Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00027

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2018        08             13                                              2018/ДШМ/27

 

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч  Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Э,

Нарийн бичгийн дарга: Х.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолтой Б.Г-т холбогдох 1738004530133 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-н Г, 1972 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................./.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16б дугаар гудамжны 14 тоотод байрлах өөрийн “...............” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш овогт Б Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ээс 974,000 /есөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н /…........../-д олгож, 215,600 /хоёр зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 1738004530133 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Э давж заалдах гомдолдоо: ...хохирогч Ж.Н нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үеэр эрүүл мэндэд учирсан хохирлын баримт болох нийт 1,189,600 төгрөгийн баримтыг гарган өгсөн юм. Уг баримтууд дотор:

1. “Оюу Ундраа” эмнэлэгт эмчилгээний төлбөр 210,000 төгрөгийн баримт, энэ баримт нь эмчилгээний төлбөр гэх утгатай боловч хохирогч ямар өвчнийг эмчлүүлсэн, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл энэ баримт нь давхар эмчилгээ хийсэн түүх нь хавсрагдах ёстой байтал энэ баримтыг дутуу бүрдүүлсэн.

2. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээ хийлгэсэн төлбөр 27,500 төгрөгийн баримт, уг баримтад шинжилгээгээр элэгний алат асатын шинжилгээ 8000 төгрөг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ 8000 төгрөг, Кереатонин 3000 төгрөг /бөөрний үйл ажиллагаа буюу шээсний шинжилгээ/ зэрэг шинжилгээнүүдийг хийлгэсэн баримтууд гарган өгсөн нь тархины доргилтын улмаас зайлшгүй хийгдсэн шинжилгээ биш.

3. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан эмийн 36,000 төгрөгийн баримт, энэ нь хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулах гэмтлүүд /Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан/ байдаг.

Гэтэл хохирогч нь гэмтэл авснаас хойш 5 сарын дараа худалдан авсан эмийн баримт байна. Мөн энэ эмийг ямар зовиурын улмаас уух шаардлагатай болсон эмчийн бичиг байхгүй.

4. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 112,000 төгрөгийн эм худалдан авсан баримт, мөн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эм худалдан авсан 52,500 төгрөгийн баримт, эдгээр баримтад заагдсан эмнүүд нь тархины доргилтод уух зориулалттай эм эсэх нь тодорхойгүй, эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон эмчийн жор бичсэн баримт нь байгаа эсэх нь тодорхойгүй.

5. Замын зардлын болон бусад баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй зэрэг баримтууд байна.

Гэтэл шүүгч нь эдгээр эргэлзээтэй, давхар нотлогдох шаардлагатай баримтуудыг хохирлын баримтаар үнэлж шүүгдэгчээс нийт 974,000 төгрөгийн төлбөрийг хохирогч Ж.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэдэн оны, хэдэн сарын, ямар үнийн дүнтэй баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж үнэлсэн, мөн аль замын зардлын баримт нь нотлох баримтын шаардлагыг хангасан, аль баримт нь хангаагүй зэрэг нь эргэлзээтэй, зарим нэг баримтууд нь хуурамч байх магадлалтай байхад үүнийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт буюу эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолд ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар “гэм хор болон хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээх”-ээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16б дугаар гудамжны 14 тоотод байрлах “Наранбумбат” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогч Ж.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр, эмчилгээ хийлгэсэн нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт, үзлэг, оношилгоо хийлгэсэн баримтаар нотлогдож  байна.

Хохирогч Ж.Н эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан зардал  гаргаснаа нотолж  эмчилгээний төлбөр төлсөн, оношилгоо, шинжилгээ хийлгэсэн, эм, тариа  худалдан авсан баримт ирүүлсэн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажсан, нотлох баримтын шаардлага хангасан байх ба дээрх баримтуудыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлж, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэн бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРХҮҮ      

             ШҮҮГЧИД                                                        Т.ГАНБАТ

                                                                 Б.СОСОРБАРАМ