| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0094/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/117 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,
иргэдийн төлөөлөгч Г.Пүрэвбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мд холбогдох 2116000000086 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М-ийн Говь-Алтай аймаг * сумын * багийн нутаг дэвсгэр * гэх газарт 2021 оны 06 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бор өнгийн модон иштэй хутгаар хохирогч Ш.Г хутгалж биед зүүн суганы арын шугамаар 7-8 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.М-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би сумын төвөөс найз охинтойгоо, ээжтэйгээ хөдөө очсон. Г ахын мал нь манайд байдаг. Г ах * ирсэн байсан. Би хоёр найзтайгаа усанд явж ирээд найз охинтойгоо юм яриад байж байсан чинь Г ах орж ирээд “...чи унталдаа...” гэхээр нь танд ямар хамаатай юм гэхэд буцаж орж ирээд Г ах намайг хоёр гурав цохиж авсан. Тэгээд би “...ална...” гэсэн. Тэгэхэд Г ах байхгүй байсан. Би гэрлүүгээ ороод хутга аваад үүдэнд мотоцикль байсан өшиглөсөн чинь урдаас гараад ирсэн. Тэгээд нэг мэдсэн хутгалсан байсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би дахиж ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг.
Хохирогч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би Говь-Алтай аймгийн * сумын төвөөс * сумын * багийн * гэх нэртэй газарт байх Г оройны 18 цагийн үед ирсэн. Тухайн үед Г-ын 2 бага охин нь байсан юм.Тэгээд орой 22 цагийн үед Г.М нь ээж найз охин, 2 найзынхаа хамт ирсэн. Тухайн үедээ Г.М нь согтуу ирчхээд найз охинтойгоо хэрэлдээд байсан юм. Г.М-ийг 2 найзтай нь хамт усанд явуулсан хойгуур найз охиныг нь гэрт оруулж нуугаад ээж нь гаднаас нь цоожлоод хаячихсан юм. Тэгээд тэр гурав усанд яваад нэлээд удаж байгаад ус аваад ирсэн. Г.М нь ирчхээд найз охиноо хайгаад байхаар нь ээж нь гэрийнх нь түлхүүрийг өгсөн юм. Хажууд байх гэртээ муудалцаад байхаар нь би орондоо орчихсон байсан бөгөөд хувцсаа өмсөөд бага гэр рүү нь ороод Г.М-д хандаж “...чи яагаад найз охин, ээж нараа айлгаад байгаа юм одоо унтаач...” гэж хэлсэн. Тэгэхэд өмнөөс Г.М нь “...чамд ямар хамаатай юм...” гэхээр нь би чи “...уусан идсэнээ шингээ...” гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд гэрт хүмүүс дуугараад байхаар нь би гутлаа өмсөөд буцаад гэрт ороход Г.М нь Ш-ын хүүхдийг ална гээд орилоод намайг үсдээд авахаар нь би буцаагаад Г.М-ийг хоёр цохиж авахад 2 найз нь салгаад үлдсэн. Тэгээд гэрийн хаяанд байж байхад намайг харалгүй хажуугаар гараад том гэр рүүгээ ороод хутга авч харагдахаар нь би 2 найзад нь Г.М хутга авчихлаа гэж хэлэхэд 2 найз нь та холдоод нуугдаж бай гэж хэлэхээр нь би хотны захад очоод хараад зогсож байхад гэрийнхээ үүдээр намайг ална гээд хайгаад байсан.Тэгснээ миний мотоциклийг унагаагаад өшиглөөд байхаар нь би “...хөөе боль пизда минь...” гээд харайгаад очиход урдаас хүрээд ирэхээр нь хутга юм шиг харагдахаар нь Г.М-ийг урдаас нь тэврээд авахад миний зүүн далны доод хэсэг рүү хутгалсан. Тэгэхэд хоёр найз нь ирээд салгахад Г.М нь намайг гүйцээнэ гээд байсан. Би явах тамиргүй болоод гэрт нь орж суусан. Тэгээд хоёр найз нь хутгыг нь салгаж авсан. Тэгээд нэг найз нь ирээд та хойшоо гараад алхаж бай гэж хэлэхээр нь би гэрээс нь гараад хойшоо гараад алхсан. Тэгсэн удалгүй миний араас гэрэлгүй мотоциклоо түрээд хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр * сум руу явсан. Замдаа Г* айлд очоод намайг сум хүргээд өгөөч гэж хэлээд сумын төв рүү хүргүүлсэн. Сумын төв дээр очоод эмнэлгийн машинаар аймгийн төв рүү явсан...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Г.М нь архи уучихсан нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг. /ХХ43-45/
Гэрч Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М, Т бид 3 гэрт юм яриад сууж байтал Г ах орж ирснээ “...та нар унтах юм биш үү пиздаанууд минь..” гэж хэлсэн чинь М би найзуудтайгаа юм ярьж байна гэсэн чинь Г ах М-ийг цохиод авсан...Тэгээд тэр 2 хоорондоо зодолдоод Т бид 2 салгачхаад байж байсан дахиад барьцалдаад авсан очоод салгасан чинь М гартаа хутга барьсан байсан...Би яг хаана хутгалсныг нь хараагүй... Г ах “...намайг хутгалчихлаа...” гэж байсан...” гэх мэдүүлэг./ХХ 51-52/
Гэрч Г.Т-ын шалгах ажиллагааны үед өгсөн “... Г ах орж ирээд М-ийг “...чи яах гээд байна гээд орж унт...” гэхэд яадаг юм бэ гээд урдаас нь юм хэлээд байхаар нь Г ах М-ийг 2, 3 удаа цохиод авсан... Тэгээд тэр 2 салгаад байж байтал Г ах гараад явсан... Гэрт орчхоод гараад ирсэн чинь Г, М нар хоорондоо барьцалдаж авсан байхаар нь Ц бид 2 салгатал М гартаа хутга барьсан байсан би хутгыг нь салгаж аваад хаясан... Г ах намайг дуудаад ахыг нь М хутгалчихлаа гэж хэлсэн... Хаана хутгалсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг./ХХ 65-66/
Гэрч Ц.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би жирэмсэн болохоор толгой өвдөөд машинд сууж байсан чинь манай найз залуу М нь над дээр ирснээ би Г ахыг хутгалчихлаа гайгүй л хутгалчих шиг болсон одоо яах уу гээд байсан...” гэх мэдүүлэг./ХХ52-53/
Насанд хүрээгүй гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..Би тэр хутгийг нь харсан бор иштэй хутга байсан. Төмрөө ах надад оруулж ирж өгөхөөр нь би аваад гэрийн урд байсан яндангийн нүх рүү хийсэн байж байгаад цагдаа ирэхээр нь гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг./ХХ72-73/
Гэрч Ө.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хүмүүс шуугилдаад байхаар нь хүрээд ирэхэд манай хүү М гартаа хутга барьсан харагдахаар нь хүүе та нар 3 эр хүн байж хутгыг нь авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд гарт байсан хутгыг авхуулсан юм. Тэгээд байж байтал Г надад “...намайг хутгалчихлаа...” гэж хэлж байсан...Г, Т, У, П, манай 2 охин Г, О бид нар байсан...Г манай хүү Г.М-ийг архи уухаа боль унтаж амар гэхэд манай хүү танд ямар хамаатай юм гээд маргалдаж эхэлсэн...би хонь хураагаад ирэхэд Ш.Г хутгалуулчихлаа гэж байсан. Би ойртож харж чадаагүй...Г.М архи уусан байсан болохоор тэрэндээ болоод “...ална пиздаа минь...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /ХХ76-77, 89/
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Эмчийн үзлэг хийн, өвчин намдаах аналгин димдрол хийн тухайн шархыг цэвэрлэж боолт хийн аймгийн нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн хүргэсэн...Г зүүн уушгины ойролцоо хэсэгт нүх гарч зүсэгдсэн байдалтай шархтай байсан, уг шархны гүнийг үзэхэд 4 мм хэмжээтэй байсан юм...” гэх мэдүүлэг./ХХ80-81/
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 228 дугаартай”...1.Ш.Г биед гэмтэл учирсан байна.
2. Ш.Г-ийн биед зүүн суганы арын шугамаар 7-8 дугаар хавирга завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
4. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Ш.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амьс насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /ХХ91-92/
2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэ сумын Цэцэг нуур багт оршин суух хаягтай Г-ийн Т-с 20 см урттай, ажлын хэсгийн урт 10 см урт модон бор иштэй, ишний хойд хэсэгт нүхэлж цоолж хадсан бариултай хутга 1 ширхгийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд/ХХ18-23/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/ХХ04-12/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь Говь-Алтай аймаг * сумын * багийн нутаг дэвсгэр * гэх газарт 2021 оны 06 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бор өнгийн модон иштэй хутгаар хохирогч Ш.Г-г хутгалж биед нь зүүн суганы арын шугамаар 7-8 дугаар хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан тайлбарлажээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь бүтцийн хувьд огтлох, зүсэх зориулалтаар үйлдвэрлэгдсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна. Иймээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж шүүх үзсэн болно.
Иргэдийн төлөөлөгч Г.П-ын шүүх хуралдаанд гаргасан “...Иргэн Г.М нь архидан согтуурсан үедээ хутга мэс хэрэглэсэн буруутай байна гэж бодож байна...” гэх саналыг шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо харгалзан үзсэн болно.
Шинжлэн судлагдсан баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримт, гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Г.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ134/, Говь-Алтай аймгийн * сумын * багийн засаг дарга Д.Л-ын “...тус багийн иргэн Г.М нь ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт мал маллаж амьдардаг. Г.М нь төлөв даруу зантай болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт /ХХ27/, 2.800.000 төгрөг * дансаар хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хохирогч Ш.Г-гийн хүсэлт/ХХ 130/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох таван жилийн гуравны хоёроос багагүй дээд хэмжээ болох арван хоёр жилийн гуравны хоёроос ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М нь хүн хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна.
Шүүх зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэрийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мэд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан таван жилийн хорих ялаас доогуур хэмжээгээр буюу 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэж хуульчилжээ.
Иймээс шүүгдэгч Г.Мийг шүүх “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцон 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул үүнээс нь 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хасаж жинхэнэ эдлэх ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Г.М-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг дүгнэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ. Энэ нь хэдийгээр 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй, оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул нөхцөл байдал нь сэтгэцийн шинжилгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болох онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Шүүгдэгчийн хувьд оюун ухаан, сэтгэхүйн хөгжлөөр хоцорсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тийм үйл баримт тогтоогдоогүй тул “...өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулгатай өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Г-д 2.800.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.М-д оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хасаж жинхэнэ эдлэх ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2/хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид 2.800.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА