Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1658

 

  Х.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2017/00999 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч: Х.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төрийн банк ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч "Төрийн банк" ХХК-д даалгуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Х.Ичинхорлоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Санхүүгийн газрын Статистик, мэдээллийн хэлтсийн тайлан мэдээний ажилтнаар ажиллаж байсан. "Төрийн банк" ХХК-д ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хариуцаж байсан ажлаа өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байсан учраас цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан. Сүүлийн 8 улирлын турш ажлын үр дүнгээ 90 хувиас дээш үнэлүүлж байсан. "Төрийн банк" ХХК-ийн удирдлага солигдсонтой холбогдуулан орон тоог цөөрүүлэх ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авсан. Х.Ичинхорлоод шалгалт авах талаар мэдэгдээгүй. Шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэл хангах боломжоор хангаагүй. Ажилтан мэргэжил. ур чадварын хувьд хийж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэх талаар тогтоох ёстой байтал хийж байгаа ажилд нь огт хамааралгүй зүйл асуусан. Х.Ичинхорлоогоос авсан шалгалт нь Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтний хөдөлмөрийн дотоод журам, "Төрийн банк" ХХК-тай байгуулсан гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн эрх үүрэгтэй холбогдолгүй, гүйцэтгэж байсан ажил, албан тушаалтай огт хамааралгүй байсан. Түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир шалгалтын материал болон комиссын дүгнэлттэй танилцах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мэргэжил ур чадварын комиссын дүгнэлтийг танилцуулаагүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтэн Х.Ичинхорлоогийн ажлыг хүлээж авсан. Ажлыг ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш ямар нэгэн ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй. "Төрийн банк" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 тоот "Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн ажилтан "Төрийн банк" ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд ажиллаж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон тул ажлаас халсан байгаа. Санхүүгийн газрын статистикийн хэлтсийн тайлан мэдээний мэргэжилтэн Х.Ичинхорлоогийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж тогтоосонд гомдолтой байна. Х.Ичинхорлоо нь 1.150.000 төгрөгийн үндсэн цалинтай. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 99 ажлын өдөр байгаа. Сарын дундаж ажлын өдөр болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 53.488 төгрөг гэж гарсан. Ажилгүй байсан хугацааны 5.075.312 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гээд 2 хуудас үнэлгээ байх ёстой байтал хэргийн материалд ганцхан Санхүүгийн газрын захирлын үнэлгээ байгаа. Хэлтсийн захирлын үнэлгээ авагдаагүй байдаг. Үнэлэх үнэлгээний хуудасны дор тайлбар хэсэгт үнэлгээг тухайн газар хэлтсийн захирал тус бүрдээ өгнө, ерөнхий үнэлгээг нийлбэрээр гаргана, үнэлгээ өгөхдөө хувийн хэрэг, суурь мэдээлэл болгон ашиглана гэж тайлбарласан байдаг. Гэтэл Х.Ичинхорлоод газрын дарга нь үнэлгээ өгөхдөө ямар бичиг баримтыг ашиглаж энэ үнэлгээг өгсөн нь ойлгомжгүй байгаа. Мэдлэг ур чадварыг сорилго, даалгавар, үзүүлэн сургуулилтын үнэлгээгээр үнэлгээг авна гэж байсан мөртлөө дан ганц сорилгын шалгалт авсан байдаг. 2,3,8, 16, 17,19 гэх асуулт нь ажлын байрны тодорхойлолтыг хамарсан, бусад журам зааврыг хамарсан асуулт байна. Бусад асуулт нь Х.Ичинхорлоогийн ажлын байрны тодорхойлолтод ач холбогдолгүй асуулт асуусан байх тул үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байна гэжээ.

Хариуцагч "Төрийн банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүхэд хариу гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"...2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын А352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны журам баталсан. Тус тушаалын 2 дугаар хавсралтаар тухайн түвшин тогтоох шалгалтын комисс байгуулах, комиссын бүрэлдэхүүнийг баталсан. 3 дугаар хавсралтаар тухайн түвшин тогтоох ажиллагаанд хамаарах эрдэмтдээс бүрдэх шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэ журмын хүрээнд хийгдсэн ажиллагаа нь Төрийн банкны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаа нь 3 арга хэмжээнээс бүрдэх байсан.

Тухайн журамд зааснаар Төрийн банкны ажилтны түвшин тогтоох ажиллагаа нь гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А352 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан түвшин тогтоох комиссын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байхаар заасны дагуу анхдугаар хуралдаан хийсэн. Түвшин тогтоох комиссын хуралдааны дэгийг батлах, оролцоо чанарын болон мэдлэг ур чадварын үнэлгээг гаргах журмыг баталсан. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр комисс хуралдаад 2 дугаар шийдвэр гаргасан. Түвшин тогтоох ажиллагааг ямар хүрээнд, хэрхэн яаж авах талаар гаргасан. Тухайн ажилтны ажлын байрны чиг үүргийн хүрээнд авахаар  болсон. Энэ нь урьдчилсан сэдэв бэлдэж өгөх биш байгаа зүйлийг үзэх гэдэг зүйл байсан. Түвшин тогтоох ажиллагааны товыг гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 11  дүгээр сарын 15-ны өдрийн хооронд төв банкинд түвшин тогтоох шалгалт явуулахаар болсон. Комиссын 02/02 шийдвэрээр түвшин тогтоох ажиллагааны газар, хэлтсийн захирлын  үнэлгээг хэрхэн авах талаар загвар хуудас баталсан. Газар, хэлтсийн захирлын үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх аргыг заасан.  Газар,  хэлтсийн захирлын үнэлгээг тавихад холбогдох бичиг баримт буюу ажилтны ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн үнэлгээ, ажилтан тус бүрээр гаргаж, газар хэлтсийн захирлыг мэдээллээр хангаж ажиллахыг комиссын гишүүн бөгөөд Хүний нөөцийн хэлтсийн захиралд даалгасан. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 7-ны хооронд үнэлгээ хийгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн түвшин тогтоох ажиллагаанд ажилтан тус бүрт мэдэгдэж, нэг бүрчлэн гарын үсэг зуруулсан. Үүнд Х.Ичинхорлоо гарын үсэг зурсан. Мэдээллийг тухайн үед мэдэгдэж ажилласан байгаа. Оролцоно гэдгээ мэдэгдсэн байгаа. Зарыг хүргээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан. Үнэлж дүгнэх боломжоор хангаагүй гэж дурдсан байгаа. Урьдчилсан товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан.   Гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн шалгалтад хамрагдах ажилтнуудын нэрсийг баталсан. Энэ дотор нэхэмжлэгчийн нэр байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр комиссын дарга нар удирдамж баталсан. Удирдамжийн дагуу тухайн ажиллагаанд хамрагдах ажилтнуудын газар хэлтэс тус бүрээр нь чадварын болон оролцоо чанарыг хэрхэн үнэлэхийг баталсан. Баталсан хавсралтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн харьяалагдах газар, хэлтсийн ажилтнуудаас оролцоо чанар болон мэдлэг ур чадварын шалгалт авах талаар урьдчилан мэдэгдсэн. Энэ мэдэгдсэн товын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкны 9 давхрын танхимд мэдлэг ур чадварын түвшин тогтоох сорилын даалгаврыг гүйцэтгүүлэхээр байсан. Тухайн сорилын даалгавар нь задарсан гэх үндэслэлээр  тэр  товыг хойшлуулаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс авахаар болж, тэр танхимд байсан хүмүүст мэдэгдсэн. Энэ арга хэмжээнд нэхэмжлэгч өөрөө ирж оролцсон. Шалгалтын хүрээ, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр бүх газар хэлтсийн захирлуудад албан бичиг явуулсан. Энэ 01 албан бичгээр түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын нэрсийн дагуу ажилтнуудыг хамруулах, тухайн ажилтныг тусгайлсан сэдвийн хүрээнд бэлтгэх зүйл байхгүй. Ажлын чиг үүрэг, хууль тогтоомжийн дагуу шалгалт авахаар байгаа. Тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ мэдэж байгаа талаар түвшинг тогтоож байгаа юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хийж байгаа ажилтай огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан гэдэг, Тухайн чиг үүрэгт хамаарах зүйлээр шалгалт авсан. Сорилго 30 асуулттай байгаа. Сорилын даалгавар нь 30 асуулттай, 1 асуулт 1 оноо байхаар байсан. Х.Ичинхорлоо нь нийт 10 асуултыг зөв хариулж, 10 хувиар үнэлэгдсэн. Оролцоо чанарын үзүүлэлтийг тухайн арга хэмжээний талаар хөндлөнгийн шинжээчийн баг буюу МУИС болон Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш нарын бүрэлдэхүүний гаргаж өгсөн асуултын дагуу асуусан.  Х.Ичинхорлоо нь Төрийн банкны Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн санхүү бүртгэл хариуцсан ажилтан байгаа. Тэр хүнээс санхүүгийн тайлангийн олон улсын стандарт, санхүүгийн тайлангийн төлөвлөлтүүд, татварын тайлангийн тайлбар, татварын талаар гарч буй асуудал зэрэг асуудлаар харилцан ярилцсан байдаг. Энэ шалгалтаар 16 оноогоор дүгнэгдсэн. Удирдлагын хороо нь хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэхээр болж хэлэлцүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний нөөцийн хорооны 7401, 7402 дугаар шийдвэр гарч, мэдлэг ур чадварын шалгалтад тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Түвшин тогтоох ажиллагаатай холбоотойгоор 19 орчим хүн ажлаас халагдсан. Эдгээрээс 14 ажилтан нь түвшин тогтоох дүнг зөвшөөрөхгүй, танилцахаар хандсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд түвшин тогтоох ажиллагаатай холбогдуулж гомдол гаргаагүй. Журамд заасны дагуу 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргахаар заасан. Гомдлыг 3 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан. Х.Ичинхорлоо нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкинд өргөдөл гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүлээн авсан ба банкинд олон жил ажилласныг нь харгалзан үзэж ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид 3 сарын тэтгэмж олгож өгнө үү гэж хандсан байдаг. Энэ хүсэлтийг нь газрын дарга хүлээж аваад хүний нөөцийн газар уламжилсан байдаг. Хүний нөөцийн газар энэ асуудлыг хүлээн авч 3 сарын тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Өөр ямар нэгэн хүсэлт, гомдол байдаггүй. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажлаас халах болсон тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулсан. Мэдэгдэх хуудас дотор банкны онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж нэн даруй ажлыг хүлээн авах шаардлагатай нөхцөл байдал бий болсон гэж байдаг. Банкны бүх ажил цаасаар биш, цахим хэлбэрээр явагддаг. Мэдэгдэл авч байсан хүмүүс банкинд хохирол учруулсан тохиолдол гаргаж байсан юм байна лээ. Мэдэгдэл өгсөн ажилтнуудын ажлыг тухайн өдөр нь хүлээн авдаг. Энэ нь хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй. Мэдэгдэлд заасан хугацааны цалинг бүтэн олгосон байдаг. Х.Ичинхорлоог ажилласан гэж үзээд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цалин олгосон. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Тэтгэмж олгосон талаар маргадаггүй.

Дээрх процедур ажиллагаа хийгдсэний эцэст 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалаар Х.Ичинхорлоотой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгсөн. Х.Ичинхорлоогийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 5 075 312 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Х.Ичинхорлоогиин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ичинхорлоо нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд тэдгээриин төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэг. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтийн үндэслэл болсон харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Х.Ичинхорлоогийн шууд харъяалах Санхүүгийн тайлагнал, бүртгэлийн хэлтсийн захирал ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар үнэлгээ өгөөгүй байхад анхан шатны шүүх ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэсэн байна.

 Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэх талаар үнэлгээг өгөхдөө хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын ур дунг суурь мэдээлэл болгон ашигласан тухай хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудаст дурдсан байдаг. Гэвч энэхүү үнэлгээний үндэслэл болсон хавсралтаар өгөгдсөн материал, хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу

нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам" болон "Үнэлгээний хуудсын загвар" батлагдахаас өмнө өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үнэлсэн байсан. Үүнээс үзэхэд Төрийн банк ажилтан Х.Ичинхорлоог ажлаас халах шийдвэрийг урьдчилан гаргасан болох нь тодорхой харагдана. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчийн энэхүү хууль бус үйл ажиллагааг: "Үнэлгээний хуудасны загварт он cap өдрийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гэж буруу бичигдсэнээр журмын 1.2.1-т заасан харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ өгч дүгнэх үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр явуулсан гэж үзэх боломжгүй" гэж зөвтгөсөнд харамсаж байна.

Х.Ичинхорлоогийн ажлын байрны тодорхойлолтод ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын 5 төрлийн шаардлага, ур чадварын 7 төрлийн шаардлага, нийт 12 төрлийн шаардлага тавигдсан байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд "Санхүүгийн газрын ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас"-аар өгсөн үнэлгээ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах 12 төрлийн шаардлагад огт хамааралгүй болох нь баримтаар нотлогдсон байхад анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар тодорхой дүгнэлт тайлбар дурдаагүй байна.

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох гол шалгуур, үзүүлэлт болох ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг огт үнэлээгүй, энэ байдлыг тогтоогоогүй байна. Зүй нь ажилтан ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс тогтоосон байх шаардлагатай.

Санхүүгийн газрын захирал Г.Хандцоож "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн"-д ороогүй учраас ажилтан Х.Ичинхорлоогийн ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гараагүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс зөвхөн сорилгын шалгалт авсан. Даалгаварын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт шалгалт аваагүй. Зөвхөн сорилгын шалгалтын дүнг үндэслэн мэргэжил, ур чадварын үнэлгээ өгсөн. Төрийн банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр баталсан Төв банкны ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар сорилго нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Х.Ичинхорлоогоос авсан 30 асуулт бүхий сорилгоос зөвхөн 8, 9, 10, 15, 16, 19 дүгээр асуултууд нь тухайн ажлын байрны ажил, үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг хамарсан байсан. Бусад нь Санхүүгийн газрын Санхүүгийн тайлагнал, бүртгэлийн хэлтсийн Тайлан мэдээний мэргэжилтний ажлын байрны гүйцэтгэх ажил, үүрэгтэй огт хамааралгүй болох ажилтан Х.Ичинхорлоогийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, 30 асуулт бүхий сорилгын шалгалтыг баримтаар нотлогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан ярилцлагын үнэлгээний хуудаснаас үзэхэд ажилтан Х.Ичинхорлоогоос нийт 10 асуулт асуух ёстой байсан. Асуулт тус бүр Маш муу-0, Муу-1, Дунд зэрэг-2, Сайн-3, Маш сайн-4 гэсэн үнэлгээтэй байна. Ажилтан нийт 10 асуултад "Маш сайн-4" хариулсан тохиолдолд нийт авбал зохих 40 оноог авах ёстой болох нь ойлгомжтой байна. Гэтэл Х.Ичинхорлоогоос 10 асуулт асууж 40 хүртэл оноо өгөх байтал эхний этгээд нь 4 асуулт асууж 7 оноо, дараагийн этгээд нь 4 асуулт асууж 6 оноо өгсөн байна. Ажилтнаас 10 асуулт асууж 40 хүртэл оноогоор үнэлгээ өгөх байтал 4 асуулт асууж 7 оноо өгсөн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хууль бусаар ажлаас халсныг анхан шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хуудсанд үнэлгээ өгсөн этгээд тодорхойгүй, үнэлгээ өгсөн он, cap, өдөр тавиагүй, асуусан асуулт нь ойлгомжгүй, асуултад ажилтан яаж хариулсан тухай тайлбар хэсэгт огт тэмдэглэгээ хийгдээгүй, 2 үнэлгээний хуудасны асуулт хэсгийн бичгийн хэв адилхан байхад анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдтолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.3.3-д "Комиссын даргын томилсон комиссын төлөөлөл оролцоо, чанарын үнэлгээ гүйцэтгэнэ" гэж заасан байхад ажилтан Х.Ичинхорлоогийн оролцоо, чанарын үнэлгээг Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А/352 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүн"-д ороогүй этгээд өгсөн. Анхан шатны шүүх Х.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох хөдөлмөрийн маргааныг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн мэдлэг, ур чадварын түвшинг үнэн зөв, бодитой тогтоогоогүй болохыг анхааран үзээгүй, анхан шатны нотлох баримтгүй мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.Ичинхорлоо нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. 

 

Ажил олгогч “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын  2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/805 тоот тушаалаар Х.Ичинхорлоо 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс Санхүүгийн газрын Статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан байна.  /хх 4/

 

Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалаар Санхүүгийн газрын Статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Х.Ичинхорлоотой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цуцалжээ.. /хх17/   

 

Төрийн банкны ажилтны, ур чадварын түвшин тогтоох журмын 1.2-т заасны дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 аргаар дүгнэхээр,

3.4.2-т нийт 60-аас дээш оноо авсан тохиолддолд тэнцсэн, 60 хүртэлх хувь авсан тохиолдолд тэнцээгүй гэж дүгнэхээр,

3.4.3-т комисс болон ХНГ нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны нэгдсэн тайланг баталгаажуулан удирдлагын хорооны хуралд танилцулахаар,

3.4.4-т комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтад хамруулах, /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно гэж тус тус заасан байна.

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 9020290204 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч Х.Ичинхорлоо нь 50.66 үнэлгээ авч мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. /хх 96/

 

“Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь хууль, дүрэм, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд уг комиссын дүгнэлт нь хууль зөрчсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Х.Ичинхорлоо “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 4.2-т заасан “Ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно” гэж заасны дагуу өөрийн үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, харин тус байгууллагад олон жил ажилласан  учир 3 сарын тэтгэмж авах хүслэт гаргаж байсан байна.

 

Иймд Төрийн банкны ажилтны ур чадвар, түвшин тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн гаргасан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1765 тоот нэхэмжлэгч Х.Ичинхорлоог ажлаас нь чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцсэн гэж үзнэ.

 

 Ажил олгогч байгууллагын томилсон комиссын дүгнэлт нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль зөрчсөн эсэх байдал нь тогтоогдоогүй, уг дүгнэлт нь хүчинтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Х.Ичинхорлоогиин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 182/ШШ2017/00999 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зуйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ичинхорлоо нь улсын тэмдэгтийн хураамжийн төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД 

                                                                                        Ц.ИЧИНХОРЛОО