Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч А.Оргилбаяр, Ц.Батзаяа

хохирогч Б.М түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, /цахимаар/

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Дид холбогдох 1816001790111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э-ын Д нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын * гэх газраас хохирогч Б.М-ийн халтар зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй * тамгатай морь, халиун зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй * болон 5 тоо тамгатай морь, хүрэн зүсмийн 4 настай, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй * болон 5 тоо тамгатай үрээ зэрэг нийт 4 тооны адуу, хохирогч Д.Б-ы бор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй “да дөш” тамгатай 1 морийг хулгайлан хохирогч Б.М-д 3.500.000 төгрөгийн, хохирогч Д.Б-д 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.М-ийн 14 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан хохирогч Д.М-д 12.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

1.1 Хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э-ын Д нь 2018 оны 07 дугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын * гэх газраас хохирогч Б.М-ийн халтар зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй * тамгатай морь, халиун зүсмийн 6 настай зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй * болон 5 тоо тамгатай морь, хүрэн зүсмийн 4 настай, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй * болон 5 тоо тамгатай морь нийт 4 тооны адуу, хохирогч Д.Б-ы бор зүсмийн, зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй “*” тамгатай 1 тооны адууг хулгайлан хохирогч Б.М-д 3.500.000 төгрөгийн хохирол, Д.Б-д 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Авах нь авсан тэрийг хүлээн зөвшөөрч байна... Хүний юм авсан, хэрэг нь хоёр, гурван жил болсон учраас төлнө... Гэрч Б, Б-ын эхнэр байж байгаад ачуулсан нь үнэн маргах зүйлгүй төлнө, хүлээн зөвшөөрч байна... Хохирлыг нь төлөх гээд болж бүтэхгүй байсан, 3.500.000 төгрөгийг төлнө... Барьцаа батлан даалтад 5,000,000 төгрөг байгаа. 3,500,000 төгрөгөөр өгч чадахгүй ч гэсэн шүүх хуралдаан завсарлахад адуу мал үнэтэй байгаа учраас 2,000,000 төгрөгийг бэлнээр нь өгнө. Барьцаа 5,000,000 төгрөгийг гардаж авсны дараа 1,500,000 төгрөгийг төлнө... 13 байж байгаад олдсон нь 12... Хулгайн хэрэг үйлдсэн нь үнэн... Би ямар гэсэн 3.500.000 төгрөгөөр нь төлнө... Хүнээс зээлээд ч болсон төлье. Эхний ээлжид Б.М гуайн 3.500.000 төгрөгийг төлөөд барьцааны 5.000.000 төгрөгийг авсны дараа үлдсэн хоёр хүний хохирлыг төлье... Ирэх 5 дахь өдөр гэхэд төлье... 3.500.000 төгрөгийн хохирлоос 2.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Одоо барьцаанд байгаа мөнгөнөөс гурван хохирогчийн мөнгийг шилжүүлж төлөх хүсэлттэй байна.. Эрүүгийн хариуцлагаа хүлээсний ард барьцаа хөрөнгөөс 1.500.000 төгрөг, нөгөө хоёр хүний 900.000, 900.000 төгрөгийг төлнө. Аль болох хөнгөн ял шийтгэлд оногдуулж, өршөөлд хамруулж өгнө үү...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.М-ийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 оны 07 сарын эхээр миний өвөл тэжээгээд наадмаар уралдуулна гэж тооцоолж байсан морьдыг Э.Д хулгайлаад Улаанбаатар хот руу аваачаад эмээлтийн бой дээр нядалгаанд орсон байдаг. Тухайн үед би өөрийнхөө морийг нэгийг нь 2,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Үнэлгээний дүгнэлт гарахад энэ нөхөр дахин үнэлүүлээд одоо 3,500,000 төгрөг гэж гарсан. Миний нэхэмжилсэн мөнгөний хувьд нь хүрэхгүй хохирол яригдаад байгаа. Адууны мөнгийг нэхэмжилсэн болохоос сарын хугацаанд хайсан. Би бүтэн сар хайхдаа *, * сум, * * сумын нутгаар дамжаад хайхад сан өчнөөн зардал гарсан. Тэрийг би нэхэмжлээгүй, тэр өвөл нь адуу тэжээхэд нэг адуунд 1,000,000 төгрөг зарцуулаад 4 адуу тэжээхэд 4,000,000 орчим төгрөгийн өвс тэжээл авсан. Өдий хүртэл миний адууны хохирлыг барагдуулахгүй, надтай уучлаарай ахаа би таны адууг ингэсэн юм гээд нэг ч удаа яриагүй, маш их гомдолтой байна. Говь-Алтай аймагт шүлхий өвчин авч ирсэн. Энэ нөхрийн * аймаг руу аваачиж зараад өртөгт нь авч ирсэн мал шүлхий өвчин авч ирж Говь-Алтай аймагт тараасан. Энэ нөхөр би гэм буруутай гээд гэм буруугаа хүлээгээд байгаа хэрнээ ялаа эдэлж яваагүйгээс болоод Говь-Алтай аймагт асар их хэмжээний хохирол үүссэн байна. Би үнэлгээний дүнгээс татгалзана, өнөөдрийн байдлаар нэг адуу зах зээлийн ханшаар 1,500,000 төгрөг гэж байгаа. Одоо 3,500,000 төгрөгийн хохирол төлнө гэж байна. Хүний цэцэг цэврүү шиг байсан малыг нялаад ийм юм яриад байж байгаад харамсалтай байна. Та бүхнийг хуулийн хүрээнд үнэн зөв шударга шүүж өгөх байх гэж бодож байна... Хоёр нь миний хар азарга байсан сумын наадамд нэг айрагдсан, хөл нь бэртчихээд дахиж уяж чадаагүй. Тэр хар азарганы угшилтай ах, дүү хоёр байсан. Хоёр нь миний нагац ах болдог Д гэдэг хүний адууны угшилтай.  Хоёр нь нагац ахын угшилтай, тамга нь миний тамга давхар дарагдсан байсан. Манай нагац ах насаараа Говь-Алтай аймагт адууны үйлдвэр угшааг сайжруулах гэж ажиллаж амьдарсан. Тэр хүний адуу Говь-Алтай аймагт дээгүүр орохоор чанаржсан угшилтай адуу... Би тус бүр нэгийг нь 2,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дараа нь үнэлгээний дүнг танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбараа бичсэн... Надад хохирлыг яаралтай энэ хүнээс гаргуулж өгөх. Би уг нь тухайн үеийн адууны ханш биш, одоогийн адууны ханш тэнгэр газар шиг өөр болсон байна. Би үнэлгээг анхнаасаа эсэргүүцэж байсан. Хамгийн анх мэргэшсэн нягтлан Цанжидмаа гэдэг хүн үнэлсэн. Тэр хүн би 8,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргахад 6,000,000 төгрөгөөр гаргасан. Дараа нь одоо энэ үнэлсэн байгаа нөхөр бааз адуу гэж 3,500,000 төгрөгөөр үнэлсэн. Цанжидмаа гуайн үнэлгээтэй би санал нийлж байсан. Сүүлд нь би ийм байж болохгүй дахиж үнэлүүлэх саналтай байна гэж саналаа гаргаж явсан. Үүнийг харгалзаж үзэж миний хохирлыг шийдвэрлэх боломж байдаг юм болов уу... Анх шүүхийн хэлэлцүүлэг дээр хохирлыг өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө бүрэн барагдуулна гэсэн боловч талыг нь барагдуулсан. Өнөөдөр 9 цагийн үед 2.000.000 төгрөг над руу шилжүүлсэн. Үлдсэн хохирлыг шүүх хуралдаанаас өмнө барагдуулсан бол зүгээр байсан юм. Даруйхан барагдуулах талаас нь арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07-р сарын 02-03-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байрлах хүмүүсийн хэлж сурснаар ханын материалын үйлдвэрийн зүүн урд талд байхад нь би очиж харсан. Миний хулгайд алдсан 4 тооны адуу нь Улаанбаатар хотод 61 гарам гэдэг газар М гэх хүний хашаанд байсан гэсэн...” гэх мэдүүлэг,/2ХХ 81-82/

Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07 дугаар сарын эхний хэд хоногт буюу 3, 4-ний орчим бор морь алга болчихсон. Миний алдсан бор морь нь уртавтар дэлтэй, дэл сүүл нь хөхдүү өнгөтэй, 8 настай, их номхон, бүдэгхэн саран дэвсгэртэй * тамгатай байсан...” гэх мэдүүлэг,/2ХХ 89-90/

Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07-р сарын 02, 03-ны үеэр “Улаанбаатар хотруу ачаа ачина” гэж таньдаг хүн амьтнаас асууж тодруулаад явж байтал Шинэ-Алтай захын доод талын машины зогсоол дээр миний таньдаг Д гэх залуу над дээр ирсэн...Улаанбаатар хотруу 5 тооны адуу ачих юмуу гэхээр нь за гэж хэлээд адуу чинь хаана байгаа юм бэ гэхэд ойрхон бэлэн байгаа гэж байсан...2018 оны 07-р сарын 05-ны өдөр 16-17 цагийн хооронд Д надруу * дугаараас залгаад би адуугаа бэлдсэн байна. Та Харзат багт байдаг манай гэрт хүрээд ирээч гэхээр очиж 5 тооны адууг нь ачсан. Надад нэг дугаар хэлж өгөөд би залгаад тасалсан...61-ийн гарам дээр очоод наад дугаарлуу залгахад буулгах газрыг нь зааж өгөх байх гэж хэлээд би оройдоо гараад явсан...бор зүсмийн 1 адуу, 2 халиун, 2 бараан адуу байсан...гарал үүслийн бичгийг нь Д надад өгсөн...гарал үүслийн бичиг нь надад байгаа...1 адууг 60.000 төгрөгөөр ачсан...” гэх мэдүүлэг,/2ХХ 109-110/

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07-р сарын 05-ны өдөр манай нөхөр бид 2 хотруу адуу ачих байсан юм...5 тооны адуу ачсан... өдөртөө багтаж Улаанбаатар хотруу явсан...” гэх мэдүүлэг,/2ХХ-128/

Гэрч З.Ё-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...* ХХК-ний малын эмч Н* 5 ширхэг мал, амьтны гарал үүслийн бичиг дээр тамга даруулж, гарын үсэг зуруулаад аваад явсан тэр бичгүүдийн нэг нь Д гэх хүнд олгосон 5 адууны гарал үүслийн бичиг нь мөн байна...4 хувийн мал эмнэлгийн малын эмч тус бүрд нь 5ш гарал үүслийн бичиг дээр гарын үсгээ зурж тамга дарж өгсөн...” гэх мэдүүлэг,/2ХХ-124/

Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бөглөсөн маягт №01А мөн байна. Би өөрийнхөө бичгийг хараад таньж байна. Мал амьтны эрүүл мэндийн гарал үүслийн 0042767 дугаартай хуудастай маягт №01А манай Цэргийн булаг ХХК-ний маягт мөн байна...Д, Б* нарыг зүс танина...” гэх мэдүүлэг, /2ХХ 116-117, 3ХХ 137-138/

Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны өвөл 1 сарын үед * УНМ дугаартай “хондо пит” машинаар цэргийн хотхоны орчим хоёр залуу гар өргөн суугаад Орбит хүргэж өгөх замдаа миний гар утас дуугараад Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумаас 100 тооны хонь авах тухай ярьсан тэгсэн чинь нөгөө хоёр залуу “...ахаа та малын наймаа хийдэг юм уу...” гэхээр би хүнээс мөнгө төгрөгийг нь урьдчилж өгөөд өгөөд мал авдаг юм тэгээд та аль нутаг юм бэ гэсэн чинь бид хоёр бас Говь-Алтай аймгийн хүмүүс гэж манай найз малын наймаа хийдэг юм Д гэдэг юм гээд * дугаар өгөхөөр нь утсан дээрээ бичиж аваад тухайн үед тэр хоёр залууг Орбитийн тойрог дээр буулгаж өгөөд явсан тэгээд хоёр хоногийн дараа би нөгөө Д гэх хүн лүү залгаад “...зарах адуу байна уу...” гэсэн чинь зарах адуу байхгүй гэж тухайн үед ярьж байсан, тэгээд хэсэг холбоо бариагүй байж байгаад 2018 оны 2, 3 дугаар саруудад жи мобайлын дугаараар Д залгаад адууны мах ямар ханштай гэж надаас асуухаар нь би тухайн үед 1кг мах 7500 төгрөгөөр лангуун дээр зарагдаж байна гэж хэлж байсан. Мөн 2018 оны 5 дугаар сард над руу нөгөө Д гэх залуу жи мобайлын дугаараар залгаад 5 /тав/ адуу байна та авах уу гэхээр би хэд үү гэсэн чинь 500.000 төгрөг зарна гэхээр нь 500.000 төгрөгөөр авахгүй 450.000 төгрөгөөр авна гэсэн чинь за тэгүүл би тань руу эргээд холбогдоно гээд утсаа салгасан тэгээд хоёр хоногийн дараа 2018 оны 5 дугаар сарын 10-ны үед Д жи мобайлын утсаар надтай холбогдоод би танд 5 тооны адуу өгье сайн тарган адуу байгаа гэж хэлсэн тэгээд би 450.000 төгрөгөөр авна гээд үнэ ханш тохироод нийт 2.250.000 төгрөг өгөхөөр болж чи дансаа өгчих гэсэн чинь данс байхгүй гэхээр нь мөнгөө яаж авах юм гэсэн чинь манай найз очиж авна би таны гар утсыг өгөөд явуулъя гэж надад хэлж байсан харин би адуугаа яаж наашаа Улаанбаатар хот руу хүргэж өгөх юм гэсэн чинь зүүн аймгаас морь авах гэж байгаа машин байгаа тэр машинаар өгөөд явуулна гэж надтай утсаар ярьсан мөн хөлс мөнгийг асуусан чинь манай таньдаг ах байгаа та 100.000 төгрөг өгчих гээд бид хоёр наймаа тохироод утсаа салгасан. Тэгээд над руу 2018 оны 6 дугаар сарын эхээр * гэсэн дугаараар Д залгаад ах би адуугаа ачуулахаар боллоо гэхээр нь чи яагаад хэд хоног алга болчив гэсэн чинь адуугаа хайгаад хэд хонолоо тэгээд оллоо гэж байсан тэгээд та мөнгөө өгчих гэсэн чинь данс байхгүй би найзаа явуулаад танаас авхуулъя та тэр хүнд өгөөд явуулчих гэсэн тэгээд 2018 оны 6 дугаар сарын 8-ны үед Мобикомын дугаараас эрэгтэй хүн залгаад Д танаас адууны мөнгө авчих гэсэн юм гэхээр нь * гэсэн Дагийн дугаар луу залгаад танай найз гээд хүн залгаж байна адууны мөнгийг өгөх юм уу гэсэн чинь та өгчих гэж хэлэхээр нь би нөгөө залуу руу утсаар яриад Орбитын тойрог дээр уулзахаар болж тохироод * дугаартай “хондо пит” маркийн машин байгаа гэж хэлээд Орбитын тойрог ороод хүлээж байсан чинь дунд зэргийн нуруутай шар царайтай залуу ирээд миний утсаар Д найзтайгаа яриад би 2.250.000 төгрөг өгөөд явуулсан тэгээд адуугаа Дагаас утсаар хэзээ ирэх талаар асуухад маргааш, нөгөөдөр гэхэд хот орчих байх гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоног Д-гийн гар утас холбогдохгүй байж байгаад над руу Д * гэсэн дугаараар 2018 оны 7 дугаар сарын эхээр залгаад нөгөө адуу ачсан хүн “Эмээлт” захын тэнд байна гэнэ одоо тань руу өөрөө залгана гэж утсаар хэлсэн тэгээд удалгүй байж байтал 99-тэй мобикомын дугаараас нэг залуу залгаад би 5 тооны ачаад ирлээ хаана буулгах юм гэхээр нь би чи түр хүлээд байгаа 361-р гарам орчим буулгана би нэг хүнтэй утсаар яриад үзье би Өмнөговь аймагт явна гэж хэлээд утсаа салгаад * гэсэн дугаар луу залгаад манай хуурай дүү М-тэй ах нь Говь-Алтай аймгаас 5 тооны адуу авсан юм чи түр хашаанд харж байгаач би ченж дуудаад өгөх гэсэн юм аа гэж хэлсэн би өөр газар явж байна манай эхнэр * гэсэн дугаар луу залгаад буулгачих гэхээр нь би нөгөө Говь-Алтай аймгаас адуу ачиж ирсэн 99-тэй дугаартай залуу луу залгаад 361-р гармын бензин колонкийн ард дугуй засварын ард жижиг хүнсний дэлгүүр байгаа тэнд очоод тэр дэлгүүрийн хүүхэн байгаа тэнд хэлээд буулгачих гэж хэлээд явуулсан. Тэгээд би М-ийн эхнэр лүү * гэсэн дугаараар залгаад 100.000 төгрөг өгчих би чамд 100.000 сүүлд нь өгөхөөр болж тэр 5 адууны ачих ирсэн ачааны хөлсийг М-ийн эхнэр өгч явуулсан. Тэр адууг би Булганы М-ын Э залуутай утсаар яриад тэр таван адууг зараад мөнгийг нийт 3.700.000 төгрөг болоод надад 1.100.000 төгрөгийг Э өгөөд үлдэгдэл мөнгийг нь Э 8 дугаар сарын 1 өгнө гээд хүүтэй надаас зээлж авсан. Дараа 2018 оны 7 дугаар сарын 8-ний үед Д * гэсэн дугаараар залгаад та сая явуулсан 3 адууны мөнгөө дүүдээ эргүүлээд өгчих би танд намар 3 тарган адуу өгнө надад та мөнгө өгөөч гэхээр би 1.100.000 төгрөг өгөхөөр болж яаж авах юм гэсэн чинь манай найз танаас очоод авна гэсэн тэгээд авч өгөлцөхөөр болсон 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой 16-17 цагийн үед Мобикомын дугаараас нэг эрэгтэй хүн залгаад Д таниас мөнгө авчих гэсэн юм гэхээр би Орбитын тойрог дээр уулзахаар болж 25,-26 орчим насны 1.100.000 төгрөг аваад явсан мөнгө өгч байх үедээ Д миний утсаар тэр найзтайгаа ярьсан...” гэх мэдүүлэг, /1ХХ91-97/

Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Утсаар ярьж танилцсан. Би нүүр тулан танилцаж байгаагүй...2018 оны 07 дугаар сарын эхээр 5 адуу, 07 дугаар сарын сүүлээр 9 адууны наймаа хийсэн. 13 тооны адуу ачуулсан байсан. Тэгээд тэр адуу нь Эмээлт дээр буугаад баригдсан...ГАА-аас Д гэх залуу 5 тооны адуу ачиж явуулсан байсан бөгөөд тухайн адуу ачсан гэх жолооч нь адуу ачиж ирсэн талаар ярихад нь Д адуу ачуулсан гэдгийг нь мэдсэн...нэг адууг нь 450.000 төгрөгөөр бодож 2.250.000 төг урьдчилж өгсөн. Адууны мөнгийг дансаар өгч байгаагүй...” гэх мэдүүлэг,/2ХХ165-166/

Гэрч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны 07-р сарын 08-09-ний үед манай хуурай ах Т манай эхнэр А утсаар яриад манай хашаанд им тамгагүй дэлтэй хөх бор морь, саран дотор А үсгэн тамгатай 2 халиун морь, халтар үрээ, хүрэн үрээ зэрэг нийт 5 адууг хашаанд үлдээчихээд явсан байсан...би тэр адуунуудыг маллаж байхад 2018 оны 07 сарын 10-нд Т ах надруу * дугаараас залгаад надаас мөнгө зээлж байгаа нэг залуу очно тэр залууд 5 адууг өгөөд явуулчихаарай гэж хэлсэн...А гэх хүн эхнэр бас нэг хүүхдийн хамт 3 уулаа ногоон өнгийн портер машинтай ирсэн...” гэх мэдүүлэг,/1ХХ 80/ 

Ашид билгүүн ХХК-ний 111/112 дугаартай “...нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 900.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн эд зүйлийн үнэлгээ, /3ХХ 94-96/

Ашид билгүүн ХХК-ний 320/24 дугаартай “...хохирогч Б.Мийн өмчлөлийн нийт 4 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 3.500.000 төгрөг байх боломжтойг тогтоолоо...” гэсэн эд зүйлийн үнэлгээ,/3ХХ 153-162/

шүүгдэгч Э.Дийн 2019 оны 10-р сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг/2ХХ225-227/, алдагдсан адуунуудыг хууль ёсны өмчлөгч нар эрж хайж байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Б/2ХХ-96/, Ч.Д,/2ХХ-133/ Б.К/2ХХ-132/ нарын мэдүүлгүүд, мал, амьтны эрүүл мэндийн гарал үүслийн 00042767 дугаартай гэрчилгээ, үйлчилгээний төлбөр төлсөн 012135, 004546 дугаартай баримтууд тэдгээрийн хураан авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн тэмдэглэл/2ХХ 71-72/, гэрч Л.Б 5 тооны адуу ачуулсан хүнийг таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл, гэрэл зургууд/2ХХ 74-75/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Э.Д  нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс хохирогч Д.М-ийн 14 тооны адууг хулгайлан хохирогчид 12.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Авах нь авсан тэрийг хүлээн зөвшөөрч байна... Хүний юм авсан, хэрэг нь хоёр, гурван жил болсон учраас төлнө... 13 байж байгаад олдсон нь 12... Эндээс ачуулахдаа 13-ийг ачуулсан. Алга болсон адуу нь 14 гэж нэхээд байгаа болохоос 13 адуу байсан. Нэг адуу дээр маргаад байгаа. Энд Г, М хоёр энд үлдсэн гэдэг. Энд үлдсэн бол морь юм чинь бэлчээрээр ижилдээ яваад очно Хулгайн хэрэг үйлдсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр * сумын баяр наадамд оролцохоор 15 цагийн үед Говь-Алтай аймгийн төвөөс уядаг морьдоо аваад явсан юм. Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой Есөнбулаг сумын * байсан хоёр азарга адуугаараа орж даага, үрээ хоёрыг ижилд нь тавьсан юм. Тэр үед хоёр азаргатай адуу бүрэн байсан ба * сумын баяр наадмаас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 22 цагийн үед ирээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарны 29-ны 11 цагийн үед Есөнбулаг сумын * байсан хоёр азарга адуугаараа ороход  Хонгор зүстэй азаргатай адуунаас 8 тооны адуу байхгүй байхаар нь нөгөө саарал азаргатай адуугаараа орох гэхэд * очсон байгаагүй. Тэгээд би *байсан. Хонгор зүстэй азарганы адуунаас байхгүй байсан 8 тооны адууг хайгаад олоогүй юм. Алга болсон 8 тооны адуу нь тарган уядаг морьдууд тул буруу гарын замаар орсон байж магадгүй гээд Улаанбаатар хотод байдаг охин Б, хүр дүү Н хоёр луу залгаад Улаанбаатар хотын Эмээлт захын адуу нядалгааны газраар яваад алга болсон гэх 8 тооны адууг хайлгуулж эхэлсэн юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 13 цагийн үед миний 5 тоо тамгатай *бэлчиж байсан хоёр азаргатай адуунаас 13 тооны адуу эмээлт захын нядалгааны хэсэгт нядлуулахаар оочир авсан байхад Б, Н нь очиж харан таньсан. Тэгээд миний 5 тоо тамгатай 13 тооны адууг нядлуулахаас түдгэлзүүлэн зураг болон бичлэг хийж над руу явуулсан ба би тухайн бичлэг дүрсийг үзэхэд манай хонгор азаргатай адуунаас байхгүй байсан 8 тооны адуу зүсээрээ байсан. Би саарал зүстэй азаргатай адуугаа би хайгаад олоогүй байсан тэгэхэд саарал азаргатай адуунаас 5 тооны адуу очсон байсан... Хонгор азаргатай адуунаас зөв талын гуя нь * тоо тамгатай, Халтар морь, зөв ташаан дээрээ онги тамгатай ба давхар 5 тоо тамгатай Халтар морь, зөв талын гуя нь * тоо тамгатай Шарга морь, /урт шанхтай/, зөв талын гуя нь * тоо тамгатай, сартай хонгор морь, зөв талын гуя нь * тоо тамгатай,жижиг сартай азарган соёолон үрээ хонгор морь, зөв талын гуя нь * тоо тамгатай сартай хонгор үрээ хязаалан, саарал азаргатай адуунаас зөв талын гуя нь * тоо тамгатай, хоёр хүрэн халзан морь, бүдүүн морь, зөв талын гуя нь * тоо тамгатай хондон халзан морь, бүдүүн морь, зөв талын гуя нь * тоо тамгатай, хөх тойгтой цагаан бор морь, бас бүдүүн морь зөв талын гуя нь дээрээ Ш үсгэн тамганы дээр 5 тоо тамгатай хүрэн буурал морь зэрэг 13 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлсан байсан. Миний Харзатын голын дэрсэнд байсан хоёр азарга адуунаас хэдийг нь  хулгайлж авсныг би мэдэхгүй байна. Одоо мэдэж байгаагаар бол саарал азаргатай адуунаас 5 тооны адуу Улаанбаатар хотын эмээлт зах дээр байна гэсэн...” гэх мэдүүлэг, /1ХХ68-70/

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай аав Д Д нь 2018 оны 07 сарын 30-ны шөнө 01-02 цаг хооронд над руу залгаад манай адуу эмээлтэд мал нядалгааны газар байгаа дуулдаж байна. Очиж үзэж таних шаардлагатай байна гэж хэлсэн. Очиж үзээд манай адуу байвал цагдаад мэдэгдээрэй адуу маань 5 тоо дүрстэй тамгатай байгаа шүү хэлсэн. Тэгээд би өглөө 07 цагийн үед эмээлтэд мал нядалгааны газарт очиж 13 т адуу байхад нь очиж үзтэл манай тамгатай адуунууд байсан юм...  Мал нядалгааны газрын технологич эгч цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /1ХХ78/

Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед ажил дээр ирэхэд 13 тооны адуу буусан байсан. Манай манай үйлдвэрийн манаач 14 гэсэн бичигтэй 13 тооны намайг байхгүй байхгүй байхад буусан гэж хэлсэн. Тэгээд би гарал үүслийн бичиг баримтыг нь үзэхэд гарал үүслийн бичиг баримт нь засвартай гарал үүсэл дээр 14 гэсэн боловч 13 адуу буулгасан. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор адууны эзэд ирэхээр асууя гэж бодоод нээх тоогоогүй. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр манаачаас гарал үүслийн авч бүртгэлтэй тулгаж үзэхэд загвар хийсэн гэдгийг мэдээд би нядалгаа хийгээгүй юм. Манайд байнга мал авч ирдэг А гэх залуу надаас 13 тооны адуу оруулчихмаар байна. Миний голын адуу байгаа юм гэж хэлсэн тэгэхээр нь би А-ийн  өөрийнх нь авч ирсэн 5 адуу хойшилж орно шүү гэж хэлтэл за тэгвэл больё 13 тооны адууны хүнийг өөрсдийг нь авч ирье гэж хэлээд явсан. Тэгээд би цагдаад би цагдаад дуудлага өгч мэдэгдсэн юм. Би үйлдвэрийн технологич болохоор бичиг баримтыг би үзэж нядалгаанд орох эсэхийг зөвшөөрөл өгч оруулдаг юм. Би ерөөсөө уулзаагүй. Намайг ажилд ирэхэд 13 адуу буусан гээд манай ажилтан буулгаж байсан. Тэр өдөр цагаан өнгийн портер машин малын хашааны хажууд ГАҮ гэсэн машин байсан. Би өөрөө Говь-Алтай аймгийн хүн болохоор их анзаарч харсан. Манай үйлдвэрт Говь-Алтайн машин ирж мал өгдөггүй юм. Би тэгээд тэр өдөр гайхаад өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг, /1ХХ76-77/

Гэрч Ш.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б хямдхан шиг байдсан гүү олж авмаар байна. Айлын хүүхдээр байшин бариулсан юм, хөлсөнд нь адуу өгөх ёстой юм гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр Эмээлтийн малын зах гарсан... Т-ийн бойн дээр байхаа нэрийг андуурсан байж магадгүй. Машинтай адуунууд ирчихсэн байж байсан. Тухайн адуунд буурал морь, халтар морь, хүрэн халзан морь, шарга морьд байсан. Тэгээд Б тухай адуунуудыг Д даргын адуунууд байна гэж таниад малын эмч дээр нь д энэ адуунуудыг бойнд оруулж болохгүй. Манай нутгийн адуунууд байна гэж хэлээд явсан. Тухайн үед Д даргын *... дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд утас руу нь адуунууд чинь Эмээлтийн зах дээр байна гэж мессеж бичсэн...” гэх мэдүүлэг, /3ХХ146-148/

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хүмүүс намайг Н Б гэж авгайлдаг...2018 оны 07-р сарын 29-ний өдөр хотод байсан бөгөөд Эмээлт зах дээр О гэдэг найзтайгаа явж байгаад тэр 14 адууг ачсан байсныг хараад Д.М-ийн аавынх нь адуунууд гэдгийг таниад ДДруу утсаар залгаж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул цуг явсан найз маань мессеж бичээд үлдээсэн...Адуунууд нь хотод ачигдаад ирсэн талаар хэлсэн...ДД нь манай бүл ах учраас би адуунуудыг нь таньдаг юм...” гэх мэдүүлэг,/3ХХ-141/

Гэрч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 07-р сарын 22-ны өдөр миний таньдаг хуурай ах Т *дугаарын утаснаас залгаад ахын дүү Говь-Алтай аймгаас хөлсөөр адуу ачих уу гэхээр би Т ахад тэгье гэж хэлээд 2018 оны 07-р сарын 23-ны Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу Г ахын хамт Говь-Алтай аймаг руу хөдлөөд явж байхад Т ах надаа * дугаарын хүний адуу шүү гэж хэлээд надаа тухайн дугаарыг өгсөн юм... Тэгээд 2018 07-р сарын 26-ны өдөр нөгөө * дугаараас надруу залгаад “...та жолооны үнэмлэхийн дугаар, машины дугаар зэргийг явуулаадах би Улаанбаатар хот руу ачуулах адууны бичиг баримтыг бүрдүүлж байна...” гэж хэлэхээр нь би өөрийн жолооны үнэмлэхийн дугаар, машиныхаа улсын зэргийг мессежээр явуулсан юм. Тэгээд “...би адуугаа ачих уу эртхэн замдаа гармаар байна ..” гээд нөгөө залуутай ярихад хөдөөнөөс 4 тооны адуу ирж байгаа тэрийг ачъя гээд утсаа тасалсан... 2018 оны 07-р сарын 26-ны 21 цагийн үед байхаа * дугаараас залгаад “...ахаа нөгөө хөдөөнөөс ирэх 4 тооны адуу ирчихлээ адуугаа ачъя...” гээд аймгийн төвийн хөрс колонк дээр уулзахаар болсон би хөрс колонк дээр ирчихлээ гээд нөгөө *дугаар луу залгахад нэг мотоцикль унасан залуу ирсэн юм. Тэгээд намайг дагуулаад * багийн цаад талын даваад нэг хашаан дээр ирж зогсоод адуугаа ачсан...” гэх мэдүүлэг, /1ХХ-79-84/

 Гэрч Б.Г*ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М-ийн хамт ГАА-руу явсан. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим нөгөө адуу ачуулах залуу бид хоёрыг Хөрс ШТС дээр хүрээд ир адуу ачуулах газар луу явъя гэж дуудсан. Хуучин өвөлжөөн дээр дагуулж ирээд өвөлжөөний хашаан дотор адуу хашсан байсан... Машинаа овоолсон шороонлуу шахаж зогсоогоод нэг нэгээр нь ачсан... Шөнөдөө аймгийн төвөөс гараад явсан... Адуу ачуулсан залууг “..хэн гэдэг юм бэ...” гэхэд Шар Д гэдэг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,/1ХХ106, 110-112/

Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 13, 14-ны үед Д * гэсэн дугаараар над руу залгаад “...дүү нь хурим найр хийх гэсэн юм аа дүүд мөнгөний хэрэг байна би танд өгөх 3 адуун дээр чинь нэмээд 6 тооны адуу өгөөд явуулъя...” гэсэн юм... Надад “...1 адууг нь 500.000 төгрөгөөр өгмөөр байна...” гэхээр нь би “...сайн мэдэхгүй байна эргээд ярьж байгаад больё...” гэж хэлээд утсаа салгаад Энхболдтой утсаар ярьж адууны ханш асуухад “...1кг мах 4500 төгрөгийн ханштай байна...” гэсэн эргээд Д*тай * гэсэн дугаараар залгаад “...чиний ачуулах гэж байгаа адуу хэдэн кг болох бол...” гэсэн чинь ...” 200 орчим кг болно...” гэхээр нь би “...6 адууг чинь 3.000.000 төгрөг болж байна харин би чамд 2.000.000 төгрөгийг нь эхлээд өгнө адуу ирэхээр нь 1.000.000 төгрөгийг өгнө...” гэж хэлээд тохиролцоод “...адуунаагаа ачуулах машин байна уу...” гэсэн чинь “...эндээс ачих машин байхгүй байна...” гэхээр нь би “...хүнээс асуугаад чамтай эргээд холбоо барья...” гээд утсаа салгасан. Тэгээд 7 дугаар сарын 15-ны Д над руу * гэсэн дугаараар залгаад “....ах та мөнгөө өгчих дүү нь хурим найранд юм авах гэсэн юм аа...” гэхээр нь би “...тэг тэг яаж авах юм бэ...” гэсэн чинь “...манай найз Б очиж авна...” гэсэн тэгээд удалгүй байж байтал 95-тай мобикомын дугаараас Б гэх залуу залгаад надаас Орбитын тойрог дээр ирээд би Д-ын * гэсэн дугаараар залгаад “...энэ залууд мөнгө өгчих юм уу...” гэсэн чинь өгөөд явуулчих гээд би тэр залууд 2.000.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд би 2018 оны 7 дугаар сарын сүүлээр хуурай дүү М-тэй утсаар нэг адууг нь тэндээс 90.000 төгрөгөөр ачихаар тохироод очих бензинийг нь та хийчих гэхээр 600.000 төгрөг М-д дансаар шилжүүлсэн... * дугаартай Д гэх хүн байгаа энэ хүнээс адуу ачиж ирэх талаар хэлээд явуулсан... Би Д-тай * гэсэн утсаар яриад “...би эндээс нэг унаа олчихлоо адуу чинь бэлэн байгаа биз дээ...” гэсэн чинь “...адуу бэлэн байгаа...” гэхээр М-ийг гар утсыг өгч байсан... М-ий утсаар ярьж 13 тооны адуу ачуулсан шүү гэж надад хэлсэн... Би Д-тай * гэсэн дугаараар залгахад утас холбогдохгүй байж байгаад үдээс хойш утас нь холбогдож асуухад нэмээд “...4 адуу ачуулсан та наад 4 адуугаа зараад дүүдээ мөнгийг өгчих...” гэхээр нь би зараад адууны мөнгийг өгөхөөр болсон... М-ийг ирчихлээ гэхээр би Э руу залгаад “...13 тооны адуу ирсэн байна чи нөгөө хужаадаа зараад өгөөч...” гэсэн чинь би Булган аймгийн Могод суманд байна маргааш өглөө очно гэсэн. М-тэй утсаар яриад Эмээлтийн бойны хашаанд буулгуулсан. Удалгүй тухайн ачиж ирүүлсэн 13 тооны адуу хулгайн адуу байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэх мэдүүлэг /1ХХ91-97/,

Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би * ХХК-ыг 2001 онд үүсгэн байгуулж, малын эмч даргаар нь ажилладаг юм. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр нэрийг нь мэдэхгүй гэхдээ харуул сайн таньж мэддэг хүнд хийж өгсөн юм. Миний бичиг мөн байна. Бас миний бичгийг дээрээс нь давхарлан бичиж, он сар тээврийн хэрэгслийн дугаар зэрэг зүйлүүдийг өөрчилсөн байна. Манай цэргийн булаг ХХК-ын бичсэн  маяг №01А мөн байна. Маягтын дээр улаан өнгийн тоогоор маягтыг дугаарласан. * ХХК-д надаас өөр ажилтан байхгүй...” гэх мэдүүлэг, /1ХХ107/

Ашид билгүүн ХХК-ний 320/24 дугаартай “...хохирогч Д.М-ийн  өмчлөлийн нийт 14 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 12.200.000 төгрөг байх боломжтойг тогтоолоо...” гэсэн эд зүйлийн үнэлгээ/3ХХ 153-162/,

99198452 Х.Т*ын эзэмшлийн * үүрэн холбооны дугаарын 2018 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны хооронд хийсэн яриа мессежний лавлагаа/1ХХ232-245/, 

Гэрч Р.М  адуу ачуулсан хүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд/1хх44-46/,

Гэрч Б.Г адуу ачуулсан хүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ47-49/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 19-27/, 39-43/,

Мал амьтны эрүүл мэнд гарал үүслийн * дугаартай гэрчилгээ, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн * дугаартай хуудас, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн маягт тэдгээрийн хураан авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн тэмдэглэл/1ХХ30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.

 

1.2 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш шүүгдэгч Э.Д*д холбогдох хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин иржээ.

 Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг. Нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх болон өөрчлөлт орсон  Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсэгт  “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 2-оос 8 жил хорих ял шийтгэхээр нэгэн адил хуульчилсан боловч 2015 онд батлагдсан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “олон тооны мал” гэж 24 бог 8 бодоос дээш малыг ойлгохоор хуульчилсан байжээ. Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал” гэж 8 бог 2 бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбар хэсгийг өөрчилсөн зохицуулалтыг хууль тогтоогч оруулсан байна.

Иймээс шүүгдэгч Э.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх шинж, үндэслэл байхгүй 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдэх  үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хуулийг хэрэглэх зарчмыг баримтлан хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн шинж нь нэг удаагийн үйлдлээр төдийгүй хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг малыг хулгайлснаар хангагдах тул шүүгдэгч Э.Дийн 2 удаагийн үйлдлийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 07 дугаар сард 2 удаагийн үйлдлээр хохирогч Д.М-ийн өмчлөлийн 14 тооны адуу, хохирогч Б.М-ийн 4 тооны адуу, хохирогч Д.Б-ы 1 тооны адууг хулгайлан бусдад хохирол учруулснаараа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай захирамж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай захирамж, Ашид билгүүн ХХК-ний 320/24 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ний 111/112 дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг  харгалзан үзээд шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйл 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Д-ийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай захирамжаар 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацааны хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоожээ. Шүүгдэгч нь уг хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 07 дугаар сард дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр хяналт тогтоосон хугацаатай тэнцүү буюу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтанд нийцэхээр байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул уг ялыг 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь Өршөөлийн хуулийн ял солихтой холбоотой зохицуулалтанд нийцнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ. Иймээс шүүгдэгч Э.Д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн онцлогтой нь холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрийн “суурьшлын бүсээс” гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Д-ийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хүн ам төвлөрөн суурьшсан багуудын нутаг дэвсгэрээс гарч явахын хориглосон бөгөөд харин тус сумын мал аж ахуй эрхэлдэг, хүн ам төвлөрөөгүй багуудын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй нэвтрэх нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчилд тооцогдоно.

Ашид билгүүн ХХК-ний 111/112 дугаартай “...нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 900.000 төгрөгөөр тогтоов...”, 320/24 дугаартай “...хохирогч Б.М-ийн өмчлөлийн нийт 4 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 3.500.000 төгрөг байх боломжтойг тогтоолоо...”, 320/24 дугаартай “...хохирогч Д.М-ийн  өмчлөлийн нийт 14 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2018 оны 07 дугаар сарын байдлаар 12.200.000 төгрөг байх боломжтойг тогтоолоо...” гэсэн үнэлгээгий дүгнэлтүүдийг үндэслэн хохирогч М-ийн өмчлөлийн 14 тооны адуунаас биет байдлаар буцаагдаагүй 1 адууны үнэ болох 900.000 төгрөгийг, хохирогч Д.Мид, 900.000 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 3.500.000 төгрөгийг хохирогч Б.Мд шүүгдэгч Э.Доос гаргуулж олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Д шүүхээс тогтоогдсон хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 10 цаг 00 минутад хүртэл завсарлуулсан бөгөөд уг хугацаанд хохирогч Б.М-д 2.000.000 төгрөг шилжүүлсэн Хас банкны баримтыг шүүхэд ирүүлж, бусад хохирлыг “барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ”-нд шилжүүлсэн мөнгөөрөө төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж заажээ. Иймээс шүүх шүүгдэгч Э.Д-оос хохиролд гаргуулах нийт 3.300.000/гурван сая гурван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээгээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд шилжүүлсэн 5.000.000/таван сая/ төгрөгнөөс нь битүүмжлэн, түүнд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөн, үлдэгдэл 1.700.000/нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Д-д буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн 3.300.000 мянган төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь хохирлоо шуурхай барагдуулж авах хохирогч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцэхээр байна.

Шүүгдэгч Э.Д-ийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны хооронд цагдан хоригдсон 147/нэг зуун дөчин долоо/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Г овогт Э-ын Д*д холбогдох 1816001790111 дугаартай эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г овогт Э-ын Д-ийг 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дид 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай захирамжаар шүүгдэгч Э.Д-ийг 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацааны хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх хорих ялыг 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-ийн цагдан хоригдсон 147/нэг зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-ийн эдлэх 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав хоногийн хугацаагаар хорих ялыг 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-ийн эдлэх 4/дөрөв/ жил 10/арав/ сар 23/хорин гурав хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “суурьшлын бүс”-ээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

8. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Э.Дид сануулсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Д-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэн арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Шүүхийн тамгын газрын 100050005350 тоот дансанд байрлах шүүгдэгч Э.Д-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд шилжүүлсэн 5.000.000/таван сая/ төгрөгнөөс 3.300.000/гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг битүүмжлэн үлдэгдэл 1.700.000/нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Д*д буцаан олгосугай.

11. Шүүгдэгч Э.Д-оос 900.000/есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.М*д, 900.000/есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б*д, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.М нарт олгосугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн 3.300.000 мянган төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.М 3.500.000 төгрөгийн хохирлоос 2.000.000 сая төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тэмдэглэсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА