Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Ц.Батзаяа,

Гэрч Ч.Базаррагчаа,

Шүүгдэгч Л.Б,

Шүүгдэгч Д.Р

Шүүгдэгч Н.Д,

Шүүгдэгч Л.Б Д.Р нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч Н.Д*гийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л-ийн Б, Ш овогт Д-ын Р, Б овогт Н-ийн Д нарт холбогдох 2016001720117 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Р, Л.Б, Н.Д нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-аас 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэр * гэх газар шаргал өнгөтэй, * УНЛ улсын дугаартай, Тоёота Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, гол төмрийн Н1955, замгийн 10279 дугаартай, ТОЗ 8 маркийн галт зэвсгээр ховор амьтан болох хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнан, махыг хадгалж амьтны аймагт 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Л.Б*гийн шүүх хуралдаанд өгсөн “...Эхнэр төрөх гэж байсан. Аймаг руу ирэх байсан хоол авч явъя малтай айл ойр байвал уулзаж хоол авъя гэж гарсан. Тэгээд гарч яваад Д.Р*тай таараад хоол өгөх боломж байна уу, царигтай мал байна уу байна уу гэхэд очоод үз гэсэн. Тэгээд эдний рүү явсан. Зам * дээр Н.Д хөр гаргачхаад явж байна гээд таарсан. Гэр нь рүүгээ явна ойрхон бэл рүүгээ байдаг гэж надад хэлж байсан. Ойрхон юм бол бид хоёрыг дагаж очоод мал барилцаад өг гээд гаднаа хашаа байдаггүй хоёр хүн хурааж барихад хэцүү гээд гуйсан. Араас Н.Д яваад очсон. Д.Р*ыд ороод байж байхад Н.Д ирээд хонь хотлоогүй арай ирэх болоогүй байна гээд тэр болтол нь гурвуулаа доошоо явж тэмээ нааш нь эргүүлж шахчхаад ирээд хонио барьж аваад явъя гэж яриад би Д.Р*ы араар сууж аваад гурвуулаа цаашаа явсан. Доошоо очоод тэмээгээ эргэж тойрчхоод  зарим нь доор байх шиг байна энэ тэмээг Н.Д өөд нь шахаад байж бай гээд би доод тэмээг үзээд ирье гээд бид араар нь суугаад явсан. Хоёр хэсэг тэмээ байсан тэр тэмээг үзчихээд тэрүүхэнд эргэж байхад ооно таараад тэрийг алаад буцаж ирсэн... Д.Р мотоциклтой явж малаа хотлуулчхаад ирнэ гэж байсан... Н.Д-тай Өлийн овоо дээр таарсан... Н.Д ганцаараа сууж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Д.Р шүүх хуралдаанд өгсөн “...Би сум орчхоод гэр рүүгээ явах гэж байсан. Тэгээд Л.Б ахтай * таарсан. Эхнэр төрөх гэж байна хоол байна уу? гэсэн тэгээд бид хоёр манай руу машинтай нь явсан. Тэгээд Өлийн хөтөл дээр Н.Д-тай таарсан. Н.Д-г очоод “...мал бариад өгөөч...” гээд дагуулаад явсан. Мал ирээгүй байхаар нь бид гурав мал ирээгүй байхад “...тэмээгээ бөөгнүүлээд ирье...” гээд говь руу явсан. Н.Д-г тэмээ өөд нь шахаад байж бай бид хоёр доошоо явж тэмээ үзэхээр явсан. Тэгээд уруугаа явж тэмээ дээр очсон манай тэмээ биш байсан. Тэгээд нэг ооно таарахаар нь буудаж алаад янзалж авсан. Н.Д тэмээгээ шахаад өөдөө явж байхад нь араас нь ирж дагуулж явсан. Л.Б ах хоол аваад явах гэсэн миний мал байхгүй байсан. Энэ хоёрыг “...хорхог хийж бай...” гээд би малдаа явсан. Би малаа олоогүй шөнө ирсэн, Л.Б ах хорхог хийж идчихээд шөнө гэр рүүгээ явсан. Н.Д гэр рүүгээ явсан. Би гэртээ үлдээд өглөө нь малаа олоод араас нь сум орсон...  Хөдөө байнга буугаа үүрээд явж байдаг, чоно нохойтой таарна гээд байнга үүрээд явж байдаг. Тэгээд буугаа аваад гарсан... Нар жаргаагүй байсан, тэмээдээ яваад харанхуй болсны ард бид гурав ирсэн... Н.Д наана нь тэмээгээ бөөгнүүлээд шахаж байсан. Бид хоёр цаашаа тэмээрүү явсан... Бид хоёр хоёр хэсэг тэмээ байснаар орсон 3 цаг гаран явсан байх... Мотоциклтой явж байгаад зогсоод буудсан... Гэрийн гадаа хойд хамар дээр машинаа тавиад цаашаа мотоциклоо унаад явсан... Би шөнө нь малаа хайж яваад миний мотоциклийн бензин дууссан. Өглөө нь Д-гийн мотоциклийг гуйж малаа олсон... Би малаа хайж яваад хээр бензин нь дуусаад орхиод өглөө нь гэгээ орохоор нь хойшоо яваад хүний мотоцикл гуйж унаад малаа олж замаараа дайрч өгчхөөд малаа тууж гэртээ очоод фургоноосоо бензин аваад мотоциклоо очиж авсан...” гэсэн мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Н.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Би Өрөлтийн аманд хөрөө гаргачхаад байж байтал энэ хоёр гарч ирсэн. Энэ хоёртой уулзахад араас яваад оч гэсэн. Араас нь очиход энэ хоёр мал барих гэсэн юм арай эрт байна. Доошоо яваад тэмээ бөөгнүүлээд ирье гэсэн. Л.Б-гийн машин Д.Р-ын урд хамар дээр байж байсан. Энэ хоёр мотоцикль дээр сундалдаад би ганцаараа хоёр мотоциклтой тэмээ бөөгнүүлэх гээд явсан. Намайг тэмээ өөд нь шахаж бай гэсэн. Энэ хоёр доошоо яваад тэмээ хөөгөөд ирье гэсэн. Би тэмээг нь өөд нь шахаж байхад орой ч болж байсан. Энэ хоёр ирсэн, араас яваад оч гэхээр нь араас нь яваад очсон чинь бид хоёр нэг ооно алчихлаа гэсэн. Тэгээд гэрт нь ирэхэд Д.Р мал нь байхгүй байсан. Та хоёр хорхог хийж бай гэхээр нь гүзээнд нь хорхог хийж тэнд идсэн. Ооно алсан гэдгийг нь би тэгж мэдсэн... Ооно алахад хамт яваагүй, тэмээг өөд нь бөөгнүүлээд ирье гэхэд нь хамт явсан... Тэмээг өөд нь бөөгнүүлээд байж бай гэсэн... Энэ хоёр доод тэмээг үзээд ирье гээд явсан... Д.Р тэмээ байсан... Өлийн хөтөл дээр таарсан, би сүлжээнд гараад ирсэн байсан... Машинд нь орсон чинь доошоо араас яваад оч гэсэн. Тэгээд араас нь яваад очсон чинь Игийн машин Д.Р урд дэнж дээр байж байсан... Би араас нь мотоциклтой очсон... Миний мотоцикл... Шар өнгийн мустанг 200...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ч.Б-йн шүүх хуралдаанд өгсөн “... М гэдэг хүн Л.Б-гийн эхнэр... Надад тийм асуудал гаргасан асуудал байхгүй, надад мөнгө барьж ирэх нь ирсэн. Мөнгө бариад ирэхэд нь ийм асуудал байж болохгүй гэж буцаасан. Тэр дор нь би холбогдох дээд шатны дарга удирдлагуудад танилцуулж хэлсэн. Даргын үүрэг өгснөөр дараагийн холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авсан. Холбогдох арга хэмжээ нь юу байсан гэхээр тээврийн хэрэгслийг нь хураах байсан. Тухайн үед яагаад тээврийн хэрэгслийг нь хураагаагүй байсан юм гэхээр уг тээврийн хэрэгслийг агуулах сав, байр байгууламж надад байхгүй болчхоод, бусдын тээврийн хэрэгслийг хурааж авсан бол бүрэн бүтэн байдлыг би хариуцах болоод байсан. Тэгээд тэнд явж байсан мөрдөгч, дарга нар шийд гаргаад хурааж авсан... гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч. иргэний нэхэмжлэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Хар сүүлт зээрийн экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газраас тогтоож өгсөн байдаг. Түүний эр нь 1,700,000 төгрөг, эм нь 2,000,000 төгрөг гэж байгаа. Хар сүүлт зээр ховор амьтны төрөлд орно. Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоож, түүнийг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг. /1ХХ35-36/

Иргэний нэхэмжлэгч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн * УНЛ улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгслийг 2016 онд хүнээс 25,000,000 төгрөгт худалдан авч, өөрийн нэр дээр бүртгүүлж байсан. Л.Б 2019 онд тухайн тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгт худалдан авахаар тохиролцон тухайн үедээ 3.000,000 төгрөг өгөөд нэр шилжүүлэлгүй мөнгөө гүйцээж өгөхөөр нэрээ шилжүүлнэ гэж хэлээд авсан боловч одоо болтол мөнгө гүйцээж өгөөгүй, нэрээ шилжүүлээгүй өөрөө Говь-Алтай аймгийн * суманд унаж байгаа гэж байсан. Ямар нэгэн гомдол, санал байхгүй. * УНЛ улсын дугаартай, Лексус 470 загварын тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг. /ХХ39-41/

Гэрч Н.М*ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Л.Б миний нөхөр байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ 14 цагийн орчим гараад явсан. Тэр өдөр гэртээ ирээгүй, шөнө 04 цагийн үед гэртээ ирсэн. Манайх нялх жаахан хүүхэдтэй, гаднаас янз бүрийн юм оруулж ирэх цээртэй байгаа. Орж ирээд унтаад өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа манай нөхөр 3 хүүхдийнхээ хамт гэрийн гаднаас мах оруулж авчраад, бууз хийж идэж байсан. Тэр л ангийн мах байсан. Нэг гуя байсан, бусад махыг бодоход жаахан бараан өнгөтэй мах байсан. Манайх тэр үед хонины мах идэж байсан. Манай өөрийн идэж байсан мах биш, өнгө мөнгө нь өөр байсан. 2020 оны 10 дугаар сарын 05 нд шөнө 04 цагт ирэхдээ тэр махыг авчирсан гэж байсан. Бас тэр шөнө зээрэнд яваад ирлээ гэж 10 дугаар сарын 06-ны өглөө надад хэлж байсан...” гэх мэдүүлэг./1ХХ 53-54/

Гэрч Н.М*ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би 2008 оноос эхлэн Говь-Алтай аймгийн * сум * мэндийн төвд сувилагчаар одоог хүртэл ажиллаж байгаа...Л.Б нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байгаа юм. Д.Р, Н.Д нарыг танина. Нэг нутаг усны хүмүүс байгаа. Ямар нэгэн садан төрөл найз нөхдийн холбоо гэх зүйл байхгүй...Л.Б, Д.Р, Н.Д нарыг хууль бусаар ан агнасан талаар хэсгийн төлөөлөгч Б надаас мэдүүлэг авахад нь мэдсэн юм. Тэрнээс өмнө огт мэдээгүй байсан юм. Тухайн үед Б “...Танай нөхөр ийм хэрэг хийсэн байна. Би танай нөхрийг аврах гэж байна. Чи мэдүүлэг өгөх ёстой гэж хэлсэн. Тэгээд өөрөө мэдүүлгээ бичээд надаар гарын үсгээ зуруулсан...Үгүй ээ. Өөрөө шууд бичсэн юм. Би өөрөө нярай биетэй байсан болохоор шууд гарын үсгээ зурсан юм...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Жирэмсэн төрөх дөхсөн байсан учраас хөдөө явж хоол авчирна гэж байсан... тэгээд хаашаа хэнийх рүү хоол авахаар явсан талаар би мэдэхгүй байна. Манай нөхөр тухайн үед хоолондоо яваад шөнө ирсэн байсан...Ямар нэгэн зүйл яриагүй. Гэртээ шууд орж ирээд унтсан юм. Би ан хийсэн талаар мэдэхгүй. Тухайн үедээ би жирэмсэн төрөх дөхсөн байсан. Манай нөхөр өөрийнхөө машинаар явсан юм сум хариуцсан хэсгийн төлөөлөгч Б.Б нь надаас нэг удаа мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлэг авсан он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед мэдүүлэг авахдаа өөрөө хэлээд өөрөө бичээд байсан. Тэгээд хамгийн сүүлд гарын үсэг зуруулсан...Б.Б нь өөрөө надад тэгж хэлсэн. Та 2 айлтгүй энэ хэрэг ингээд бид гурвын дунд үлдэнэ. Дээшээ аймаг явахгүй. Эндээ хаах гэж байна гэж хэлсэн...Үгүй ээ. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг./2ХХ174-175/,

Гэрч Га.О*ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймаг * сум төгрөг багт малчин бөгөөд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг...Д.Р нь манай нөхөр байгаа юм. Л.Б, Н.Д нарыг танина. Нэг нутаг усны хүмүүс байгаа Ямар нэгэн садан төрөл найз нөхдийн холбоо гэх зүйл байхгүй.,.2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байхаа М.Батбилэг гэх хүнтэй, бэлчээрээс болж утсаар маргалдсан юм. Тэгэхэд М.Б “... Танай нөхрийг хаана, хэн хэнтэй зээр агнаж явсныг би мэдсэн шүү. Чи нөхрөө яаж хамгаалахаа бодоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө зээр агнасан юм байна гэж бодсон. Тэгээд нөхрөөсөө Чи зээр агнасан юм уу гэж асуухад манай нөхөр юм хэлэхгүй шууд гараад явсан... Би сайн мэдэхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр сум орж ирээд орой нь буцаад явсан юм. Манай хөдөө гэр * хөндий * * гэх нэртэй газарт байсан юм. Би өөрөө сумын төв дээр хүүхдүүдээ хардаг байсан юм...Манай нөхөр фургон, истана, 2 мотоциклтой...Манай мотоциклууд нь хоёулаа улсын дугаар аваагүй, улаан өнгийн мустанг 200 маркийн мотоцикл, мөн цагаан өнгийн мустанг-200 маркийн мотоциклтой...Ерөнхийдөө манайхыг ойр байгаа айлууд болон садан төрлүүд мэднэ... Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй. Харин Цогт сумын хэсгийн төлөөлөгч Базаррагчаад Би мэдүүлэг өгөхгүй байж болох уу гэхэд нөхөр чинь хэргээ хүлээсэн байгаа. Нөхрөө хамгаалахын төлөө зайлшгүй мэдүүлэг өгөх ёстой гэж хэлсэн...” гэх мэдүүлэг./2ХХ177-178/

Гэрч Ш.Д*ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*т сумын * багийн нутаг * гэртээ байсан. Д миний охин Б*ийн гэр бүлийн хүн байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 05-нд манай хүргэн явж байгаад өглөө үүрээр 10 дугаар сарын 06-ны 05 цагийн орчим хөдөө байх гэртээ ирсэн. Тэгэхдээ зээрийн хоёр хөл бариад ороод ирсэн. Нэг хаа, нэг гуя байсан. Хааг нь өглөө нь чанаад хүргэн бид хоёр идсэн, гуяыг нь суманд байх гэртээ аваачаад эхнэр, хүүхдүүдтэйгээ идсэн байхаа. Тэр оройноо гуяыг нь аваад явсан. Зээрийн мах байхгүй, тэр дор нь идээд алга болсон...” гэх мэдүүлэг. /ХХ57/

Гэрч Ш.Д*ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би Говь-Алтай аймаг *сум * багт малчин бөгөөд хүүхдийн хамт амьдардаг...Н.Д нь манай хүргэн байгаа юм. Харин Л.Б нь Д.Р нарыг зүс танина. Нэг багийн хүмүүс байгаа юм. Ямар нэгэн садан төрөл найз нөхдийн холбоо гэх зүйл байхгүй...Би Л.Б, Д.Р, Н.Д нарыг хууль бусаар ан агнасан талаар мэдэхгүй байж байгаад сүүлд манай сумын хэсгийн төлөөлөгч Базаррагчаа нь надаас мэдүүлэг авахад нь мэдсэн...Манай гэр нь * сумын Төгрөг баг Үрэлтийн аманд байсан юм. Н.Д-гийнх нь тусдаа амьдардаг бөгөөд манайхаас доошоо саахалт байсан юм...Би тийм мэдүүлэг өгөөгүй. Н.Д нь ямар нэгэн ан хийсэн талаар хэлээгүй...Манай хүргэн Н.Д нь мустанг 200 маркийн шар улаан өнгийн мотоциклтой...Үгүй ээ. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй. Тухайн үед хүргэнийг чинь аврах гэсэн гээд гарын үсэг зуруулсан.ямар нэгэн галт зэвсэг гэх зүйл байхгүй...Тухайн үед Н.Д-гийн эхнэр нь сумын төв дээр сургуулийн хүүхдээ хараад Н.Д нь малаа харж байсан юм...” гэх мэдүүлэг./2ХХ180-181/

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...* суманд гэртээ байсан. Д миний нөхөр байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай нөхөр Д хөдөөнөөс зээрийн нэг хөл мах авчирсан. Тэр нь гуя байсан, түүгээр нь би бууз хийж хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ идсэн, гадны хүн байгаагүй. Малын махнаас арай бараан өнгөтэй, хэлбэр нь бог малын гуяны хэлбэрээс өөр бас амтаар нь таньсан. Нөхөр маань “зээрийн хөл” гэж хэлсэн. “Р, Б хоёртой орой нь зээрэнд яваад ирлээ” гэж байсан. “Зээр алах хориотой ш дээ” гэж нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр “зээрэнд явна энэ тэр гэж Б, Р хоёр надад хэлээгүй, намайг машинд суучих гэхээр нь суучихсан чинь зээр таараад Р түүнийг буудчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг. /ХХ55- 56/

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би Говь-Алтай аймаг * сум * багт малчин бөгөөд нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг...Би албан ёсны монгол хэл мэднэ. Харин уншиж бичиж чадахгүй...Н.Д нь манай нөхөр болдог юм. Харин Л.Б, Д.Р нарыг танина. Нэг багийн хүмүүс байгаа юм. Ямар нэгэн садан төрөл найз нөхдийн холбоо гэх зүйл байхгүй. Би сумынхаа цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Тухайн үед цаг хугацааг нь сайн санахгүй байна...Тухайн үед танай нөхөр ийм хэрэг хийсэн байна гэж Базаррагчаа хэлсэн, тэгэхээр нь би юу ч мэдэхгүй. Одоо л мэдэж байна гэж хэлсэн. Би тухайн үедээ Базаррагчаад Би бичиг үсэг мэдэхгүй гэдгээ хэлж байсан...Манай сумын хэсгийн төлөөлөгч Базаррагчаа надаас мэдүүлэг авсан. Тэгээд гарын үсэг зур гэж хэлэхээр нь би гарын үсгээ зурсан. Ямар юман дээр зурснаа би мэдэхгүй байна. Мөрдөгч нь надаас мэдүүлэг авахдаа ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, дарамталсан асуудал байхгүй...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н.Д-гаас мэдүүлэг авахад би хамт байгаагүй. Намайг өөрийнхөө мэдүүлэг дээр гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурсан юм...Манай хөдөө байдаг гэр Төгрөг багийн * тал руу байдаг байсан юм. Манайх ганц гэрээрээ байдаг байсан. Д.Р гэр нь нэлээд зайтай. Би зайг нь барагцаагаар хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр ээжийнхтэй хамт байдаг байсан юм . Манай нөхөр шар өнгийн мустанг-200 маркийн мотоциклтой. Ямар нэгэн улсын дугаар гэх юм байхгүй. Харин Д.Р-г ямар мотоциклтойг нь мэдэхгүй байна...Ямар нэгэн галт зэвсэг гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /2ХХ183-184/

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...* сумын төвд байх гэртээ байсан. Д.Р миний нөхөр байгаа юм. “Б ах, Д бид гурав зээрэнд явсан юм” гэж байсан...” гэх мэдүүлэг. /1ХХ58/

Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Д гаас “зээр алж баригдсан юм уу” гэж асуухад Д хэлэхдээ "..Б, Р хоёртой ** дээр таараад зээрэнд явчхаад ирсэн” гэж байсан. Тэгээд “нэг ооно алсан” юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /ХХ60/

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг галт зэвсгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л Р-с * сумын * багийн нутаг * гэх газарт байх түүний хөдөө гэрт нь хурааж авсан юм...” гэх мэдүүлэг. /ХХ69/

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинжээч Г.О-ын гаргасан “...Ирүүлсэн баруун талын эрүүний ясаар бусад зээрийн төрлийн амьтадтай харьцуулахад арааны шүд гавалтай залгах холбоос шанаа хоорондын хонхорхой, эрүүний хэлбэр бүтцээр харьцуулахад энэхүү эд эрхтэн нь хар сүүлт зээрийнх болох нь тогтоогдож байна. Эрүүний эргэн тойронд цусархаг эдийн хатсан байдал, ясан эдийн өнгө зэргээс харахад шинэвтэр 2-3 сарын хугацааны дотор энэхүү байдалтай оршиж, чанаж болгон шинж тэмдгийг зориудаар өөрчлөөгүй байдалтай байна. Эрүүний ясны шүдний бүтцээр 1 дүгээр шүд бүрэн гарсан, 2 дугаар шүд гарч эхэлж байснаас харахад 2 настай бодгаль байна. Гавлын яс байхгүй учир хүйс тодорхойлох боломжгүй байна. Тухайн амьтан нь статусын хувьд Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны төрөлд багтдаг. Хар сүүлт зээр нь туурайтны баг болох нугалмайтны овогт багтана. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах” тухай 23 дугаар тогтоолыг үндэслэн тогтооход Хар сүүлт 1 ширхэг Монгол улсын Засгийн газраас тогтоосон үнэлгээ төлбөр эр нь 1,700,000 төгрөг, эм нь 2,000,000 төгрөг, Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно эр нь 3,400,000 төгрөг, эм нь 4,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /1ХХ91- 93/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4597 дугаартай “...Буунд эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэнэ...” гэх дүгнэлт, гэрэл зургууд./1ХХ100-103/

“Ашид билгүүн” ХХК-ийн 1000614 дугаартай “...* УНЛ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол улсад орж ирсэн, 470 LХ маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж үнийг 23,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд. /1ХХ82-84/

“Ашид билгүүн” ХХК-ийн 820/122 дугаартай “...Хуучны 1955 оны 10279 дугаартай бянт хойгуураа тасарсан, ТОЗ 8М загварын буу 1 ширхэг 400,000 төгрөг” гэсэн дүгнэлт. /1ХХ110-112/

Эд мөрийн баримтаар галт зэвсэг хураан авсан тухай тэмдэглэл./ХХ10/ 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, тээврийн хэрэгсэл, бичиг баримт хураан авсан тэмдэглэлүүд./1ХХ14-16, 22-23/

Шүүгдэгч Д.Р өөрийнх нь эзэмшлийн ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар №* замгийн дугаар №* дугаартай галт зэвсгийн таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /2ХХ164-166/

Шүүгдэгч H.Д-гаар галт зэвсгийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд./1ХХ3/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Р, Л.Б нь хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн * сумын Төгрөг багийн нутаг дэвсгэр * гэх газар улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-200 маркын, улсын дугааргүй Д.Р өмчлөлийн мотоцикиль ашиглан ховор амьтан болох хар сүүлтийн 1 ооныг буудаж агнасан, түүний түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан, шүүгдэгч Н.Д нь  2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ховор амьтан болох хар сүүлтийн түүхий эд болох нэг хаа, гуяны махыг Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутагт байрлах отрын гэртээ хадгалсан, өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-200 маркын шар өнгийн мотоциклоор тээвэрлэсэн болох нь:

 Шүүгдэгч Д.Р шүүх хуралдаанд өгсөн “...Мал ирээгүй байхаар нь бид гурав мал ирээгүй байхад тэмээгээ бөөгнүүлээд ирье гээд говь руу явсан. Н.Д-г тэмээ өөд нь шахаад байж бай бид хоёр доошоо явж тэмээ үзээд ирье гэсэн. Тэгээд уруугаа явж тэмээ дээр очсон манай тэмээ биш байсан. Тэгээд нэг ооно таарахаар нь буудаж янзалж авсан.... Мотоцикльтой явж байгаад зогсоод буудсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Л.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн “...би Д.Р араар сууж аваад гурвуулаа цаашаа явсан. Доошоо очоод тэмээгээ эргэж тойрчхоод  зарим нь доор байх шиг байна энэ тэмээг Н.Д өөд нь шахаад байж бай гээд би доод тэмээг үзээд ирье гээд бид араар нь суугаад тэр чигтэй явсан. Хоёр хэсэг тэмээ байсан тэр тэмээг үзчихээд тэрүүхэнд эргэж байхад ооно таараад тэрийг алаад буцаж ирсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Энэ хоёр мотоцикль дээр сундалдаад би ганцаараа хоёр мотоцикльтой тэмээ бөөгнүүлэх гээд явсан. Намайг тэмээ өөд нь шахаж бай гэсэн. Энэ хоёр доошоо яваад тэмээ хөөгөөд ирье гэсэн. Би тэмээг нь өөд нь шахаж байхад орой ч болж байсан. Энэ хоёр ирсэн, араас яваад оч гэхээр нь араас нь яваад очсон чинь бид хоёр нэг ооно алчихлаа гэсэн. Тэгээд гэрт нь ирэхэд Д.Р мал нь байхгүй байсан. Та хоёр хорхог хийж бай гэхээр нь гүзээнд нь хорхог хийж тэнд идсэн. Ооно алсан гэдгийг нь би тэгж мэдсэн... Ооно алахад хамт яваагүй, тэмээг өөд нь бөөгнүүлээд ирье гэхэд нь хамт явсан....” гэсэн мэдүүлэг,

Хохирогч иргэний нэхэмжлэгч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Хар сүүлт зээрийн экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газраас тогтоож өгсөн байдаг. Түүний эр нь 1,700,000 төгрөг, эм нь 2,000,000 төгрөг гэж байгаа. Хар сүүлт зээр ховор амьтны төрөлд орно. Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоож, түүнийг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Л.Б миний нөхөр байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ 14 цагийн орчим гараад явсан. Тэр өдөр гэртээ ирээгүй, шөнө 04 цагийн үед гэртээ ирсэн. Манайх нялх жаахан хүүхэдтэй, гаднаас янз бүрийн юм оруулж ирэх цээртэй байгаа. Орж ирээд унтаад өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа манай нөхөр 3 хүүхдийнхээ хамт гэрийн гаднаас мах оруулж авчраад, бууз хийж идэж байсан. Тэр л ангийн мах байсан. Нэг гуя байсан, бусад махыг бодоход жаахан бараан өнгөтэй мах байсан. Манайх тэр үед хонины мах идэж байсан. Манай өөрийн идэж байсан мах биш, өнгө мөнгө нь өөр байсан. 2020 оны 10 дугаар сарын 05 нд шөнө 04 цагт ирэхдээ тэр махыг авчирсан гэж байсан. Бас тэр шөнө зээрэнд яваад ирлээ гэж 10 дугаар сарын 06-ны өглөө надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байхаа М.Б гэх хүнтэй, бэлчээрээс болж утсаар маргалдсан юм. Тэгэхэд М.Б “... Танай нөхрийг хаана, хэн хэнтэй зээр агнаж явсныг би мэдсэн шүү. Чи нөхрөө яаж хамгаалахаа бодоод байж бай...” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө зээр агнасан юм байна гэж бодсон. Тэгээд нөхрөөсөө Чи зээр агнасан юм уу гэж асуухад манай нөхөр юм хэлэхгүй шууд гараад явсан... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр сум орж ирээд орой нь буцаад явсан юм. Манай хөдөө гэр “**” гэх нэртэй газарт байсан юм. Би өөрөө сумын төв дээр хүүхдүүдээ хардаг байсан юм...Манай нөхөр фургон, истана, 2 мотоциклтой...Манай мотоциклууд нь хоёулаа улсын дугаар аваагүй, улаан өнгийн мустанг 200 маркийн мотоцикл, мөн цагаан өнгийн мустанг-200 маркийн мотоциклтой...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...* сумын * багийн нутаг *** гэртээ байсан. Д миний охин Б-ийн гэр бүлийн хүн байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 05-нд манай хүргэн явж байгаад өглөө үүрээр 10 дугаар сарын 06-ны 05 цагийн орчим хөдөө байх гэртээ ирсэн. Тэгэхдээ зээрийн хоёр хөл бариад ороод ирсэн. Нэг хаа, нэг гуя байсан. Хааг нь өглөө нь чанаад хүргэн бид хоёр идсэн, гуяыг нь суманд байх гэртээ аваачаад эхнэр, хүүхдүүдтэйгээ идсэн байхаа. Тэр оройноо гуяыг нь аваад явсан. Зээрийн мах байхгүй, тэр дор нь идээд алга болсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*суманд гэртээ байсан. Д миний нөхөр байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай нөхөр Д хөдөөнөөс зээрийн нэг хөл мах авчирсан. Тэр нь гуя байсан, түүгээр нь би бууз хийж хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ идсэн, гадны хүн байгаагүй. Малын махнаас арай бараан өнгөтэй, хэлбэр нь бог малын гуяны хэлбэрээс өөр бас амтаар нь таньсан. Нөхөр маань “зээрийн хөл” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Д-с “зээр алж баригдсан юм уу” гэж асуухад Д хэлэхдээ "..Б, Р хоёртой ** таараад зээрэнд явчхаад ирсэн” гэж байсан. Тэгээд “нэг ооно алсан” юм гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг галт зэвсгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л Р*с * сумын * багийн нутаг * гэх газарт байх түүний хөдөө гэрт нь хурааж авсан юм...” гэх мэдүүлэг /ХХ69/,

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинжээч Г.Олонбаатарын гаргасан “...Тухайн амьтан нь статусын хувьд Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны төрөлд багтдаг. Хар сүүлт зээр нь туурайтны баг болох нугалмайтны овогт багтана. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах” тухай 23 дугаар тогтоолыг үндэслэн тогтооход Хар сүүлт 1 ширхэг Монгол улсын Засгийн газраас тогтоосон үнэлгээ төлбөр эр нь 1,700,000 төгрөг, эм нь 2,000,000 төгрөг, Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно эр нь 3,400,000 төгрөг, эм нь 4,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4597 дугаартай “...Буунд эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэнэ...” гэх дүгнэлт, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар галт зэвсэг хураан авсан тухай тэмдэглэл, 

шүүгдэгч Д.Р өөрийнх нь эзэмшлийн ТОЗ-8 маркийн галт зэвсгийн таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд,

шүүгдэгч H.Д-аар галт зэвсгийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “...улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” үйлдлийг “хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчлагджээ.

Шүүгдэгч Д.Р, Л.Б нарын үйлдэл нь хамтран Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01-р сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан хар сүүлтийн 1 эр бодгалийг/ооно/ буудан агнасан, түүхий эдийг нь хадгалсан, тээвэрлэснээрээ дээрх гэмт хэргийн шинжийг, харин шүүгдэгч Н.Д нь хэдийгээр ан агнах үйл ажиллагаанд оролцоогүй боловч уг амьтны түүхий эдийн зүйлээс нь хадгалсан, тээвэрлэснээрээ дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Р, Л.Б нарыг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийнхэн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Н.Д-г “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг. Шүүгдэгч Д.Р, Л.Б нар нь хар сүүлтийг агнах нь хууль бус гэдгийг мэдсээр байж агнасан, хамтран төхөөрч бэлтгэсэн, тээвэрлэсэн тул тэдний үйлдлийг бүлэглэсэн гэж шүүх үзсэн болно.

Монгол улсад ховор амьтныг агнах, судалгаа шинжилгээний зориулалтаар барих үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тодорхой төлбөр, хураамжийг төлж байж явуулах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ журмыг баримтлаагүй тохиолдолд хууль бус гэж үзэн Эрүүгийн хуулиараа хамгаалжээ. Өөрөөр хэлбэл ховор амьтныг ахуйн хэрэгцээний зориулалтаар агнахыг хориглосон байна. Шүүгдэгч нар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр махыг хэрэглэх зорилгоор хар сүүлтийг агнасан, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан тул тэдний үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж үзсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч нарыг шаргал өнгөтэй, ** УНЛ улсын дугаартай, тоёота лексус 470 маркийн автомашин ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч нар нь ан агнах, тээвэрлэх, хадгалахдаа дээрх автомашиныг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хэргийн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрчлөн тогтоолоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Д-гийн өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ..” зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэх хүсэлтийг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

1. Хэрэгт авагдсан гэрч Ш.Д-ийн “...2020 оны 10 дугаар сарын 05-нд манай хүргэн явж байгаад өглөө үүрээр 10 дугаар сарын 06-ны 05 цагийн орчим хөдөө байх гэртээ ирсэн. Тэгэхдээ зээрийн хоёр хөл бариад ороод ирсэн. Нэг хаа, нэг гуя байсан. Хааг нь өглөө нь чанаад хүргэн бид хоёр идсэн, гуяыг нь суманд байх гэртээ аваачаад эхнэр, хүүхдүүдтэйгээ идсэн байхаа. Тэр оройноо гуяыг нь аваад явсан...”, гэрч Б.Б-гийн “...2020 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай нөхөр Д хөдөөнөөс зээрийн нэг хөл мах авчирсан. Тэр нь гуя байсан, түүгээр нь би бууз хийж хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ идсэн, гадны хүн байгаагүй. Малын махнаас арай бараан өнгөтэй, хэлбэр нь бог малын гуяны хэлбэрээс өөр бас амтаар нь таньсан. Нөхөр маань “зээрийн хөл” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн үйлдэл тогтоогджээ. Монгол улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор тус тус хуульчилжээ. Гэрч Ш.Д-ийн хувьд хэдийгээр шүүгдэгчийн хадам эх боловч түүний гэр бүлийн гишүүн биш тул мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх түүнд хамаарахгүй түүнчлэн түүний мэдүүлэгт дурдагдсан үйл явдал гэрч Б.Б-ийн эхний мэдүүлгээр давхар батлагдаж байх тул энэ хоёр хүний мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.  Мөрдөгч нь гэрч Б.Б-с мэдүүлэг авахдаа “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй талаар танилцуулан энэ талаар тэмдэглэлд тусган мэдүүлэг авсан байх бөгөөд мөн гэрч нь бичиг үсэг мэдэхгүй байх нь түүний мэдүүлгийг хууль ёсны эсэхэд эргэлзэх үндэслэл болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

2. Аливаа үйл явдлыг шүүх сэргээн тогтоохдоо нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр харилцан эсрэг эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдал, нотломжийн түвшингээр нь үнэлдэг. Шүүх дээрх үйл явцын талаарх шийдвэрийн үндэслэл болгосон гэрчүүдийн эхний мэдүүлгүүдийг илүүтэйгээр энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзсэн бөгөөд дахин өгсөн мэдүүлгүүд нь ашиг сонирхол нэгтэй шүүгдэгч, яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс өгсөн, мөн утга агуулгын хувьд тогтоогдсон үйл баримтыг шууд үгүйсгээгүй байна гэж дүгнэлээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлуудад өмгөөлөгчийн оролцоогүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг мөрдөгч, прокурор, шүүх биелүүлээгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогддог. Хуулийн энэхүү шаардлага зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарна. Харин гэрч, хохирогчоос мэдүүлэг авахад энэхүү шаардлагыг тавихгүй бөгөөд харин бичиг үсэг мэдэхгүй тохиолдолд өгсөн мэдүүлгийг нь боломжит аргаар танилцуулах нь зохистой.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Д-гийн үйлдэл нь хангалттай тогтоогдсон, хэргийн үйл баримтад эргэлзэх үндэслэлийг нотлохуйц баримт хэрэгт авагдаагүй, үйл баримтыг шууд үгүйсгэх баримт байхгүй тул “...яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийг мөрдсөн мөрдөгчийг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг авах нь тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа болох тул цаашид энэ жишгийг тогтоохгүй байхад мөрдөгч, прокурор анхаарвал зохино.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1ХХ199-201/, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинжээч Г.Олонбаатарын “хар сүүлтийн эр 1.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1ХХ91-92/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Б, Д.Р, Н.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч Л.Б, Д.Р нарын хувьд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин шүүгдэгч Н.Д-гийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэсэн ангилалд багтах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ авч болохоор шүүхэд эрх олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт юм.

Шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх үзсэн бөгөөд энэ гэмт хэрэг оногдуулах хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон түүнчлэн шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, үйл баримт, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, учруулсан хохирлын талаар маргаан гаргаагүй тул хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б, Д.Р, Н.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Л.Б, Д.Р, Н.Д нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байх тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2/хоёр/ жилийн хугацааг хэрэгсэхгүй болгох нь Өршөөлийн хуулийн зохицуулалтад нийцэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д,Р өмчлөлийн улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-200 маркийн, улсын дугааргүй мотоцикиль, шүүгдэгч Н.Д-гийн өмчлөлийн шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-200 маркын, улсын дугааргүй мотоцикиль зэрэг тээврийн хэрэгслүүдийг хураан авч улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Н.Дгийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг хавтаст хэрэгт хураан авч битүүмжлэн ирүүлээгүй боловч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх ажиллагааг хийх боломжтой байна.

Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж хуульчилжээ. Иймээс Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сангийн газрын төрийн сангийн 10005000954 дугаартай төрийн сангийн дансанд “Д.Р, Л.Б, Н.Д нарын торгууль” гэсэн гүйлгээний утгаар хийсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Байгаль орчин уур амьсгалын сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан шилжүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд галт зэвсгийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр зохицуулжээ. Иймээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д,Р өмчлөлийн гол төмөр 1955, замаг 10279 дугаартай ТОЗ-8 маркийн бууг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц * ГАА улсын дугаартай тоёота лексус-470/toyota lexsus-470/ маркийн авто машиныг хууль ёсны эзэмшигч Л.Б-д нь буцаан олгож 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолоос цагаан өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Л-ын Б, Ш овогт Д-ын Р, нарыг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Б овогт Н-ийн Д-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Р, Л.Б, Н.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Р, Л.Б, Н.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2/хоёр/жилийн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Р өмчлөлийн улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-200 маркийн мотоцикль, шүүгдэгч Н.Д-гийн өмчлөлийн шар өнгийн улсын дугааргүй Мустанг-200 маркийн мотоциклийг тус тус улсын орлого болгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гол төмөр 1955, замаг 10279 дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, * ГАА улсын дугаартай тоёота лексус-470/toyota lexsus-470/ маркийн авто машиныг хууль ёсны эзэмшигч Л.Бд нь буцаан олгож 2021 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолоос цагаан өнгийн Мустанг-200 маркийн мотоциклийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сангийн газрын 10005000954 дугаартай төрийн сангийн дансанд “Д.Р, Л.Б, Н.Д нарын торгууль” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Байгаль орчин уур амьсгалын сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р, Л.Б, Н.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА