Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Олонбаатар

Шүүгдэгч Б.А

Шүүгдэгч Э.Б тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт нарт холбогдох 2108005340111 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын  05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгч Б.А нь өөрийн танил Э.Б-д “хойлог шувууны мах авна” хэмээн захиалга өгч улмаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Б нь Говь-Алтай аймгийн ** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн цэгт шүүгдэгч М.Б-с ховор амьтан болох “алтайн хойлог” (Tetraogallus altaicus) шувууны түүхий эдийн зүйлийг 180.000 төгрөгөөр худалдан авсан, М.Б нь дээрх хойлгийн махыг хадгалсан, худалдсан гэх гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.А ын шүүх хуралдаанд өгсөн “...Миний аавыг Х овогтой Б гэдэг одоо 78 настай, хоёр нүдгүй сохор юм хардаггүй, байнга хүний асаргаанд байдаг. 2021 оны 02 сард бие нь гэнэт муудаад сэхээнд 5 хоног эмчилгээнд байсан. Сэхээнээс эмч нарын ачаар эдгэрч гараад 10-аад хоногийн дараа нойл руугаа ороод халтирч унаад дунд шаантаны ясаа хугалсан. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж 7 хоног хэвтсэн. Саяхан сэхээнээс гарсан учраас ямар ч эмчилгээ байхгүй хагалгаанд орох заалт байхгүй эмчилгээгүй гээд гаргасан. Тэгээд бид нар уламжлалт эмчилгээний арга юу байна гээд хүн амьтнаас асуугаад хойлог шувууны мах сайн гэж байна. Тийм мах олоод идүүлчих юм бол эдгэрч босох юм шиг байна гээд хайсан. Говь-Алтай аймгаас олдож магадгүй гээд Э.Б гэдэг залууг олоод өгөөч гэж би гуйсан. Хүнээс олчихлоо эгчээ гэхдээ бүтэн шувуугаараа байдаг юм байна гэхээр нь хамаагүй авъя гээд унаанд тавиад явуулсан. Тээврийн товчоо дээр цагдаа хураасан байсан. Үнэхээр ховор ан амьтны махыг авч хэрэглэж болдоггүй юм байна. Хууль бус юм байна гэдгийг цагдаа дээр ирээд мэдсэн. Аавыгаа босгочих юм сан гэж бодож ийм сэтгэлээсээ болж гэм буруутай үйлдэл гаргасан. Хуулийн дагуу шийдэх ёстой байх ойлгож байна. Гэм буруугаа ойлгож байна. Цаашид ийм алдаа гаргахгүй... Миний хувьд эмчилгээгүй гээд гаргасан аавыг босгоё гээд ийм зүйл хийгээд өөрөө хуулийн мэдлэггүйгээс болоод гэмтэн болоод явж байгаад үнэхээр гэмшиж байна. Дотроо үнэхээр шаналж байна. Гол нь ганцаараа биш хаа байсан 1000 километрийн цаана байдаг ийм хүмүүсийг гэмтэн болгоод явж байгаа нь харамсалтай байна. Э.Б гэдэг залууг сайн танихгүй байж шувууны мах олоод өгөөч гэж гуйгаад ашиг хонжоо хараагүй надад шувууны мах олчихлоо гээд хайрцагт хийгээд явуулсан энэ залууг гэм буруугаас нь чөлөөлөх боломж байдаг юм болов уу. Надаас хадгаламж зээл банк санхүүгийн салбарын дагуу асуулт асуух юм бол хариулж чадна. Ховор ан амьтан гэдэг дээр надад хуулийн мэдлэг байхгүй байсан байна. Үүнээс болоод өөрөө ч гэмтэн болж, хүмүүсийг татаж оруулж байгаадаа үнэхээр их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Э.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Б.А эгч аавын бие муу байна хойлог шувууны мах сайн байдаг гэж байна. Танай наад Алтай нутагт байдаг гэж байна олдох уу гэхээр нь би сураглаж явж байгаад энэ ахаас асуугаад аваад автобусанд тавиад явуулсан. Тэгээд цагдаагийн газраас намайг дуудаад ирж байцаалт өг гэхээр нь очсон. Энэ шувуу нь ховор амьтан гэдгийг цагдаагийн газар очоод мэдсэн. Би өөрөө энэ нутгийн хүн биш учраас Хойлог шувуу анх удаа харсан. Ямар шувуу байдаг гэдгийг мэддэггүй байсан. Хүмүүс ярихдаа өвчтэй хүнд сайн байдаг гэхээр нь өвчтэй хүнд тус болъё гэж бодоод авч явуулаад ийм буруу зүйлд орооцолдсон байна. Хууль бус гэдгийг цагдаагийн газар очоод мэдсэн. Дахиж ийм зүйл хийхгүй, намайг уучлаарай... Өвчтэй хүнд тус болъё гэж ховор шувуу гэдгийг нь мэдэхгүй олж өгсөн болохоор миний буруу юм байна...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч М.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би энэ хоёр хүний танихгүй, ирээд сурахаар нь өгсөн. Үүнийг хууль бус гэдгийг нь мэдэхгүй хууль дүрмийг нь мэдээгүй учраас ийм зүйл болсон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй... Би өвөл түүхий эд авдаг. Хонины арьсанд өлөнтэй цуг гялгар уутанд хийгээд хөлдөөсөн байсан. Тэгээд би хадгалж байгаад энэ залууг ирэхээр нь өгсөн... Арьсанд ирсэн байсан болохоор эзнийг нь мэдэхгүй... Хуулийн мэдлэггүйгээс болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О-ын шүүх хуралдаанд өгсөн “...Хойлог шувуу нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу ховор амьтны жагсаалтад байдаг. Ховор амьтан гэдэг нь асуудал хариуцсан яамны сайдын тушаалын дагуу тодорхой хэмжээгээр агнах, барих, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах эрх үүсдэг. Говь-Алтай аймагт эрх үүсээгүй байхад агнагдсан, худалдан борлуулагдсан үйл ажиллагаа явуулсан байгаа харагдаж байна. Төрийн нэрийн өмнөөс хохирогчоор оролцож байгаа учраас улсыг болон тухай шинжээчийн дүгнэлт гаргахад гарсан төлбөрийг төлж хохиролгүй болгосон тохиолдолд хохирогчид ямар нэгэн гомдол санал байхгүй Байгаль хамгаалах тухай хууль болон Амьтны тухай хуулийн зохицуулалтаар байгаль орчинд учирсан экологийн хохирлыг Засгийн газрын тогтоолын дагуу экологи эдийн засгийн үнэлгээ 2 дахин нугалж төлдөг байгаа... 150 гаруй шувуу байдаг. 120,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх гэж бодож байна... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Танил жимс ногоо зардаг Б гэх залуу /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ цаасан хайрцагтай скочоор амыг нь дарсан, дээр нь *дугаарын утсыг хаягласан зүйл өгч явуулсан. Ингээд би уг зүйлүүдийг автобусны доор байрлах ачааны багажид хийгээд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчим Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, 22-н товчоон дээр ирсэн ба Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар шалгагдаад авч явсан зүйлүүд нь хориотой ан агнуурын эд зүйлс байсныг илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг/1ХХ21, 112-115/,

Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай өвөө Б өндөр настай дунд шатны хугарал оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм. Одоогоор гэртээ байдаг. Манай ээж ясны хугарал хойлгийн мах сайн гээд Говь-Алтай аймгаас худалдаж авсан юм. Тэгээд ээж А “...миний хүү өвөөд нь өгөх хойлгийн мах Говь-Алтай аймгаас унаанд явуулсан байгаа 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12-13 цагийн орчим автобус нь Драгон төв дээр ирнэ тосож аваарай...” гэж хэлэхээр нь би тосож авахаар очсон. Би мобигийн * дугаарын холбогдох утастай. Ээж тухайн хүндээ манай хүүхэд тосож авна гэж хэлээд миний дугаарыг өгч бичүүлсэн юм билээ...” гэсэн мэдүүлэг /1ХХ25/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолыг 1 дүгээр хавсралтаар ховор амьтны ангилалд багтдаг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын дагуу Алтайн хойлог шувуу 130.000 төгрөгийн үнэлгээтэй, Байгаль орчинд учирсан хохирлыг экологийн эдийн засгийн үнэлгээний дагуу төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1ХХ107/,

Хүрээлэн буй орчны хяналтын цагдаа, цагдаагийн ахлагч М.С-ын * УАК улсын дугаартай “КIА GRANDBIRD” маркийн тээврийн хэрэгслийг саатуулан шалгаж зөрчил илрүүлсэн талаарх илтгэх хуудас /1ХХ10/,

“КIА GRANDBIRD” маркийн тээврийн хэрэгсэлд ховор амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ13-17/,

“Хаан банк” -ны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 50/3284 дугаартай “...* тоот дансыг ** регистрийн дугаартай  Б, * тоот дансыг * регистрийн дугаартай Б-ын А эзэмшдэг” гэх албан тоот /1ХХ59/,

“Хаан банк” дахь Б-ын А эзэмшлийн * дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ64-65/,

Гэрч Э.Б түүнд хойлог шувууны түүхий эд худалдсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ66-75/,

Шүүгдэгч Б.А, Э.Б нарын иргэн М.Б-с худалдан авсан амьтны түүхий эд нь ховор амьтан болох Алтайн хойлог (Tetraogallus altaicus) шувуу бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөг болохыг тогтоосон Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/12 дугаартай дүгнэлт /1ХХ135/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А, шүүгдэгч Э.Б-д “Хойлог шувууны мах авна” хэмээн захиалга өгч улмаар 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Б нь Говь-Алтай аймгийн *г сумын төвд үйл ажиллагаа явуулж буй түүхий эдийн цэгт шүүгдэгч М.Б ховор амьтан болох Алтайн хойлог (Tetraogallus altaicus) шувууны түүхий эдийн зүйлийг 180.000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.А, Э.Б нар нь хамтран бусдаас ховор амьтан болох алтайн хойлогны түүхий эд худалдан авснаараа, шүүгдэгч М.Б нь алтайн хойлогны түүхий эд худалдсан, хадгалснаараа шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан...хадгалсан, худалдсан...” шинжийг хангаж байна шүүх үзлээ. Иймээс шүүгдэгч шүүгдэгч  Б.А, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч М.Б-г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч Б.А, Э.Б нарын тухайд хойлог шувууны махыг худалдан авахаар захиалга өгсөн, үнийг нь төлсөн,  идэвхитэйгээр эрэн хайж худалдсан этгээдээс түүхий эдийг олж аван, хот хоорондын тээврийн хэрэгсэлд тавьсан зэрэг үйлдүүдээрээ гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, шүүгдэгч нарын аль нэгнийх үүрэг оролцоогүйгээр энэ гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй, өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн болно. Түүнчлэн аливаа хууль тогтоомжийн талаарх мэдлэггүй байдал нь хүний хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөхгүй бөгөөд хууль зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1ХХ77-78/, шүүгдэгч Б.А, Э.Б нарын иргэн М.Б-с худалдан авсан амьтны түүхий эд нь ховор амьтан болох Алтайн хойлог (Tetraogallus altaicus) шувуу бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 130.000 төгрөг болохыг тогтоосон Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/12 дугаартай дүгнэлт /1ХХ135/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэсэн ангилалд багтах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ авч болохоор шүүхэд эрх олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт юм.

Шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх үзсэн бөгөөд энэ гэмт хэрэг оногдуулах хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон түүнчлэн шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, үйл баримт, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, учруулсан хохирлын талаар маргаан гаргаагүй тул хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байх тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь Өршөөлийн хуулийн зохицуулалтад нийцэхээр байна.

Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн хуулийн 49 дүгээр хуулийн 4 дэх хэсгийг 2-т “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр...” тогтооно гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас амьтны аймагт 130.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавьж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02/12 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлэн 260.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгал, орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “алтайн хойлог” хэмээх шувууны түүхий эдийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Б-ын А, Ж овогт Э-ын Б нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ж овогт М-ийн Б-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдан борлуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан Б.А, Э.Б, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Э.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол болох 260.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д оруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “алтайн хойлог” шувууны түүхий эдийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА