэй холбогдоод “...би чамд болохгүй машин зарсан байна. Буруу газраас чулуу тээвэрлэсэн гээд хураагдах гэж байна. Чи түр буцаагаад өгөх боломж байна уу...” гэхэд М.Б “за” гэсэн. Тэгээд би М.Б-ийг ажил төрөл гээд болохгүй байгаа бол энэ машиныг түр авчих гэж хэлээд Э-ын машиныг өгсөн. Э-ын машиныг өгөхдөө энэ машин манай дүүгийн нэр дээр байдаг гэж хэлсэн нь миний буруу. * дугаартай машиныг шүүх хурлаас нь гараад ирэхээр зарчихна гэж бодоод буцааж авсан. Машин нь Ц.Г ахад очсон. Тэгээд чулууны хэрэг нь яасан талаар би мэдэхгүй. Арван хэд хоног болоход М.Б чи энэ машинаа зарах юм уу гэхээр нь 9 сая төгрөгт зарна гэхэд 9 саяд авахгүй. 8 саяд авъя гэж хэлээд 1 сая төгрөг нэмж өгсөн. Би М.Б-с нийтдээ 7 сая төгрөг авсан. Удахгүй Э-ын мөнгө авах хугацаа болоод мөн хөдөөнөөс байр авах хүмүүс ирсэн. Э дээр байр авах хүмүүстэйгээ хамт очиж уулзсан байгаа. Нөгөө хүмүүс нотариат оръё 40 сая төгрөг өгье үлдсэнийг нь нотариат ороод зээл авах боломж байгаа эсэх талаар судалъя гэж хэлээд уулзсаны маргааш нь нөгөө хүмүүс залгаад чамайг нотариатын хүмүүс залилан хийдэг гэж байна. Чи чинь бүтэхгүй хүн юм байна байрыг чинь авахаа болилоо гэж хэлээд явсан. Тэгээд энэ тухай Эт хэлэхэд Э машинаа авна гэж хэлсэн. Тэгээд машин нь М.Б-д байсан учир би юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд Э цагдаа дагуулаад хайж байна гэсэн. Тэгэхээр нь буцааж өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод М.Б дээр очиж машинаа буцааж аваад Эт өгсөн. Тэгэхэд Э 800.000 төгрөг өг гэсэн. Дахиад нэг байр үзэхэд Э хамт явсан. Тэр хүмүүс 3 хоногийн дараа авъя гэсэн. Тэгэхэд Э чи надад 500.000 төгрөг өгчих чи машинаа аваад яв, 3 хоногийн дараа хүмүүс чинь мөнгөө өгөхөд би машинаа авъя гэсэн. Нөгөө хүмүүстээ надад урьдчилгаа мөнгө өгч болох уу гэж хэлээд тэр хүмүүсээс урьдчилгаа мөнгө аваад Эт 500.000 төгрөг өгөөд машинаа аваад М.Б-д авч өгсөн. Хэд хоногийн дараа нөгөө хүмүүс яриад байрыг чинь авахаа болилоо нөгөө мөнгөө буцаагаад өгчих гэсэн. Тэр хүмүүстэй 2 сарын өмнө иргэний шүүх дээр ороод үлдэгдэл 2 сая гаруй төгрөгийг нэхэмжилсэн тэр мөнгийг нь өгч чадаагүй. Нөгөө хүмүүс “...байр авахаа болилоо...” гэж хэлэхэд Э машинаа авъя гэсэн. Тэгэхээр нь түр хүлээж бай би мөнгө олъё гэж хэлсэн. Мөнгө хайж байх хооронд Э М.Б машинаа аваад манайд ирсэн. Он, сар, өдрийг нь би сайн санахгүй байна. Э чи миний машиныг эвдсэн байна. Эвлэрүүлэн зуучлалын хүн чамайг шорондоо яваагүй юм уу гэж хэлж байна гэхээр нь би чамд 800.000 төгрөг өгсөн. Би М.Б-тэй учраа олъё гэхэд М.Б-г дагуулаад ирсэн. Тэгээд М.Б бид хоёрыг машинаа эвдсэн гэж байгаа. М.Б машиныг унаж байсан гэхдээ эвдээгүй гэж хэлсэн. Тэгээд засварын газар очиход жоохон газраа юм нь хөндийрсөн байсан. Би М.Б-д мөнгө төгрөг өгье гэж байхад М.Б-ийн аав нь юм уу, хадам аав нь “...чамайг шоронд чинь хатаана...” гэж хэлээд цагдаад өргөдөл өгсөн байсан... Тэрнээс хойш энэ их өр тавьсан миний буруу, хохирол мөнгөө төлье гэж бодсон ч зарим нэг хүчин зүйлээс болоод мөнгө олж чадахгүй байсан. 8 дугаар сараас эхлээд хувийн юм хийсэн боловч М.Бд мөнгө өгч чадаагүй байгаа. Төлбөр мөнгөө төлөхөө илэрхийлж байна. Хашаа өгье гэхэд М.Б 4 сая төгрөгт авна гээд бид хоёр төлбөр мөнгө дээрээ тохироогүй. Өөрөөр би М.Бд төлбөр мөнгө төлж чадаагүй. Эт 800.000 төгрөг өгсөн, Ц.Г ахын машины эзэмшигчид 1 сая төгрөг төлсөн байгаа... Ц.Г нь надаас болж нэг хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Дахиад энэ хэрэг дээр яллагдагчаар татагдах байх гэж бодоод тэгж мэдүүлсэн байх. Би хөдөө унаж яваад ирье гэж мэдүүлээгүй. Миний баруун гар гэмтэлтэй учир би механик машин унаж чаддаггүй... 5 дугаар сард мөнгийг нь төлөлцөнө гэж хэлж байсан... Тийм. Тэгээд хүмүүсээс мөнгө зээлэхдээ би шүүхийн шийдвэртэй  гэж хэлж чадаагүй. Хохирол мөнгө төлөх гээд ийм зүйл болсон... Миний 3 жилийн тэнсэнтэй гэдэг задарсан байгаа. Тэгээд хүмүүс байр авах гээд очихоор хүмүүс залилагч гэж хэлдэг. Байр түрээсийн байдалтай байгаа... Би М.Б-с дансаар 7 сая төгрөг авсан... Машинд юм хийсэн гэж байгаа. Би тэрийг мэдэхгүй... Шүүх дүгнэлтээ гаргавал төлөхөө илэрхийлж байна... Манай хүн өмнөх хэрэг дээр надтай хамт ороод тэнсэн авсан. Тэрнээс болоод хадмуудын харилцаа жоохон тиймэрхүү болсон. Хоорондын харилцаа зүгээр байгаа. Одоо манай эхнэр төрөх гэж байгаа... М.Б авсан, би М.Б-ийг дагуулж очиж үзүүлсэн... Би Г гэдэг адилхан овогтой, би Ц.Б гэдэг хүн дээр очихдоо манай аав гэж хэлээгүй, Ц.Б гэдэг хүн өөрөө тэгж ойлгоод байгаа юм. Мөнгөө нэхэж байхдаа хүртэл ааваас чинь авна гээд байсан. М.Б машин үзээд Ц.Б гэдэг хүний данс руу 4,000,000 төгрөг хийсэн... Төлбөр төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчаас хэлсэн нэг зүйл байна. Г.Х хүмүүсээс машин авахдаа эхлээд нэрээ шилжүүлээд өгчих гэдэг гэсэн. Би ямар ч хүнд тэгж хэлж үзээгүй. Өмнөх хэрэг дээр байсан хохирогч нарын машинууд бүгд өөрсдийнх нь нэр дээр байгаа. Н.Э өөрөө намайг дуудаад би Алтайн Хүдэр явах гэж байна нэрээ шилжүүлж авах уу гэж хэлсэн. Би мөнгө төгрөг болоогүй байхад яах юм гэж хэлсэн. Хүмүүсийг нэрээ шилжүүл гэж хэлдэггүй. М.Б-ийн тухайд би төлбөр мөнгөө төлөхөө илэрхийлж байгаа. Манай эхнэрийг дуудахдаа байрны чинь талаар мэдүүлэг авъя гэж дуудаж мэдүүлэг авсан. Байр эхнэрийн нэр дээр байдаг нь үнэн. Урьдчилгаа төлөхөд бид хоёрын гар бие оролцсон учраас зарах дээр санал нэг байдаг. Өөр хэлэх зүйл байхгүй... Боломж олгох юм бол хохирлыг төлнө... Хагас жилийн хугацаанд төлнө. Ийм нөхцөл байдалд над шиг хүн ажил олж хийнэ гэдэг хэцүү юм билээ. Өдрийн 30000, 35000 төгрөгийн ажил хийж байгаа тэрийгээ цуглуулаад өгнө гэсэн бодолтой байгаа...  ..” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ц.Г-ын шүүх хуралдаанд өгсөн “...Нэг өдөр цагдаа дээр Л хошууч дуудаад гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхээр нь гэрчийн мэдүүлэг гэхээр ах юм гэхэд танд ямар ч хамааралгүй гэсэн. Тухайн үед би Лид хэлэхдээ би Г.Х-т машинаа худалдсан гэсэн. Г.Х эхлээд над дээр ирэхдээ “...машинаа барьцаанд тавиад өгчих...” гэж хэлсэн. Тэгэхээр нь минийх биш хүний машин яах юм бэ гэхэд 14 хоногийн хугацаатай тавиад буцаагаад аваад өгье гэхээр нь “за тэг” гэж хэлээд би өөрөө Б гэдэг хүн дээр машинаа авч очоод 3 сая төгрөгт машинаа тавиад мөнгийг нь Г.Х-т өгсөн байгаа. Л байцаагчид байцаалт өгөхдөө Г.Х миний машиныг “...хөдөө уначхаад ирье...” гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Би өмнө нь чулууны хэрэгтэй байсан. Мөн Д-ийн хэрэг дээр холбогдоод байгаа учир би тэгж хэлсэн байгаа. Тэгээд Л надаас өөр юм асуухгүйгээр явуулсан. Одоо надад гомдол санал байхгүй... Нэг удаа өгсөн... Би энэ хэрэг дээр нэг удаа мэдүүлэг өгсөн... Манай эхнэрийн ахынх нь хүүхэд... Төрөл садан хүмүүс учир ойр дотно үедээ ойр дотно байдаг... Эхлээд барьцаанд тавья гэхээр нь “ за тэг” гэж хэлээд 2 сая төгрөгт тавьсан. Тэгээд 2, 3 хоноод авч өгч байсан. Дараа нь дахиад барьцаанд тавиад өг 3  сая төгрөг хэрэг болоод байна гэхээр нь бас амьдрах гэж байгаа юм гэж бодоод хэн дээр барьцаанд тавих юм гэхэд Б гэдэг хүнд тавина гэхээр нь Б дээр барьцаанд тавиад мөнгийг нь авч Г.Х-т өгсөн... 14 хоногийн дараа машиныг авч өгөхөөр байсан. Тухайн үед машины эзэн нь надаас мөнгөө нэхээд байсан учир машиныг нь зараад мөнгийг нь өгье гэж бодож байсан. Тэгэхэд Г.Х машиныг чинь хүн авъя гэж байна зарах юм уу гэхээр нь зараад Т-ын мөнгийг өгч чадаж байвал хамаагүй. Нэг өрнөөс ч гэсэн салъя гэж бодсон. Тэгээд машиныг зарлаа шүү гэхээр нь зараад мөнгийг нь өг гэхэд тэр машин нь зарагдсан юм уу, зарагдаагүй юм уу мэдээгүй. Тэгээд экологийн цагдаа дуудаад машинаа аваад ир. Машин чинь цагдаа дээр байнга бүртгэлтэй байна гэхээр нь Г.Х-ийг “...машиныг буцаагаад аваад ир...” гэхэд миний машиныг тэр хүнээсээ авчирч өгсөн... М.Б гэдэг хүнд зарсан байсан... Би тухайн үед зараад Т-ын мөнгийг өгье гэж ярьж байсан... Ямар хүнд зарсныг мэдээгүй байсан... Би тэгж цуг явж тавьсан гэж байцаагчид хэлээгүй... Би Г.Х миний машиныг аваад явсан гэж хэлсэн... Тухайн үед Г.Х-той хэрэгт холбогдох юм байна гэж бодоод тэгж хэлсэн... Тэр миний буруу би тэгж хэлсэн... Ууганаа дуудаад “...машин чинь хаана байна...” гэхээр нь хөдөө явсан гэж худлаа хэлсэн. Өөр дээрээ лай хураах юм байна гэж бодоод тэгж мэдүүлсэн... би ганцаараа очиж тавьсан. 3,000,000 төгрөгт тавьсан шиг санаад байна. 3,500,000 төгрөгт тавьсан юм байлгүй. Тэр мөнгийг Г.Х-т өгсөн...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч М.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би машин авна гээд мөнгө төгрөг авсан байсан. Г.Х нь ланд-80 маркийн автомашин зарна гээд зар тавьсан байсан. Анх жижиг машин авна гэж бодсон байсан боловч хөдөө их явдаг учир ланд-80 маркийн машин зүгээр юм байна гэж бодоод Г.Х руу чат бичсэн. Тэгэхэд урьдчилгаа “...6 сая төгрөгийг өгөөд 3 сая төгрөгийг сүүлд өгье...” гэхэд болно гэсэн. Тэгээд нотариат дээр гэрээ хийе гэхэд Г.Х нь манай ахын нэр дээр байдаг. Мөнгө төгрөгөө найдвартай өгсөн тохиолдолд нэрийг нь найдвартай шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би ланд-80 машиныг унаад Бигэр сум руу нэг явж ирсэн... Завхан аймгийн Отгон сум руу яваад аавындаа байхад Г.Х залгаад “...болохгүй машин зарсан байна...” чи яаралтай ирэх шаардлагатай байна гэхээр нь би ирээд маргааш нь Г.Х аваад явсан. Би мөнгө төгрөгөө авъя гэхэд 7 хоногийн дотор мөнгийг чинь бүтээгээд өгнө. Тэр хүртэл энэ машиныг унаж бай гээд приус-30 маркийн машин өгсөн. Тэр машин нь бас ойр зуур хийх зүйл байсан. Тэгээд Г.Х руу залгаад ярихад мөнгө төгрөг болохгүй байна гэхээр нь би приус-30 машиныг авъя хэдэн төгрөгт зарах юм гэхэд 8 саяд зарна гэсэн. Тэгээд 1 сая төгрөг өгөөд нэрээ шилжүүлээд 1.000.000 төгрөг өгье гэсэн. Дараагийн 1 дэх өдөр дүүг хөдөөнөөс ирэхээр нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд хэсэг утас нь холбогдохгүй байсан. Нэг өдөр явж байхад Э гэдэг залуу хэдэн залуутай ирээд машин аваад явсан. Тэгээд цагдаа дээр очиход “...хүний машин учир өг...” гэсэн. Тэгэхээр нь машиныг нь өгсөн байгаа... Ланд-80 буцаагаад өгөхдөө “...мөнгөө авъя...” гэхэд “...түр энэ машиныг унаж бай дараа долоо хоногт мөнгийг чинь бүтээгээд өгье...” гэж хэлсэн...7 хоногийн дараа ланд-80 машины хэрэг шийдэгдэхээргүй бол приус машин авъя гэж хэлсэн... М.Б Г.Х-оос машин авах гээд банк бусаас 1,500,000 төгрөг авсан. Миний амьдралыг хэцүү болгож байна. Би өөрт нь бас хэлсэн. Сард хэдэн төгрөг аваад тэр нь амьдралд хүрэлцээгүй, хурдан төлөөд дуусгах юм бол надад хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Ц.Б-ы шүүх хуралдаанд өгсөн “...Он, сарыг нь санахгүй байна. Г.Х гэдэг залуу над дээр ирээд хэдэн төгрөг зээлээч манай хүүхэд гадагшаа эмчилгээнд явсан мөнгө хэрэг болоод байна гээд 1,500,000 төгрөг зээлээд хоёр гурав хоноод буцааж авч ирж өгсөн. Дараа нь аав гээд Г гэдэг хүн ирээд мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Тэгээд би барьцаа тавихгүй бол хэцүү шүү дээ би тав арван төгрөг эргэлдүүлдэг хүн байгаа юм гэхэд аав нь машин барьцаанд тавья гээд 3,500,000 төгрөг аваад явсан. Гурав, дөрөв хоногийн дараа өгнө гээд байхгүй алга болсон. Сүүлд нь нэг залуу ирээд машиныг нь худалдаж авах гэж байгаа юм гээд надад 4,000,000 төгрөг өгөөд машиныг аваад явсан... Анх наад Г.Х гэдэг залуу чинь аавтайгаа ирсэн... Би тэгж мөнгө зээлдэггүй, наад залуу чинь анх очоод надад нэг газар байгаа газар өгье гэж байсан. Би газартай болчихдог юм уу гэж бодсон... Би наад хүмүүсийг чинь танихгүй... Мэднэ, наад хүмүүс чинь манай хүүхэд гадагшаа эмчилгээнд явах гэж байгаа гэж хэлсэн... Тэрийг би мэдэхгүй байна. Тухайн үед надаас хэн нь ирж авсан юм гэж асуугаагүй. Наад Г.Х чинь аавтайгаа ирээд наад аав нь ирж авсан... Тэрийг цаг тухайн үед нь яагаад тэгж өгснийг мэдэхгүй байна... Үгүй, тийм зүйл байхгүй... Наад Г.Х-той чинь яриад байсан, сарын дараа аавтай нь очиж уулзсан. Энэ машинаа аваач би арьс түүхий эдээ авмаар байна. Хүнд тус болсон биш гай болж байна гээд аавтай нь гэрт нь очиж уулзсан... Манай эхнэр, эхнэрийнх нь данс руу шилжүүлж өгсөн гэж байна. Би эхнэртээ наад хүндээ 3,500,000 төгрөг өгчих гэж хэлсэн... Аав нь байгаа юм гэсэн цуг ирсэн. Аавд нь орой нь мөнгийг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 02 дугаар сарын эхээр байх одоо өдрийг нь санахгүй байна манай эхнэр Ц-ийн төрсөн ах Г-ын хүү болох Х гэгч залуу нь Ланд-80 маркийн авто машинаа өгөөч би хөдөө явчхаад ирье гэхээр нь “...тэг тэг...” гэж хэлээд машинаа өгөөд явуулчихсан юм. Тэгсэн чинь тэр чигтээ машин тэрэг аваад алга болчихоор нь авч ирж өгөх байлгүй гэж бодож байтал нэг хүн “...та машинаа зарчихсан юм уу...” гэхээр нь “...үгүй зараагүй...” гэтэл хангамжийн хашаанд нэг хүн “...би худалдаж авсан юм...” гээд унаад явж байна гэхээр нь Хтой утсаар яриад “...чи одоо юу хийгээд машин тэрэг зараад яваад байгаа юм бэ? тэр машин тэрэг авч ирж өг би цагдаа дээр чулуу ухсан хэрэгтэй шалгагдаж байгаа, наад машин авч ирж өг...” гэж хэлсэн. Ингээд маргааш нь миний машиныг авч ирж өгсөн. Урд хойд талын гүперийг нь будсан, шалавч резин сольж шинээр тавьсан, битүү хар тень цонхнуудад наасан, өөр бусад сэлбэг хэрэгсэл тавьсныг мэдээгүй. ...надад “...ломбардад тавина гэж огт хэлээгүй, харин хөдөө унаж явчхаад ирье гэж хэлсэн...” юм. Би машинаа буцаагаад авчихсан учир Х-т санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг./ХХ132/

 

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эхлээд 2.000.000 сая төгрөгийг Г.Хийн данс руу нь шилжүүлж өгөөд, ченж Баяраа гэдэгт бэлэн 4.000.000 сая төгрөг өгч Ланд-80 маркийн автомашиныг авсан. Ингээд Ланд-80 маркийн авто машинд рулийн гидр 350.000 төгрөг, тос масло 100.000 төгрөг, тень наалгахад 45.000 төгрөг, 3D шалавч авч тавихад 120.000 төгрөг, мөн дээр нь өмнөх мэдүүлэгт хэлээгүй урд, хойд гуперний өнгийг нь сэргээж будуулахад 250.000 төгрөг өгсөн юм. Ингээд наймаа хийсний дараа наймаа буцаагдаад приус-30 машиныг ланд-80-н оронд худалдаж авахдаа бэлэн 1.000.000 сая төгрөг нэмж буюу Г.Х-т 7.000.000 сая төгрөг, авто машинд төгрөгийн сэлбэг материал тавьж нийтдээ 7.865.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар Г.Х-оос нэхэмжилж байна. Би энэ залууд маш их гомдолтой мөнгө төгрөгөө нэхэхээр “...за хөдөө явж байна, за маргааш зохицуулаад өгье...” гэж худлаа яриад арга саам хийгээд байдаг их залилангийн шинжтэй залуу байна билээ ...Х нь “...* ГАА улсын дугаартай ланд-80 маркийн авто машин манай ахын нэр дээр байдаг юм. Манай ах хөдөө байдаг юм ахыг ирэнгүүт чиний нэр дээр шилжүүлээд өгчихье...” гэж хэлэхээр нь итгэж үнэмшээд худалдаж авсан. Тухайн үед уг машиныг авахад машины бичиг баримт нь Т билүү тийм хүний нэр дээр байсан санагдаж байна” гэх мэдүүлэг./ХХ7-10, 130/

 

Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Говь-Алтай аймгийн зарын групп дээр * ГАО улсын дугаартай цагаан өнгийн приус-30” маркийн авто машинаа зарахаар зар тавьсан. Тэгтэл өөрийгөө Х гэж өөрийгөө танилцуулсан залуу “...9.500.000 төгрөгөнд бэлэн худалдаж авъя, мөнгийг 10 хонуулаад өгчихье...манай байрыг нэг хүн авах гэж байгаа юм байраа зараад өгчихье, бичиг баримтыг нь миний нэр дээр болгоод өгчих...” гэхээр нь “...мөнгөө өгөөд нэр дээрээ шилжүүл...” гэж хэлээд нотариатаар гэрээ байгуулаад уг хүнд өгсөн юм. Ингээд 10 хоногийн хугацаа дуусаад мөнгөө өгөхгүй болохоор нь залгаж асуухад “...мөнгө хөөцөлдөж байна, нэг болохоор хөдөө явж байна, хүнээс мөнгө авах ёстой өгдөггүй, сүүлдээ байраа зараад мөнгө өгье...” гээд худлаа хэлээд сүүлдээ зугтаагаад утсаа авахгүй болохоор нь гэр орноор нь хайгаад олдохгүй байтал нэг өдөр талын эхэнд миний машиныг нэг залуу унаад явж байхаар нь зогсоогоод “...энэ машиныг авсан хүн хаана байгаа юм бэ?...” гэтэл би “...энэ машиныг худалдаж авсан юм...” гэхээр нь бичиг баримт нь миний нэр дээр байгаа гэж хэлээд өөрийнхөө бичиг баримт, нотариатаар гэрээ байгуулсан бичгээ үзүүлээд уг хүнээс нь машинаа авсан. Би машинаа 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буцааж авсан...” гэх мэдүүлэг./ХХ14/

 

Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны үеэр байх Х гэгч залуу нь Д.Т гэсэн хүний нэр дээр бичиг баримт нь байсан 70-07 ГАА улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота ланд-80 маркийн авто машиныг “...3 хоногийн хугацаатай зээл аваад тавиадахъя...” гэж хэлээд 3.800.000 төгрөгийг авч явсан. Ингээд хугацаа нь дуусангуут тээврийн хэрэгслээ ав би түүхий эд авч байгаа мөнгө төгрөг хэрэгтэй байна гэтэл за гэж худлаа ярьж явсаар байгаад 1 сар гаран болоод нэг өдөр жижиг шар залууг авч ирээд бэлэн 4.000.000 төгрөг төлөөд машинаа аваад явсан ...манай хүүхэд өвчин ороодог юм мөнгө төгрөг хэрэгтэй байна түр мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь за яах вэ ломбардын үнээр мөнгө түр авбал ав удааж болохгүй шүү гэж л хэлсэн. Түүнээс Х гэгч залууг өмнө нь огт танихгүй...” гэх мэдүүлэг. /ХХ25/

 

Ц.Г, Д.Т нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 03- ны өдөр байгуулсан 2421 дугаартай “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 46-47-р тал/,

 

Г.Х, Н.Э нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 561 дугаартай төлбөрийг 10 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”. /ХХ50-51/

 

Ц.Г-ын эзэмшлийн * ГАА улсын дугаартай “Toyota Landcruiser-80” маркийн хар саарал өнгийн автомашиныг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт. /ХХ126/

 

Н.Э-ын өмчлөлийн * ГАО улсын дугаартай “Toyota Prius-30” маркийн цагаан өнгийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 211 дугаартай дүгнэлт. /ХХ32/

 

