Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж-3 Тагнуулын ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21-38 “Эхэн трейд” ХХК-д  холбогдох,

түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 88 295 679 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг, нийт 48 667 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэнэ гэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр, Э.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн даргад О.Анхбаяр нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тагнуулын ерөнхий газар” нь өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороонд байрлах 477 м.кв бүхий газартай “Соёмбо” зочид буудлыг “Эхэн трейд” ХХК-д 1 м.кв-ийг 7,000 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооны баталсан загварын дагуу 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1405 дугаартай гурван талт гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 5.4-д зааснаар 1 сарын түрээсийн төлбөр нь 3,343,900 төгрөг, жилийн төлбөр нь 40,126,800 төгрөг байгаа. Гэрээг байгуулсанаас хойш “Эхэн трейд” ХХК нь эхний жилийн төлбөрийг төлсөн. 2014 оны 3, 4, 5 дугаар сарын төлбөр 10,000,000 орчим, мөн үлдсэн 9 сарын төлбөрийг огт төлөөгүй, нийт 30,095,100 төгрөгийг төлбөрийг төлөөгүй. Тус төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж гарын үсэг зурсан баримт нь хэрэгт авагдсан байгаа. Дээрх төлбөрийг төлж барагдуулах талаар 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус шаардлагыг хүргүүлж байсан боловч хариуцагч тал ямар нэг арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Уг гэрээний 5.7-д түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцно. Төлөөгүй үнийн дүнгийн нийт алданги нь 58,200,579 төгрөг болсон. Нийт 88,295,679 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тагнуулын ерөнхий газрын” харъяа зочид буудлын барилгыг түрээсэлж байхдаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан. Эдгээрийг түрээсийн төлбөрт тооцно гэж тохирсон хэдий ч тооцоо нийлж тохиролцсон зүйл байхгүй байгаа юм. Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчийн хүсэлтээр гэрээг цуцалсан. Иймд түрээсийн төлбөрөөс зохих хэмжээгээр хасаж тооцох ёстой. Энэ түрээсийн гэрээг “Тагнуулын ерөнхий газрын” тусгай зориулалттай гэрээг үндэслэж байгуулсан тул энэ гэрээний дагуу зарим нэг тооцоог хийж байсан болно. Дээрх үндэслэлээр тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан хэдий ч нэхэмжлэгч талаас тодорхой хариу ирүүлээгүй юм. Нэхэмжлэлд дурдсан тооцоо эргэлзээтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэмэлт гэрээний 9.4-т заасан байгаа “...түрээслэгч тал Соёмбо зочид буудлын нэг давхар 2 өрөөг хонгилын хамт тусгаарлаж зохих зураг төслийн дагуу хаалга гаргаж нэмэлт хөлийн өрөөний байгууламж барьж цахилгаан сан техник оруулж Тагнуулын ахмадын хороог 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгнө. Засварын зохих ажлыг ахмадын хорооны хүсэлтийн дагуу хийнэ, түрээслэгч тал ахмадын хорооны ашиглалтын зардлыг хариуцна...” гэж заасан. Уг байрыг зориулалтын дагуу ашиглахад мэргэжлийн хяналтын газар хүлээлгэж өгнө, түрээслэгч тал ашиглалтын зардлыг түрээсийн төлбөрт тооцно гэсэн заалтыг үндэслэж би 33,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн 15,000,000 төгрөг нь 10 жилийн хугацаатай гэрээ хийсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад биднийг гаргаж байгаа учраас 48,667,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Манай хөрөнгө оруулалт нь 33,667,000 төгрөг гэсэн байгаа, гэтэл хөрөнгийн үнэлгээний төв 30,853,146 гэж хянасан байгаа нь бидний тооцоо үндэслэлтэй байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогбаяр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-д зааснаар хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх гэсэн байгаа. Засгийн газрын 2001 оны 134 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эл хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 2.2-д төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийг өөрчлөхийг хориглосон заалт байгаа. Мөн Засгийн газрын 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөнд оруулах хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах тооцоо нийлэх журам”-ын 2.9-д зааснаар төрийн өөрийн өмчийн хөрөнгөнд өөрчлөлт оруулахдаа төрийн өмчийн хорооны хурлаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нууцын зэрэглэлтэй гэрээ байгаа. Гэрээний 5.3-д түрээслэгч нь түрээслэн авсан барилга байгууламжийн хийцэд өөрчлөлт оруулах, засвар үйлчилгээ хийх шаардлага гарвал түрээслүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл авна гэж заасан. “Эхэн трейд” ХХК-иас 2006 онд оруулсан гэх засвар үйлчилгээ нь дээр дурдсан хууль, журмыг зөрчсөн байгаа юм. Тодруулбал  Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авах ёстой байсан,  гэтэл зөвшөөрөл авсан талаар амаар хэлж байгаа боловч түүнийг нотлох баримт байхгүй байдаг. Төрийн өмчийн хорооны журмаар энэхүү журмыг зөрчиж дур мэдэн хийсэн засвар өөрчлөлтийг хөрөнгө оруулалт гэж тооцохгүй гэж заасан. Төрийн өмчийн хорооноос 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр “Эхэн трэйд” ХХК-д шаардлага хүргүүлсэн. “Соёмбо” зочид буудлын барилгад танай байгууллагын хийсэн хөрөнгө оруулалт нь “Төрийн өмчийн хорооны 2001 оны 614 дугаартай тогтоолоор баталсан журмыг зөрчсөн байна. 2005 оны гэрээний 5.3-д хөрөнгө оруулалтыг 6 жилийн дотор манай байгууллага нөхөж олно гэсэн байдаг. Урьдчилсан байдлаар түрээсийн гэрээний төлбөрийг гаргаж өгөөч гэж байсан. 2014 онд шинэчлэх үед өөрчлөлт орсон бөгөөд хугацаа нь хэтэрсэн тул хангалттай нөхсөн гэж ойлгож болно. 2006 онд хөрөнгө оруулалт хийсэн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байгаа юм. Энэ нь өнгөрсөн 9 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа хангалттай нөхөж байсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа юм. Эргэлтийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь хуулийн үндэслэл байхгүй, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасан түрээслүүлэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байгаа.  2010 засвар оруулсан гэж байгаа боловч төсөв нь хавсрагдаагүй бөгөөд нотлох баримт байхгүй, зөвшөөрөлгүй хийсэн нь үндэслэлгүй болж байгаа юм. Нотлох баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх шүүгч хариуцагчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээч томилсон. Хариуцагч тал үнэлгээ нь 33 сая гарсан, манайхтай ойролцоо байна гэж байгаа нь үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудсанд байх 17 960 480 төгрөг гэсэн байгааг анхаарч үзнэ үү гэв.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газар нэхэмжлэлдээ “...түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 30 095 100 төгрөг, алданги 58 200 579 төгрөг нийтдээ 88 295 679 төгрөгийг хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас гаргуулахыг шаардсан, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг нийт 48 667 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

  Хэргийн баримтаас үзэхэд ТЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 давхар тоосгон барилгыг “Эхэн трейд” ХХК нь 10 жилийн хугацаагаар түрээслэн эзэмшихээр Тагнуулын ерөнхий газар, “Эхэн трейд” ХХК-ийн хооронд 2005.06.22-ны өдөр 06/58 дугаартай төрийн маш нууц зэрэглэлтэй түрээсийн гэрээ байгуулсан байжээ.

Дээрх гэрээг Төрийн өмчийн хорооны 2001 оны 562 дугаар тогтоолоор баталсан гэрээний үлгэрчилсэн загварыг үндэслэн байгуулсан гэх бөгөөд 2007 оны 42 дугаар тогтоолоор үлгэрчилсэн загвар нь шинэчлэгдэж,  Тагнуулын ерөнхий газар, “Эхэн трейд” ХХК-ийн хооронд байгуулсан 2005.06.22-ны өдөр 06/58 дугаартай түрээсийн гэрээг өөрчлөх шаардлагатай болсон байна.

  2010.05.21-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр “түрээсийн төлбөрийг сарын 600 000 төгрөгөөр тохирч, мөн зочид буудлын 1 давхарын баруун жигүүрийн зохих хэсгийг Ахмадын хороонд шилжүүлсэнтэй холбогдуулан гарсан зохион байгуулалт, засварын ажлын зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор заасан” гэж хариуцагч тал тайлбарладаг боловч Тагнуулын ерөнхий газрын эрх бүхий хүмүүстэй зөвшилцөөгүй гэж нэхэмжлэгч тал үгүйсгэсэн байна.

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучнаар/ 2016.01.26-ны өдрийн 04140 дүгээр шүүгчийн захирамжаар 2001.04.10-ны, 2005.06.22-ны, 2010.05.21-ний өдрийн гэрээнүүдийг Тагнуулын ерөнхий газраас гаргуулахыг шаардсан боловч  дээрх гэрээнүүд нь Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан төрийн нууцын хүрээ, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 39-д заасан төрийн онц чухал-маш нууц зэрэглэлд хамаарах баримт бичиг гэсэн үндэслэлээр ирүүлэх боломжгүйг мэдэгдсэн байна.

Шүүх хуралдааны явцад дээрх гэрээнүүд байгуулагдсан талаар талууд маргаагүй бөгөөд тухайн гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Төрийн өмчийн хорооны 2009.08.31-ний өдрийн 1б/1445 албан бичигт “Соёмбо” зочид буудлын барилгад “Эхэн трейд” ХХК-ийн хөрөнгө оруулалт хийснийг буруутгаж, энэ нь Төрийн өмчийн хорооны 2001 оны 615 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзсэн байна.

Мөн “Эхэн трейд” ХХК-тай асуудлыг хэлэлцэн тохиролцож холбогдох тооцоог хийж, гэрээг шинэчлэн байгуулахыг мэдэгдсэн байна.

Энэ дагуу 2014.03.11-ний өдрийн 14/05 дугаартай  Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг шинээр байгуулж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёмбо зочид буудал-/477.7 м/кв талбай бүхий өрөө, тасалгаатай/-ыг үндсэн зориулалтаар түрээслүүлэх, түрээсэлсэн эд хөрөнгийн 1 м/кв талбайн үнэ 7000 төгрөг, түрээсийн төлбөрийн нийт дүн /сараар/ 3 343 900 төгрөг, жилээр 40 126 800 төгрөг байх, төлбөрийг сар тутмын 25-ны өдөрт багтаан шилжүүлгээр буюу бэлнээр төлөхөөр тохирсон байна.

Гэрээний талууд нь өмчлөгч Төрийн өмчийн хороо, өмч эзэмшигч Тагнуулын ерөнхий газар, түрээслэгч “Эхэн трейд” ХХК бөгөөд уг гэрээг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт хяналтын газрын дарга баталсан, гэрээний үйлчлэх хугацааг 2014.03.01-ний өдрөөс 2015.03.01-нийг хүртэл тогтоож, талууд тохиролцож сунгаж болохоор заасан байна.   

Гэрээний хавсралтаар түрээсийн төлбөр төлөх хуваарийг тохирч түрээслүүлэгчийг төлөөлж ТЕГ-ын СХОХГ-ын Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга, түрээслэгчийг төлөөлж “Эхэн трейд” ХХК-ийн ерөнхий захирал нар гарын үсэг зурсан байх бөгөөд талуудын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар /2015.02.28-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлсэн/ “Эхэн трейд” ХХК нь 30 095 100 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсаныг харилцан баталсан байна.

Тагнуулын ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалт хангамжийн газрын 2014.09.29-ний 06/472 тоот, 2014.12.30-ны 06/579, 2015.04.03-ны 01/736 албан тоотуудаас үзэхэд “Эхэн трейд” ХХК нь 2013, 2014, 2015 онд түрээсийн  төлбөр дутуу төлсөн, төлөгдөөгүй үлдэгдэл 30 095 100 төгрөгийг 2015.04.10-ны дотор яаралтай барагдуулахыг түрээслэгч талд мэдэгдэж байсан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг тул тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн 30 095 100 төгрөг, түрээсийн гэрээний 5.7-д заасны дагуу алданги тооцож гаргуулахыг нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байна.  

Нэхэмжлэлд 58 200 579 төгрөгний алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн тул үлдэгдэл өр 30 095 100 төгрөг, алдангид түүний 50 хувь буюу 15 047 550 төгрөгийг нэмж нийтдээ 45 142 650 төгрөгийг хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 153 029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч талын засварын ажлын гүйцэтгэлийн зардал 33 667 020 төгрөг, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаас түрээсийн төлбөрт дутуу тооцогдсон 15 000 000 төгрөг, нийт 48 667 000 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох 17 960 489 төгрөгийг хангаж, үлдэх 30 706 511 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2010.05.21-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн хэдий ч зочид буудлын 1 давхарын баруун жигүүрийн зохих хэсгийг Ахмадын хороонд шилжүүлсэнтэй холбогдуулан гарсан барилгын засварын ажлын зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор Тагнуулын ерөнхий газрын тухайн үеийн удирдлагуудтай хэлэлцэн тохирсон, бодит байдалд 2005 онд их засвар, 2010 онд өргөтгөлийн ажил хийгдсэн байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016.07.08-ны өдрийн 559 тоот дүгнэлтээр “Соёмбо” зочид буудлын барилгад “Эхэн трейд” ХХК-ийн  оруулсан хөрөнгө оруулалтын дүн 17 960 489 төгрөг болохыг тогтоосон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг болно.

Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт “...талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” гэж зааснаар “Эхэн трейд” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын дүн 17 960 489 төгрөгийг нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас 45 142 650 төгрөгийг гаргуулж Тагнуулын ерөнхий газарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 153 029 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Тагнуулын ерөнхий газраас 17 960 489 төгрөг гаргуулж “Эхэн трейд” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 709 512 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Эхэн трейд” ХХК-иас 383 663  төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газраас 247 752 төгрөг гаргуулж “Эхэн трейд” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