“Хаан банк” дахь Г.Х-ийн эзэмшлийн * тоот харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ113-115/, зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 03 дүгээр сарын 02-ны өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын эзэмшлийн * ГАА улсын дугаартай тоёота ландкрузер-80/toyota landcruiser-80/ маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр үнэлэн худалдаж 6.000.000 төгрөгний урьдчилгаа авсан, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хохирогч Н.Э-ын өмчлөлийн 01-56 ГАО улсын дугаартай тоёота приус/toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шилжүүлэн авч хохирогч М.Б-д худалдсан тоёота ландкрузер-80/toyota landcruiser-80/маркийн автомашинтай сольж улмаар хохирогч М.Бэс 1.000.000 төгрөг нэмж аван хохирогч М.Б-д нийт 7.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Г.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Цагаан сар болоод Б-д мөнгөө өгч чадахгүй байхад Б машиныг чинь зарлаа, сэлбэгт өглөө гэж хэлээд байхаар нь хүний машиныг яаж 4 сая төгрөгт яаж задлуулж зарах юм гэж бодоод Г ахтай ярилцаад чи 5 сард мөнгө төгрөгийг нь төлөлцөх юм бол чи зараад илүү гарсан мөнгийг нь Т өгье гэж ярилцаад би фэйсбүүк дээр зар тавьсны дагуу М.Б гэдэг залуу ирж уулзаад хийх юмтай юм байна 9 сая төгрөгт авъя гээд 6 сая төгрөгийг бэлэн өгөөд 7 дугаар сард 3 сая төгрөгийг нь өгье гэж хэлсэн байдаг. Би машинаа 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хүү нь 500.000 төгрөг нийт 4 сая төгрөг болох юм байна гэхэд маргааш өдөр нь буюу 03 дугаар сарын 08-ны өдөр би хүүхдээ хараад гэртээ байсан учир М.Б Б-ыд очсон. Тэгээд утсаар ярихад чи удсан учир 4.500.000 төгрөг авна гэж хэлэхээр нь  боломжгүй байна гээд 4 сая төгрөг өгүүлээд үлдсэн 2 сая төгрөгийг дансаар авсан... Манай эхнэр жирэмсэн, хоёр нялх хүүхэдтэй, холоос ажилдаа явна. Тэгэхээр зээлээр машин өгөх хүн байна уу? гэхэд Э гэдэг хүн надтай холбогдоод приус-30 маркийн машин байгаа 8.500.000 төгрөгт зарна гэсэн. Тэгээд Этай очиж уулзаж гэрээ хийгээд авсан... Ц.Г ахынд очсон. Тэгэхэд цагдаа дээр очоод ирлээ. Чулууны хэрэгт машин хэрэг болж байна машинаа буцааж авмаар байна. Чи машинаа буцаагаад аваад ир гэж хэлсэн. 03 дугаар сарын 21-нд М.Б-тэй холбогдоод “...би чамд болохгүй машин зарсан байна. Буруу газраас чулуу тээвэрлэсэн гээд хураагдах гэж байна. Чи түр буцаагаад өгөх боломж байна уу...” гэхэд М.Б “...за...” гэсэн. Тэгээд би М.Б-ийг ажил төрөл гээд болохгүй байгаа бол энэ машиныг түр авчих гэж хэлээд Э-ын машиныг өгсөн. Э-ын машиныг өгөхдөө энэ машин манай дүүгийн нэр дээр байдаг гэж хэлсэн нь миний буруу. * дугаартай машиныг шүүх хурлаас нь гараад ирэхээр зарчихна гэж бодоод буцааж авсан. Машин нь Ц.Г ахад очсон. Тэгээд чулууны хэрэг нь яасан талаар би мэдэхгүй. Арван хэд хоног болоход М.Б чи “...энэ машинаа зарах юм уу...” гэхээр нь 9 сая төгрөгт зарна гэхэд “...9 саяд авахгүй. 8 саяд авъя ...” гэж хэлээд 1 сая төгрөг нэмж өгсөн. Би М.Б-с нийтдээ 7 сая төгрөг авсан. Удахгүй Э-н мөнгө авах хугацаа болоод мөн хөдөөнөөс байр авах хүмүүс ирсэн. Э дээр байр авах хүмүүстэйгээ хамт очиж уулзсан байгаа. Нөгөө хүмүүс нотариат оръё 40 сая төгрөг өгье үлдсэнийг нь нотариат ороод зээл авах боломж байгаа эсэх талаар судалъя гэж хэлээд уулзсаны маргааш нь нөгөө хүмүүс залгаад чамайг нотариатын хүмүүс залилан хийдэг гэж байна. Чи чинь бүтэхгүй хүн юм байна байрыг чинь авахаа болилоо гэж хэлээд явсан. Тэгээд энэ тухай Эт хэлэхэд Э машинаа авна гэж хэлсэн. Тэгээд машин нь М.Б-д байсан учир би юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд Э цагдаа дагуулаад хайж байна гэсэн. Тэгэхээр нь буцааж өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод М.Б дээр очиж машинаа буцааж аваад Эт өгсөн. Тэгэхэд Э 800.000 төгрөг өг гэсэн. Дахиад нэг байр үзэхэд Э хамт явсан. Тэр хүмүүс 3 хоногийн дараа авъя гэсэн. Тэгэхэд Э чи надад 500.000 төгрөг өгчих чи машинаа аваад яв, 3 хоногийн дараа хүмүүс чинь мөнгөө өгөхөд би машинаа авъя гэсэн. Нөгөө хүмүүстээ надад урьдчилгаа мөнгө өгч болох уу гэж хэлээд тэр хүмүүсээс урьдчилгаа мөнгө аваад Э-т 500.000 төгрөг өгөөд машинаа аваад М.Б--д авч өгсөн. Хэд хоногийн дараа нөгөө хүмүүс яриад байрыг чинь авахаа болилоо нөгөө мөнгөө буцаагаад өгчих гэсэн. Тэр хүмүүстэй 2 сарын өмнө иргэний шүүх дээр ороод үлдэгдэл 2 сая гаруй төгрөгийг нэхэмжилсэн тэр мөнгийг нь өгч чадаагүй. Нөгөө хүмүүс “...байр авахаа болилоо...” гэж хэлэхэд Э машинаа авъя гэсэн. Тэгэхээр нь түр хүлээж бай би мөнгө олъё гэж хэлсэн. Мөнгө хайж байх хооронд Э М.Б-с машинаа аваад манайд ирсэн.... Би М.Б-д мөнгө төгрөг өгье гэж байхад М.Бийн аав нь юм уу, хадам аав нь “...чамайг шоронд чинь хатаана...” гэж хэлээд цагдаад өргөдөл өгсөн байсан... Тэрнээс хойш энэ их өр тавьсан миний буруу, хохирол мөнгөө төлье гэж бодсон ч зарим нэг хүчин зүйлээс болоод мөнгө олж чадахгүй байсан. 8 дугаар сараас эхлээд хувийн юм хийсэн боловч М.Бд мөнгө өгч чадаагүй байгаа. Төлбөр мөнгөө төлөхөө илэрхийлж байна.... Боломж олгох юм бол хохирлыг төлнө... Хагас жилийн хугацаанд төлнө...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ий шүүх хуралдаанд өгсөн “...Би машин авна гээд мөнгө төгрөг авсан байсан. Г.Х нь ланд-80 маркийн автомашин зарна гээд зар тавьсан байсан. Анх жижиг машин авна гэж бодсон байсан боловч хөдөө их явдаг учир ланд-80 маркийн машин зүгээр юм байна гэж бодоод Г.Х руу чат бичсэн. Тэгэхэд урьдчилгаа “...6 сая төгрөгийг өгөөд 3 сая төгрөгийг сүүлд өгье...” гэхэд болно гэсэн. Тэгээд нотариат дээр гэрээ хийе гэхэд Г.Х нь манай ахын нэр дээр байдаг. Мөнгө төгрөгөө найдвартай өгсөн тохиолдолд нэрийг нь найдвартай шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би ланд-80 машиныг унаад Бигэр сум руу нэг явж ирсэн... Завхан аймгийн Отгон сум руу яваад аавындаа байхад Г.Х залгаад “...болохгүй машин зарсан байна...” чи яаралтай ирэх шаардлагатай байна гэхээр нь би ирээд маргааш нь Г.Х аваад явсан. Би мөнгө төгрөгөө авъя гэхэд 7 хоногийн дотор мөнгийг чинь бүтээгээд өгнө. Тэр хүртэл энэ машиныг унаж бай гээд приус-30 маркийн машин өгсөн. Тэр машин нь бас ойр зуур хийх зүйл байсан. Тэгээд Г.Х руу залгаад ярихад “...мөнгө төгрөг болохгүй байна...” гэхээр нь би “...приус-30 машиныг авъя хэдэн төгрөгт зарах юм...” гэхэд 8 саяд зарна гэсэн. Тэгээд 1 сая төгрөг өгөөд нэрээ шилжүүлээд 1.000.000 төгрөг өгье гэсэн. Дараагийн 1 дэх өдөр дүүг хөдөөнөөс ирэхээр нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд хэсэг утас нь холбогдохгүй байсан. Нэг өдөр явж байхад Э гэдэг залуу хэдэн залуутай ирээд машин аваад явсан. Тэгээд цагдаа дээр очиход “...хүний машин учир өг...” гэсэн. Тэгэхээр нь машиныг нь өгсөн байгаа... Ланд-80 буцаагаад өгөхдөө “...мөнгөө авъя...” гэхэд “...түр энэ машиныг унаж бай дараа долоо хоногт мөнгийг чинь бүтээгээд өгье...” гэж хэлсэн...7 хоногийн дараа ланд-80 машины хэрэг шийдэгдэхээргүй бол приус машин авъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эхлээд 2.000.000 сая төгрөгийг Г.Хийн данс руу нь шилжүүлж өгөөд, ченж Б гэдэгт бэлэн 4.000.000 сая төгрөг өгч Ланд-80 маркийн автомашиныг авсан. Ингээд Ланд-80 маркийн авто машинд рулийн гидр 350.000 төгрөг, тос масло 100.000 төгрөг, тень наалгахад 45.000 төгрөг, 3D шалавч авч тавихад 120.000 төгрөг, мөн дээр нь өмнөх мэдүүлэгт хэлээгүй урд, хойд гуперний өнгийг нь сэргээж будуулахад 250.000 төгрөг өгсөн юм. Ингээд наймаа хийсний дараа наймаа буцаагдаад приус-30 машиныг ланд-80-н оронд худалдаж авахдаа бэлэн 1.000.000 сая төгрөг нэмж буюу Г.Хт 7.000.000 сая төгрөг, авто машинд төгрөгийн сэлбэг материал тавьж нийтдээ 7.865.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар Г.Х-оос нэхэмжилж байна. Би энэ залууд маш их гомдолтой мөнгө төгрөгөө нэхэхээр “...за хөдөө явж байна, за маргааш зохицуулаад өгье...” гэж худлаа яриад арга саам хийгээд байдаг их залилангийн шинжтэй залуу байна билээ ...Х нь “...* ГАА улсын дугаартай ланд-80 маркийн авто машин манай ахын нэр дээр байдаг юм. Манай ах хөдөө байдаг юм ахыг ирэнгүүт чиний нэр дээр шилжүүлээд өгчихье...” гэж хэлэхээр нь итгэж үнэмшээд худалдаж авсан. Тухайн үед уг машиныг авахад машины бичиг баримт нь Т билүү тийм хүний нэр дээр байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Б-ы шүүх хуралдаанд өгсөн “...Он, сарыг нь санахгүй байна. Г.Х гэдэг залуу над дээр ирээд хэдэн төгрөг зээлээч манай хүүхэд гадагшаа эмчилгээнд явсан мөнгө хэрэг болоод байна гээд 1,500,000 төгрөг зээлээд хоёр гурав хоноод буцааж авч ирж өгсөн. Дараа нь аав гээд Г гэдэг хүн ирээд мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Тэгээд би барьцаа тавихгүй бол хэцүү шүү дээ би тав арван төгрөг эргэлдүүлдэг хүн байгаа юм гэхэд аав нь машин барьцаанд тавья гээд 3,500,000 төгрөг аваад явсан. Гурав, дөрөв хоногийн дараа өгнө гээд байхгүй алга болсон. Сүүлд нь нэг залуу ирээд машиныг нь худалдаж авах гэж байгаа юм гээд надад 4,000,000 төгрөг өгөөд машиныг аваад явсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Говь-Алтай аймгийн зарын групп дээр * ГАО улсын дугаартай цагаан өнгийн приус-30” маркийн авто машинаа зарахаар зар тавьсан. Тэгтэл өөрийгөө Х гэж өөрийгөө танилцуулсан залуу “...9.500.000 төгрөгөнд бэлэн худалдаж авъя, мөнгийг 10 хонуулаад өгчихье...манай байрыг нэг хүн авах гэж байгаа юм байраа зараад өгчихье, бичиг баримтыг нь миний нэр дээр болгоод өгчих...” гэхээр нь “...мөнгөө өгөөд нэр дээрээ шилжүүл...” гэж хэлээд нотариатаар гэрээ байгуулаад уг хүнд өгсөн юм. Ингээд 10 хоногийн хугацаа дуусаад мөнгөө өгөхгүй болохоор нь залгаж асуухад “...мөнгө хөөцөлдөж байна, нэг болохоор хөдөө явж байна, хүнээс мөнгө авах ёстой өгдөггүй, сүүлдээ байраа зараад мөнгө өгье...” гээд худлаа хэлээд сүүлдээ зугтаагаад утсаа авахгүй болохоор нь гэр орноор нь хайгаад олдохгүй байтал нэг өдөр талын эхэнд миний машиныг нэг залуу унаад явж байхаар нь зогсоогоод “...энэ машиныг авсан хүн хаана байгаа юм бэ?...” гэтэл “...би энэ машиныг худалдаж авсан юм...” гэхээр нь бичиг баримт нь миний нэр дээр байгаа гэж хэлээд өөрийнхөө бичиг баримт, нотариатаар гэрээ байгуулсан бичгээ үзүүлээд уг хүнээс нь машинаа авсан. Би машинаа 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буцааж авсан...” гэх мэдүүлэг,

Г.Х, Н.Э нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 561 дугаартай төлбөрийг 10 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь тоёота ландкрузер-80/ГАА */ автомашиныг бусдын өмчлөлийн эд хөрөнгө түүнийг өөрөө бусдад худалдах боломжгүй гэдгийг мэдсээр байж энэ байдлаа  “...барьцаанд түр тавьсан машинаа зармаар байна...”, “...манай ахын машин ирэхээр нь нэрийг шилжүүлж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч М.Бэс 6 сая төгрөгний урьдчилгаа авснаараа, хохирогч М.Б-д худалдсан ландкрузер-80/ГАА */ солих зорилгоор энэ нөхцөл байдлаа нуун дарагдуулах үүднээс хохирогч Ц.Э-г “...манай байрыг нэг хүн авах гэж байгаа юм. Байраа зараад мөнгийг нь өгье...” гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, үүнийгээ халхавчлахын тулд түүнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан тоёота приус-30/ГАО */ маркийн автомашиныг авч, хохирогч М.Б-д худалдсан ландкрузер-80/ГАА 7007/ маркын автомашинтай солин “...дүүг хөдөөнөөс ирэхээр нь нэрийг нь шилжүүлнэ...” гэж хууран мэхлэж түүнээс 1.000.000 төгрөг нэмж авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, эсхүл бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” шинжийг хангаж байх тул шүүгдэгч Г.Х-ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь хууран мэхлэх аргаар бусдад бодит байдлаас өөр нөхцөл байдлыг ойлгуулан төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авснаар төгсдөг. Тодруулбал бодит байдал дээр түүний өмч биш, захиран зарцуулах эрх олгогдоогүй эд хөрөнгийг дээрх аргуудаар төөрөгдөлд оруулан зарж борлуулах эрхтэй мэтээр бусдад ойлгуулан худалдснаараа шүүгдэгчийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Ц.Г тоёота ландкрузер-80/ГАА */ маркийн автомашинаа барьцаанд тавьж мөнгө зээлэхийг хүлээн зөвшөөрсөн улмаар өөрөө гэрч Ц.Б-д машинаа барьцаалан мөнгө зээлэн авч шүүгдэгч Г.Х-т өгсөн болох нь хохирогч Ц.Г-ын өгсөн “... Г.Х эхлээд над дээр ирэхдээ “...машинаа барьцаанд тавиад өгчих...” гэж хэлсэн. Тэгэхээр нь минийх биш хүний машин яах юм бэ гэхэд 14 хоногийн хугацаатай тавиад буцаагаад аваад өгье гэхээр нь “за тэг” гэж хэлээд би өөрөө Б гэдэг хүн дээр машинаа авч очоод 3 сая төгрөгт машинаа тавиад мөнгийг нь Г.Х-т өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ы “...Г гэдэг хүн ирээд мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Тэгээд би барьцаа тавихгүй бол хэцүү шүү дээ би тав арван төгрөг эргэлдүүлдэг хүн байгаа юм гэхэд машин барьцаанд тавья гээд 3,500,000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Үүнийг нь шүүх хохирогч Ц.Г нь ямар нэгэн байдлаар хууртсан, төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө шилжүүлээгүй тул залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Г.Х-ийн хувийн байдал, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ болон хохирлын тогтоох зорилгоор урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас/ХХ105/, Говь- Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/ХХ56-74 зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Х урьд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээр тооцогдон, эрүүгийн хариуцлага хүлээж байжээ. Үүнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгайн ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ..

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан...залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих оногдуулсан тул уг ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь Өршөөлийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээр байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч Г.Хийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух газар болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Х-ийг нь урьд нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч байжээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгчийн өмнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “...өршөөлд хамааруулахгүй...” гэмт хэргийн төрөлд хамаарахгүй байх тул түүнд авсан тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хугацааг хэрэгсэхгүй болгох талаар шийдвэр гаргах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Б нь нийт 7.865.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон 7.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар харин машин засуулсан, сэлбэг авч тавьсан гэх 865.000 төгрөгний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-т холбогдох 2116000000059 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч Ц.Г-ын * ГАА улсын дугаартай тоёота ландкрузер-80/ГАА */ маркийн авто машиныг залилан авсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Г-ын Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 2/хоёр/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хорих ялын 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцон сольж болохыг шүүгдэгч Г.Х-т сануулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хохирогч М.Б нь нийт 7.865.000 төгрөгний нэхэмжлэлээс 7.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар 865.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг  нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА